Тун удахгүй бид алтан унжлагат гал тахиа жилийг угтана. Гадаадад буй монголчуудын хувьд эх орноо санагалздаг, эх орондоо буй бидний хувьд соёл, уламжлалаа хүндэтгэн бахархдаг өдрүүдийн нэг. Дэлхийн 70 гаруй улсад тархан ажиллаж, сурч, амьдарч байгаа 140 гаруй мянган монголчуудынхаа тухай энэ удаагийн дугаараар ярилцлаа. Нэвтрүүлгийн зочдоор Гадаад Харилцааны Яамны консулын газрын захирал Я.Ариунболд, эдийн засагч Б.Найдалаа, “Цахим Өртөө” ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.Лодойравсал, ШУТИС-ын багш доктор Д.Сэрдарам нар оролцов.



В.ГАНЗОРИГ: Далай лам саяхан манайд дуулиантайхан айлчиллаа. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өөрөө энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хэвлэлийн бага хурлын бас нэг халуун сэдэв нь давхар иргэншлийн асуудал байв. Үүн дээр та бүхэн ямар байр суурьтай байдаг вэ?

Я.АРИУНБОЛД: Дэлхийн хаана төрснөөс үл хамааран Монгол улсын иргэнээс төрсөн л хүүхэд бол “Монгол улсын харьяатын тухай хууль”-аар Монгол улсын иргэн мөн. “Монгол улсын иргэний бүртгэлийн хууль”-аар манай дипломат төлөөлөгчийн газрууд 30 хоногийн дотор хүүхдийг бүртгэж аваад төрсний гэрчилгээ олгох ёстой. Иймээс хилийн чанадад төрсөн хүүхэд бүр манай улсын хуулиар Монгол улсын иргэн. Гэтэл суугаа улсынхаа хуулиар, ялангуяа АНУ-д бол төрсөн цагаасаа эхлэн тухайн улсынхаа иргэн болчихдог. Энэ нөхцөлд тухайн улсын болон Монгол улсын хуулийн хооронд эрхзүйн зөрчил үүсдэг. Үүн дээр судалгаа хийгээд, тэнд төрсөн хүүхдийн нарийвчилсан тоог гаргаад, шийдэл гаргах тусгай ажлын хэсэг гарсан байгаа. АНУ-д жишээ нь 2001-2016 оны хооронд 2181 хүүхэд төрсөн байна. Эдгээр хүүхдийг аль болох Монгол улсынхаа үндсэн хуулийн зарчмыг баримтлан Монгол улсынхаа иргэнээр хадгалж үлдэх ёстой гээд хууль эрхзүйн хүрээнд ажиллаж байгаа.

Нэг улсын харьяалалтай үлдэх, эсвэл огт харьяалалгүй байх, эсвэл бүр олон улсын харьяалалтай байх, нэг улсын харьяатаас гарах, нөгөө улсын харьяат болох гээд олон ялгаатай ойлголтууд байдаг. Эндээс бид Монгол улсын иргэнээс төрсөн хүүхдүүдээ өөрийн харьяалалдаа хадгалаад явах асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Үүнээс цаашаа хүүхэд 16, 18 нас хүрэхээр нь яах вэ, төрийн албанд ажилд орвол яах ёстой вэ гэх мэт зохицуулалтын олон асуудал байгаа.

В.ГАНЗОРИГ: Давхар харьяаллын асуудал дээр манайхны үндэсэрхэг үзэл, омогшил нь нилээд сэдэрдэг байдал анзаарагддаг. Үүнээс болж хэт туйлшрах, хоорондоо талцан маргалдах нь энүүхэнд. Та бүгд үүнийг анзаардаг уу?

