Энэ 7 хоногт
“ДЭЛХИЙН ШАШНЫ ЧУУЛГАН” БУЮУ “ШАШНЫ ДАВОС”-ЫГ МОНГОЛ УЛСАД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАХ САНААЧИЛГА БА РОМЫН ПАП ЛАМЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ АНХНЫ ТҮҮХЭН АЙЛЧЛАЛТАЙ ТОХИОЛДУУЛАН ЗАРЛАХ БОЛОМЖ
Шашны талаар анхаарахгүй орхиж болохгүй юм. Энэ нь “social networking” үүсгэхэд их нөлөөтэй учраас тэр. Мөн нийгэм, соёл, эдийн засгийн хувьд шашин нь “өвөрмөц” бөгөөд хүчирхэг. Шашныг энэ талаас нь хөгжингүй орнууд бодлогын хувьд хардаг, харин хөгжиж байгаа болон буурай орнууд хуучин уламжлалаасаа салгаж чадалгүй, зууралдаж үлддэг байна.
Швейцарийн Давос нь 10.8 мянган оршин суугчтай жижиг хот боловч энэ хотын нэр дэлхийд нэгэнт түгжээ. Давос хотод Дэлхийн эдийн засгийн форум жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Давосын гэж нэрлэгдэх энэ форумаар дэлхийн улс орнуудын удирдагчид, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн төлөөлөгчид, олон нийтийн зүтгэлтнүүд цуглан хуралдаж, даян дэлхийд тулгамдсан асуудлаар санал, мэдээлэл солилцдог, байр сууриа илэрхийлдэг, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хардаг уламжлал тогтжээ. Форумаас нэгдсэн шийдвэр гардаггүй, гаргадаггүй гэж зарим судлаач шүүмжилдэг боловч дэлхийн улс орнууд хүн төрөлхтөнд тулгамдсан асуудалд үзэл бодлоо нэгтгэж, шийдвэрлэх арга замын талаарх ойлголцолд хүрэхэд нь чухал алхам болж байдаг билээ. Энэ форумыг зохион байгуулах хугацаанд Давос хот төдийгүй зэргэлдээ бүс нутагт тухайн жилийнхээ орлогыг бүрдүүлдэг ажээ. Энэ нь Давос хот, Швейцар улс ажил хэргийн аялал жуулчлалаас орлого олж байгаа гэсэн үг. Давосын форум нь Швейцари улсын гадаад нэр хүнд, нийгэм, эдийн засагт нэн чухал ач холбогдолтой.
Өмнөх нийтлэлд дэвшүүлсэн “Meet in Mongolia” санаачилгын хүрээнд Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулж болох дэлхийн хэмжээний нэгэн арга хэмжээний талаар санал хэлье. Энэ нь “Дэлхийн шашны чуулган”-ы тухай юм. Монголын эзэнт гүрний үед дэлхийн шашин хоорондын хүлцэл, хүндэтгэлийг анх бий болгожээ. Монголын их хаад Хархорум хотод шашин хоорондын мэтгэлцээнийг дэлхийн түүхэнд анх удаа зохион байгуулж байжээ. Шашин шүтлэгээр нь хүнийг үл ялгаварлах үзэл санаа өдгөө аль ч улсын Үндсэн хуульд тусгалаа олсон байдаг нь Монголчуудын дэлхийн хүн төрөлхтөнд үлдээсэн оюун санааны үнэт өв юм. Монголын эзэнт гүрний Их хааны дэргэд ислам, несториан, католик, буддист, дао шүтлэгтэй түшмэл, зөвлөхүүд мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байсан “гайхамшигтай” түүх үлджээ. Энэ бол Монголчууд бидний олон улсын түүх.
