Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Чөлөөт бүсээрээ хөгжсөн Коста Рика
Коста Рика Улс нь гадаадын өр зээлд баригдан экспортын орлогынхоо 50 хувийг өрөндөө төлж байсан нэн шинэхэн түүхтэй орон.
Бүсээ чангалсан ч тархиа ажиллуулсан он жилүүд
Коста Рика Улс нь гадаадын өр зээлд баригдан экспортын орлогынхоо 50 хувийг өрөндөө төлж байсан нэн шинэхэн түүхтэй орон. Байгалийн баялгаар ядмаг, эдийн засгийн салбарын төрөл дутмаг, кофе ба бананаас экспортынхоо 80 хувийн орлогыг олдог ч талаас илүү хувийг нь эргээд өр төлбөртөө барчихдаг байсан гэхээр тэдний амьдрал тун хүндхэн байжээ, нэгэн үе. 1986 онд эдийн засаг нь элгээрээ мөлхөж, гадаадын өр зээлээ төлөх чадваргүйгээ зарлан бүсээ чангалж байсан удаатай.
Ийнхүү хорь гаруй жилийн өмнөхөн эдийн засаг нь дампуурлын ирмэгт тулж байсан тус улс эдүгээ Латин Америкийн хамгийн тогтвортой, хурдацтай, цэцэглэн хөгжиж буй улсаар нэрлэгдэх болоод байна. 4,9 сая хүнтэй энэ улсын ДНБ-ний нэг хүнд ноогдох орлого 15 мянга гаруй ам.долларт хүрчээ. Эдийн засгаа солонгоруулан хөгжүүлсэнээр эрүүл мэнд ба эко-жуулчлалаас орох орлого нь эрс нэмэгдэж, түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмж, цахим барааны үйлдвэрлэлээр бүс нутгаа хангаж байна.
Коста Рика бол эрүүл мэндийн болон эко жуулчлалыг хослуулан хөгжүүлж чадсанаараа дэлхийд танил болсон орон. Эмнэлгийн орчин үеийн нарийн технологи ашиглаж, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг харьцангуй хямдаар үзүүлдэг тул жил бүр хоёр сая шахуу жуулчид эрүүл мэндийн болон эко аяллаар зорин ирнэ. АНУ ба Канадын иргэд магнайлдаг жуулчлалын салбараас жилдээ хоёр тэрбум ам. долларын орлого төсөвтөө элбэгхэн цуглуулчихна. Төрийн бодлогоор ДНБ-ний долоон хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг тул эмнэлгийн үйлчилгээний чанараараа АНУ зэрэг хөгжингүй орноос зарим үзүүлэлтээрээ хол давсан байна.
Бас сонирхуулан хэлэхэд Коста Рика армигүй улс. 1949 оны цус ургасан иргэний дайнаар ихэд нэрвэгдсэн энэ улс дахин хэзээ ч дайтахгүй гэдгээ зарлан армиа татан буулгажээ. Цэрэг армийг багш армиар сольж, цэргийн санхүүжилтийг боловсролын салбарт шилжүүлсэнээр өндөр боловсролтой иргэд бэлтгэх гараагаа эхэлсэн гэдэг.
Бүсээ чангалсан ч тархиа ажиллуулсанаар хөгжсөн, хөлжсөн тэдний түүх бидэнд ч гэсэн сургамжтай санагдах тул цааш өгүүлэх ину.
Чөлөөт бүсээ чөлөөлж чадсан түүх
Манай Сэлэнгэ аймгаас ялихгүй том газар нутагтай Коста Рика Улсын эдийн засгаа либералчлах бодлогын тулгуур нь чөлөөт бүсийн санаачилга байсан гэдэг. 1981 онд чөлөөт бүсийн тухай хууль батлагдаж, чөлөөт бүс дотор үйлдвэрээ байгуулахыг гадаадын компаниудад уриалжээ. Тэдний гол амжилт нь чөлөөт бүсийн тухай хэвшмэл ойлголтоос өөрсдийгөө чөлөөлж чадсанд оршино. Чөлөөт бүсийг асар том агуулахтай худалдааны лангуу төдий газар биш, харин чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрал буцалсан зах зээлийн талбар болгон хувиргажээ. Ялангуяа Интел, Проктер&Гамбле зэрэг дэлхийд алдартай үйлдвэрийн салбарууд байгуулагдсанаар экспортын бүтээгдэхүүний тоо ба чанарт огцом эргэлт гарсан аж. Тухайлбал: Интелийн микропроцессорийн бүтээгдэхүүн гэхэд тус улсын ДНБ-ий таван хувь, экспортын 20 хувийг дангаар эзлэх болсон байна.
