Баялгийн сан
Баялаг болон хуримтлалын сангийн удирдлагын дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн, Оксфордын их сургуулийн Блаватник төрийн удирдлагын сургуулийн зочин профессор, Латин Америкийн хөгжлийн банкны группын захирал Эрик Паррадотай ярилцлаа.

Баялгийн сан үүсгэж удирдана гэдэг нь мөнгө удирдах тухай ойлголт огт биш шүү. Энэ бол хүмүүсийн итгэл, цаг хугацаа, мөрөөдлийг удирдах тухай асуудал юм. Уг нь Монгол Улс санхүүгийн сахилга бат, төсвийн ил тод байдал, алсын хараагаа зөв хослуулж чадвал эрдэс баялгаа тулхтай хөгжилийн хөдөлгүүр болгох бүрэн боломжтой гээд бидний яриа эхэллээ.
Эрдэс баялгийн нөөц ихтэй орнууд баялгийн сан байгуулж эдийн засгаа тогтворжуулах, ирээдүйдээ хөрөнгө оруулах ажлуудыг хийдэг. Энэ сангийн үндсэн дизайн ямар байх ёстой вэ? Амжилттай удирдахын тулд Монгол Улс юун анхаарах нь зүйтэй вэ?
Юуны түрүүнд баялгийн сан бол хүсэл биелүүдэг ид шидийн хайрцаг биш энэ бол санхүүгийн институц гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ байгууллагын амжилттай ажиллах эсэх нь санхүү болон төсвийн сахилга батаас шууд хамаардаг. Нэмээд сангийн зорилго маш тодорхой байх ёстой. Жишээ нь, төсөв тогтворжуулах юм уу, хуримтлал үүсгэх юм уу, эсвэл өр төлбөр удирдах уу, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм уу гэх мэт. Олон өөр зорилго тавьж, хооронд нь холих тусам тодорхойгүй байдлыг үүсгэж, сангийн хөрөнгө үр ашигггүй зарцуулагддаг. Чили улс энэ сургамжийг олон жилийн өмнө авсан. Бид хоёр төрлийн сан байгуулсан. Нэг нь зэсийн үнэ савлах үед ашиглах эдийн засгийн тогтворжуулалтын сан, нөгөө нь урт хугацаат тэтгэвэрийн сан юм.
Дараагийн анхаарах нэг зүйл бол санг ажиллуулах дүрэм, дүрмийг дагаж мөрдөх зарчим юм. Хувь хүн эсвэл бүлэг хүмүүс дур мэдэн энэ санг удирдаж болохгүй. Эрдэс баялгийн үнэ өндөр байх үед сайн хуримтлал үүсгээд, үнэ унаж улсын төсвийн орлого тасалдах үед сангийн хөрөнгийг зарцуулах ёстой. Ингэхдээ урт хугацааг харж таамаглаж хийсэн эрдэс баялгийн зах зээлийн үнийг суурь болгох ёстой бөгөөд тооцоолол хийдэг томъёо, шалгуур, аргачлал нь нээлттэй, ил тод байх ёстой.
Эцэст нь сайн засаглал зайлшгүй гэдгийг хэлье.
Сан үйл ажиллагаагаа бие даан хараат бусаар удирдан явуулж байж хариуцлагатай, ил тод, нээлттэй тунгалаг институт болж хөгждөг. Гэхдээ эрсдэл бий. Хамгийн том эрсдэл бол улс төрийн нөлөөлөл. Улс төр оролцох тусам сангийн зүй бус зарцуулалт нэмэгдэж, нээлттэй, тунгалаг байдал алдагдан булингартай болж, олон жилийн түүх, амжилт, хүмүүсийн итгэлийг нэг шөнийн дотор үгүй хийдэг.
Монголчууд Норвеги болон Сингапурын туршлагыг их ярьдаг. Бид эдгээр орны загварыг хуулбарлаж ажиллавал амжилтанд хүрч чадах уу? Баялгийн сан байгуулахаас өмнө хийх гэрийн даалгавар гэж байх уу?
Баялгийн сан болгон өөрийн улсынхаа үндэсний онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэж, үйл ажиллагаандаа тусгах ёстой. Норвеги бол гайхалтай жишээ мөн. Гэхдээ тэдний амжилт олон арван жилийн турш үргэлжилсэн институцийн хөгжил, нийтийн төлөвшил, төсвийн хатуу сахилга бат, ирээдүй үеийн төлөө хуримтлал үүсгэх тухай нийгмийн өргөн хэмжээний зөвшилцлөөс үүдэлтэй байдаг. Сонирхолтой нь Норвегийн эдийн засаг газрын тос, байгалийн хийн орлогоос өндөр хамааралтай ч энэ эрсдлийг сайн засаглал, урт хугацааны зорилгоороо амжилттай хааж чадсан.
