Энэ 7 хоногт
Шилдгүүд шагнуулж, шинэ бүтээлүүд төрсөн долоо хоног
Монголын соёл урлагийн амьдрал үйл явдлаар арвин байна. Олон улсын тавцанд амжилт гаргасан уран бүтээлчдэд төр засгийн зүгээс мөнгөн шагнал хүртээх шийдвэр гаргалаа.
Монголын соёл урлагийн амьдрал үйл явдлаар арвин байна. Олон улсын тавцанд амжилт гаргасан уран бүтээлчдэд төр засгийн зүгээс мөнгөн шагнал хүртээх шийдвэр гаргалаа.
Москва хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж өнгөрсөн Оросын суут хөгжмийн зохиолч М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэгт 29.0 сая, мөн уралдааны хоёрдугаар байрын шагналт СУИС-ийн оюутан Ч.Энхтайванд 24.0 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Мөн Монакогийн Вант Улсын Монте-Карло хотод болсон олон улсын циркчдийн “Premiere rampe” тэмцээнээс хүрэл цом хүртсэн уран нугараач Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Уугантуяа нарын багт 34.0, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Б.Уянга, Н.Төгөлдөрсайхан Г.Энхгэрэл, Б.Алтжин нарт мөн 34.0 сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгохоор болсон. Улахгүй гардуулж өгөх юм билээ.
Сүүлийн жилүүдэд ийн амжилт гаргасан уран бүтээлчдэд багагүй хэмжээний мөнгөн урамшуулал олгож байгаа нь хөгжимчид, дуучдын амжилтад тун сайнаар нөлөөлж буй билээ. Сонгодог хөгжмийн чиглэлээр суралцдаг оюутан, сурагчид ч Франц, Испани, Чех улсуудад болдог олон улсын хөгжимчдийн уралдаанд сүүлийн жилүүдэд тэргүүн, дэд, гутгаар болон шагналт байрын амжилт үзүүлсээр байгаа нь ч урам зориг нэмдэг энэхүү урамшуулалтай холбоотой гэж багш нар, мэргэжлийн сургуулийн удирдлагууд, хөгжим судлаачид үзэж буй.
Энэ хүрээнд хамруулах нэгэн мэдээлэл бол ДБЭТ-т энэ сарын 31-нд болох “Прагийн хавар” сонгодог хөгжмийн үдэш юм. Энэ нь Хөгжим бүжгийн коллежийн сурагчдын концерт юм. Чех улсад жил бүр болдог тус улсын алдарт хийлч Ж.Косианы нэрэмжит өсвөрийн чавхдаст хөгжимчдийн олон улсын уралдаанд сүүлийн таван жилд оролцож амжилт гаргасан сурагчид хамтарч тоглоно.
Соёл урлагийн салбарын хөгжлийн бодлого боловсруулах ажлыг БСШУЯ-ны соёл урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод буй Б.Наранзун ахлагчтай ажлын хэсэг хийж буй аж. Тэд ирэх сарын дундуур төслөө сайддаа танилцуулах юм билээ.
Мөн Монгол Улсын Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөх төслийн уралдаан зарлаад байна. Энэ талаар санаа чилээж, шуудхан хэлэхэд хүн бүр шахам салбарын тэргүүн болж, улмаар гавьяат болохгүй бол хоолойгоор нь хоол ч давахаа байсан хүн олширсон шагналын утгагүй тогтолцоог буруушааж явдаг бол санал, төслөө http://www.president.mn/mongolian/node/ рүү илгээж болох юм байна.
Энэ удаа хоёр тоглолтын талаар заавал дурдах хэрэгтэй байна. Нэг нь өнгөрсөн 26,27-нд Улсын филармонид болсон Б.Зоригт багш ахлагчтай цохивор хөгжмийн хамтлагийн “Найруулга-2010” тоглолт юм. ХБК-ийн оюутан, сурагчид бүрэлдэхүүнд нь байдаг уг хамтлагийн шинэ уран бүтээлийг тухлан сууж таалсан үзэгчид хүүхдүүдийн чадвартайг гайхаж, тэднээр бахархахдаа хэлэх үгээ олж ядан байв. Энэ тухай мөдхөн дэлгэрэнгүй мэдээлэх тул түр хойш тавья.
Нөгөө нь ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, бүжигчин, хөөмийч Д.Баярбаатарын UB palace-д болсон уран бүтээлийнх нь бие даасан тоглолт байлаа. Монголын бүжгийн урлагийн хөгжилд шинэ өнгө нэмж буй түүний тоглолтод ҮДБЭЧ-ын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, уран хөдөлгөөнөө гайхуулан бүжицгээжээ.
Соёл урлагийн амьдралын сүүлийн үеийн мэдээллээс дуулгахад ийм байна.