ИОСИФ БРОДСКИЙГ ШҮҮСЭН ХУРАЛ (2)


Шүүгч: Та хэвлэлд нийтэгдсэн зүйлээс өөртөө дүгнэлт хийсэн үү?
Бродский: Лернерийн нийтлэл худал байсан. Энэ бол миний хийсэн цор ганц дүгнэлт.
Шүүгч: Тэгэхээр та өөр дүгнэлт хийгээгүй гэсэн үг үү?
Бродский: Тийм. Би өөрийгөө шимэгч гэж боддоггүй.
Өмгөөлөгч: Та "Вечерний Ленинград" сонинд нийтлэгдсэн "Утга зохиол маягийн шимэгч"  нийтлэлийг буруу гэж хэлсэн. Яагаад тэгсэн юм бэ?
Бродский: Тэнд зөвхөн миний овог нэр л зөв байсан. Нас нь хүртэл буруу байсан даа. Шүлэг нь хүртэл минийх биш. Миний бараг танихгүй, эсвэл огт танихгүй хүмүүсийг миний найзууд гэж бичсэн. Би энэ нийтлэлийг яаж үнэн зөв гэж үзэж, үүнээс дүгнэлт хийх юм бэ?
Өмгөөлөгч: Та ажлаа ашигтай гэж үзэж байна. Миний дуудсан гэрчүүд үүнийг батлах байх?
Шүүгч (өмгөөлөгч рүү ёжтойгоор): Таны гэрчүүд дуудсан цор ганц шалтгаан энэ үү?
Сорокин (Улсын яллагч, Бродскийд): Та хэний ч бүтээлийг ашиглахгүйгээр яаж өөрөө серб хэлнээс орчуулсан хэрэг вэ?
Бродский: Та хачин юм асууж байна. Заримдаа утгачлан орчуулах шаардлагатай байдаг. Би польш хэл мэднэ, серб хэл бага мэддэг ч эдгээр нь хоорондоо төрөл хэлүүд учраас үг тус бүр гэлгүйгээр утгачлан орчуулгаа дуусгаж чадсан.
Шүүгч: Гэрч Груднина!
Груднина: Би яруу найрагч болох хүсэлтэй хүмүүсийн 11 жилийн турш удирдан ажиллаж байна. Би долоон жил залуу зохиолчидтой ажиллах комиссын гишүүн байсан. Одоо Пионерийн ордны ахлах ангийн яруу найргийн сурагчид, Светлана үйлдвэрийн залуу зохиолчдын дугуйланг удирдаж
байгаа. Тиймээс би хотын бараг бүх залуу яруу найрагчдын уран бүтээлтэй танилцсан. Бродскийн 1959, 1960 оны шүлгүүдээс нь би яруу найрагч болох хүсэл тэмүүллийг нь мэдэх болсон. Эдгээр шүлгүүд нь төгс бус ч гайхалтай ойлголт, дүр төрхийг агуулсан байна билээ. Би тэрийг нь түүвэр номд оруулаагүй ч зохиолчийг чадвартай гэж үзсэн. Би Бродскийтэй 1963 оны намар хүртэл биечлэн уулзаагүй. "Вечерний Ленинград" сонинд "Утга зохиол маягийн шимэгч" гэсэн нийтлэл хэвлэгдэн гарсны дараа залуус намайг хилсээр гүтгэгдсэн хүнийг өмөөрөөч гэсэн учраас би Бродскийг дуудаж ярилцсан юм. Бродскийгоос одоо юу хийж байгааг нь асуухад хэл сурч, уран зохиолын орчуулга дээр жил хагасын хугацаанд ажилласан гэсэн. Орчуулгуудын гар бичмэлийг нь ч хянуулахаар авсан. Мэргэшсэн яруу найрагч, утга зохиолын эрдэмтний хувьд би Бродскийн орчуулгууд мэргэжлийн өндөр түвшинд байгааг баталж чадна. Бродский уран зохиолын орчуулгын өвөрмөц, ховор авьяастай. Тэр надад 368 мөрт шүлгийн бүтээл бэлэглэсэн. Би ч мөн Москвагийн хэвлэлд хэвлэгдсэн түүний орчуулсан 120 мөр шүлгийг уншсан. Уран зохиолын орчуулагчийн хувийн туршлагаас үзэхэд ийм хэмжээний бүтээл туурвихын тулд зохиолчоос дор хаяж зургаан сарын эрчимтэй хөдөлмөр шаардана. Шүлгээ хэвлүүлэх, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх зэрэг бэрхшээлийг тооцохгүйгээр шүү. Бидний мэдэж байгаагаар ийм хүчин чармайлт гаргахад шаардагдах цаг хугацаа тоолж баршгүй юм. Хэрэв бид миний нүдээр үзсэн орчуулгуудыг хамгийн бага хэвлэх үнээр ч үнэлж үзвэл Бродский аль хэдийн 350 орчим рублийн мөнгө олох бүрэн боломжтой. Бродский орчуулгын гэрээнээс гадна ажил нь дуусчихсан ч радио, телевизүүдтэй хийсэн гэрээнийх нь хөлс бүрэн төлөгдөөгүй байгаа. Таньдаг хүмүүстэй хийсэн ярианаас би түүнийг маш даруухан амьдардаг, хувцас хунар, зугаа цэнгэлээс татгалзаж, ихэнх цагаа ширээн ард өнгөрөөдөг гэдгийг мэдсэн. Тэр авсан мөнгөө гэр бүлдээ нэмэрлэдэг.