Монголын институтууд хөгжлийн шатандаа яваа. Ийм нөхцөлд улсын эдийн засаг болон улс төрийн мөчлөгүүд богино байдаг. Гэхдээ энэ нь амжилтад хүрч чадахгүй гэсэн үг биш бөгөөд өөрийн онцлогтоо тохируулан сангаа зохион байгуулан удирдах шаардлагатай гэсэн үг. Бусдаас шууд хуулах хэрэггүй. Учир нь тэр болгон танай улсад ажиллахгүй бас зохихгүй. Гэхдээ сан үүсгэн байгуулж, амжилттай удирдах суурь зарчмуудыг эхлээд заавал бий болгох хэрэгтэй. Энэ нь миний дээр хэлдэг санхүүгийн хатуу сахилга бат, тунгалаг засаглал, мэргэжлийн багийн оролцоо, бие даасан удирдлага. Эдгээрийг бий болгож чадвал хөрөнгө оруулалтууд амжилттай болж, байгууллага өөрийн инерциэрээ хөгжөөд явна.
Зөвхөн Норвеги болон Сингапурыг битгий хараарай. Хөгжиж буй орнуудын жишээг давхар сайтар судлах ёстой. Үүний нэг нь Чили улс юм шүү.
Маш тодорхой санхүүгийн бодлого, төсвийн сахилга бат, ил тод байдал, нээлттэй засаглалыг хэрэгжүүлэх замаар ард иргэдийнхээ итгэлийг олж харьцангуй богино хугацаанд бид маш амжилттайгаа баялгийн сангаа байгуулан удирдаж чадсан. Иймээс монголчуудад өгөх миний зөвлөгөө маш тодорхой. Тэр нь “Бусдаас суралц, гэхдээ шууд хуулахгүйгээр өөрийн загвараа бүтээ”. Гэхдээ санхүү, төсвийн сахилга батаас бүх зүйл эхлэнэ шүү. Тэрнээс биш одоо байгаа нөхцөл байдлыг сайжруулна гээд санхүүгийн инженерчлэл хийгээд ямар ч нэмэргүй ээ.
Засаглал гээд нэлээд дурдлаа. Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү мэт. Баян, ядуугийн ялгаа ихтэй, авлигатай, хүртээмжтэй хөгжлийн сорилттой улсууд сайн засаглалыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?
Сайн засаглал бол баялгийн санг амжилттай удирдах “сүнс” юм. Сайн засаглал гэхээр хүмүүс ухаантай мундаг хөрөнгө оруулалтын стратеги гаргахаар төсөөлөөд байж магадгүй. Энэ бол тодорхой, ойлгомжтой, нээлттэй тунгалаг байдлыг тухай асуудал. Тухайлбал, хэн шийдвэр гаргах юм, хэн гаргасан шийдвэрийг гүйцэтгэх юм, хэн энэ гүйцэтгэлийг хянах юм. Чили Улсад бид сангаа удирдахдаа яг зарчмыг хууль болгон баталгаажуулж, улс төрийн нөлөөг салган тусгаарлаж чадсан. Улмаар урт хугацааны зэсийн үнийн таамаглалыг бие даасан шинжээчдийн хороо тогтоох болсон. Сангийн яам үндсэн удирдлагыг атгаж, Төв банк нь санхүүгийн агентаар ажилладаг.
Баялгийн сантай холбоотой бүх орлого, зарлагын гүйлгээ, хөрөнгө оруулалтын мэдээлэл онлайн дээр нийтэд нээлттэй тавигддаг бөгөөд сар, жилээр тусдаа тайлан гаргадаг. Бид сантай холбоотой юуг ч олон нийтээс нууцалж нуудаггүй. Ийм учраас бид ард иргэдийг итгэлийг бий болгож, Чили Улс дэлхийн хамгийн амжилттай бас ил тод баялгийн сантай улсуудын нэг болж чадсан.
Засаглалын бүтэц улс орноос хамаарч өөр байж болно. Зарим оронд баялгийн санг Төв Банк нь шууд удирддаг бол зарим улсуудад мэргэжлийн дундын бие даасан институт удирддаг. Тухайлбал, Нигери улсыг дурдаж болно. Nigeria Sovereign Investment Authority (NSIA)-г байгуулахад нь би зөвлөгөө өгч байсан бөгөөд Африк тивийн баялгийн сангийн жишиг загвар болж чадсан. Энэ амжилтын үндэс юу байсан бэ гэвэл улс орнуудын онцлогоос хамаарч баялгийн сангийн засаглалын загвар өөр байж болох ч үндсэн зарчим болох бие даасан, нээлттэй, хариуцлагатай, мэргэжлийн байдал ямар ч улс ямар ч нөхцөл байдалд байсан яг адилхан өөрчлөгдөхгүй байх хатуу дүрэм үйлчлэх ёстой. Баялгийн сангийн нэг доллар, нэг төгрөг бүр хаашаа гарч байгааг харж мэддэг иргэдтэй улсын удирдлага олны итгэлийг дагуулдаг. Энэ итгэл бол баялгийн сангийн хамгийн том капитал юм шүү!

