Энэ 7 хоногт
Идүүлсэн дов сэргэж, идсэн эрүү хувхайрдаг
Малчин гэдэг нийгмийн энэ томоохон давхаргыг одоогийн өнгө төрх, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, ажлын онцлог талаас нь хандах хэрэгтэй.
Малчин гэдэг нийгмийн энэ томоохон давхаргыг одоогийн өнгө төрх, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, ажлын онцлог талаас нь хандах хэрэгтэй.Сүүлийн үед хэвлэлээр малчдын болон мал аж ахуйн талаар олон ургалч үзлийн үүднээс биш үүх түүхээ умартан, монгол түмний бахархал болсон энэ салбарыг муучлах үүднээс доромжлон бичих нь олширсоор байна. Энэ нь манай улсад хотжилт эрчимтэй явагдаж төв суурин газрыг бараадан амьдардаг хүмүүсийн тоо ихэссээр байгаа өнөө үед хөдөөгийн тэр сайханыг, үндэсний баялаг болсон мал сүргээрээ, уламжлалт ёс заншлаараа бахархах энэ сайхан сэтгэлгээг сэвтүүлэх бий гэсэндээ цөөн тоон үзүүлэлтэд тулгаварлан энэхүү өгүүлэлийг бичиж байна.
Малчин гэж хэн бэ? Малчин гэдэг ойлголтыг түүхийн эх сурвалж, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр баяжуулан авч үзвэл олон зуун мянган жилийн тэртээх зэрлэг амьтадыг гаршуулж, гэршүүлж, тэжээж ирсэн үеэс эхлэх учир үл нуршин өнөө үеийн нөхцөл байдалтай уялдуулан тоймлон ойлгож болох юм. Малчин гэж зөвхөн мал аж ахуй эрхлэн орлогоо бүрдүүлж өөрийн амьжиргаагаа залгуулж байдаг хүмүүсийг хэлж байгаа бол мал бүхий иргэд гэж амьжиргааны олон эх үүсвэртэй боловч мал аж ахуйгаа дагавар байдлаар эрхэлж байдаг хүмүүсийг ойлгодог. Энэ бүгд л Монголын өнөөдрийн мал аж ахуйг авч яваа юм.
Малчин хүний хөдөлмөрийн онцлог юу вэ? Байгалийн хатуу ширүүн нөхцөлд малчин хүн мал ахуйгаа эрхлэн, сүргийн нөхөн үйлдвэрлэлээ явуулж өсгөн үржүүлж байдаг. Барьсан шилбүүрийн үзүүр харагдахгүй цасан болон шороон шуурга, хоног хоногоор үргэлжлэн орох хүйтэн бороо, шамрага, дөчин хэм гарч хүйтрэх, нохой гаслам халуун энэ бүх үед малчин хүн малаа хариулж маллаж өсгөн өдий хүрсэн.Энд байран суурин үйлдвэрийн болон конторын ажилчид шиг хөдөлмөр хамгаалалын нормын хувцас байдаггүй, малчид зөвхөн өөрсдийгөө болгож тухайн улиралд тохирсон үндэсний хувцасаа хэрэглэж өөрийгөө хамгаалж ирсэн уламжлалтай.
Жилийн аль ч улиралд цаг наргүй тасралтгүй ажиллаж мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн амьдардаг. Өөрөөр хэлбэл малчин хүнд хөдөлмөрийн хуулиар олгосон ажлын цаг, илүү цаг гэсэн ойлголт байхгүй, зөвхөн хоёр нарны хооронд уламжлаж ирсэн хувиарын дагуу ажиллаж байдаг онцлогтой.
