Энэ 7 хоногт
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал & дараагийн жаран: Meet in Mongolia санаачилга дэвшүүлж болох уу?
“Meet in Mongolia” санаачилгын хүрээнд олон улс, бүс нутагт маргаан, зөрчилтэй талуудад зуучилдаг, өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг, мөн олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, соёл, спортын томоохон арга хэмжээг тогтмол хүлээн авдаг, энэ төрлийн ажил хэргийн аялал жуулчлалыг бусад салбартай зэрэгцүүлэн хөгжүүлэх чиглэлийг барьж авна гэсэн үг.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн тэмдэглэлт ой 2021 онд тохиосон билээ. Тусгаар тогтнолоо дэлхийд зүй ёсоор тунхаглаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хязгааргүй баярын ой. Цаг хугацааг жаран жарнаар өртөөлөн тоолох дорнын гүрний хувьд Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд хөгжлийн шинэ хуудас эргэж байна. Дараагийн жаранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэвшил гаргах цаг үеийн шаардлага тулгарч байгаа нь гарцаагүй.
Монгол Улс бол ОХУ, БНХАУ гэсэн цөмийн зэвсэгтэй, хүн ам ихтэй, хүчирхэг гигантуудын дунд хамгийн уртаар хиллэн оршдог дэлхийн цорын ганц орон. Хоёр хэт их гүрний хооронд зохицон амьдарч ирсэн өнгөрсөн, эдүгээгийн түүх гагцхүү бидний цөөхөн Монголчуудад хамаатай. Цөмийн зэвсэгтнүүдийн дундах Монгол Улс энхийг өнө мөнхөд эрхэмлэж “цөмийн зэвсэггүй бүс”-ийн статусаа НҮБ-аар баталгаажуулсан амжилттай. Хүчирхэг хоёр хөршөөр хүрээлүүлж “хамгаалагдсан” Монгол Улсад үндэстэн, ястан, шашин хоорондын ужиг зөрчил, тэмцэл, мөргөлдөөн байхгүй. Монголчууд бол нэгдмэл үндэстэн. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Монгол Улсын хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд бүрдүүлж байгаа онцлогтой. Монголчууд дэлхийн эртний үндэстнүүдийн нэг боловч өнөөгийн хүн амын хувьд дахин сэргэсэн залуу улс тул хүн ам зүйн гайхамшиг гэгдэж байна.
Түүх товчоор өгүүлэхэд, Монголын эзэнт гүрний үед, 13 дугаар зуунд “Pax Mongolica” буюу Монголын их амар амгалан дэлхийд гайхагдаж байжээ. Алт ганзагалсан бүсгүй хүн ямар ч аюулгүйгээр алсад аялж болдог энхтайвныг Монголчуудын сахиулсан дэг журам авчирч байсан түүхтэй. Монголын эзэнт гүрнээс дэлхийн түүхэнд, гадаад харилцаанд, шуудан холбоонд, технологи дамжуулалтад, нийгмийн хамгаалалд, шашны хүлцэл, цэргийн урлагт оруулсан хувь нэмэр их ээ. Өнөөгийн дэлхий ертөнцийн даяаршлын уг үндэс нь Монголын эзэнт гүрнээс эхтэй гэж зарим түүхч дүгнэсэн байдаг.
Монгол Улсын эерэг имиж төрх, олон талт гадаад харилцааны бодлогод түшиглэн эдийн засгийг төрөлжүүлэх, экспорт болон хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгон тогтвортой хөгжүүлэх, Монгол өв соёлыг сурталчлах, дэлгэрүүлэх, үндэстний дангааршил, даяаршлыг зохистой хадгалах эрхэм зорилго, алсын хараагаар “Meet in Mongolia” санаачилгыг дэвшүүлж байна.
Экспортын чиг баримжаатай аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор германчууд “Made in Germany”, япончууд “Made in Japan” бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Олон улс орон “Made in …” бодлогыг шууд хуулбарлан онож алдаж явна. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Make in India” санаачилгыг хэрэгжүүлж амжилт олж байна. Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд салбар дундын уялдааг хангаж, глобал нэмүү өртгийн сүлжээнд тогтвортой хөгжих асуудал нэн чухалд тавигдаж байгаа юм. Харин Монголчууд бид “Meet in Mongolia” санаачилга дэвшүүлж, хэрэгжүүлж чадах болов уу.
“Meet in Mongolia” санаачилгын хүрээнд олон улс, бүс нутагт маргаан, зөрчилтэй талуудад зуучилдаг, өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг, мөн олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, соёл, спортын томоохон арга хэмжээг тогтмол хүлээн авдаг, энэ төрлийн ажил хэргийн аялал жуулчлалыг бусад салбартай зэрэгцүүлэн хөгжүүлэх чиглэлийг барьж авна гэсэн үг. “Meet in Mongolia” санаачилгын хүрээнд гадаад харилцаа, аялал жуулчлал, зам тээвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар харилцан уялдаатай хөгжих нөхцөл, боломж бүрдэнэ. Дэлхийн зах зээл, глобал нэмүү өртгийн сүлжээ, олон улсын хөдөлмөрийн хуваарьт “Market creation” зах зээлийг бий болгох, бүтээх хандлага төлөвшүүлэх нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ач холбогдолтой.
“Meet in Mongolia” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх зорилтот олон арга хэмжээний үр дүнд Монгол Улсад ирэх гадаадын олон зуун мянган жуулчид, зочид төлөөлөгчдөд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотооддоо санал болгох уу эсхүл олон улсын худалдаанд импортлогч орны шаардлагыг хангаж экспортод ачуулах уу гэсэн асуултын хариултыг олно. Зэрэгцээ стратеги ч хэрэгжих боломжтой.