Улсын богино хугацааны санхүүгийн хэрэгцээ болон урт хугацааны ирээдүйн хөрөнгө оруулалтын тэнцвэрийг баялгийн сан хэрхэн хангах вэ? Ер нь энэ сангийн хөрөнгө оруулалтын өгөөж хэд байх ёстой юм бэ?
Уул уурхайн орлогоос хэт хамааралтай орнуудын хувьд энэ тэнцвэрийг хангах нь хүнд сорилтод тооцогддог. Засгийн газар цалин нэмэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, татаас өгөх гээд байнгын санхүүгийн дарамт дор ажилладаг. Гэхдээ нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаас орж ирж буй орлого богино хугацааны болон урт хугацааны аль аль зардлыг санхүүжүүлэх ёстой. Учир нь байгалийн өв баялгийг бид өөрсдийн үедээ зохистой ашиглахаас гадна дараа үедээ шилжүүлэх, ирээдүйд хөрөнгө оруулах үүрэгтэй.
Иймээс байгалийн баялгаас орж ирэх орлогыг байнгын болон түр зуурын гэж бид хоёр ангилсан.
Чили Улс зэсийн үнийн таамаглалаа мэргэжлийн бие даасан, хараат бус шинжээчдийн багаар хийлгэж, ирээдүйд орж ирэх орлогын яг хэдэн хувь нь байнгын орлого вэ гэдгийг нарийн тооцоолдог. Энэ найдвартай байнгын орлогоо л бид зарцуулдаг бөгөөд хуримтлал болгож хадгалдаг. Энэ орлогыг ашиглан бид тогтворжуулалтын сангаар дамжуулан богино хугацааны эдийн засгийн хүндрэлийг давахаас гадна тэтгэвэрийн сандаа хуримтлал болгон хийж хадгалдаг. Ийм маягаар ажиллаж чадвал дунд болон урт хугацаанд сангийн бодлого тогтвортой болж, бүх түвшинд итгэлцэл үүсдэг. Монгол Улс ийм аргачлал хэрэглэж болно шүү дээ. Тухайлбал, хурдан хөрвөх чадвартай нөөц бүрдүүлж, зээлжих заагаа эхлээд нарийн тодорхойлох хэрэгтэй. Үүнээс цааших мөнгөн урсгалыг хуримтлал хэлбэрээр ашиглаад явахад аандаа хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртээд эхлэнэ. Ийм байдлаар богино болон урт хугацааны хөрөнгө оруулалтын удирдлагыг хийх нь зүйтэй.
Монголын эдийн засаг уул уурхайн үнийн мөчлөгөөс шууд хамаардаг. Макро эдийн засгийн хувьд энэ шокоос хамгаалах ямар арга хэрэгсэл ашиглах ёстой вэ?
Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг хоёр үзүүртэй сэлэмтэй зүйрлэж болно. Үнэ өсөхөд орлого ашгаар бялхдаг бол үнэ унахад улсын эдийн засаг, төсвийн орлого доголдож чичигнэдэг. Үүнээс сэргийлэх гол арга бол мөчлөг сөрсөн сангийн бүтцийн бодлого, улсын төсвийн дүрэм байдаг. Чили Улсын хувьд бид улсын төсвийн зардлаа урт хугацааны зэсийн үнийн прогноз болон ДНБ дээрээ суурилан тооцдог. Өөрөөр хэлбэл, бид хэзээ ч одоо олж буй орлого дээрээ шууд суурилан төсвөө хийдэггүй гэсэн үг. Ингэснээр уул уурхайн үнэ өсөх үед хэрэглээгээ хэт ихээр тэлэх, үнэ унах нь төсөв тасалдах эрсдлээс сэргийлж чаддаг. Мэдээж үүнтэй цуг өрийн удирдлага, Төв Банкны хийдэг инфляцийг зорилтот түвшинд барих удирдлагыг ухаалгаар хослуулах замаар эдийн засгийн жийргэвч бүсээ баталгаажуулах ёстой.

Цар тахлын дараа маш олон улс ийм бодлого хэрэгжүүлсэн. Монгол Улс ч гэсэн энэ зарчмыг даган эдийн засгийнхаа “жийргэвч бүс”-ийг зөв тодорхойлж, нийгмийн хөтөлбөрүүдөө хамгаалж, хамгийн гол нь уул уурхайн үнийн өсөлтийн үед санхүүгийн сахилга батыг мөрдөх хэрэгтэй.
Эдийн засаг сайхан байх үеийн санхүүгийн сахилга бат улс орны хүнд үеийг давах амь даатгал болдог юм шүү!