Мал аж ахуйн үйлдвэрлэл, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь байнга гадаа явагдаж байдаг. Нэг ёсондоо малчин хүн гадаа гандаж хөдөө хөхөрч явж мал сүргээ хариулж маллан үр шимийг хүртэж байдаг хатуужил суусан эрэлхэг зоригтон хүмүүс.Эх орны хөнгөн үйлдвэрийн үндсэн түүхий эд нь мал аж ахуйн салбараас гарч байдаг.Өөрөөр хэлбэл малын гаралтай түүхий эд /ноос ноолуур, хөөвөр хялгас, арьс шир, мах сүү гэх мэт/ малчны хотноос, малчны гараар дамжин бэлтгэгдэж үйлдвэрт болон хүмүүсийн гар дээр очдог. Энэ бүхнийг онцлог болгон дурьдах нь малчны хөдөлмөр ямар хүнд нөхцөлтэй, тэсвэр хатуужил шаардаж байж мал аж ахуйн салбараас малын гаралтай бүтээгдэхүүнийг бэлтгэн бидний ширээг чимэн ирж байдгийг товчхон ойлгоосой гэсэндээ дурьдсан юм.
Малчин гэдэг мэргэжлийн ажлыг аль хэр олон хүн эрхэлж байдаг вэ? Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхэн буюу 1990 онд малчдын тоо 74.7 мянган өрхөд 147.5 мянган малчин хамрагдаж байсан бол 10 жилийн дараа 191.5 мянган өрхөд 421.4 мянга болж өрхийн тоо 2.7 дахин буюу 44.0 мянгаар, малчдын тоо 2.8 хувь буюу 273.9 мянгаар нэмэгдсэн байна.Дээрх тоо 2000-2013 оныг хүртэл буурсан нь хоёр ч удаа манай орны нийт нутгийг хамарсан зуд тохиолдож хөдөө нутгаас малчид зах зээл, хот сууринг бараадаж шилжиж суурьшсан нь уг тоог буурахад хүргэсэн байх.
Гэвч сүүлийн 2 жилд малчин өрхийн энэ тоо 4000 гаруйгаар эргэж өссөн нь тус орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болох юм. Түүнээс сэтгүүлч Ж.Мягмарсүрэнгийн бичсэнчилэн мал дагаж мал болох гэж хөдөөг зориогүй л баймаар юм.Зах зээлийн эхэн үед төв суурин газар оршин суугчдын амьдрал ахуй хүндэрч уламжлалт мал аж ахуйг эрхлэх сонирхол давамгайлсан учир малчдын, малчин өрхийн тоо зуу, зуун мянгаар нэмэгдсэн байна. Энэ байдал сүүлийн 2 жилд давтагдсаар байна. Тухайлбал тус орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх төлөв ажиглагдах бүр төв суурин газрын хүмүүсийн эдийн засгийн хүндрэлээс зугатан гарах арга нь мал аж ахуйн салбарт шилжин ажиллаж сууршихад л оршиж байна.
Монголын Төр малчнаа мартсан уу? Малыг малчдад нь хувьчилж өгчихээд марчихсан гэж хэлж бичдэг хүн байгаа л байх. Монгол орны мал аж ахуй хэмээх уламжлалт энэ том салбарыг гардан авч яваа малчдын талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн мал аж ахуйн салбарын хөгжлийг түргэтгэх, малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлж зах зээлд шилжүүлэх талаар холбогдох олон тогтоол, шийдвэр гарч байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулсан хууль гарлаа, зарим банкнаас олгох зээлийн хүүг буурууллаа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь урамшуулал олгодог боллоо, малчдын эрсдэлийг бууруулах зорилгоор малыг нь даатгалд хамруулж байна.Малчид үйлдвэрлэсэн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ төвөг чирэгдэл багатай борлуулах бололцоотой болсноос гадна гүйлгээ явуулах хувийн данс, тамга тэмдэгтэй болсон гээд олон зүйлийг хэлж болохоор байна.Түүгээрч үл барам мал сүргээ өсгөн ашиг шимийг арвижуулж сүргээ эдийн засгийн эргэлтэнд оруулж нийгэмд үйлчилэн амжилт гаргасан олон зуун малчдыг Төрөөс алдаршуулан шагнаж урамшуулсаар байна. Энэ бүгдийг Монголын Төр, Засаг зарим сэтгүүлчдийн бичсэнчилэн малчдыг малаас нь холдуулахын тулд хийгээгүй л байхдаа.
