УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан  “Долдугаар сарын 1 ба хүний эрх” сэдэвт нээлттэй  сонсголд эрүүл мэнд, эрх ашгаараа хохирсон хохирогчдыг оролцуулж, үгийг нь сонссон. Тэдний нэг нь хохирогч Н.Оргилболд.

Түүнийг энэхүү нээлттэй сонсголд оролцсоных нь дараахан цагдаагийнхан баривчлан саатуулжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийнхан юуны учир Н.Оргилболдыг саатуулав гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Н.Оргилболдыг долдугаар сарын 1-ний оройн 21 цагийн үед Бөхийн өргөөний  орчимд явж байхад нь нүүрээ хар алчуураар халхалсан хэсэг залуус ирж гарыг гавлан, нүдийг нь боон авч явжээ. Юу болж байгааг ухаарч ч амжаагүй байхад нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст авчирч, маргааш нь Сүхбаатар дүүргийн цагдаа руу шилжүүлсэн байгаа юм.

Цагдаагийнхан түүнийг бейсболын цохиур, бороохойгоор зодож байцаасан, Ганцхудаг дахь Цагдан хорих төвд хоёр сар саатуулсан ч өмгөөлөгч огт байлцуулаагүй гэдгийг УИХ-ын танхимд тэрээр өөрөө мэдээлсэн юм.

Нээлттэй сонсголд оролцсон гэрчийг баривчлан саатуулсан тухай мэдээллийг авсан УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин Н.Оргилболдын өмгөөлөгч Нацагдоржид хандан асуудлыг тодруулаад, эргэн мэдэгдэхийг хүссэн байна. Тиймээс өнөөдөр Нацагдорж өмгөөлөгч үйлчлүүлэгчийг нь баривчлан саатуулсан шалтгааныг тодруулан, энэ тухайгаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд танилцуулах юм байна.


У.Шагай