Баялгийн хараал болсон “Голланд өвчин”-өөс хэрхэн сэргийлэх вэ?
Уул уурхайн үнийн өсөлтөөс шалтгаалж улсын мөнгөн тэмдэгтийн ханш өсч, бусад салбар өрсөлдөх чадвараа алдаж эхлэхийг “Голланд өвчин” гэж хэлдэг. Аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарын үнэ цэн иргэдэд анзаарагдахгүй унадаг. Үүнийг мэдрэх анхан шатны шинж тэмдгүүд юу вэ гэвэл цалингийн инфляц, бодит ханшийн өсөлт, худалдааны бус салбар руу чиглэх хөдөлмөрийн зах зээлийн огцом шилжилтүүд байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй арга бол баялгийн сангийн хөрөнгийг гадаадад хадгалах байдаг. Мөн улс дотооддоо зардлын өсөлтийг хязгаарлах, улсынхаа боловсрол, цахим хөгжил, дэд бүтэц зэрэг бүтээмж өндөртэй салбарт хөрөнгө оруулахаас гадна хэрэглээг урамшуулсан бодлого явуулах ёсгүй.
Чили Улс баялгийн сангийнхаа хөрөнгийг албаар гадаад улсад хадгалж, оффшор бүст хөрөнгө оруулалтуудыг хийдэг.
Ингэснээр гадаад валютын урсгалтай холбоотой эрсдлийг саармагжуулж чаддаг. Монгол Улс адилхан бодлого хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаа эдийн засгийн “жийргэвч” байдлаар удирдан, дотооддоо хөрөнгө оруулалт хийж эдийн засгаа халаахгүйгээр гадаадад хийх хуримтлал, хөрөнгө оруулалт руу удирдлагаа чиглүүлэх хэрэгтэй.
Уул уурхайгаас хамаарлаас багасгахын тулд эдийн засгийн төрөлжилт дээрээ хэрхэн ажиллах ёстой вэ? Энэ талаар та Монголд зөвлөж байсан уу?
Эдийн засгийн төрөлжилт, солонгорол гэдэг нь уул уурхайгаа хаах тухай биш харин ч энэ салбарын боломжийг өргөжүүлэх тухай асуудал юм.
Уул уурхайгаас орж ирэх орлогын урсгалаар л бусад салбар тэтгэгдэн хөгжинө гэдгийг ойлгох ёстой. Чили Улс зэсийн орлогоо хүмүүн капиталыг хөгжүүлэхэд зарцуулсан. Тухайлбал, боловсрол, инновац, дэд бүтцээ бид тэргүүн ээлжинд санхүүжүүлсэн. Энэ нь өөрөө бусад шинэ салбарууд болон хөдөө аж ахуй, үйлчилгээний секторыг хөгжүүлэх үндэс болсон.

Монголын засгийн газарт өгөх миний зөвлөгөө үргэлж адилхан байна. Уул уурхайн салбараа зөв ашиглах замаар эдийн засгийн бусад салбар, ялангуяа уул уурхайтай шууд болон шууд бусаар холбогдсон салбаруудаа хөл дээр нь босгож, хөгжүүлэх ажлуудыг хийх ёстой. Тухайлбал, технологи, инженер болон засвар үйлчилгээний салбар, тээвэр, дэд бүтэц, ложистик гэм мэт. Гэхдээ тухайлсан нэг төсөл биш хүндээ болон институтэд хөрөнгө оруулж хөгжүүлэх ёстой шүү гэдгийг сайтар анхаараарай! Юмыг зөв эхлүүлэх нь чухал ч гэсэн тэр эхлүүлсэн ажлынхаа эрчийг алдахгүй хөгжүүлэн үргэлжлүүлэх нь хамгаас чухал байдаг. Энэ хооронд маш олон сонгууль болдог. Эдийн засгийг төрөлжүүлэх ажил хэдэн арван жил үргэлжилж болно. Иймээс уул уурхайн салбар өндөр өсөлттэй байх үедээ ирээдүйн бэлтгэлээ маш сайн хангаж, үнийн уналтын үед улс орныг авч явах салбаруудад хөрөнгө оруулах, хүнээ, ур чадвараа, институтээ хөгжүүлэх хэрэгтэй.
Уул уурхайн татвартай холбоотой асуудал байнга маргаан дэгдээдэг. Татвар, роялти, ашиг болон бүтээгдэхүүн хуваах, гэнэтийн ашгийн татвар гээд олон арга хэрэгсэл бий. Бүх талуудад харилцан ашигтай, шударга, өрсөлдөх чадварыг хангасан загвар юу байж болох вэ?
