Ёс зүйн ДЕЛО: МАН-ын Бага хурлын нэр бүхий эмэгтэй гишүүдтэй хамаарал бүхий шүүгч С.Энхбаярт холбогдох хэргийг Шүүхийн сахилгын хороо шийдэх гэж байна
-Эрхэм шүүгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдвол сахилгын шийтгэл оноож прокурор болон АТГ-т шалгуулж л таарна. Эсрэгээрээ шийдэгдвэл ЭМД, НДС-ийн мөнгө шүүгчдийн буянд байхгүй болно-
Ёс зүйн ДЕЛО үргэлжилж байна. Үүний өмнөх дугаарт Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг завшсан хэргүүд шүүх дээр очоод хэрхэн замхардгийн ноцтой жишээг хүргэсэнээ энэ удаад үргэлжлүүлье. Үргэлжлэхдээ мөн л ноцтойгоор үргэлжлэх нь. Юу гэвэл байхгүй нотлох баримтыг байна гэж хэрэг шүүсэн шүүгчдийн нэг болох шүүгч С.Энхбаяр нь МАН-ын Бага хурлын нэр бүхий эмэгтэй гишүүдтэй шууд хамааралтай, тэдний хамгаалалтад байдаг гэх нүцгэн үнэн тодорхой болсон юм. Энэ юу болж байна вэ?
Эрх баригч улс төрийн намын Бага хурлын эмэгтэй гишүүд яагаад хэргийн шийдвэрлэлтэд оролцдог, шүүгчдэд нөлөөлдөг, түүнийг хамгаалдаг байж таарах вэ гэдэг эрэлд гарахад хүргэв. Мэдээж эрлээ олсон. Гэхдээ энэ удаад тэдний нэр усыг зарлахад үл яаран, хэргийг шийдвэрлэхдээ хуулийн ямар ноцтой алдаа гаргасан талаар илчлэн хүргэх нь зөв болов уу.
Хэргийг товчхон сануулъя. “Химийн шингэн” гэдэг компани “Чингис хаан” банкнаас авсан зээлийнхээ өрөнд үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээ тус банкны өмчлөлд шилжүүлсэн. Харин тус компаниас төлбөр авагч “Чингис хаан” банк нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт өртэй. Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны 2624 тоот захирамжаар 101.7 тэрбум төгрөгийг Чингис хаан банкнаас гаргуулж Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тиймээс дээрх өрнөөсөө 2.5 тэрбум төгрөгийг гаргуулахаар өөрийнх нь өмчлөлд ирсэн “Химийн шингэн” ХХК-ийн өмчлөлд байсан зээлийн төлбөр барагдуулах гэрээний дагуу уг объектыг 5.6 тэрбум төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч НДЕГ зөвшөөрсөн үндэслэлээр, дээрх үнийн 50 хувь буюу 2.8 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаа явуулсан байдаг.
Анхны дуудлага худалдаагаар худалдан авагч олдоогүй. Хоёр дахь дуудлага худалдаагаар гурван оролцогчоос хамгийн өндөр үнийн саналаар буюу 2 тэрбум 830 сая төгрөгөөр “Газар шим үйлдвэр” ХК худалдаж авчээ. Дуудлага худалдааны дүн ингэж гарснаас хойш гомдол гаргах хугацааг хуулийн дагуу хүлээсэн боловч “Химийн шингэн” компани ч, өөр хэн ч ямар нэгэн гомдол гаргаагүй. Хэн ч гомдол гаргаагүй учраас дуудлага худалдаа хүчин төгөлдөр болж “Газар шим” компани руу холбогдох хөрөнгүүдийг шилжүүлсэн. Шилжих явцад нэг асуудал гарсан нь газар шилжүүлэх болоход “Химийн шингэн” ХХК сүүлийн хэдэн жилд газрын төлбөр 80 гаруй сая төгрөгийг огт төлөөгүй учраас газар шилжүүлэх боломжгүй, заавал очиж төлөх ёстой байсан. “Газар шим үйлдвэр” ХХК олон нийтийн компани учраас ТУЗ хуралдаад дээрх газрын төлбөрийг төлөхөөр шийдэж газрыг хууль ёсоор шилжүүлж авсан байдаг.Ингээд хөрөнгийг “Газар шим үйлдвэр” ХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлж дууссаны дараа ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газраас “Газар шим үйлдвэр” ХК-д анхан шатны шүүх дээр “Химийн шингэн” ХХК дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргачихсан явааг дуулгажээ. Тэднийх “Чингис банк”-тай гэрээ хийхдээ ямар тохиолдолд барьцаа хөрөнгөө буцаан авах тухай тусгасан байсан гэх зүйлийг ярьж буй ч гэрээний маргаан бол тусдаа асуудал.