Ч.ЛОДОЙРАВСАЛ: Өөр улсын иргэн Монгол улсын иргэн болох, эсвэл Монгол улсын иргэн давхар харьяалалтай болох гэдэг асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Д.СЭРДАРАМ: Би 2003 оноос хойш БНСУ дахь монголчуудын диаспораг судалсан. Цахим өртөө сүлжээнд гадаадад буй монголчуудын нэлээд мэдээлэл байдаг. Бодлого гаргахын тулд судалгаа хийх ёстой. Тухайлбал, 2015 оны байдлаар 0-9 насны 1386, 10-19 настай 1147 Монгол хүүхэд БНСУ-д байна. Солонгос улсын иргэншилтэй болсон Монголчуудын тоо 2014 онд 79 байсан бол 2015 онд 110 гэх мэтээр нэмэгдээд байгаа. Энэ талын судалгаануудыг бид монголчууд байгаа улс бүрээр маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж бодитой төрийн бодлого гарах боломжтой.

Я.АРИУНБОЛД: Судалгаа ба эрхзүйг нь бид сайн судлах ёстой байгаа юм. Хүүхэд төрөөд иргэншлээ авах нэг асуудал. Иргэншлээ солих (Naturalization) гээд бас нэг өөр асуудал байгаа. Хоёр хөршид Монгол улсын иргэн төрсөн ч тэндэхийн иргэн болдоггүй. БНСУ-д ч гэсэн. Харин АНУ, Канад зэрэг улсуудад өөр. Аав, ээж нь Монгол улсын иргэд, хүүхэд нь гадаадын иргэн болчихдог. Энэ нөхцөлд Монгол улсын хууль илүү үйлчлэх орчин, бодлогыг л хэрэгжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн давхар харьяаллыг огт зөвшөөрдөггүй улс, хагас зөвшөөрдөг улс, шууд зөвшөөрдөг улс гээд ялгаатай эрхзүйтэй улсууд байдаг.

Б.НАЙДАЛАА: Бид зарчмаа нийтэд сайн ойлгуулаагүй, өөрсдөө нэгдмэл ойлголттой болоогүй болохоор гадаадад амьдарч буй монгол хүний асуудал ахуйн асуудал юм шиг болчихоод байна. Монгол хүн хаана төрснөөсөө үл хамааран Монгол улсын иргэн болох эрхтэй. Диаспора гэж юу юм, гадаадад байгаа монголчууд гэж хэн юм, бид өөрсдөө хэн юм, “тэд” гэж хэнийг хэлээд байна гээд зарчмын гол асуудлуудаа тодорхойлж, хандлагаа тогтох хэрэгтэй.

Ч.ЛОДОЙРАВСАЛ:
Гадаадад байгаа монголчууд удаад байгаа шалтгаан нь хүүхдүүд нь байдаг. Хүүхдүүдийнхээ сургууль, боловсролын асуудлаас болоод тэндээ уягддаг. Хүүхэд нь тухайн улсын харьяат болчихоор насанд хүрэхээр нь эцэг эх нь хүүхдээ тэнд хаяад Монголдоо ирэх үү, эсвэл бүгдээрээ тэр улсын харьяат болоод гэр бүлээрээ тэндээ суурьших уу гээд асуудал үүсдэг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг гэр бүл гэж үзвэл энэ олон гэр бүлүүдийг Монголын төр зүгээр хараад өөр улсад алдах уу, эсвэл зөв зохион байгуулалтанд оруулж улсдаа ашиглах уу гэдэг сонголт, үндэслэл гарч ирнэ.

В.ГАНЗОРИГ: 144 мянган Монгол иргэн дэлхийн 70 гаруй улсад ажиллаж, сурч, амьдарч байна. Эдгээр Монголчууд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд 400 гаруй ТББ байгуулан ажиллаж байна. Дундаж хоёр аймгийн хүн амтай тэнцэх эдгээр Монголчуудынхаа асуудлыг хэзээ бүрэн судалж дуусаад, холбогдох төрийн бодлого, шийдвэрийг гаргахаар байгаа вэ?