Малчнаа доромжилсан нийтлэлүүд. Өдрийн сонины эрхлэгч. Соёлын гавъяат зүгэлтэн, сэтгүүлч Ж.Мягмарсүрэн “Мал дагавал мал болно” гэж малчин хүнийг энэ аж ахуйг эрхлэхээс татгалзахыг уриалж өнөөгийн залуусын биеийн амрыг харж бэлэнчлэх сэтгэлгээг хөхиүлэн дэмжиж бичиж байснаас хойш эрхэм хатагтай Я.Мөнгөнцэцэг “Мал гэдэг шүтээн нь хараал болон хувирчихаж” /мөн сонин 2014 оны 12 дугаар сарын 13-ны 229 дугаар/ гэж гарчиглан “Мал, малчин хоёр угтаа нэг нь нүүрэндээ үстэй, нөгөө нь нүүрэндээ үсгүй мал гэдэг дүгнэлттэй санал нийлж байна” гээд л хүнээс нь гаргаж мал болгон доромжилсон бол Н.Гантулгын “Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ /мөн сонины 2015 оны 10 дугаар сарын12-ны өдрийн 248 дугаар/ гэсэн нийтлэлүүд нь цувралаар гарсан нь цаанаа бодлогын шинжтэй юмуу гэж ойлгогдох боловч “идүүлсэн дов сэргэж, идсэн эрүү хувхайрдаг” гэдэг мэргэн үг санаанд бууна.
Сэтгүүлч Н.Гантулга уг нийтлэлдээ “манайд хонь гэдэг амьтан арай дэндмээр, хэтэрхий олон байна” гэж ад үзэн бичсэн нь үнэхээр гайхаш төрүүлмээр. Хонь дөнгөж хорин хэдхэн саяд хүрч байгаа шүү дээ. Харин үүний оронд хоньтой уралдан өсч байгаа ямааг байгальд халтай, хүйтэн хошуутай, эл хошноготой, мах өөх нь царцамхай гээд хэлбэл үнэнд ойртоно. Монгол Улсын хүний тоо 3.0 сая гараад явчихлаа. Хүн заяавал хүнс заяа нь гэдгээр хүнсний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Монгол хүний хэрэглээнд болон гадаадад гаргахаар жилд бэлтгэж байгаа мах, махан бүтээгдэхүүний 55-60 орчим хувь нь хонины мах байгаа шүү дээ.Хэрэв Н.Гантулга сэтгүүлчийн хүссэнчилэн малгүй тэр тусмаа хоньгүй болчихвол монгол хүний бие махбодид нэн чухлаар шаардагдах уураг, амин дэм, эрдэс бодис зэргийг голчлон хонины махан хүнсээр дамжуулан нөхөж байдаг монголчууд бид яах болж байна гэж асуумаар.Ёстой л тогоотой хоолруугаа нулимана гэдэг энэ байхдаа.