Нөгөөтэйгүүр тэр гэрээнд заасан графикийн дагуу зээлээ төлж чадаагүй учраас хөрөнгөө хураалгасан. Энэ тухай “Химийн шингэн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлт”, мөн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24/13 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт хүргүүлсэн “Барьцааны эд хөрөнгийг Чингис хаан банканд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх агуулгатай албан бичиг зэрэг баримтууд, чухам ямар өмчийг “Чингис хаан” банкны мэдэлд өгөхөө жагсаагаад, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан баримт нь ч энд байна. Гэтэл тэд хоёр дахь дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн л авч хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нэгэнт нэхэмжлэл гаргах хугацаа дууссан тул хэрэг нээх үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэл ёстой хуультай атал нөгөө л үл үзэгдэх гар үйлчилж нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг нээсэн явдал тусдаа сэдэв болно. Шүүхийн зохион байгуулалттай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нээгдсэн хэрэг Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд шилжиж тус шүүх харин нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Үүний дараа “Химийн шингэн” ХХК нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Хачирхалтай нь давж заалдах шатны шүүхээс Чингис хаан банкинд огт төлбөр төлөөгүй “Химийн шингэн” ХХК-ийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Чингис хаан банканд 2.500.000 төгрөг төлсөн гээд хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох шийдвэр гаргах нь тэр. Ноцтой нь дээрх 2.5 тэрбум төгрөгийг төлсөн гэх баримт нотолгоог огт үзүүлээгүй. Огт төлөөгүй учраас тийм нотлох баримт байх ч үндэслэлгүй. Гэтэл Давж заалдах шатны шүүх 2025 оны 03 дүгээр сарын 21-нд гаргасан магадлалдаа “2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Чингис хаан банканд 2.500.000 төгрөг төлсөн” гэж “гүжирдэн” ямар ч баримт нотолгоо үзүүлэхгүйгээр “Химийн шингэн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангааад зогсохгүй “Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй” гээд зааж хүчээр хязгаарлачихсан. Үүгээрээ “Химийн шингэн” ХХК-ийг нотлох баримтгүйгээр Чингис хаан банкинд төлөх байсан 2.5 тэрбум төгрөгийн төлбөрөөс хамгаалж Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөгдөх байсан төлбөрт ч саад учруулав.
Ингээд шүүгчдийн ёс бус үйлдлийг хянадаг байгууллага нь Шүүхийн сахилгын хороонд хандсан. Шүүхийн сахилгын хороонд “Шүүх бүрэлдэхүүн 2.5 тэрбум төгрөг төлөгдсөн гэх хавтаст хэрэгт огт байхгүй нотлох баримтыг хаанаас олж дотоод итгэлээрээ үнэлсэн нь тодорхойгүй. Хуульд байхгүй эрхийг нэхэмжлэгч компанид байгаа мэтээр хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж бусдад давуу байдал бий болгосон учраас уг магадлалыг гаргасан шүүх бүрэлдэхүүн болох шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа, С.Энхбаяр нарт шүүхийн сахилгын хэрэг үүсгэн шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргажээ. Гэтэл Шүүхийн сахилгын хорооны шүүгч Д.Мягмарцэрэн “Нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хууль хэрэглэх нь шүүгчийн хараат бус бүрэн эрхэд хамаарна. Тиймээс Шүүхийн сахилгын хороо нь энэ үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрхгүй” гэсэн хариу өгч, нотлох баримтгүйгээр дотоод итгэлээрээ төлбөрөө барагдуулах НДЕГ-ыг болон дуудлага худалдаагаар 2.8 тэрбум төгрөгөөр хураагдсан объектыг хуулийн дагуу худалдан авсан “Газар шим үйлдвэр” компанийг хохироосон, хаана ч, хэзээ ч 2.5 тэрбум төгрөг төлөөгүй нь анхан шатны шүүхээр баталгаажсан “Химийн шингэн” компанийг зөвтгөсөн байгаа юм.