Хуульч: Яруу найргийн уран зохиолын бүтээлийг орчуулахын тулд зохиолчийн бүтээлийг ерөнхийд
нь мэдэх шаардлагатай юу?

Груднина: Тийм ээ, Бродский шиг сайн орчуулга хийхийн тулд зохиолчийн бүтээлийг мэдэж, дуу
хоолойг нь ойлгох ёстой.
Өмгөөлөгч: Утгачилан орчуулбал орчуулгын хөлс буурдаг уу?
Груднина: Тийм ээ, буурдаг. Унгарын яруу найрагчдыг утгачлан орчуулгаас би мөр тутамд нэг
рублиэс бага орлого олдог байсан.
Хуульч: Орчуулагчид утгачилсан орчуулгад дадлага хийдэг үү?
Груднина: Тийм ээ, энэ бол нийтлэг зүйл юм. Ленинградын шилдэг орчуулагчдын нэг А.Гитович
эртний хятад хэлнээс утгачилсан орчуулга хийдэг.
Ардын төлөөлөгч Лебедева: Гадаад хэлийг бие даан сурах боломжтой юу?
Груднина: Би их сургуульд сурсан хэлээсээ гадна бие даан хоёр хэл сурсан.
Өмгөөлөгч: Хэрэв Бродский серб хэл мэддэггүй гэх юм бол уран сайхны орчуулга хийж чадах уу?
Груднина: Тийм ээ, мэдээжийн хэрэг.
Өмгөөлөгч: Гэхдээ та утгачилсан орчуулгыг хэн нэгний бүтээлийг буруугаар ашиглалаа гэж
үзэхгүй байна уу?
Груднина: Еэ тэнгэр өршөөг.
Ардын төлөөлөгч Лебедева: Ном нь энэ байна. Энд Бродскийгийн ердөө хоёрхон богино шүлэг л
байна шүү дээ.
Груднина: Утга зохиолын ажлын онцлогийн талаар зарим зүйлийг тодруулмаар байна. Гол нь...
Шүүгч: Үгүй ээ, шаардлагагүй. Бродскийн яруу найргийн талаар та ямар бодолтой байна вэ?
Груднина: Миний бодлоор яруу найрагчийн хувьд маш авьяастай, мэргэжлийн орчуулагчдаас хол дээгүүрт ордог.
Шүүгч: Тэр яагаад ганцаараа ажилладаг, ямар ч утга зохиолын нэгдэлд оролцдоггүй юм бэ?
Груднина: 1958 онд тэр миний утга зохиолын нэгдэлд элсэх гэсэн. Би өөрөө залуухан байсан, сонссон ч хүлээж аваагүй, түлхэчихсэн. Ёстой том алдаа байжээ, одоо болтол харамсдаг. Одоо би түүнийг өөрийн холбоонд дуртайяа хүлээн авч, хэрэв хүсвэл хамтран ажиллах болно.
Ардыг төлөөлөгч Тяглы: Та түүнийг өөрийн биеэр ажил дээрээ ажиллаж байхыг нь харж байсан уу?