Чөлөөт бүсэд байрших компаниуд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас эхний 8 жилд 100 хувь, дараагийн 4 жилд 50 хувь чөлөөлөгдөх ба экспорт, импортын болон бусад төрлийн татвар, хураамжаас тодорхой болзолтой хөнгөлөлт эдэлдэг. Мөн тус бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын гаднаас оруулж ирж буй түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг. Үйлдвэрүүд экспортын барааны 25 хүртэл, үйлчилгээний компаниуд 50 хүртэл хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх хуулиар олгогдсон эрхтэй аж. Хэрвээ чөлөөт бүс дотор бол 150 мянга, харин гадна бол хоёр сая ам.долларын хөрөнгө оруулж байж тус улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг ялгаа бий. 1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчдын тал шахуу хувь нь чөлөөт бүсийн энэхүү урамшууллын хөтөлбөрт хамрагдаж тус улсад нэвтэрсэн байдаг. 1990 онд 56 компани харин 2002 онд 200 компани чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2015 оны байдлаар мянгаар тоологдох хэмжээнд хүрчээ. Тэнд ажиллагсдын тоо ч өсөн 1990 онд 7000 байсан бол 2003 оны байдлаар 35 мянган орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах болов.
Тэдний хийсэн дараагийн зоримог алхам бол чөлөөт бүсийн менежментийг хувийн хэвшилд шилжүүлсэн явдал юм. Анхлан Картаго хотод Аж үйлдвэрийн чөлөөт бүсийг хувийн хэвшлийн удирдлага дор байгуулж, улмаар зургаан чөлөөт бүсэд туршин нэвтрүүлсэн байдаг. Ийнхүү хөгжлийн индекс багатай бүс нутгуудад чөлөөт бүс байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг төрөөс бодлогоор дэмжин хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг болсоноор чөлөөт бүсүүдийг цэцэглүүлжээ.
Экспортын катализатор Прокомер
Сүүлийн жилүүдэд Латин Америкийн хөгжиж буй улс орнууд экспортыг хөхиүлэн дэмжих цогц бодлого боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх менежментийн чиг үүргийг хараат бус байгууллагад ачааллах болжээ. Гадаад худалдааны менежментийг хариуцсан эдгээр байгууллагыг “Экспортын катализатор” хэмээн нэрлэнэ. Коста Рикагийн экспортын катализатор бол 1996 онд байгуулагдсан Прокомер юм. Прокомерийг манайхаар бол “Чөлөөт бүсийн зохицуулах хороо” гэж ойлгож болох талтай. Гэхдээ их өвөрмөц бүтэц, зохион байгуулалттай. Бие даан үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь төр ба хувийн хэвшлийн хамтын удирдлага бүхий удирдах зөвлөлтэй, хараат бус санхүүжилттэй. Удирдах зөвлөлийг нь Худалдааны сайд тэргүүлнэ. Бүрэлдэхүүнд нь Засгийн газраас гурав, харин худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодыг төлөөлсөн иргэний байгууллагын таван төлөөлөл орно. Захирлыг удирдах зөвлөлөөс томилно. Санхүүжилтээ чөлөөт худалдааны бүсэд үйл ажиллагаа явуулах компаниудын бүртгэлийн хураамжаас гадна бусад үйл ажиллагаанаас олох орлогоос бүрдүүлэх ба жилийн төсөв 10 сая ам.доллараас буурна гэж байхгүй. Хараат бус санхүүжилттэй тул төсвийн хүндрэлээс шалтгаалан төсөв танагдах зовлонгүй, улс төрийн зохисгүй нөлөөллөөс ангид, тогтвортой ажиллах боломжийг хангадаг хэмээн судлаачид үнэлэх аж.
Прокомер нь чөлөөт бүсийг зохицуулахаас гадна улс орныхоо экспортыг хөхиүлэн дэмжих гол зорилготой. Гадаад худалдаа эрхлэх хүсэлтэй үндэсний үйлдвэрлэгч нарт зориулсан сургалт явуулах, зөвлөгөө өгөх, зах зээлийн судалгаа хийх, брэндийн бүтээгдэхүүнийг дэмжин ажиллах чиг үүрэгтэй. Түүнчлэн экспортын үйл ажиллагаа явуулах компанийг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох, статистик мэдээ гаргах, чөлөөт худалдааны бүсээс татвар хураах зэрэг ажил эрхлэнэ. Тус байгууллага нь 150 гаруй ажилтантай ба тэдний худалдааны төлөөлөгчийн газар гадаадын олон улс оронд байгуулагджээ.