Я.АРИУНБОЛД: Монголын төр нэг ч иргэнээ алдах сонирхол байхгүй гэдгийг олон нийт ойлгох ёстой. 2001-2016 оны хооронд 6000 гаруй Монгол хүүхдүүд хилийн чанадад төрсөн. 4000 гаруй нь АНУ зэрэг давхар харьяалал үүсэх боломжтой улсуудад төрсөн. Одоогоор гадаад улсын паспорттай 1700 Монгол иргэн байгаагаас 1070 нь хүүхдүүд бөгөөд эдгээр иргэд маань нутагтаа ирж бүртгэлээ хийлгээд эндээ амьдарч байгаа юм. Энэ мэт тоог боломжит бүх сувгаар авч нэгтгэн судалгааны том бааз үүсгэхээр бид ажиллаж байгаа. Мөн гадаадын бүх улсын цагаачлалын алба, статистикийн хэлтэстэй нь хамтран ажиллаж байна. Өөрсдийн бүх элчин сайдын яамны бүртгэлүүдийг шүүж байна. Шинээр төрсөн хүүхдүүдийн бүртгэлийг нэгтгэж байна.

Гэхдээ тоонууд маань зөрж байгаа. Энэ нь бид нэгдсэн бодит судалгаагүй байгааг илтгэж байгаа юм. Ийм учраас Монголын хэдэн иргэн төрийн үйлчилгээний гадна үлдээд байгааг ч бид бүрэн мэдэх боломжгүй байна. Гадаадад байгаа Монголчуудын зарим нэг нь тухай улсын элчин сайд, консулын газартаа ч бүртгүүлээгүй байдаг. Эдгээр бүх эх сурвалж, судалгаануудаа нэгтгээд бид хамгийн сүүлийн байдлаар нийт 144 560 Монгол иргэд гадаадын улс орнуудад байна гэж гаргасан.

Д.СЭРДАРАМ: Бид ажиллах зарчмаасаа гадна ажиллах механизмаа тодорхой болгох хэрэгтэй байгаа. Гадаад дахь Монголчуудын асуудлыг Гадаад харилцааны яамнаас гадна Хууль зүйн яам нь шийдэж бүртгэх ёстой санагддаг. Энэхүү үндэсний дата баазыг Хууль зүйн яам бодлогын хэмжээнд барьж явах нь зөв.

Нэгдсэн дата гэж яриад байгаа шалтгаанаа хэлье. Жишээ нь Англид удаан амьдарсан, Монгол ба Английн хооронд албан бус соёл, урлаг, нийгмийн элч, бүхэл бүтэн институти болж ажиллах чадвартай бүлэг хүмүүс байна. Гадаад харилцааны яам эдгээр хүмүүсийг ашиглан ажлынхаа механизм болгоод, харин Хууль зүйн яам нь үндэсний дата баазаа бариад явбал энэ асуудал гольдролдоо орчих юм шиг санагдаад байдаг.

БНСУ-ын цагаачлалын алба улирал бүр тайлан гаргадаг. Монголчуудын миграцийн төрөл шинээр нэмэгдэж байна. Энэ олон Монголчуудын оюуны дайжилтыг бид зөв зохион байгуулж яаж оюуны бөөгнөрөл болгох вэ гэдэг асуудал маш чухал.

В.ГАНЗОРИГ: Гадаадад буй Монголчуудын тоо баримтыг бид ярьлаа. Одоо учир шалтгаан нь юу вэ гэдгийг хэлэлцье. Боловсрол ба эрүүл мэндийн систем, стандартаас болоод олон монголчуудын бие нь хилийн чанадад, санаа нь Монголд болоод байна уу? Гарч явж буй хүмүүсийг бид хориглох эрхгүй ч тэднийгээ зөв ашиглах тал дээр төр ба төрийн бус байгууллагууд юу хийж чадах вэ?