Груднина: Би Бродскийг суугаад бичиж байхыг хараагүй. Би бас Шолоховыг ширээний ард суугаад бичиж байхыг ч хараагүй. Гэхдээ энэ нь юу ч гэсэн үг биш юм ...
Шүүгч: Шолохов, Бродский хоёрыг харьцуулах нь дэндүү эвгүй юм. Залуусыг суралцахыг нам засаг шаарддаг гэдгийг та түүнд хэлж өгсөнгүй юу? Наад Бродский чинь ердөө долоон жил л сургуульд сурсан.
Груднина: Тэр өргөн мэдлэгтэй. Би түүний орчуулгыг уншаад үүнд бүрэн итгэлтэй байна.
Сорокин: Та түүний садар самуун шүлгийг уншсан уу?
Груднина: Үгүй ээ, хэзээ ч уншаагүй.
Өмгөөлөгч: Таныг гэрчийн хувьд энэ талаар асуух нэг вм байна. Бродский 1963 онд "Кубын дээгүүр үүр цайх" номын шүлгүүд, Галчинскийн шүлгийн орчуулга, "Югославын яруу найрагчид" номын шүлгүүд, Гаучогийн дуунууд зэрэг нь "Костр" сэтгүүлд хэвлэгдсэн. Эдгээрийг дорвитой бүтээл гэж үзэж болох уу?
Груднина: Тэгэлгүй яахав, мэдээж. Ёстой завгүй чөлөөгүй их ажил байсан гэж бодож байна. Тэр ажил өнөөдөр биш, хэдэн жилийн дараа мөнгө авчирч магадгүй. Залуу яруу найрагчийн бүтээлийг одоо авч байгаа нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр тодорхойлох нь буруу. Залуу зохиолч бүтэлгүйтэж магадгүй бөгөөд шинэ, урт ажил шаардлагатай байж магадгүй юм. Нэгэн онигоо бий: шимэгч залуу яруу найрагч хоёрын ялгаа нь шимэгч хөдөлмөрлөж иддэггүй, харин залуу яруу найрагч ажил хийдэг мөртлөө тэр болгон хооллодоггүй.
Шүүгч: Таны энэ үг бидэнд таалагдсанүй. Манайд хүн бүр хөдөлмөрийнхөө хэрээр авдаг болохоор их ажиллаж бага авах боломжгүй. Залуу яруу найрагчдыг манай улсад их анхаардаг атал тэднийг өлсөж байна гээд л. Залуу яруу найрагчид яагаад хоол иддэггүй гэж хэлсэн юм бэ?
Груднина: Би тэгж хэлээгүй. Энэ бол хошигнол байсан ч үнэний ортой зүйл гэдгийг би анхааруулсан. Залуу яруу найрагчид маш жигд бус орлоготой байдаг.
Шүүгч: За, энэ нь тэднээс хамаарна. Та үүнийг тайлбарлах шаардлагагүй. За, та үгээ тоглоом гэж тайлбарллаа. Бид энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөх болно.
(Шинэ гэрч Ефим Григорьевич Эткинд дуудаж байна).
Шүүгч: Таны овог нэр тодорхойгүй байгаа тул надад паспортоо өгөөч. (Паспортоо авав.) Эткинд...
За бид таныг сонсож байна.
