Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Итгэл найдвар тээсэн шинэ нийслэл
Бразил Улс нийслэл хотоо хамгийн амжилттай шилжүүлсэн улсын нэг. Шинэ нийслэл байгуулах их бүтээн босголт нь тэдний мөнгө санхүүгийн хүчийг шавхаж, эдийн засгийг туйлдуулсан гэх боловч ирээдүйн хөгжлийн төлөөх үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байлаа.
Бразил Улс нийслэл хотоо хамгийн амжилттай шилжүүлсэн улсын нэг. Шинэ нийслэл байгуулах их бүтээн босголт нь тэдний мөнгө санхүүгийн хүчийг шавхаж, эдийн засгийг туйлдуулсан гэх боловч ирээдүйн хөгжлийн төлөөх үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байлаа. Бразилчуудын бахархал, үсрэнгүй хөгжлийн итгэл найдвар Бразилиа хотын түүх биднийг ч гэсэн зоригжуулах буй за.
Цойлон нисэх хүлэг
1960 онд байгуулагдсан Бразилиа хот бол их өвөрмөц зохион байгуулалттай, орчин үеийн цэлгэр хот юм. Цойлон нисэх хүлэг онгоцны хэлбэрээр хотын ерөнхий төрхийг бүтээсэн ба толгойн талд нь Ерөнхийлөгч, Парламент, Шүүх засгийн ордон байрлана. Улс орныг залуурдагч төрийн гурван өндөрлөг ийнхүү засаглалын харилцан хамаарал, тэнцвэр, хяналтыг бэлэгдэн өөд өөдөөсөө харуулдан орших авай.
Улмаар онгоцны хоолойг даган яамдын байшин шугам мэт эгнэн жагссан нь өрсөн шатрын хөлөг лугаа адил. Энэхүү шатрын хөлгийг уран гоё барилгатай Хууль зүйн ба Гадаад яам тэргүүлэх бөгөөд өөд өөдөөсөө харан байрлах нь гадаад бодлогыг хуулийн засаглал дор хэрэгжүүлнэ гэсэн утгыг илэрхийлэх аж. Харин араас нь цуврах бусад яамд нь орон сууцны байртай төс бүхий их энгийн байшинд үйл ажиллагаа явуулна. 206 сая хүн амтай тус улс хорь гаруй яамаа нэг дор ийнхүү эгнүүлжээ. Анх очсон хүнд төрийн үйлчилгээг нэг цонхонд шилжүүлсэн мэт сэтгэгдэл төрнө. Засаг захиргааны байгууллага хамтдаа байрлах нь зардал мөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь чирэгдэлгүй, хөнгөн шуурхай болоход дөхөмтэй гэлцэнэ. Адаглаад яам хооронд уулзалт хийх гэж албан хаагчид нь машинаар нааш цааш давхилдан зам бөглөн, цаг алдах зовлон гардаггүй бололтой. Улмаар онгоцны их биеийн хэсгүүдэд банк, санхүү, бизнес худалдааны байгууллага үйл ажиллагаа явуулах ба харин хоёр далавчны дагуу орон сууцны хорооллуудыг тохижуулжээ. Өмнөд, хойд хэсгийн далавч хэмээн бразилчууд ялган нэрлэх эдгээр хорооллын зохион байгуулалт, байр байшингууд хоорондоо нэн адилхан тул шинэхэн оршин суугчид гэрээ олохгүй хөглөсөн тохиолдлууд олонтаа.
Хос тавгаар хоёр танхимаа бэлэгдсэн Конгрессийн ордон, пирамид хэлбэрийн Үндэсний театр, шовх майхан лугаа адил Христийн сүм, харь гаригийн нисдэг таваг буусан мэт онгоцны буудал, сунан тогтох хиймэл нууран дээгүүр тэлээстэй дүүжин гүүр зэрэг өвөрмөц шийдэлтэй энэхүү нийслэлийн өнгө төрхийг сансрын хоттой зүйрлэн хэлэх хүмүүс ч бий. Сансрын анхны нисэгч Юрий Гагарин Бразилиа хотыг бахдан өөр гариг ертөнцөд зочилсон мэт санагдлаа хэмээн анхны сэтгэгдлээ Ерөнхийлөгчтэй нь хуваалцаж байсан юм билээ. Авангард загварын энэхүү хотыг дэлхийд алдаршсан хот төлөвлөгч Лусио Коста түүний найз, домогт архитекторч Оскар Ниемейр нар ийнхүү зохиомжилсон нь хот төлөвлөлтийн шинжлэх ухаанд модернист урсгал оруулсанаараа ихэд үнэлэгдэн хот бүхэлдээ дэлхийн соёлын төвд 1987 онд бүртгэгдсэн түүхтэй.