Иймд Монгол Улс “Дэлхийн шашны чуулган”-ыг санаачлан зохион байгуулах зүй ёсны эрхтэй, манлайлал үзүүлэх бүрэн боломжтой юм. Олон улсад шашны парламент, шашны хурал, энхтайвны төлөөх шашин зэрэг хэд хэдэн санаачилга арга хэмжээ байдаг. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь салангид, нэгдсэн зохион байгуулалтгүй, үзэл баримтлалгүй, уламжлалт бус, үзэл санааны хувьд ойлголцлыг авчирч чадахгүй байна. Харин дээр дурдсан оюун санааны өвийг тээж байгаа Монгол Улсад Дэлхийн шашны чуулганыг амжилттай зохион байгуулж болно.
Шашны талаар анхаарахгүй орхиж болохгүй юм. Энэ нь “social networking” үүсгэхэд их нөлөөтэй учраас тэр. Мөн нийгэм, соёл, эдийн засгийн хувьд шашин нь “өвөрмөц” бөгөөд хүчирхэг. Шашныг энэ талаас нь хөгжингүй орнууд бодлогын хувьд хардаг, харин хөгжиж байгаа болон буурай орнууд хуучин уламжлалаасаа салгаж чадалгүй, зууралдаж үлддэг байна.
Дэлхийд Христосын, Исламын, Буддын гэсэн 3 үндсэн шашин бий. Христосын шашин дотроо “католик”, “протестант”, “үнэн алдартны” гэсэн гурван гол урсгалтай. Ромын пап лам бол католик урсгалыг төлөөлж байгаа оюун санааны удирдагч юм. Италийн нийслэл Ромд байх Ватикан хот улс бол Пап ламынх. Энэ хот улсын экспортын гол бүтээгдэхүүн нь “библи” ном байдаг аж. Шашны аялал жуулчлалын бодлого зүй ёсоор хэрэгжиж байдаг газар. Үнэн алдартны урсгал нь Орост, зүүн Европ, Балканы зарим оронд тархсан бөгөөд оюун санааны нөлөөтэй удирдагч нь Оросын тэргүүн хамба. Харин протестант нь анх Ромын папын бодлого, католик шашныг шинэчлэхээр гарч ирсэн урсгал гэж товч ойлгоход болно.
Исламын шашны хувьд дотроо суннит, шийт гэсэн хоёр гол урсгалтай. Үзэл санаа, ач холбогдлын хувьд тун ч бага ялгаатай гэмээр энэ хоёр урсгал хоорондоо харин ч ширүүхэн үзэлцэнэ. Улс төрийн хувьд шийт урсгалыг Иран, суннит урсгалыг Саудын Араб зонхилон тэргүүлж байна. Саудын Арабын Мекка, Медина хотуудыг зүглэх мөргөлчдийн цуваа үл тасарна. Шашны аялал жуулчлал дээр тогтсон өвөрмөц зах зээл, эдийн засаг ажиллаж байгаа нь бас тэр юм. Дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг байх зорилт тавьж, бодлого гаргасан Малайз улс, гол өрсөлдөгчөө гэж харж байгаа Лондон, Сингапур, Хонконгоос ялгарахын тулд Куала Лумпур хотдоо “Дэлхийн исламын санхүүгийн төв” гэсэн имижийг бүрдүүлж, чамгүй амжилтад хүрч байна.
Буддын шашин Азийн орнуудад түлхүү тархсан, дотроо олон урсгалтай. Мьянмар, Камбож, Лаос, Вьетнам, Шри Ланк гээд буддын шашинтай улс орнууд цөөнгүй. Эдгээр орны шашин нь өөрийн өв соёл, уламжлалаа шингээсэн тус бүрийн онцлогтой. Тухайлбал, Японы буддын шашныг “шинто” гэнэ. Японы буддистууд Монгол Улсыг дэмжих тал дээр санаачилгатай байдаг даа.