Татвар нь маш энгийн буюу ойлгомжтой, тогтвортой, бас шударга байх ёстой. Ийм байж гэмээнэ хөрөнгө оруулагчид санхүүгийн зөв тооцоолол хийж, ард иргэд ч гэсэн хувь оролцоогоо шударгаар хангуулж чадна. Татварын сайн систем гэвэл үнэ дээр суурилсан хувьсах роялти болон ашигт тулгуурласан хослол юм. Энэ нөхцөлд төр мөнгөн урсгалаар тасрахгүй бөгөөд уул уурхайн үнэ өсөх үед ашгаас хамаарч илүү орлого төвлөрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ систем эрсдэл болон өгөөжийг тэнцвэржүүлдэг. Гэхдээ хамгийн чухал нь тогтвортой бас ил тод байдал байдаг. Хөрөнгө оруулагчид тоглоомын дүрмэнд итгэх тусам улам ихээр хөрөнгөө оруулдаг. Энэ хэрээр төр илүү их орлого олдог.
Монгол Улс энэ итгэлийг олохын тулд тунгалаг, нээлттэй байдлыг тэргүүн зэргийн ач холбогдол болгож, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын хүрээнд уул уурхайтай холбоотой бүх гэрээ, санхүүгийн гүйлгээг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй.
Байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл бэхждэг. Шударга ёс цээжний пангаас биш тодорхой байдлаас л бий болдог.
Уул уурхайн том төслүүдийн хувь нийлүүлэгчдийн гэрээ нийгэмд үргэлж маргаан дагуулах юм. Монголд жишээ нь Оюу Толгойн гэрээ байна. Ийм төрлийн гэрээ хийх, хэлэлцээрт оролцохдоо юуг анхаарах ёстой вэ?
Олон улсын түвшинд том үнийн дүнтэй хэлэлцээрт орохдоо төр засаг дотроо нэг баг болж, нэгдсэн дуу хоолойтой болж өөрсдийгөө эхлээд бэлдэх ёстой. Багийн дуу хоолой болж нэг субъект голцуу харилцаанд ордог бөгөөд энэ нь голцуу тухайн орны Сангийн яам байдаг. Эсвэл дундын мэргэжлийн байгууллага ч байж болдог. Гэрээний зүйл, заалт болгон ил тод байж, урт хугацааны үнэ цэнийг хангаж, богино хугацааны улс төрийн эрсдлийг хаасан байх ёстой. Зарим улсын хувьд уул уурхайн орд, төслөөсөө багахан хувь эзэмшээд, сайн засаглалаа хатуу хангаад хэрэгжүүлээд явах нь компанийн хувьцааны дийлэнхийг эзэмшин хянаж ажилласнаас илүү үр дүнтэй байдаг. Түүнчлэн гэрээндээ зардлын задаргаа, хөрөнгө оруулалтын өгөөж, шүүх маргаантай холбоотой асуудал гарвал хэрхэн зохицуулах механизмыг аль аль тал нь маш тодорхой гэрээндээ оруулж өгөх ёстой. Монгол Улсын хувьд Оюу Толгой төслөөс юу сурах ёстой вэ гэвэл дараа дараагийн уул уурхайн том төслүүдээ нээлтэй явуулж, тоглоомын дүрмээ маш тодорхой болгоорой гэж хэлмээр байна. Юм тодорхой байх тусам янз бүрийн хувийн ашиг сонирхол орох боломжгүй болдог. Ингэж байж хувийн болон төрийн түншлэл үр дүнтэй хамт хөгжинө.

Уул уурхайн популизм гаарах үед гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргая, уул уурхайн компаниудаа хувийн хэвшлээс улс хурааж авъя гэдэг яриа дэгддэг. Төр уул уурхайн менежментийг хэрхэн хийвэл зохилтой вэ?
Иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг мэдрэхгүй, хүртэж чадахгүй байгаа нөхцөлд уул уурхайн популизм өсдөг. Шийдэл нь иргэдэд өгөх мэдээлэл, олон нийтийн харилцаагаа сайжруулах, үйл ажиллагаагаа улам нээлттэй, тунгалаг болгох гэж би хэлнэ. Төрийн өмчит, төрийн оролцоотой уул уурхайн компаниуд хийгдсэн бүх гэрээ, дансанд орж ирж буй доллар бүрийг, олон нийтэд зарцуулж, нийгэмд хөрөнгө оруулж буй мөнгө бүрийг ард иргэдэд нээлттэй мэдээлж, тогтмол тайлагнаж байх ёстой.
Гэрээ, орлого, зардлаа ил тод байлгах нь уул уурхайн компаниудын популизмын эсрэг хамгийн сайн хамгаалалт болдог.
Монголын хувьд ирээдүйгээ харсан уул уурхайн гэрээний тогтвортой байдлын ач холбогдол, аливаа шийдвэрийг гаргах сонголтын золиосыг иргэддээ ойлгуулах нь чухал гэж бодож байна. Бүх зүйл ойлгомжтой, жигд мэдээлэлтэй байвал нийгэмд итгэлцэл үүсдэг. Нийгмийн зөвшилцөл, итгэлцэлтэй орчинд аандаа тогтвортой байдал бий болж, уул уурхай, улс төрийн популизм багасдаг.
