Улс төрийн тухай ярих аль ч цаг үед хэтэрхий сонирхолтой байсан. Төдийгөөс өдий хүртэл эцэс төгсгөлгүй ярьсан атлаа улс төр гэж яг юу юм бэ гэдэгт хариулж чадсан хүн нэг ч байхгүй. Сократ, Аристотель нар ч яг үнэндээ тодорхойлох гээд бараагүй юм гэнэ лээ. Харин хамгийн сүүлд Монголд нэг А.Сүхбат гэгч сүрхий улстөрч нээлт шахуу нэг тодорхойлолт хэлсэн нь улс төрийн шинжлэх ухаанд үзэгдэл болсон билээ. Тэр хүн “Төр бол бөх” гэж хэлсэн. Тухайн үедээ цөм түүнийг шоолон хөхрөлдөж байсан бол одоо ажиглавал улс төрийн шинжлэх ухаан түүний зөв болохыг батлах чиглэл рүү явж байна. “Дэлхий бөөрөнхий” гэж хэлснийх нь төлөө агуу их Галелейг цаг үе нь ойлгохгүй шоолж, ад шоо үзэж, тэр байтугай галдан шатааж байсан. Гэтэл “Төр бол бөх” гэж хэлсэн цаад логик, утга зангилааг нь ойлгоогүй байж, Агваансамдангийн Сүхбатыгаа андуу ташаа ойлгоцгоосон байна шүү, таминь. 

Улс төр яагаад бөх юм бэ гэдгийг одоо нотлоё. Юун түрүүнд улс төр бол тулааны урлаг юм. Хүчтэй нь хүчгүйгээ ялна. Удаад нь улс төр бол бөх дотроо бүр үндэсний бөх юм. Үндэсний бөхөд л биеийн жин, нас хамаарахгүйгээр барилдаж болдог. Жижиг биетэй нь томыгоо ялж ч болно. Гутгаарт, улс төр болунасан ч давж болдог, улсын цолыг найраагаар авч болдог спорт юм. Жаахан бохир гэж ярилцдаг. Адаглаад л унагасан бөхөө нөгөө нь заавал өвдөглөх гэнэ, тохойлдох гэнэ, оймсыг нь гозолзуулах гэнэ. Унасан нь мэдээж тахимаа өгөхгүй янз бүр болно. Яршигтай л даа. Үзэгчдэд тэр нь л сонирхолтой байдаг шиг билээ. Ингээд улс төрийн торгон ногоон дэвжээнд олон жил зодоглож, үзэгч олноо баясгаж буй “бөхчин”-гүүдийнхээ мэхний хувилбарууд, онцлог шинжүүдтэй танилцацгаая.

Ц.Элбэгдорж:

Ам мэх сайтай. Хашгируулна аа гэж гараад л хошгорууллаа гээд даваад явчихдаг хийтэй бөх. Үзэгчтэй юутай хээтэй нь хошгоруулна. Засуул нь хүртэл түүний давсан, унасан хоёрыг ялгахгүй хошгорчихсон зогсож байдаг талтай. Тээр нэг жил нэг ч барилдалгүй төрийн есөн цагаан хөлт тугаа тойрч байсан удаатай. 

Н.Багабанди:

Тун ч хийгүй бөх дөө. Туулайн сормуус шиг сонин сөрвийсөн сахалтай. Түүгээрээ их аатай ширвэнэ. Дэвжээнд гарахаараа өрөөд байгаа, өдөөд байгаа эсэх нь мэдэгдэхгүй өрөөлдөөд зогсчихдог эвгүй гэдэг юм билээ. Ихэнхдээ л хөлийн цэц хавиар үзэгдэнэ. Байж байж нэг титэм шиг үг хэлнэ. Тээр жил нэг урт шар дээлтэй бөхөд унаснаасаа хойш уурлаад зодог шуудгаа тайлаад чулуудчихсан гэдэг юм. 

П.Очирбат:

Пээ, мөн ч хээгүй бөхсөн. Нэг харахад, гадаадын нэг баяны гутлыг хөлдөө углачихсан дэвжээн дээгүүр гүйж явна. “Хүүе ээ, болохгүй. Бөхийн сайхан сүлд хийморь...” гэхээр өөдөөс “Хээгүй хүнд ёр халдахгүй” гээд паржигнатал хөхөрнө. Нөгөө харахад, дээлийнхээ энгэрт идсэн, уусныхаа тосыг арчаад халтартуулчихсан гүйж явна. “Хөөш ээ, болохгүй. Бөх хүн чинь ариун цагаан...” гэхээр “Монголын минь буян юм даа” гээд маасайна. 