Монгол Улс буддын шашинтай орон. Гадаад ертөнцөд ч тэгэж харагдана. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ “оюун санааны хөрш” гэж онцолсон нь Буддын шашинтай холбон тэмдэглэж байгаа хэрэг. Гэхдээ сонирхолтой статистик бий. Манай улсын хүн амын 38 хувь нь шашингүйн үзэлтэй, үлдэх 62 хувь нь шашин шүтнэ. Үүнээс 53 хувь нь буддын, 3 хувь нь исламын, 2 хувь нь христосын, харин 3 гаруй хувь нь бөөгийн мөргөлтэй аж. Монголчууд бид Төвдийн шарын шашныг шүтдэг. Төвд хэлээр ном судраа уншсаар байгаа үед тэгэж үзэх нь аргагүй. Шарын шашны гурван ноён оргил нь Далай лам, Банчин богд, Монголын хутагт ажээ. Монголчууд Төвдийн Лхас, Утай, Гүмбэнд, мөн Буриадын Итгэлт хамбад, сүүлийн цагт Энэтхэгийн Дарамсала хот, мөн Балба руу мөргөлөөр явах нь түгээмэл болсон. Энэ урсгалыг Монголдоо үлдээх, үндэстний оюун санааны нэгдмэл чанарыг бий болгох, Монголын Буддизмыг бие даан хөгжүүлэх шаардлага тулгарч буй. Энэ тусдаа сэдэв тул орхиё.
Монгол Улсад “Дэлхийн шашны чуулган” зохион байгуулъя. Ийм нөхцөл, боломж аажмаар бүрдэж байна. Аравдугаар Богд тодорлоо. Аравдугаар Богдыг тойроод Монгол Улс, Монголчууд, язгуурын голомтоо тойрсон Монгол угсаатнууд нэгдэж нягтарна. Монгол Улс Буддын шашны Их хөлгөний төв болох боломжтой тухай шашны зүтгэлтнүүд мэдэгдэж байна. Эртний Хархорум хотыг сэргээн байгуулж хөгжүүлэх тухай Монгол Улсын төрийн бодлого, санаачилга ч хэрэгжиж эхэлсэн. АСЕМ зохион байгуулсан туршлага, чадавхи бий. Олон улсын шинэ нисэх буудалтай ч болсон. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон талт, найрсаг гадаад бодлогын үзэл баримтлалтай. Манайх шиг дэлхийн бүх улс оронтой сайн харилцаатай улс гүрэн тун цөөхөн.
Монгол Улсад зохион байгуулах “Дэлхийн шашны чуулган”-д дэлхийн улс бүрээс шашны дээд төлөөлөгчид оролцож, нийгмийн хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг байж болно. Олимпийн наадам хүн төрөлхтөний эв найрамдлын бэлэг тэмдэг болсны адил “Дэлхийн шашны чуулган” нь дэлхийн энх амгалан, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах чухал арга хэмжээ байж чадах болов уу.
Даяаршил, технологи, тогтвортой хөгжлийн үүднээс шашныг өөрөөр авч үзэх цаг болсон гэж дүгнэхээр. Бид нэг дэлхийд амьдарч байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, байгаль орчныг хамгаалах, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг арилгах зэрэг нийгэм, эдийн засгийн глобал асуудал, хүмүүнлэгийн үйлсэд шашныг татан оролцуулдаг байж болох юм. “Дэлхийн шашны чуулган”-ыг уламжлан зохион байгуулахын нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар бичих зүйл ихтэй. Ромын Пап, Оросын үнэн алдартны хамба, Далай лам, Ираны шашны тэргүүн, Бразилийн тэргүүн хамба, Мекка, Мединагийн мулла, оюун санааны бусад удирдагчид Улаанбаатарт цуглан хуралдаж, дэлхийн энхтайван, хүн төрөлхтний сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөө улс төрийн оролцоогүйгээр үзэл бодлоо илэрхийлдэг, хамтарсан уриалга тунхаг гаргадаг байж болно. Дэлхийн шашны чуулганыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхлүүлж, Хархорум хотыг сэргээн хөгжүүлсний дараа тийш шилжүүлэх хэрэгтэй. Тахь эх нутагтаа эргэж ирлээ гэдэг шиг дэлхийд шашин хоорондын хүлцэл, шашнаар үл ялгаварлах үзэл санааны өвийг үлдээсэн тэр газарт Дэлхийн шашны удирдагчид цуглаж хуралддаг байх нь зүйд нийцнэ. Дэлхийн шашны чуулганыг Хархорум хотод зохион байгуулдаг уламжлал бий болгох нь нэг талаас өнөөгийн Монголчууд бидний өвөг дээдэстээ үзүүлэх гүн гүнзгий хүндэтгэл, нөгөө талаас Монгол Улсын зөөлөн хүчний ухаалаг бөгөөд хүчтэй бодлогын илрэл байж чадна.