Эх оронч үзлийг хэрэгжүүлсэн санхүүгийн бодлого
Бразилчуудад нийслэлээ шилжүүлэх үндсэн гурван шалтгаан байсан гэдэг. Өмнөх нийслэл Рио дэ Жанейро хот далайн эргийн дагуу байрших нь гадны түрэмгийлэл довтолгоонд өртөх эрсдэл ихтэй байв. Тиймээс улс орныхоо зүрхэн хэсэгт, нүд алдам хязгааргүй тал нутагт нийслэлээ байгуулах нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болохыг хоёр зууны тэртээгээс эхлэн ярьж, мөрөөдөж эхэлж. Энэ тухай үе үеийн Үндсэн Хуульдаа дурьдаж байсан нь зориглон эхлүүлэх үндэсний удирдагчаа хүлээж байсан гэлтэй. Дараагийн бодлого бол төвлөрлийг сааруулж, бүс нутгаа тэнцвэртэй хөгжүүлэх стратегийн зорилго байлаа. Тус улсын төвийн мужууд далайд гарцгүй, үржил шим муутай хөрстэй зэргээс хөдөө аж ахуйн бүтээмж муутай, ядуурал зонхилж байв. Харин нийслэлээ шилжүүлсэний дараагаас энэ бүс нутагт хөдөө аж ахуйн шинэчлэл хийгдэж, улсынхаа газар тариалангийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг ногоон бүс болон хувирчээ. Харин гурав дахь шалтгааныг далд бодлого байсан хэмээн зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. Тэр нь тухайн үед төрд бугшаад байсан авлигыг бууруулах үүднээс төрийн албан хаагчид ба бизнесийн далд сүлжээг салган төрийн албаа шинэчлэхийг зорьсон гэнэ.
Эдүгээ Бразилд Рио дэ Жанейро хот аялал жуулчлал, соёл амралтын, Сан Пауло хот бизнес худалдааны их зангилаа болон хөгжиж байна. Харин Бразилиа нийслэл нь засаг захиргааны төв болсон бөгөөд ажил хийх хүнд зориулагдсан гэмээр амар тайван хот болжээ. Зарим хүмүүс нарлан суух далайн эрэггүй, наадан цэнгэх шөнийн амьдралгүй, дэндүү уйтгартай газар хэмээдэг ч ажил хэрэгч хүнд яг тохирсон хот мэт санагдана. Конгрессийн гишүүдээс эхсүүлээд холбооны засгийн газрын шат шатны суугуул албан хаагчид засгаас олгох байранд түр амьдарна. Түр гэдэг нь тухайн албыг хаших хугацаандаа гэсэн үг. Хүссэн нь суурьшин хувийн орон байраа тэндээ төвхнүүлнэ, эс хүссэн нь тэтгэвэртээ гараад нутаг буцдаг аж.