Эткинд (Зохиолчдын эвлэлийн гишүүн, Герцений нэрэмжит хүрээлэнгийн багш): Би орчуулагч болох хүсэлтэй хүмүүст заавар зөвлөгөө өгдөг, утга зохиолын ажлынхаа явцад залуу зохиолчдын орчуулгыг байнга уншиж сонсдог нэгэн. Жил орчмын өмнө надад Бродскийн бүтээлүүдтэй танилцах завшаан олдсон. Эдгээр нь Польшийн яруу найрагч Галчинскигийн шүлгийн орчуулга байсан. Түүний яруу найргийг манай улсад одоог хүртэл бараг мэддэггүй, ер нь орчуулагдаагүй дээ. Шүлгийнх нь яруу найргийн эргэлтийн тод байдал, хөгжим, хүсэл тэмүүлэл, эрч хүч нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Бродский бусдаас тусламж авалгүйгээр бие даан польш хэл сурсан нь намайг бүр ч их гайхшруулсан. Ховор авьяастай, хамгийн чухал нь хичээл зүтгэл, тэсвэр тэвчээртэй хүнтэй харилцаж байгаагаа шууд ойлгосон. Дараа нь бусад орчуулгуудыг нь унших завшаан тохиосоноор энэ бодол маань улам батлагдсан. Тухайлбал, Кубын яруу найрагч Фэрнандэзын "Кубын дээгүүр үүр цайх" номонд хэвлэгдсэн орчуулгууд болон Гослитиздатын цуглуулгад хэвлэгдсэн орчин үеийн Югославын яруу найрагчдын орчуулгууд багтсан болно. Би Бродскийтэй өөртэй нь удаан ярилцсан, түүний Америк, Англи, Польшийн уран зохиолын мэдлэг намайг гайхшруулсан. Яруу найргийг орчуулна гэдэг хичээл зүтгэл, мэдлэг, авьяас шаарддаг хамгийн хэцүү ажил. Зохиолч хүн замдаа тоо томшгүй олон бүтэлгүйтэлтэй тулгардаг бөгөөд материаллаг орлого бол алс холын ирээдүй юм. Олон жил яруу найраг орчуулаад ганц ч рубль олдоггүй тохиолдол бий. Орчуулах хөдөлмөр нь яруу найраг, уран бүтээлд чин сэтгэлээсээ хайртай байхыг шаарддаг. Өөр ард түмний хэл, түүх, соёлыг сурч мэдрэх нь амар юм биш. Бродскийн уран бүтээлийн талаарх миний ойлголтоор түүнийг би яруу найрагч-орчуулагчийн хувьд маш их ирээдүйтэй гэдэгт бүрэн итгэдэг. Энэ бол зөвхөн миний бодол биш шүү. Орчуулагчдын хэлтсийн товчоо хэвлэлийн газар Бродскийтэй байгуулсан гэрээгээ цуцалсныг мэдээд, тэрийгээ больж, гэрээний харилцаагаа сэргээх талаар хэвлэлийн газрын захиралд өргөдөл гаргахаар санал нэгтэй шийджээ. Яруу найргийн орчуулгын салбарын хамгийн нэр хүндтэй эрхэмүүд болох Маршак, Чуковский нар ч ийм бодолтой байгаа.
Шүүгч: Та зөвхөн өөрийнхөө тухай л ярь!
Эткинд: Бродскийг цаашид яруу найрагч-орчуулагчаар ажиллах боломж олгох ёстой. Шаардлагатай ном зохиол, утга зохиолын орчин байхгүй том хотоос хол цөллөгт энэ нь маш хэцүү, бараг боломжгүй юм. Түүний зам дээр аугаа ирээдүй хүлээж байгааг би дахин хэлье. "Бродскийн шимэгч хорхойтнуудын шүүх хурал" гэсэн зарыг хараад маш их гайхсан гэдгээ хэлье.
Шүүгч: Та энэ зарыг мэдэж л байсан шүү дээ.
Эткинд: Би мэдэж байсаан. Гэхдээ ийм хачин юмыг шүүх хүлээж авна гэж огт бодоогүй. Хэрэв тэр амар хялбарыг нь сонгосон бол хэдэн зуун мөрийг орчуулж чадах байсан. Тэр бага мөнгө олсон нь түүнийг хөдөлмөрч биш гэсэн үг биш юм.
Шүүгч: Тэр яагаад ямар нэг хамтлагт хамаардаггүй юм бэ?
Эткинд: Тэр манай орчуулгын семинарт оролцсон...
Шүүгч: Юун семинар мимнаар ...
Эткинд: Семинар бол бас л хамтлаг мөн гэдэг утгаараа...
Шүүгч: Утгаараа байхдаа яахав дээ? (Инээлдэцгээв.) Яагаад тэр ямар ч холбооны гишүүн биш байгаа юм бэ гэж би асууж байна.
Эткинд: Манайх гишүүнчлэлгүй учраас хүрч ирээд орчуулгуудаа уншсан.
Шүүгч (Эткинд): Ажил дээр чинь болоод, хувийн амьдралд чинь үл ойлголцол гарсан уу?