Н.Энхбаяр:

Ёстой нөгөө дон дон маамуу шиг бөх. Унагаад байхад л босч ирээд байна. Гутлыг нь тайлуулаад, оймсыг нь гозол­зуулаад дэвжээнээс зайлуулсан ч буцаад гүйгээд ирчихсэн, хамаг амьтантай барилдъя гээд амар заяа үзүүлэхгүй дээ. Барилдах ийм дуртай байх гэж. Ямар сайндаа л барилдуулахгүй болохоор нь хүүхдүүдийн гүйлтийн тэмцээнд орчихсон гүйж явсан. 

М.Энхболд:

Суугаагаараа шахуу барилддаг. Босно гэж байхгүй, унана гэж байхгүй. Заримдаа бүр дэвжээн дээр сандалтайгаа гарч очоод барилдчихдаг. Сандал дээр сууж байгаа хүнийг яаж унагахав дээ, угаасаа. Унадаггүй шалтгаан нь энэ. Мэдээж хэрэг, үзэгчид үүнд нь дургүйцэж бүүлж, хашгираад нэмэргүй. Өнөөхийнх нь тэвчээр гэж дэндүү дээ, дэндүү. “Сонску вайна, сонску вайна” гэж чихээ таглахгүй хэрнээ хаа нэг “Наад сандал чинь эвлүүлэг шүү” гэж хэнэггүйтнэ. 

Х.Баттулга:

Жинхэнэ бөх. Бусдыг нь худлаа бөх гэж байгаа юм биш. Гэхдээ тэр бол жинхэнэ нь. Товойсон булчин шөрмөс, сөөнгө хоолой, дөшин толгой, бухан хүзүү, духайсан харц. Бүр ягаа яг. Тиймдээ ч одоо манай улсын тэргүүн бөх гэж гадаад улсуудаар танилцуулганд байнга явж харагддаг. Ойрын лав гурван жилдээ манай улс энэ “промоушн”-аа солихгүй болов уу даа. 

У.Хүрэлсүх:

Мэргэжлийн бөхөөр голдуу хичээллэчихсэн нөхөр. Хүнд жинд хүч үздэг байсан. Тиймдээ ч барилдаж байхдаа зодоон хийчих гээд байдаг талтай. Зүүний хүчний холбооны нэр дээр барилдаж байгаад өдгөө зүүний магнайд цолоо дуудуулж байгаа. Гэвч сүүлийн үед амлаж авсан бөхөөсөө айгаад дөлөөд байдаг болчихсон. Харих уг нь болоогүй л баймаар юм. Халираад байгаа аятай л барьцаа нэг бариад, нэг тавиад л барилдахгүй зогсоод байх болсон. 

С.Баяр:

Муухай ямбатай, ярвагар бөх. Түүнд ойчихын тулд өрсөлдөгч нь өөрөө гүйж очих ёстой. Овоо гайгүй барилдмар болж байснаа хэдэрлээд, гэдийгээд больчихно. “Яршиг, яршиг. Та нар миний өмнөөс барилдчих. Давааг нь харин над дээр бичээрэй” гэж томорно. Сүүлд допинг хэрэглэсэн байж магадгүй гээд байцаагдахдаа допингийн хорооны даргаар хоол зөөлгүүлсэн байгаа юм даа. Унасан бөхийг давсан гэж малгайг нь өмсгөж туг тойруулангуутаа өөрөө ард нь ёжтойгоор шоолж суудаг “хөгийн” эр.

Ц.Нямдорж:

Заргач, хэрүүлч бөх. Ноёны бөхийн л зан даа. Засуулаа хүртэл зад загнана. Наана нь өөрөө барилдаж байж, цаана нь барилдаж буй хоёр бөхөд заагаад, загнаад зогсчихно. “Өө, та нар ингэдэг байхгүй юу. Муусайн заваан юмууд ингээд буланд очоод яриад зогсохоороо найраа хийдэг байхгүй юу. Тээр хар аа“ гэх мэтээр зогсоо зайгүй хардана. Мэхэндээ их хорон. Өрсөлдөгчөө унагахын тулд шөвөг, дорбинк, сэрээ хүртэл ашиглана. Тээр жил орон дотроо барилдааны дүйз өөрчилсөн гэдэг үндэслэлээр барилдах эрхээ хасуулж байж билээ.