Ч.ЛОДОЙРАВСАЛ:
Төр мэдээллийн нэг сантай, нэг эх сурвалжтай байх ёстой. “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрт энэ ажил гээд орсон байгаа. Миграцийн учир шалтгаан гээд ярихаар тухайн улсуудаараа ялгаатай зүйлс байдаг. Тиймээс тулгардаг асуудлууд нь өөр, шийдлүүд нь ч өөр. Тэгэхээр гадаадын хэдэн улсад хэдэн монгол байна гэдэг статистикаас гадна ямар учраас явсан тухай чанарын судалгааг бид зайлшгүй хийх ёстой.

Б.НАЙДАЛАА: Надад бол учир шалтгааныг судлах шаардлагагүй гэж бодогддог. Ойлгомжтой шүү дээ. Ахуй амьдрал, нөхцлөө сайжруулах, сурах, ажиллах, эмчлүүлэх, газар үзэх зорилгоор явж байгаа. Монгол улс гуравхан сая хүнтэй, нээлттэй орон. Гэхдээ явж байгаа хүмүүст, хүүхдүүдэд хэрхэн монгол дархлаа бий болгох вэ гэдэг бодлогын асуудалд бид анхаарах ёстой. Энэ бол хүмүүсээ бодлоготой явуулах, хэрхэн эргүүлж авч ирэх, тэднийгээ хэрхэн зөв ашиглах уу гээд цогц бодлого бүхий төрийн алсын харааны асуудал юм. Монгол үндэстний хувьд үеийн үед хөгжлийн гарц нь гадна байсан. Одоо ч гэсэн Монгол улсын хөгжлийн нэг том гарц нь гадаадад буй Монголчууд гэж боддог. Иймээс бодлоготойгоор хүмүүсээ гадагшаа явуулаад, төлөвлөгөөтэй эргэж авч ирдэг систем хэрэгтэй. Тоо, асуудалтай зууралдах хэрэггүй.

Оюуны дайжилт явж болно. Одоо оюуны бөөгнөрөл болгох нөхцлийг төр бүрдүүлэх ёстой. Жишээ нь 2010-2011 оны хооронд гадаадаас олон Монголчууд буцаж ирсэн. Тэд зах зээлийн жамаар л ирсэн. Тэрнээс биш тухайн үед Монголын төрд тэднийг ирүүлнэ эсвэл ирүүлэхгүй гэдэг бодлого байгаагүй.

Ч.ЛОДОЙРАВСАЛ:
Гэхдээ бид бодлогоо яаж гаргах вэ гэдэг асуудал байна. Тэр хүнд байр, өндөр цалин амлаад Монголд ирэхгүй. Тэд Монголд мөрөөдлөө биелүүлэх гэж л ирнэ. Хоёрдугаарт, бодлоготойгоор гадагшаа хэрхэн явуулах вэ гэдэг асуудал чухал. Жишээ нь Америкийн IT-ийн том компаниудад сүүлийн 20 жилд очсон 100 монгол инженер байна. Одоо жилийн дотор тэднийг 1000 болгох боломжтой. Харин бодлоготойгоор тэднийг яаж авчрах вэ? Зуугаас арав нь буцаад ирлээ гэхэд Монголд ямар өөрчлөлт гарах юм. Мянгыг явуулчихаад зууг нь буцаагаад авчрах уу, тэнд нь байлгаад ашиглах уу? Мэдээж энд судалгаа, төрийн бодлого хэрэгтэй.

Д.СЭРДАРАМ: Энэ бол гадаад дахь диаспора-институт гэж яриад байгаа зүйл. Гадаадад байгаа хүмүүс институт гэдгээрээ байж л байг. Харин тэдний араас илүү олон хүн явуулъя. Энд төрийн сайн бодлого хэрэгтэй байгаа юм.