Азаар Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг бас давж заалдаж болдог хуультай аж. Ингээд Б.Мягмарцэрэнгийн захирамжаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж Шүүхийн Сахилгын хороогоор дахин хянуулахаар өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хороон дотроо бүрэлдэхүүнтэй шүүгч нар сууж хуралдаад “Хянах шаардлагатай зүйл байна. Гарцаагүй байхгүй нотлох баримтгүйгээр хэргийг шүүсэн учраас тухайн нэр бүхий шүүгчдэд хэрэг үүсгэх ёстой” гэж үзээд буй аж. Энэхүү үүсгэсэн хэрэг нь хянагдсаар есдүгээр сарын 3-нд давж заалдах шатны гурван шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан үгүйг тогтоох шүүх хуралтай золгов.
Энэ шүүх хурал 9 дүгээр сарын 3-ны өдөр цагтаа багтаж хоёр цаг орчим үргэлжилсэн. Хурал дээр шүүгч Д.Дэлгэрцэцэг биечлэн ирээгүй, бичгээр тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, “Шүүх хурал дээр бид бүрэлдэхүүн дэх хоёр шүүгчийн саналтай нийлээгүй учраас тусгай санал өгсөн. Тиймээс миний хэргийг тусгаарлаж өгөөч, би үүнд хамаагүй” гэсэн байдаг. Харин түүний тайлбарт шүүх хурал дээр болсон үйл явцыг бичсэн байсан нь шүүхийн сахилгын хорооны шүүгчдийг шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарт асуулт тавьж, үнэн мөнийг олоход тун хэрэг болсон байдаг. Жишээ нь “Д.Дэлгэрцэцэг шүүгчийн тайлбарт бичснээр хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэх байсаар байтал хувийн компани, банк хоёрын хооронд хийсэн гэрээг та нар дүгнэсэн байна” гэхэд давж заалдах шатны шүүгч нар “дүгнээгүй” гэж хариулдаг, дүгнэсэн баримтыг нь харуулахаар тайлбарлаж чаддаггүй, доошоо хараад суучихдаг. Энэ мэтчлэн Сахилгын хорооны шүүгчдийн асуултуудын 80 хувьд нь хариулаагүй.
Ингээд Сахилгын хорооны шүүгчид шүүгдэж буй хэрэгт хамааралгүй гэж үзээд “Та нар гэрээг дүгнэсэн байна. Гэрээн дээр газраа шилжүүлэх үүргийг наадуул чинь хүлээчихсэн байсан” гэхээр Энхбаяр шүүгч “Тийм, бид гэрээ дүгнээгүй. Тэр бол тусдаа, гэрээний маргаан” гээд байдаг. Сүүлдээ Сахилгын хорооны шүүгчид аргаа барсан. Эхнээсээ уг шүүх хурал нь “Нэр бүхий шүүгч нарт үүсгэсэн Сахилгын хорооны хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн саналтай орж ирсэн юм билээ. Тиймээс Сахилгын хорооны шүүгчид энэ хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Эндээс баримтыг харахаар 2025 оны 3 дугаар сарын 21-нд давж заалдах шатны шүүх хурал болоход 2024 оны 12 дугаар сарын 24-нд 2.5 тэрбум төгрөг төлсөн баримт байна гэдэг. Тэр баримтыг анхан шатны шүүхийн шүүгч яагаад үнэлээгүй вэ гэхээр “Энэ бол төлбөр биш. Хоёр иргэн дундын данс нээгээд мөнгө байршуулсан баримт байдаг.
Гэтэл 2025 оны 9 дүгээр сарын 3-нд болсон шүүх хурал дээр Шүүхийн сахилгын хорооны шүүгчид “Дундын данс гэж юу вэ” гэж шүүгдэгчдээс асуухаар хариулж чаддаггүй. Хувь хүн хоорондоо дундын дансанд хийсэн мөнгийг ААН, албан байгууллагууд руу хамааруулж санаатайгаар мэдэн будилдаг. “Газар шим үйлдмэр ХК-ийн төлсөн мөнгө бол 2.830.000.000 төгрөг. Өнгөрсөн онд төлсөн энэ мөнгө Нийгмийн даатгалын санд яагаад ороогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байлгаад байсныг нэхэмжлэгч тал мэдэхгүй байгаа юм. Шалтгааныг нь асуухаар “Дээрээс битгий явуул гэсэн” гэдэг. Гэтэл давж заалдах шатны шийдвэр гарсан учраас өнгөрсөн онд төлсөн 2.830.000.000 төгрөгөө буцааж ав гэсэн. “Газар шим” компанийнхан “Яалаа гэж төлбөрөө буцааж авах юм бэ. Наад мөнгө чинь Нийгмийн даатгалын сангийн дансанд орчихсон, бид худалдаж авсан зүйлээ өмчлөөд авчихсан. Наад шийдвэр гаргасан шүүгч нар чинь нотлох баримтгүйгээр шийдвэр гаргасан учраас асуудал нь Сахилгын хорооны хурлаар шийдэгдэнэ. Тэр болтол бид төлбөрт төлсөн мөнгөө буцааж авахгүй” гэсэн албан бичиг явуулсан.