Бразилиаг бүтээн байгуулах их үйлс 1957 онд эхэлж 1960 оны 4 дүгээр сард дуусаж, нийт 41 сар өдөр шөнөгүй ажиллажээ. Шинэ нийслэлийг байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгч бол Жуселино Кубичек. 1956 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр төрийн эрхийг барих таван жилдээ тавин жилийн хөгжлийг авчирна хэмээн амласан бөгөөд Бразилиаг нийслэл хотоор зарлах тааламжтай цаг үеийг анаж байв. Нийслэлийг нүүлгэхийг улс төр бизнесийн хэлхээ холбоотой бүлэглэлүүд ил далд эсэргүүцэж байсан удаатай гэнэ билээ. Сан Пауло болон Рио дэ Жанейро хотод бизнесийнхэн болон хөрөнгөлөг улс төрчид олноор байсан бөгөөд хэрвээ нийслэл нутгийн гүн рүү нүүвэл тэдэнд хохиролтой мэт санагдаж байсан байх. Удалгүй тааламжтай цаг ирж, 1958 онд Швед Улсад зохион байгуулагдсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бразилчууд аваргалан ард иргэдийн цөс хөөрсөн үед “Итгэл найдвар тээсэн” шинэ нийслэл хотоо байгуулахаа Ерөнхийлөгч тунхаглан зарлажээ. Ийнхүү хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх их бүтээн босголттой, хөл нийлүүлэн эх оронч үзлийг тээсэн хот байгуулагдсан түүхтэй. Төсөв, санхүүгийн хомсдол цаг үргэлж нүүрлэх тул эдийн засгийн таатай үеийг хүлээж, их хотыг босгоно гэвэл хэзээ ч мөдгүй. Үүнийг тооцоолсон Ерөнхийлөгч 1956-1962 онуудад ДНБ-ийн өсөлт долоон хувиар нэмэгдэж, нэг хүнд ногдох хувь хэмжээ дөрвөн хувиар өсөж байсан “эдийн засгийн өсөлтийн цонх” үед хотоо амжиж байгуулсан хэрэг. Бүтээн байгуулалтын он жилүүдэд нийт 63 тэрбум круйзерийг зарцуулсан нь тухайн үеийн үнэлгээгээр нэг тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө болж байв. Түүнээс 10 тэрбумаар нь төрийн ордон, яамдын байрыг барьжээ. Шинэ нийслэлээ байгуулахын тулд улс орон тэр чигээрээ төсвөө тануулан, бүсээ чангалан зүтгэсэн аж. Ард түмний амьдрал ч яггүй туйлдаж. Эдийн засгийн хүндрэл, иргэдийн бухимдлаас шалтгаалан нийслэлийн бүтээн байгуулалтын шувтаргын үеийг зогсоогоод байсан ч хэдэн жилийн дараа Ерөнхийлөгч Кастело Бранкогийн хатуу гар дор үргэлжлүүлэн дуусгасан гэдэг. Харин өнөөдөр тэрхүү хүнд жилүүдийг бразилчууд бараг мартжээ. Бразилиа хотын бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгө бол эх оронч үзлийг бодитоор хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт байсан хэмээн өнөө үеийнхэн нь бахархан ярьцгаадаг. Хот 500 мянган хүн амд зориулагдсан боловч өнөөгийн байдлаар 3 сая гаруй хүнтэй, 20 дагуул хоттой, засаг захиргааны 31 дүүрэгтэй орчин үеийн метрополитан болжээ. Анхлан хотыг төлөвлөхдөө дүүрэг бүрт асар их хэмжээний газруудыг нөөцөлсөн нь ирээдүйн хүн амын өсөлт, хөгжлийн тэлэлтээ тооцоолсон хэрэг. Ийнхүү үзэсгэлэнт Бразилиа ард иргэдийнхээ итгэл найдварыг тээн хаяагаа тэлсээр, түгжрэл, бухимдал, агаарын болон хөрсний бохирдлоос дэндүү ангид цэмцийх аж.
Ерөнхийлөгч Кубичек бол улс орныхоо түүхэнд домог болон үлдсэн бөгөөд нийслэл хотноо түүний нэрээр нисэх онгоцны буудал, зам гүүр, гудамж талбай олноороо нэрлэгдэнэ. Тэр үнэхээр төр барих таван жилдээ тавин жил төдийгүй бүр таван зуун жилийн хөгжлийн үүдийг нээсэн гавъяатай.
Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино
Өнөөдөр Улаанбаатар хот маань 1,3 сая хүн амтай, 400 гаруй мянган тээврийн хэрэгсэлд дарагдаад ачааллаа дийлэхээ больчихож. Хамгийн аймшигтай нь гэр хорооллын утаа хотыг тэр чигт нь угаарт умбуулаад удаж байна. Хорт утаа хүн амын удмын санд заналхийлэх харангаа дэлдээд эхэллээ. Дөрвөн уулын хонхорт нийслэл хот байршдагаас хөшиглөн тогтох утаа яг бидний дээр нүүгэлтэнэ. Үр хүүхдийнхээ эрүүл энхийн төлөө эцэг эхчүүд аргагүйн эрхэнд тэмцэн жагсах болов. Шөнийн цахилгааныг тэглэх, хот руу шилжих нүүдлийг хязгаарлах, нийслэлийн татвар тогтоох зэрэг нь гамшигтай тэмцэх түр зуурын арга хэмжээ юм даа. Асуудал утаандаа ч биш Улаанбаатар хотын хэт төвлөрөлдөө байгаа бус уу. Монгол улс маань өнөөдөр Улаанбаатар хэмээх ганцхан хотын туйлт улс болчихсонд зовлон оршино. Хүн амын тал хувь нь бөөгнөрсөн тул нийгэм, эдийн засаг, экологи, эрүүл мэндийн түмэн асуудлын занганд орчихож, бид. Замаа хичнээн өргөтгөсөн ч түгжрэл буурахгүй нь тодорхой болов. Хөрсний бохирдол, тоосжилт, ундны усны асуудлаа шийдэх аргаа олохгүй тархиа гашилгана. Гэр хорооллын айлын гуравны нэгийг орон сууцжуулах аваас ундны усны хомсдолд орно гэсэн судалгаа байх юм. Энэ мэт судалгааны тоо баримт Улаанбаатарын ирээдүй улам бүрхэг болоод байгааг харуулна.