Б.НАЙДАЛАА:
Асуудлыг хоёр төвшинд авч үзэх ёстой юм билээ. Нэгдүгээрт давхар иргэншлийг шийдэх. Хоёрдугаарт Зөгийн үүрийг би буруу байсан гэж боддог. Хэрэгтэй хүмүүсээ тэнд ажиллуулах байсан. Израиль диаспорагийн бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлж, хөгжлийн тулгуур гэж үздэг. Цаг нь болохоор нөгөө хүн нь компанийхаа салбарыг дагуулаад ороод ирж байгаа. Дахиад зуун хүн дагуулаад орж ирдэг. Бодлого гээд байгаа нь масс руу чиглэсэн, мөн тэр дээд талын бодлогыг, тархийг дагуулаад байгаа цөөхөн хүмүүсийг олшруулаад буцаагаад авчрах.

Ч.ЛОДОЙРАВСАЛ: Энэ бол критик массын тухай яриа. Критик массыг үүсгэж чадахгүй бол хэдэн залуу ирээд Монгол хөгжихгүй.

Д.СЭРДАРАМ:
Америкт H1D гэж виз байдаг. Бүх зүйлээ байгууллагаасаа авдаг. Тэдний 30 хувь нь энэтхэгчүүд, 0.02 хувь нь монголчууд байсан. Жилдээ 500 хүнд өгдөг байх. Тийм виз авсан хүмүүсээс Монголдоо ажиллаж байгаа хүн байна.

Б.НАЙДАЛАА: Бодлого гэвэл нэгдүгээр эрэмбийн буюу IT инженер гэх мэт монголчуудын амжилт гаргах тодорхой чиглэлээр хүн бэлтгээд хэдийг авчраад, хэдийг нь тэндээ үлдээх вэ гэдэг шийдлийг бодлого гэж ойлгоорой. Хараар ажиллаж байгаа хүмүүстэй хольж болохгүй.

В.ГАНЗОРИГ: Өнгөрсөн 25 жилд олон хүн явсан. Бас “Зөгийн үүр”, “Хөх гэрэгэ” гэх мэт хөтөлбөрүүд гарсан. Одоо эргээд харахад амжилттай хэрэгжсэн хөтөлбөр алга. Одоо яриад суухаар асуудлаа бүгд ойлгоод байна. Харин бид одоо яагаад үүнийг бодит алхам болгож болохгүй байна?
 
Я.АРИУНБОЛД: 1995 оноос монголчууд хөдөлмөрийн цагаачлал гэх зүйл рүү шилжсэн. Тэр хүмүүсийн ар гэртээ үзүүлсэн гавьяа их. Энэ үйл явц одоо ч үргэлжилж байгаа. Дараагийн үе шат нь гэвэл хуримтлуулсан бүх мөнгөө хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулж эхэлж байгаа юм. Тэгэхээр монголчууд гадаад руу боловсрол руу явж байгаа юм. Өөр хэдэн хүмүүс нь гадаадад явж эмчлүүлж байна. Бүгдээрээ Монголдоо эргэж ирэхийн төлөө байдаг. Гэхдээ эргэж ирэх нөхцлийг нь бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт сэдэвчилсэн судалгаануудын үр дүн хууль журманд тусдаг ач холбогдолтой юм. Монгол аав ээжийн хүүхдийг наашаа ирэхэд визний хураамж авахгүй гэдэг түр журам байсан. Энэ гэхдээ их өнгөц хандлага. Тэр хүүхдийн зүрхэнд Монгол гэдэг зүйлийг л хадгалж өгөх нь чухал шүү дээ. Энэ чинь том бодлого доторх нэг асуудал.

Д.СЭРДАРАМ: 2003-2006 онд манай улсын ҮНБ-ний 10 хувь нь гадаадын монголчуудаас шилжүүлсэн мөнгө байдаг гэсэн АХБ-ны судалгаа байдаг. Жилийн 250 сая доллар. Одоо ч гэсэн жилдээ 200 саяас буухгүй байгаа. Гэтэл жишээ нь Солонгос руу ч гэсэн Монголоос маш их мөнгө урсаж байна. Эмнэлэг, казино , энтэртайнмэнт хөтөлбөрүүд гээд. Солонгос улс буцаад гаргасан мөнгөө сороод авчихаж байна. Энэ нь тэдний төрийн бодлого гэхээсээ илүү бидэнд байгаа ганц гарц нь л энэ.