Гэтэл “Танай мөнгийг буцааж өгөх гэж байгаа шалтгаан нь “Химийн шингэн” ХХК төлбөрөө төлсөн учраас танай мөнгийг буцааж өгөх гэж байгаа юм. Тэр төлбөр нь 2025 оны 7 дугаар сарын 18-нд бүрэн төлж гүйцээсэн гэж байгаа юм. Тэр цаг үед шүүх хурал аль хэдийн буюу тухайн оны 3 дугаар сарын 21-нд шийдээд дуусчихсанаас хойш 4 сарын дараа мөнгө нь төлөгдөөд өнөөх байгаагүй нотлох баримт дөнгөж “төрж” байгаа юм. Ийм л хэрэг болсон. Шүүгч Д.Дэлгэрцэцэгт холбогдох хэргийг тусгаарласан. Шүүх бүрэлдэхүүний үлдсэн хоёр шүүгч болох С.Энхбаяр “Хэрэг бидний талд шийдэгдэнэ. Яагаад гэвэл гээд МАН-ын Бага хурлын гишүүний нэрийг барьж бардамнадаг боллоо. Чухам хэн бэ гэдгийг бид эрэн сурвалжилж тогтоосон. Харин энэхүү ёс зүйгүй үйлдлээ зогсоож шүүхийн Сахилгын хорооны шүүхийн өмнө цэх зогсохыг эрхэм шүүгчдээс хүсье.
Цаашид энэ хэрэг хэрхэн үргэлжлэх вэ. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр байгууллагаас өгсөн 2025 оны 7 дугаар сарын 18-нд бүрэн төлсөн гэдэг баримт, албан бичгийг шинээр үүссэн нөхцөл байдлаар оруулж 2025 оны 9 дүгээр сарын 29-нд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хууль мэддэг, хэрэг уншаад ойлгодог ямар ч шүүгч уншаад энэ магадлалыг хүчингүй болгох хэрэгтэй юм байна гэдгийг шууд ойлгоно. Магадлал хүчингүй болбол анхан шатны шүүх хэвээр үлдэж бүх зүйл зөвийн талд шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр нөлөөллийн хуулиар бол нэг байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж буй шүүгч нар байтугай нэг ангийнхан, нэг төгсөлтийнхөн ч хамааралтай гэж үздэг болохоор муугаар бодоход хамт ажилладаг шүүгчдэдээ хэрэг битгий үүсгэ гэж нөлөөлөх магадлал ихтэй.
Тийм учраас “Ёс зүйн ДЕЛО”-д онцлон сонордуулж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхэд шинээр үүссэн нөхцлөөр хэрэг үүсгэхгүй бол дахиад л шүүхийн сахилгын хороо болон АТГ-т нөлөөллийн хуулиар нөлөөлөөд байна гэдэг гомдлыг өгөх, эсвэл хяналтын шатанд өгөхийг шаардах болно. Энэ бүхний эцэст гэмт хэргийн шинж байгаа гэж тогтоогдвол сахилгын шийтгэл оноож прокурор болон АТГ-т шалгуулж л таарна. Эсрэгээрээ шийдэгдвэл ЭМД, НДС-ийн мөнгө шүүгчдийн буянд байхгүй болно гэдгийг сануулъя.
Жич: Нийтлэл бэлтгэх явцад дээр дурдагдсан С.Энхбаяр, Д.Золзаяа нар өөр нэгэн компанид холбогдох хэрэг дээр нотлох баримт байсаар байтал байхгүй гэж дүгнээд хэрэг шийдвэрлэсэн тухайд Шүүхийн сахилгын хороонд хандсан тухай баримт мэдээллүүд ирлээ.
“Ёс зүйн ДЕЛО” үргэлжилж байна…