Мөн ”Сүүлийн үед Европын болоод өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестерин ихтэй гээд огт идэхээ больсон. Соёлт хүн төрлөхтөн хоол хүнсэндээ далайн бүтээгдэхүүн, үхэр, гахай, тахианы мах хэрэглэж дундаж наслалт нь наяас дээш үзүүлэлттэй байна” гэхчилэн муулахын дээдийг олж ядан бичжээ. Холестерин нь хүний цусны судас хатуурах нэг шалтгаан болдгийг анагаах ухаан аль хэдийн баталчихсан. Энэ нь шинэ юм биш.Мал, амьтны өөхөнд холестерин их үү, бага уу гэхээс биш байж байдаг зүйл шүү дээ. Тэгвэл баримт дурьдая.Энэ чиглэлийн судлаачдын судалгааны материалаас үзэхэд хонины өөхөнд байх холестерины хэмжээ 29 мг байхад сэтгүүлч Н.Гантулгын хүнсэндээ хэрэглэхийг зөвлөөд байгаа гахайн өөхөнд 125 мг байдаг байна. Хүнсэндээ хонины мах ихэвчлэн хэрэглэдэг монгол хүн тэр тусмаа малчин хүнд судас хатуурах өвчин ховор тохиолддог нь үүнтэй холбоотой байж болох юм гэж /Монгол малын мах махан бүтээгдэхүүн. Ш.Цэрэнпунцаг, Р.Дашдэлгэр нар. 2008. 23-р тал/ тэмдэглэсэн байна.
Миний сайн таних Япон улсын нэгэн иргэн надтай хуучлах зуураа Монголд далайн хүнсний бүтээгдэхүүн ховор, дэлгүүр болгонд байдаггүй, тэгсэн мөртөө байгаа тэр нь үнэтэй юм.Би анх ирээд монгол хоол идэж чаддаггүй учир цагаан будаа, загасны махаар голчлон хооллодог байсан л даа. Анх ирэхэд 65 кг жинтэй байсан. Одоо 46 кг жинэй болсон нь энэ нутгийн цаг агаар, нөхцөл байдал нь илүү илчлэгтэй хоол, хүнс шаарддагтай холбоотой байхаа гэсэн юм.Энэ нь юуг хэлж байна бодох л хэрэгтэй.
Мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа монгол хүний хэрэглэж буй хоол хүнс суурьшмал амьдрал ялангуяа хөдөлгөөн багатай суугаа ажилтай хүмүүст зохицолдохгүй учир зохистой хооллолт шаардахын зэрэгцээ, хөдөлгөөн дутагдаж бас хажуугаар нь ахуйн янз бүрийн стресс нөлөөлснөөр олон төрлийн өвчин эмгэг тусах үүд хаалга болдог болов уу.
Монгол орны уудам дэлгэр бэлчээр нутагт 3000 шахам зүйлийн ургамал ургадагийн 600 гаруй ургамлыг мал амтархан иддэг. Ийм учраас монгол малын мах, сүү болон үүгээр хийсэн бүтээгдэхүүн нь дэлхийд хосгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж эрдэмтэд өндөрөөр үнэлдэг. Түүгээрч үл барам олон төрлийн бэлчээрийн ургамлыг идэж биедээ шингээсэн учир хонины мах нь хүний биед нэн шаардлагатай үл орлогдох 20 шахам шүвтэн хүчил, олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг агуулсан байдаг. Ийм учраас монгол хүн толгой өвдлөө гэхэд л хониныхоо махаар шөл хийж уудаг, төрсөн эхэд болон тэнхээ тамир сульдсан хүнд мөн л хониныхоо шөлийг хийж барьдаг шүүдээ.Түүнээс тахиа, гахайны махаар шөл хийж өгдөггүй биздээ. Анагаах ухааны ном сударт хүний хий, бадганыг эмчлэх, тойлоход хонины мах хэрэглэхийг заасан байдаг бол хонины арьсаар улирал бүрд тохируулан хэрэглэх олон төрлийн дээл хувцас хийж өмсдөгөөс гадна монгол гэрийн давхрага эсгийг энгийн аргаар малчид өөрсдөө уламжлан хийдэг. Сүүлийн үед монгол хонины ноосны дулаан, хүйтнийг тусгаарлах чадварыг ашиглан барилгын дулаалга хийж үйлдвэрлэснээр гадаад, дотоодод захиалга ихтэй байгаа зэргийг цухас дурьдаж болно.