Компанийн санхүүгийн хууль ёсны байдал нь улс төрийн хамгийн найдвартай даатгал болдог.
Байгалийн баялгийн эзэмшлийн үндсэрхэг үзэл дэлхий даяар гаарч, улс орнууд дотоодын зах зээлээ хамгаалсан бодлого явуулж, худалдааны дайн өрнөж байна. Ийм үед хэт нэг тал руу туйлшрахгүй улс орны эрх ашгаа хэрхэн хамгаалах ёстой вэ?
Иргэд байгалийн баялгаа өвөг дээдэс нь өвлүүлсэн, өөрсдийнх нь үнэт эрдэнэ гэж үзэх нь зүйн хэрэг. Гэхдээ үүнийг бүтээлчээр бас олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй, ил тод байдлаар ашиглах, ухаалаг байдлаар нийгэмд хөрөнгө оруулах нь чухал. Жишээ нь, баялгийн сангийн өгөөжийг боловсрол, эрүүл мэнд, хөдөөгийн дэд бүтцэд хөрөнгө оруулах, ийм төрлийн төслүүдийг санхүүжүүлдэг. Байгалийн баялгаа хамгаалан харамлах нь богино хугацаанд зөв зүйл мэт санагдаж магадгүй. Гэвч урт хугацаанд энэ нь таныг дэлхий ертөнцөөс тусгаарлаж, иргэдийн бүтээжийг бууруулан, улсын эдийн засгийн өгөөжийг унагадаг.
Уул уурхайн төслүүдийн хяналт биш өгөөжийн удирдлага дээрээ илүү төвлөрч ажиллах ёстой.
Ингэж чадвал байгалийн баялгийн хяналт дээр зодолдох биш, үр өгөөжийг хамтдаа хуваалцах замаар нийтийн бахархал бий болж, урт хугацааны түншлэл үүсдэг.
Уул уурхайн компаниуд олон нийтийн харилцаагаа хэрхэн өгөөжтэй удирдах ёстой вэ?
Харамсалтай нь зарим уул уурхайн компаниуд олон нийтийн харилцааны ажлыг үнэ цэнийг дутуу үнэлж, ач холбогдол бага өгч, энэ хэрээр бусдыг тэр болгон сонсдоггүй.
Олон нийтийн харилцааны ажил бол зөвхөн мэдээлэл солилцоо бус, харилцан ойлголцол, хүндлэл юм.
Нийгмийн асуудал, байгаль орчны сорилтууд дээр иргэд уул уурхайн компаниудаас тэр болгон амлалт нэхээд байдаггүй. Сайн анзаарах юм бол нутгийн хүмүүс хүндлэл хүсдэг. Олон нийтийн харилцааны хамгийн шилдэг жишээ өрөм тавьж, газар нутгийг нь хөндөхөөс өмнө орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах шийдэл гаргах, ил тод байдлаар мэдээлэл тогтмол түгээх, үйл ажиллагаандаа хяналт тавих тогтолцоог бий болгох байдаг. Газар нутаг, уул ус, ажлын байрны талаар энгийн ойлгомжтой хэлээр нээлттэй ярилцах, тэднийг үнэн сэтгэлээсээ сонсох, эргэх холбоотой байсан санал хүсэлт, гомдлыг нь шийдвэрлэдэг систем хэрэгтэй. Нээлттэй тунгалаг байдал найдвар бий болгодог бол бусдыг ойлгох нинжин сэтгэл итгэл үүсгэдэг. Хэт их зүйл амлах, эсвэл төслийн шийдвэрийг хэтэрхий оройтож мэдэгдэх нь алдаа болдог. Итгэлийг алдсан бол ил тод уучлал, хараат бус үнэлгээ хийлгэх, ил тод үйл ажиллагаагаа улам сайжруулах шаардлагатай. Латин Америкт амжилттай хэрэгжиж буй уул уурхайн компаниуд бүгдээрээ орон нутгийн иргэдтэй хамтарсан зөвлөл байгуулж, түүгээрээ дамжуулан дундын шийдвэр гарган хяналтаа хэрэгжүүлж явдаг. Энэ нь тухайн уул уурхайн компанийн хувьд үйл ажиллагагаа нутаг дээр нь явуулах ард түмний тусгай зөвшөөрөл болдог юм.

Хөгжиж буй орнуудадын уул уурхайн компаниудын олон нийтийн харилцаандаа гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ?
