Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (2)
Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (2)
Манайхны ихэнхи нь ажиллах хүсэлгүй, ажиллахгүйгээр гэв гэнэт нэг их мөнгөн дээр буух гэсэн хүсэл оргилдог, үргэлж тэгж хүсч бодож явдаг, гол нь ажлын байранд тэнцэхгүй, тэнцэхгүйдээ айж ичдэггүй. Хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсаныг засч залдуурахын тулд “Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх яам” байгуулж ажиллуулах шаардлага тулгарлаа хэмээн би аюулын харанга цохисон. Цааш үргэлжлүүлье.
Эрхэмлэж хүндэтгэж явдаг найз дүүгээсээ эшлэе. Дуучин Т.Бат-Оргил:–Би ах нарт нүүрс, зэс, алт, ер нь өөдтэй өнгөтэй бүхнийг хулгайлсанд нь нэг их гомддоггүй. Тэр хулгайлсан бүхнээ аваад зайлна л биз. Би уучилж чадахгүй зүйл бол монгол түмнийг эвдэж, нэлээд хэсгийг нь хүн сүрэг болгосон. Ёс төр, шударга ёс алиныг ч мэдэхгүй, идэх, өмсөх, унах юмны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс гудамжаар бидэнтэй нэг үндэстэн гээд явж байна. Энэ адгуус болсон хүмүүс хэзээ ч засрахгүй. Энийг яаж уучлах юм? Юун тэр өв соёл, уламжлал, зөв бичгийн дүрэм мэдэхгүй! Наад захын хүний ёсыг үл мэдэх сүг болсон ахан дүүсээ бид одоо яанам? Эд нартай яаж хамт нэг улс-нийгэм болж амьдрах юм? Гөлчийтөл үсээ лакдаад, үнэтэй костюм өмсчихөөд, гэмгүй царайлчихаад индэр дээрээс худал үг урсгах “нам төрийн зүтгэлтнүүд”-ийг харахаас дургүй хүрч байна. Бидэнд гарц байгаа ч дэндүү хол байна даа. Бидэнд хэр их хугацаа байгаа бол?
Билл Гейтс онолджээ. Эх сурвалж: Financial Coaching With Krizzia's Post. “Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Таны хувьд охиноо ядуу, эсвэл эгэл жирийн залуутай гэрлэхийг нь хүлээн зөвшөөрч чадах уу?” гэсэнд хариулж ингэж ярьжээ:
- Хамгийн нэгдүгээрт баялаг гэдэг бол банкинд их хэмжээний данстай байна гэсэн үг биш гэдгийг ойлгоно уу. Баялаг гэдэг бол юуны түрүүнд баялаг бүтээх чадвар юм. Жишээ нь сугалаагаар ч юм уу, эсвэл тоглоомонд санамсаргүй аз тохион 100 саяын мөнгө олсон хүн бол баян хүн биш, зүгээр л ихээхэн мөнгөтэй ядуу хүн. Ийм учраас сугалааны саятнуудын 90% нь 5 жилийн дараа гэхэд л эргээд ядуурдаг.
- Мөнгөгүй мөртлөө баян гэгдсэн танил хүмүүс чамд ч бас байгаа байх. Жишээ нь ихэнхдээ бизнес эрхлэгчид. Тэд бол санхүүгийн оюун ухаанаа хөгжүүлж байгаа учраас мөнгөгүй ч гэсэн баялгийн зам мөрд хэдийнэ орсон хүмүүс, тэд бол жинхэнэ баялаг өөрсдөө мөн.
- Баян ба ядуу юугаараа ялгаатай вэ? Хэрэв Та сургуулиа төгсөхөөр шийдэж, шинэ зүйл сурч, байнга сайжирч байхыг хичээдэг залууг олж харвал түүнийг баян хүн мөн гэж бодоорой. Асуудлыг төрд байна гэж боддог, баячууд бүгд хулгайч гэж үздэг, тэднийг байнга шүүмжилдэг залууг олж харвал харин түүнийг ядуу хүн гэдгийг нь мэдэж авах болно. Баячууд сугарч нисэхийн тулд л зөвхөн мэдээлэл, зөвхөн сургалт хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг бол харин ядуу хүмүүс ингэж хөөрч нисэхийн тулд өөр бусад нь түүнд мөнгө өгч дэмжих ёстой гэж боддог.
- Эцэст нь хэлэхэд миний охин ядуу хүнтэй суухгүй гэж хэлэхдээ би мөнгө яриад байгаа юм биш. Би тэр цаад хүний баялаг бүтээх чадварыг нь л хэлээд байгаа юм.