Хойд Солонгосын удирдагч Ким, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой хотоор Улаанбаатар, Вьетнамын Ханой, Сингапур яригдаж, энэ уулзалт Сингапурт түрүүлж болсон цаг хугацаа саяхан. Улаанбаатарт зохион байгуулахад тохиромжтой байсан ч аюулгүй байдлын үүднээс Сингапурыг сонгосон гэсэн мэдээтэй. Хэрэв тэрхүү уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан бол Монгол Улс, монголчууд дэлхий нийтийн анхаарлын төвд жинхэнэ утгаар орох байсан юм. Иймд энэ мэт түүхэн боломжийг дахин алдаж болмооргүй байна. Монгол Улс “Meet in Mongolia” санаачилгыг үр дүнтэй, уян хатан хэрэгжүүлснээр Швейцар лугаа хөгжих тухай эцэг өвгөдийн захиас, мөрөөдлийг зарим талаар биелүүлэх боломж олдоно.
Meet in Mongolia” санаачилгыг хэрэгжүүлэхэд манай улсын дипломатууд, олон улсын харилцаа, худалдаа, эдийн засгийн мэргэжилтнүүд тэргүүлэх үүрэгтэй оролцох нь зүйн хэрэг билээ. Өндөр дээд хэмжээний уулзалт, олон улсын арга хэмжээ зохион байгуулахад аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд тавигдана. Энэ чиглэлд хууль хүчний байгууллагуудыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг тасралтгүй дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлага үүснэ.
“Meet in Mongolia” санаачилгыг бодит болгоход түүх, уламжлал, хувь заяаны эрх, цаг үеийн нөхцөл бүрдсэн гэж хувьдаа дүгнэж байна. Энэ санаачилгыг улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёл урлаг, спортын олон улсын арга хэмжээг зохион байгуулах үндсэн 4 чиглэлээр хэрэгжүүлж болно.
Монгол Улс, ялангуяа Улаанбаатар хот бол харьцангуй либерал зах зээлтэй. Үүнийг Улаанбаатар хотод хөгжиж байгаа олон улсын зочид буудлуудын сүлжээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын чиг хандлагаас харж болно. Улаанбаатарт орос, хятад, япон, франц, солонгос, итали, ирланд, энэтхэг, турк, узбек, украин, мексик, тайланд зэрэг олон үндэстний хоолны газрууд хэрэглэгчдэд үйлчилж байгаагаас мөн хэлж болно. Нээлтээ хийж байгаа шинэ нисэх онгоцны буудал нь Монгол Улсад олон улсын арга хэмжээ хүлээн авах боломжийг бүрдүүлж байна. Энэ олон улсын нисэх буудлыг хүчин чадлаар нь бүрэн ашиглах, эдийн засгийн өгөөж, үр ашгийг нь дээшлүүлэхэд “Meet in Mongolia” санаачилга хувь нэмрээ оруулна.
Манай улсад 1990 оноос өмнө орос хэл зонхилох гадаад хэл байжээ. Харин ардчилал, зах зээлд шилжсэнээр боловсролын салбарт орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос, турк, испани хэлийг чөлөөтэй эзэмших боломж түлхүү нээгджээ. “Meet in Mongolia” санаачилгын хүрээнд байгалийн болон соёлын боломжит нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгайлсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл, бололцоо бүрдэнэ. Гурван сая хүнтэй улсаас 150 гаруй мянган хүн гадаадын улс оронд сурч, ажиллаж хөдөлмөрлөж байна. Гадаадад байгаа монголчуудаа Монгол Улсдаа татах, сурсан мэдлэг боловсролыг нь эх орондоо зориулах, зүй ёсоор ашиглах нөхцөл боломжийг “Meet in Mongolia” санаачилга мөн олгоно.
“Meet in Mongolia” санаачилгын хүрээнд Монгол Улсын уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнүүдийг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах, эдийн засгийн бусад салбаруудтай холбож өгөх, цаашид олон арга хэмжээг шинээр зохион байгуулах хэрэгтэй байна. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа хадгалж чаддаг. Тухайлбал, “Зүүн хойд Азийн аюулгүй байдал” Улаанбаатарын яриа хэлэлцээ, энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх “Хааны эрэлд”, “Говийн заан”, “Аравт”, “Сэлэнгэ” зэрэг хамтарсан хээрийн сургууль, чөлөөт бөхийн “Монголын говь”, жүдогийн Чингис хаан цом “Улаанбаатарын гран при”, “Улаанбаатарын марафон”, “Улаанбаатарын кино наадам” зэрэг спорт, соёл урлагийн олон улсын уралдаан, тэмцээнүүдийг хэлж болно. “Meet in Mongolia” санаачилгаар зохион байгуулах олон улсын арга хэмжээнд тодорхой төсөв зардал гарах боловч энэ нь буцаад дотоодын эдийн засагт гадаад орлогын олон талт эх үүсвэртэй хамт нэмэгдэж шингэнэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Швейцарын Давос хот уламжлан зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн форумаасаа тухайн жилийн орлогоо бүрэн бүрдүүлдэг талаар та бид мэднэ.
“Meet in Mongolia” санаачилгын үр дүнд Монгол Улсын ажил хэргийн аялал жуулчлалыг татах, эдийн засгаа төрөлжүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг тогтвортой хөгжүүлэх, Монгол соёл, уламжлалаа олон улсад бодитой сурталчлах төдийгүй гадаад нэр хүнд, зөөлөн хүчний бодлогын өгөөжийг хүртэнэ.
“Meet in Mongolia” санаачилга нь Монгол Улсын гадаад бодлогын ирэх 60 жилийн үзэл баримтлалын нэг хэсэг байж болох юм.
Б.БАТБААТАР