Малчин хүн малынхаа ач буянаар эх орноо, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн баатарлаг уламжлалтай. Энд Халхын голын дайнд оролцож байсан Монголын нэгэн дайчин баатарын ам дамжсан сонин дурьдатгалыг бичмээр санагдлаа. “Монголчуудыг малаас нь салгачих юм бол бидэнд ялах бололцоо байжээ.Даанч үүнийг тооцсонгүй” гэж Японы олзлогдсон нэгэн генерал харамсан ярьж байсан гэдэг.
Бас болоогүй ээ. Н.Гантулгын уг нийтлэлд “адууг сургана гэж ... хамар уруулыг нь дарвайтал цоровдоод, дөрвөн мөчийг нь тэлээд, амыг нь урж, цуу татаад хэдэн талаас нь тархи толгойгүй нүдэж байж уналгад сургадаг. Үхрийг хөллөгөөнд сургахдаа мөн ялгаагүй хамрыг нь цуу татан дөрлөөд, нойтон хусан мунаар хавирга нурууг нь хуга цохиж байж номхруулж авдаг” гэсэн нь мэдэхгүй юмдаа юуг хэлээд байгаа юм. Хөөрхий хэдэн муу малчдаа яаж ч хэлж доромжилж байсан хамаагүй гэж боддог бололтой. Аливаа юманд хэм хэмжээ гэж байдаг. Энд хууль зүйн зохицуулалт ч бий гэдгийг санаасай билээ. Монгол түмний эрт дээр үеэс хэрэглэж ирсэн уламжлалт ёс заншил нь зонхилон мал аж ахуйтай холбогдсон байдаг бөгөөд үүнийг малчид үр удамдаа өвлүүлэн дамжуулж өдийг хүрсэн байна. Үүний нэг нь цээрлэх ёс. Малчид маань мориныхоо толгойг “молор” эрдэнэ гэж хүндэтгэн үздэг учраас уналга эдэлгээний малыг ахуйн хэрэгцээнд хэрэглэх, уяж сойхдоо дээр бичсэн шиг мориныхоо толгой руу нь нүдэж балбаад, нуруу хавиргыг нь хуга цохиод байдаггүй, цээрлэдэг.Хэрэв ийм тохиолдол гарах аваас уг хүнийг зэмлэн буруушаадаг.
За за ер нь эдний бичсэн бүгдэд тайлбар өгч үнэнийг ойлгуулах гэж хайран цагаа алдаж байх нь илүүц юм. Харин “Хонь гэдэг амьтан монгол хүнтэй адилхан. Ухаандаа бор, шар нүдтэй, номхон томоотой” гэж хүнийг хоньтой зүйрлэн бичсэнийг Монголчууд зөв зүйтэй гэж хүлээн зөшөөрөхгүй байхаа. Харин зөвшөөрч байгаа цорын ганц хүн бол үүнийг бичигч эрхэм сэтгүүлч, ноён Н.Гантулга. Ийм учраас “Хонь Гантулга” гэсэн халуун хошуутай малын энэ сайхан нэрийг хайрламаар санагдана.
Дашрамд дурьдахад өдрийн сонин бол ардчилалын буянаар нийгэмд гарч байгаа саар бүхнийг илчлэн гаргадаг том сонин гэж ойлгон үүнийг бичигч би ихэд уншдаг юм. Гэтэл дээр дурьдсан нийтлэлүүдийг уншаад уг сонинд гарсан материалууд нь нэг тал руу хэт хэлбийсэн, хэтрүүлэг, доромжлол бүхий үг хэллэг ихтэй, гаргах гэж байгаа материалд хяналт султай юм байна гэсэн гутранг сэтгэгдэл төрж цаашид энэ сонинд хэвлэгдсэн нийтлэлүүдийг залруулгатай ойлгож байгаарай гэж Уншигч олондоо захимаар байна.
Хөдөө аж ахуйн ухааны доктор,
Монгол Улсын зөвлөх мал зүйч Б.Мяхдадаг
Зочин
Zochin
Зочин