Монгол Улсад Дэлхийн шашны чуулганыг уламжлал болгон зохион байгуулах санаачилгыг дэвшүүлье. “Шашны Давос” гэдэг нэрээр стратеги, маркетингийг нь хэрэгжүүлж болно. Хятадын Боагийн Азийн форум бол “Азийн Давос” нэрээр олон улсад танигдсан байдаг даа.
Монгол Улсад Дэлхийн шашны чуулган зохион байгуулах санаачилгыг Монгол Улсад төвтэй Азийн буддистуудын энх тайвны бага хурал олон улсын байгууллагаас албан ёсоор дэвшүүлвэл зөв зүйтэй ухаалаг алхам болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэм, эдийн засгийн комисст зөвлөх статустай энэ олон улсын шашны байгууллагын идэвх зүтгэлээс их зүйл шалтгаална. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дээр дурдсан дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, байгаль орчныг хамгаалах, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг арилгах зэрэг глобал асуудлуудыг шийдвэрлэхэд шашны үүрэг оролцоо, шашин хоорондын хамтын ажиллагаа туйлын чухал. Дэлхийн шашны чуулган бүрээр нэг асуудлыг онцгойлон авч хэлэлцдэг байж болно.
Азийн буддистуудын энх тайвны бага хурал олон улсын байгууллагаас санаачлаад, Монгол Улс дэмжээд “Дэлхийн шашны чуулган”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулах санаачилгыг эхлүүлэх тохиромжтой цаг үе ирээд байна. Ромын Пап лам Монгол Улсад айлчлах тов гарчээ. Тэртээ 800 гаруй жилийн өмнө Монголын Эзэнт гүрэнд дараалан элч илгээж байсан Ромын Пап лам өөрөө ирэхээр шийджээ. Энэ утга төгөлдөр түүхэн айлчлалын үеэр Монгол Улс Дэлхийн шашны чуулган зохион байгуулдаг байх санаачилгыг олон улсад зарлах хэрэгтэй. Азийн буддистүүдийн энхтайвны бага хурал олон улсын байгууллагыг тэргүүлж байгаа Гандангийн хамба энэ санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ромын Пап лам нарын уулзалтад зэрэг танилцуулж, дэмжлэг авч байгаагаар зохион байгуулвал зүйтэй болов уу. Энэ санаачилгыг дэлхийн гол шашны шийдвэрлэх зүтгэлтнүүдэд шат дараалан танилцуулах, ойлгуулах, хамтран ажиллах буддист дипломат аяллыг эхлүүлэх их ажил өрнөнө. Дэлхийн шашны чуулганаар дамжуулж Монгол Улс даян дэлхийн энх тайванд жинтэй хувь нэмрээ оруулна, Монгол соёл, нүүдэлчин ахуйгаа олон улсад сурталчлан таниулна, өвөг дээдсийн үлдээсэн их түүхээ сануулна, оюун санааны үнэт зүйл, нэгдмэл чанараа баталгаажуулна, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлнэ.
Б.БАТБААТАР
Зочин