Хамгийн түгээмэл алдаа бол олон нийтийн харилцааг өөрсдийгөө дөвийлгөх сурталчилгаа гэж ойлгох явдал байдаг. Нутгийн иргэд гялгар цаастай, гоё өнгөтэй брошур, танилцуулга биш өөрсдийн амь амьжиргаандаа л анхаардаг. Мөн хэт их амлалт өгөх иргэдийн итгэлийг анхнаасаа үгүй хийдэг. Түүнчлэн мэргэжлийн үг хэллэгээр халхавчлан өөрсдийгөө зөвтгөж тайлбарлах ажил явдаггүй. Аливаа шийдвэр гарсны дараа эсвэл хэт оройтож иргэдэд мэдээлэх нь голцуу алдаа болдог. Үр дүнтэй харилцаа гэдэг нь тогтвортой үргэлжилдэг, тасралтгүй хийгддэг, хоёр талын оролцоог хангасан, даруу энгийн байдалтай байх ёстой. Хүмүүсийг ятгах биш, оролцоог нь хангаж үйл ажиллагаандаа хамруулах нь чухал.
Олон нийтийн харилцааг эрсдэл удирдах хэрэгсэл гэж үздэг компаниуд үргэлж бүтэлгүй байдаг. Харилцаа бол хүн хоорондын үнэ цэн, хүн ёсны хүндлэл байх ёстой.
Олон нийтийн харилцаа, итгэлцэл, түншлэлийг амжилттай хэрэгжүүлсэн уул уурхайн жишээ юу байдаг вэ?
Нийгэмтэй төгс харилцаа үүсгэсэн уул уурхайн компани гэж энэ дэлхий дээр байхгүй. Учир нь улс орны нөхцөл байдал, компанийн нөөц, нийгмийн хандлагаас хамаардаг. Гэхдээ амжилттай компаниудын ерөнхий хандлага анзаарагддаг. Тэр нь орон нутгийн иргэдтэй тогтоосон түншлэлийн харилцаа, байгаль орчныг хариуцлагатай хамгаалсан бодлогын хэрэгжилт, ёс зүйтэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд илүү сайн нэр хүндтэй байдаг. Ийм компаниуд ихэвчлэн үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө нутгийн иргэд, засагтай хамт үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Ингэснээр орон нутгийн эдийн засагт оруулах хувь нэмрийг тодорхой болгож чаддаг. Түүнчлэн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, зөвхөн уул уурхайн нөлөөллийн газрыг бус тухайн аймаг, орон нутгийг нийтэд нь хамгаалсан байгаль хамгааллын бодлого хэрэгжүүлдэг.

Асуудал гарсан, иргэдийн итгэл алдсан, хямралын үед ямар менежмент хэрэгжүүлэх ёстой байдаг вэ?
Итгэл сэргээх нь зээлийн оноогоо сэргээхтэй яг адил зүйл. Үүний тулд цаг хугацаа, ил тод байдал шаардагдана. Нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол гаргасан алдаагаа үнэнээр хүлээн зөвшөөрөх байдаг. Алдаагаа нууж, хойшлуулах тусам нийгмийн эсэргүүцлийг улам өдөөдөг. Дараа нь хөндлөнгийн аудит, мэргэжлийн компаниудыг оролцуулан гарсан хохирол, үүссэн эрдслийг үнэлүүлэн, хамтын шийдэл гаргах хэрэгтэй. Орон нутаг, нийгэмд үнэхээр хохирол учруулсан нотлогдвол шударгаар нөхөн төлж нийтийн хохирлыг барагдуулан, үүнийхээ хэрэгжилтийг ил тод харуулах ёстой. Шаардлагатай нөхцөлд компанийн удирдлагыг солин шинэчилж, хариуцлагын тогтолцоогоо өөрчлөн, шинэ бүтэц бий болгож болно. Хамгийн чухал нь компанийн үйл ажиллагаа, ахиц дэвшлийг тогтмол нийтэд мэдээлж, хамтын хяналтыг хэрэгжүүлбэл хамаагүй үр дүнтэй байдаг.
Олны итгэлийг худалдаж авдаггүй.
Алдсан итгэлийг дахин олж авахын тулд тууштай хөдөлмөрлөж, даруу байж, бодит өөрчлөлтийг хийх хэрэгтэй болдог.
Монголын уул уурхайн салбар хөрөнгө оруулахаар сонирхож буй гадаадын компаниудад та юу гэж зөвлөх байсан бэ?
Нэн тэргүүнд нутгийн дуу хоолойг сонс гэж зөвлөнө. Малчид, залуус, орон нутгийн удирдлагууд газар нутгаа хамгийн сайн мэднэ. Тэр хэрээр хамгийн сайн шийдвэрийг гаргахад туслана. Хоёрт, туйлын ил тод байдал гэж хэлмээр байна. Усны хэрэглээ, ажлын байр, татварын мэдээллийг энгийн хэлээр тогтмол иргэдэд хүргэх ёстой. Гуравт, хянаж болох амлалт гэж хэлье. Тэр нь амлалтаа хэмжих хэмжүүртэй болгож, түүнийгээ нийтэд ил болгорой. Амласнаа биелүүлээд, тэр нь хүн болгонд ойлгомжтой хэмжигдэхүйц байгаад байвал аяндаа хүмүүс компанид итгэж эхлэнэ. Монголын нийгмийн зөвшилцөл, олон нийтийн дэмжлэг хоосон үгэнд бус харин нүдэнд харагдаж, гарт баригдах ажлууд дээр бий болдог.