В.ГАНЗОРИГ: Орчин үеийн мэдээллийн урсгал, бааз, чанарын давуу талыг энэхүү ярьж байгаа сэдэвтэйгээ яаж уяж болно гэж та бүхэн харж байна вэ? Хэдхэн жилийн өмнө Цахим Өртөө сүлжээгээр нилээд үр дүнтэй, системтэй мэдээлэл урсдаг байсан. Одоо харин асар их мэдээлэл бүхий сошиал медиагийн эрин үед бид амьдарч байна.

Ч.ЛОДОЙРАВСАЛ: Хамгийн найдвартай бүртгэл бол хилээр орж гарч байгаа бүртгэл. Үүнийг нээлттэй болговол их олон шийдэл гарч ирнэ. Гадаадад байгаа монголчуудыг яаж ашиглах вэ гэдэг бол асуудал. Тэдний үүргийг тодорхой болгох хэрэгтэй. Нутагтаа байгаа иргэд нь тэднийгээ биеийн амрыг харж, хөгшрөөд ирж ясаа л тавина гэж хардаг. Гэтэл тэднээс орж ирж байгаа мөнгөн урсгал гэж байна. Үүнийг тоо баримттайгаар сурталчлах шаардлагатай. Мөн тэд нутагтаа түр хугацаагаар ирээд үр ашигтай зөндөө л юм хийгээд буцдаг. Энэ бүхнийг тодорхой болговол тэдэнд хандах хандлага өөр болно.

Нөгөө талаас, тэднийг буцааж авчрах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэд тэндээ сайн мэргэжилтэн байж таарна. Гэтэл энд ирээд мөрөөдлөө биелүүлж мөнгө олох чинь өөр асуудал.

Дараагийн асуудал нь тэднийг гадагшаа гарган сургаж ирүүлээд эргэлтэд оруулах асуудал яригдаж байна. Тэгвэл Монгол улс өөрөө дутагдаад байгаа боловсон хүчнээ өнөөдөр яаж шийдэх вэ. Андуураагүй бол, манайд уул уурхай хөгжих үед ШУА-аас гаргасан 30 мянган мэргэшсэн ажилтан хэрэгтэй гэсэн тоо бий. Тэр үед Цахим өртөө сүлжээ Хөх гэрэгэ гэдэг төсөл санаачилсан нь Монгол туургатныхаа шилдэг хүмүүсийг ирүүлж сургаж авъя гэдэг зорилготой байлаа.

Я.АРИУНБОЛД: Дэлхийн монголчууд хөтөлбөрт гадаадад буй монголчуудыг биеэр нь энд авчрахдаа биш оюуныг нь, сүлжээ хамтын ажиллагааг нь ашиглая гэсэн концэпц тусгаж байгаа юм. Тэгэхээр тэр хүн дуртай цагтаа ирээд ажиллахад нь тусгайлан боломж олгож байх ёстой. Хоёрдугаарт “Хилийн чанадад байгаа иргэдийн зөвлөл” гээд төрийн нарийн бичгийн дарга, төрийн байгууллагууд нь төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Үүний ололттой тал нь төр нь юу хүсч байна, үүнд иргэд ямар хувь нэмэр оруулах ёстой вэ гэдгийг сурталчилж таниулж байгаа нь юм.

Мөн бид хөтөлбөрт “Монгол соёл, зан заншлыг өвлөгч ард түмэн” гэж томъёолсон. Дэлхий дээр монгол зан заншлыг өвлөсөн олон ард түмэн байна. Тэдэнтэй хилийн чанадад байгаа иргэдээрээ дамжуулан харилцъя гэсэн том зорилго байна. Хамгийн чухал нь хилийн чанадад байгаа монгол хүн бүр Монгол улсыг харуулж байгаа.