Эткинд (гайхаж): Үгүй. Гэхдээ би хүрээлэнд ирээгүй хоёр хонож байна. Магадгүй энэ хооронд ямар нэг юм болсон байж болох.
Шүүгч: Та яагаад Бродскийн чадварын тухай ярихдаа гадаадын уран зохиолыг онцолсон юм бэ? Яагаад манай Оросын уран зохиолын тухай ярихгүй байна вэ?
Эткинд: Би түүнтэй орчуулагын талаар л ярилцсан болохоор Америк, Англи, Польшийн уран зохиолын талаарх мэдлэгийг нь сонирхож байсан. Өргөн цар хүрээтэй, олон янз, тэгээд ч өнгөцхөн биш юм.
Смирнов (яллагч талын гэрч, Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн нийгэмлэгийн дарга): Би Бродскийтой танил биш ч гэсэн иргэн бүр материаллаг баялгийн хуримтлалд ижил хандлагатай болчих юм бол бид коммунизмыг дор нь байгуулчих байсан гэж хэлмээр байна. Оюун ухаан нэг талаасаа аюултай зэвсэг. Бүгдээрээ л түүнийг ухаантай, бараг л суут нэгэн гэх. Гэтэл түүний ямар хүн болохыг нь хэн ч хөндсөнгүй. Сэхээтэн айлд өссөн мөртөө ердөө долоон жилийн боловсрол эзэмшсэн. Энд суугаа хүмүүс хэлдээ, ийм айл ганц хүүгээ долоохон жилийн боловсролтой болгоод за боллоо гэх үү? Айлын ганц тэжээгч нь гээд цэрэгт яваагүй. Хар даа, тэрийг ямар тэжээгч гэх вэ Чадварлаг орчуулагч л гэцгээнэ, яагаад хэн ч түүний маш будлиантай тархи толгойг дурдахгүй байгаа юм бэ? Зөвлөлтийн эсрэг үзэлтэйг нь?
Бродский: Тийм юм байхгүй шүү.
Смирнов: Бодол санаагаа өөрчлөх ёстой хүн. Мэдрэлийн өвчнийхөө талаар сэтгэцийн эмнэлгээс авсан гэрчилгээнд нь би эргэлзэж байна. Нэр хүндтэй найзууд нь түгшүүрийн хонх цохиж, "Өө, энэ залууг авраач!" гэх. Үнэндээ түүнийг албадан хөдөлмөрөөр эмчлэх шаардлагатай, өөрөөр хэн ч, тэр байтугай нэр хүндтэй найзууд нь түүнд туслаж чадахгүй. Би түүнийг танихгүй л дээ, тухай нь зөвхөн хэвлэлээс олж мэдсэн. Бас гэрчилгээтэй нь танилцсан. Цэргийн албанаас чөлөөлсөн эмнэлгийн гэрчилгээнд нь эргэлзэж байна. Эмч биш ч гэсэн үүнд нь итгэхгүй байна.
Бродский: Намайг цорын ганц тэжээгч гэж цэргээс суллагдах үед аав минь өвчтэй, зүрхний шигдээс болсон тул би ажил хийж мөнгө олж байсан. Дараагийнхад нь би өөрөө өвчтэй байсан. Намайг таньж мэдэхгүй гэсэн мөртөө та юу мэдээд ингэж ярьж байгаа юм бэ?
Смирнов: Би таны хувийн өдрийн тэмдэглэлийг чинь харсан.
Бродский: Ямар үндэслэлээр?
Шүүгч: Би энэ асуултаас татгалзаж байна.
Смирнов: Би түүний шүлгийг уншсан.
Өмгөөлөгч: Тэгэхээр энэ хэрэг Бродскийн шүлэг биш байсан. Уншсан шүлгүүд чинь түүнийх гэдгийг яаж мэдэх вэ? Та огт хэвлэгдээгүй шүлгийн тухай ярьж байна шүү дээ.
Смирнов: Би мэднээ, энэ бол ...


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 Уг нийтлэл 1963.11.29-нд хэвлэгдсэн ба үүнээс гадна 1964.1.8-нд мөнөөх “Вечерний Ленинград” сонинд “Манай хотод
шимэгч хорхойтнуудад амьдрах газар байхгүй” гэсэн ерөнхий нэрээр уншигчдын захидлын түүвэр хэвлэгджээ.