Уул уурхайн салбар дээр төр ба хувийн хэвшлийн оролцоо, тэнцвэр нь ямар байх ёстой юм бол? Чилийн сайн, муу жишээг хуваалцана уу!
Байгалийн баялгийг амжилттай удирдах олон арга бий.
Уул уурхайн төслийн амжилтын түлхүүр нь өмчлөл бус засаглалдаа байдаг.
Чилийн Codelco компани бол төрийн өмчит хэдий ч олон арван жилийн турш мэргэжлийн, улс төрөөс хараат бус, бие даасан удирдлагатай ажиллаж буй дэлхийн шилдэг компанийн жишээнд тооцогддог. Өнгөрсөн хугацаанд хэдэн тэрбумаар нь ногдол ашиг тараахын сацуу технологи болон байгаль орчны өндөр стандарыг хангаж ажиллаж байна. BHP, Anglo American, Antofagasta Minerals зэрэг хувийн компаниуд ч дэлхийн түвшний үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудын жишээ нь шударгаар өрсөлддөг, нээлттэй, ил тод байдлыг хангасан, тогтвортой буюу таамаглаж болохуйц хууль эрх зүйн орчинтой газар төр нь байна уу, хувийн секторын компани нь байна уу ялгаагүй өсч хөгжин дээшлэх боломжтойг харуулж буй хэрэг юм. Иймээс төр ба хувийн хэвшлийн оролцоо болон тэнцвэрийн гол зарчим бол өрсөлдөөний саадгүй байдал буюу хэн нэгэнд давуу тал олголгүй, шударга өрсөлдөх орчин гэж хэлмээр байна. Төр, хувийн хэвшилд ижил дүрэм, ижил хүлээлт үйлчлэх ёстой. Төрийн өмчит уул уурхайн компаниуд бие даасан, хараат бус, мэргэжлийн хүмүүсээр удирдах зөвлөлөө бүрдүүлэх ёстой. Энэ ТУЗ ногдол ашиг болон хөрөнгө оруулалтын бодлогуудыг ямар нэг ашиг сонирхолд үл хүлэгдэн батлах хэрэгжүүлдэг. Харин төр нь стратегийн хувь эзэмшигч байж, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байснаар хувийн хэвшилтэй шууд өрсөлдөх эрсдлийг тэр хэмжээгээр бууруулдаг. Монголд хэрэгжүүлж болох загвар бол төр ба хувийн хэвшлийн эрх тэгш, ил тод дүрэм бөгөөд энэ орчлыг бүрдүүлж чадвал төр, хувийн хөрөнгө оруулалт хамтдаа хөгжөөд явдаг.

Чили болон Монгол Улсын үндэстний онцлог болон төстэй ба ялгаатай талуудыг юу гэж хардаг вэ?
Чили, Монгол хоёр нь дэлхийн эсрэг туйлуудад оршдог ч, сэтгэлгээ, зорилгоороо хоорондоо ойрхон ард түмэн. Чили Улс Андын нуруу, Номхон далайн хооронд шахагдсан нарийн зурвас газар нутагтай бол Монгол Улс их гүрнүүдийн дунд орших уудам, тусгаар тогтносон орон. Хоёулаа байгалийн баялагт түшиглэсэн, тогтворгүй зах зээлийг тогтвортой хөгжил болгох эрмэлзэлтэйгээрээ адилхан.
Чили Улс институтийн хөгжил, уул уурхайн амжилттай реформ, улс төрийн тогтвортой байдлаараа дэлхийд танигдаж чадсан. Харин Монгол Улс нүүдэлчний өв соёл, байгальд хүндэтгэлтэй ханддаг сэтгэлгээ, эх оронч байдлаараа дэлхийд тамгалагддаг.

Харин хамгийн том ялгаа нь институтийн хөгжил болон төлөвшил гэж хэлмээр байна. Чилид олон арван жил шаардагдсан энэ өөрчлөлтийг Монгол илүү хурдан, илүү ухаалаг хэрэгжүүлж чадна гэж боддог. Хамгийн гол нь бусдаас суралцаж, шилдэг туршлагыг зоригтой хэрэгжүүлэх нь чухал. Хоёр өөр тивд оршдог хэдий ч бидний замнал зэрэгцэн хамтдаа урагшлах ёстой шүү!