В.ГАНЗОРИГ: Манайхаас эхэлж явсан хүмүүс тухайн улсын хууль эрх зүйн хэм хэмжээг дагаагүйгээс болж дараагийн хүмүүсийн замыг хаадаг сөрөг явдал гардаг. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс  тухайн орны хууль дүрмийг сахиад ажиллаж амьдрах, үр дүн нь гарч Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах тэр хугацааг төрийн бодлоготой уяад явахад хэзээ жигдрэх төсөөлөлтэй байна вэ?

Я.АРИУНБОЛД:
Гадаад яамны зүгээс иргэдийг гадагшаа чөлөөтэй зорчиход зориулж нэлээд олон ажил төлөвлөөд байна.  Жишээ нь Швейцари улсад бүх төрлийн паспорттой иргэд визгүй зорчих санал тавьсан байгаа. Америктай визийн хөнгөлөлтийн тухай яриа хэлэлцээрүүд хийгдэж байна. Солонгос улсад визгүй зорчих асуудлыг судалж байна. Гэхдээ үүн дээр манай иргэдийн тэвчээр, хүмүүжлийн асуудал байгаа юм.  Жишээ нь Солонгосоос олон удаагийн виз хүсэхэд манайхны 90 хоногтоо харласан хүний тооноос хамаарч шийд гарна. Манай иргэд өөрдсөө визнийхээ хугацаанд яваад ирвэл дараа дараагийн хэдэн зуун хүний асуудалд тус болно гэсэн үг.

В.ГАНЗОРИГ: Миграцын чиглэлээр нэлээд судалгаа хийсэн Сэрдарам багш энэ хугацааны хувьд ямар бодолтой байна вэ?

Д.Сэрдарам: Хүний амьдралын нэг үеийг 20-25 жил гэж үзэхэд одоо нэг миграц дуусаад хоёр дахь үе эхэлж байна.  Шинэ өөр төрлийн миграцтай нүүр тулж байна. Төр өөрийн нэгдсэн баазаа бий болгоод үндсэн зарчмын ойлголтуудыг тунхаглалын зарчмаар гаргасан. Ингээд загварын эхлэлийг тавьчих юм бол энэ нь хоёр засгийн газрын хугацаанд хийгдчих ажил болов уу гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл хамгийн эх оронжиж болох асуудал.

Ч.ЛОДОЙРАВСАЛ:
25 жилийн өмнө монголчууд гадагшаа гарах гэж явж байсан үе. Одоо бол шал өөр болсон. Гадаад харилцааны яамнаас гаргасан Дэлхийн монголчууд хөтөлбөрт байгаа “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нь улс болгонд байгаа монголчуудын холбооны нэгдэл юм. Энэ мэт ажлууд тооцоо судалгаатай хэрэгжиж чадвал 10 жилийн дараа цэгцэрчих болов уу!

Б.НАЙДАЛАА: Гадаадад буй монголчуудын ба Монголын төрийн манлайлагч нар хандлагаа өөрчлөхгүй л юм бол 40, 50 жил ч хэвээрээ л байна. Уг нь монгол хүн нутаг руугаа тэмүүлдэг онцгой чадвартай үндэстэн. Хандлага гэж гадаадад байгаа монголчуудыг зах зээл, боломж, хөгжлийн том тулгуур гэж харъя гэдгийг хэлж байгаа юм. Гэх мэтчилэн монгол гаралтай Монгол руу тэмүүлж буй бүхэн эдийн засгийн хөгжлийн маш том боломж юм. Тэрнээс биш холбоо хамааралгүй америк, япон хүнийг татах хэцүү шүү дээ. Ингэж өөрчлөх юм бол зөвхөн гадаад яам ч биш тусдаа байгууллага үүсгээд асуудлаа богино хугацаанд шийдээд явж болно. Энэ бол үнэхээр том боломжтой том салбар.

В.ГАНЗОРИГ: Цаг заваа гаргаж ирсэн та бүгдэд талархал илэрхийлье.


Видеог ЭНД дарж үзнэ үү.