- Гэмт хэрэгтнүүдийн ихэнхи нь ядуугаараа дуусдаг. Мөнгөний өмнө ухаанаа алдаж, өөрсдөө мөнгө олох аргаа мэдэхгүй учраас л хулгай хийх гэж дайрдаг.
- Банкны харуулнэг удаа цүнхтэй мөнгө олоод банкны захиралдаа өгч гэнэ. Гэтэл хүмүүс энэ хүнийг тэнэг мангараар нь дуудаж хараасан ч, үнэндээ бол тэр хүн зүгээр л мөнгөгүй баян хүн байж. Жилийн дараа банк нь түүнд хүлээн авагч ресепшний ажил санал болгож, 3 жилийн дараа гэхэд тэр үйлчлүүлэгчдээ удирдах болж, 10 жилийн дараа гэхэд банкны бүс нутгийн салбарыг удирдах болжээ. Тэрээр одоо олон зуун ажилтан удирддаг, түүний жилийн урамшуулал нь өнөөх хувьдаа авчихаж болох байсан тэр мөнгөнийх нь үнийн дүнгээс даваад явчихсан. Эд баялаг гэдэг нь угтаа бол юун түрүүнд тархи сэтгэхүй байдаг юм шүү гэжээ.

Айхтар хоржоонтой үг байна. Хэрэв Та ядуу төрсөн бол Таны буруу биш. Харин Та ядуугаараа нүд аниж байгаа бол Таны түмэн буруу гэчихсэн юм биш үү? Бараг л хохь чинь гэчихжээ.
Ядуу сэтгэхүйтэй хүний 13 шинж тэмдэг гээд барууны хэвлэлд бичигдсэнийг хөрвүүлбэл:
- Буруугаа тохох хүн хайдаг. Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Бүтэлгүйтэлдээ хамт ажилладаг хүнээ, даргаа, эсвэл тогтолцоог буруутгана.
- Цаг их алддаг. Харин анхны алхам хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг. Ядуу сэтгэхүйтэй хүн цаг их алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.
- Эрсдэл гаргадаггүй. Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй. Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.
- Үнэгүй суралцахыг хүсдэг. Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, трэнинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихдэг. Гэхдээ ихэнхид нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна Таны сэдэл, эр зоригийн үнэ цэнэ юм шүү.
- Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй. Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга зам эрэлхийлэх. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлдаг.
- Өөрийгөө ямагт өрөвддөг. Асуудлын үндэс нь хүрээлэлдээ байна гэдэгт итгэчихсэн. Амьдарч буй улс, эсвэл хот нь таалагддаггүй гэдэг ч юм уу ядуу гэр бүлээс гаралтай ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл шал худал.
- Гонгинож гомдоллодог. Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог нь нууц биш. Баян хүн бол бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэд хувь заяандаа гомдож гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүснэ, тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг байх л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дэх мөнгө чинь үржихгүй.
- Хүмүүс юу гэх бол гэж их боддог. Амжилттай яваа хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чадна, бусдын санал бодлоос хамааралгүй амьдарч чадна. Ядуу хүн эсрэгээрээ.Хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж түүндээ ямагт гутардаг.
- Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг. Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол мөнгө олох, тэгээд үрэх. Баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог. “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар зөв бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш, олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.
- Хоромхон зуурт орлого олохыг хүсдэг. Ядуу хүн шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүй. Аль болох бага хүч зарцуулж их мөнгө тэр дор нь олохыг хүсдэг.
- Дургүй ажлаа хийдэг. Ядуу хүнд дургүй ажлаа хийх мянган шалтгаан олддог. Баасан гаригийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.
- Цагаа хий дэмий үрдэг. Ядуу сэтгэхүйтэй хүн “Цагаа яаж нөхцөөх вэ?” гэж тархиа гашилгадаг. Эсрэг талд нь баян хүн “Цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж сэтгэнэ. Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг, ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялаг бүтээдэг.
- Бусдын амьдралаар амьдардаг. Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа бий. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсаар нэг мэдэхнээ ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг. Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхлэ!
Монгол уншигч Та дээрхи дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар дадлаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна.
Ганц л дүгнэлт. Хавтгайдаа хэрсүүжиж хавтгайдаа баяжицгаа!
Хэрсүүжилт! Хэрсүүжилт! Хэрсүүжилт! Бас дахин Хэрсүүжилт!
Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх Яам байгуулж ажиллуулахгүй бол оройтлоо. Оройтсон хойна мянга амаа бариад нэмэргүй!