Мөн 2000 оноос дэргэдээ төр ба хувийн хэвшлийн хамтын зөвлөл байгуулсанаар экспортыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах, төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болсон байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгч нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэн бараа бүтээгдэхүүнийг нь гадаад зах зээлд нийлүүлэхдээ гаршсан байгууллага. Олон улсын худалдаагаар дагнасан мэргэжилтнүүд тэнд ажиллаж, гадаад зах зээлээ судлан тандаж, олон улсын бизнесийн салбарт орон зайгаа амжилттай тэлсээр байна.
Чөлөөт бүсийн эдийн засгаас эко эдийн засаг руу
Коста Рика нь эко аялал жуулчлалыг хөгжүүлж, ногоон эдийн засаг руу шилжих замыг хэдийнэ сонгожээ. Хүрээлэн буй орчны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлсэн тул малчид, газар тариаланчид, газар эзэмшигчид гээд байгалийн ашиг шимийг хүртэж байгаа хүн бүхэн энэ төлбөрийг төлнө. Түүнчлэн гол ус бохирдуулсаны татварыг ус ашиглан уул уурхай, зам гүүр, барилгын ажил эрхэлж байгаа албан байгууллага, хувь хүмүүсээс авна. Эдгээр орлогоор хүрээлэн буй орчноо хамгаалах, нөхөн сэргээх, аялал жуулчлал хөгжүүлэхэд хөрөнгө оруулдаг тогтолцоотой. Тус улс 2021 он гэхэд хүлэмжийн хийнээс ангижирсан дэлхийн анхны улс болно гэдгээ зарлаад буй. Эдүгээ эрчим хүчнийхээ 90 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авах болжээ. Чөлөөт бүсийн эдийн засгаас эко эдийн засаг руу амжилттай шилжиж буй Коста Рикачууд дэлхийн хамгийн ногоон, бас хамгийн аз жаргалтай орны нэгээр шалгарсан нь чөлөөт бүс болон эко эдийн засгийг хослуулан шинжлэх ухаанын ололтонд тулгуурлан хөгжүүлсэний үр дүн гэлтэй.
Далайд гарцгүй ч хөгжилд гарц бий
Хөгжлийн тэнхлэг Азид төвлөрөн эхэлж буй цаг үед монголчууд бид эдийн засаг, гадаад худалдааны бодлогоо ухаалаг томъёолох шаардлагатай болоод байна. Дараагийн 100 жилд Азийн хэрэглээний эрин эхэлж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болов. Ялангуяа Хятадын том зах зээлд уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлохын төлөөх өрсөлдөөн Өмнөд Америкийн улсуудад хэдийнэ өрнөжээ. Түүнчлэн Европын Холбооноос ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан учраас Оросын зах зээлийн хоосон зайг эзлэх сонирхол эдгээр орнуудад улам бүр нэмэгдэж байгаа нь лавтай. Бразил, Аргентин, Уругвай, Чили улсуудын худалдааны гол түнш нь одоогоор Хятад байгаа бол удахгүй ОХУ нэмэгдэх чиг хандлагтай. Зөвхөн махны экспортоор жишээ авахад Хятал улсад Бразил Улс 476 сая, ОХУ-д 55 сая, Уругвай Улс Хятад Улсад 418 сая, харин Аргентин Улс Хятад Улсад 248 сая, ОХУ-д 108 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн 2015 оны байдлаар нийлүүлсэн байх юм. Ийнхүү бидэнд холын мэт санагддаг байсан Өмнөд Америкийн хүчирхэг эдийн засагтай улсууд хоёр хөршийг маань тойрон бүчиж эхэллээ. Ирээдүйн том зах зээлдээ ойртох үүднээс хоёр их гүрний дунд геополитикийн ашигтай байрлалд буй Монголд технологио нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэрүүд байгуулах сонирхол ч тэдэнд төрж буй. Харин бид энэ чиг хандлагыг соргогоор мэдэрч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болоод байна.
Хоёр их хөршөө түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолбор бүхий чөлөөт бүсүүдийг байгуулж, яг л Коста Рика шиг дэлхийн эдийн засгийн интеграцид хурдацтай нэгдэж, далайд гарцгүй ч даяарших хөгжил рүү хөтлөх гарцаа улам бүр нээх боломж бидэнд бий. Хязгааргүй шингээцтэй, барагдашгүй хэрэглээтэй хоёр их зах зээлийн дунд оршиж буй нь бидний давуу тал болж байгаа бус уу.
Ч.СОСОРМАА
Зочин
Зочин