Эртний Монголын нийслэл Хархоринг шинэ нийслэлийг байгуулах бүхий л нөхцлийг хангасан хэмээн эрдэмтэд үздэг. Хар хориныг Улсын нийслэл болгох тухай асуудал 1998 оноос яригдан УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан удаатай. Түүнчлэн жишиг хот болгон хөгжүүлэх тухай УИХ-ын тогтоол 2004 онд гарч байжээ. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч нүдэнд харагдаж, чихэнд чимээлсэн зүйлгүй.
Харин түүнээс хойш утаатай тэмцэх ажилд хэдэн арван тэрбумаар хөрөнгө зарцуулчихсан байх юм. Үр дүн гараагүй энэ их мөнгөөр шинэ нийслэлээ босгох ажлыг эхлүүлсэн бол хэмээн жирийн иргэдээс эхлээд эрх мэдэлтнүүд хүртэл харамсах болов. Бразилийн жишээг харахад юуны өмнө Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын байрны шавыг тавиад нийслэлээ байгуулсанаа зарлачихсан. Казакстан ч мөн тийм л замыг сонгож, Астанагаа хурдан хугацаанд босгосон. Нийслэлээ шилжүүлнэ гэхээр бүгдийг нь нүүлгэнэ гэж манайхан ойлгоод байдаг. Улаанбаатарт буй үл хөдлөх хөрөнгө маань үнэгүйднэ хэмээн эмээх хүн ч олон. Нийслэл бол засаг захиргааны төв тул төрийн байгууллагыг л шилжүүлэх тухай асуудал юм. Араас нь олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууд дагана. Түүнчлэн эхлэн нүүж очиж байгаа иргэдэд газар үнэгүй эзэмшүүлж, их дээд сургуулийн хотхон ч тэндээ байгуулах боломж байгаа билээ. Зам дагаж шинэ нүүдэл эхэлнэ, бүтээн байгуулалтыг дагаж ажлын байрууд бий болно.
Харин Улаанбаатар бол худалдаа, санхүү, соёлын төв болон үлдэх юм. Рио де Жанейро хотоос төр захиргааны төв байгууллагууд нь шинэ нийслэл рүү шилжин нүүснээр төвлөрөл саарч, түгжрэл бууран дэлхийн сая сая жуулчдыг урин дуудсан ганган хээнцэр хот болон үлдсэн билээ. Яг л үүнтэй адил утаа униар, уур бухимдлаасаа салсан Улаанбаатар маань ч удахгүй Азийн цагаан дагина хэмээн эргэн алдарших цаг ойрхон.
Монголын хүн ам хурдацтай өсөж байна. Ойрын ирээдүйд хоёр дахин өсөх хүн ардаа бид дөрвөн уулын дундах хонхорт хаших нь явцгүйг улам бүр мэдэрсээр байж, иргэдээ утаанд хордуулж, түгжрэлд бухимдуулж суух уу, эсвэл их хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг үтэр түргэн хийх үү гэсэн асуудал бидний өмнө тулгарч байна. Өнөө маргаашийн тулгамдсан асуудлын галыг унтраахад зарцуулах мөнгө яваандаа шинэ хот хэдээр нь босгох хэмжээний хөрөнгө болохыг ч үгүйсгэх аргагүй. Холын зорилго үгүй бол ойрын зовлонг туулан гарах амаргүй.
Өргөн уудам нутагтай бидэнд нийслэлээ хаана ч байгууллаа гэхэд газаргүй гэхийн зовлон алга. Хот байгуулна гэдэг бол үр хүүхдийнхээ үе дамжин амьдрах ирээдүйн диваажинг цогцлоож буй хэрэг юм.
Ч.СОСОРМАА
Зочин
Зочин
Tulga
Зочин
Зочин