Лхаса хот бол Төвөдийн өөртөө засах районы төв бөгөөд бүх улс  төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв, 1300 гаруй жилийн түүхтэй соёлын нэртэй хот гэдгийг би интернет мэдээллээс л олж уншиж байсан. Харин би одоо Лхаса хотод газардаад байна. Төсөөлж байснаас ч илүү битүү өндөр уулсын дунд буусан онгоцны буудал нь харьцангуй жижигхэн бөгөөд орон нутгийн буудал гэдэг нь шууд мэдэгдэхүйц. Намайг тосож авахаар Төвөд орчуулагч залуу ирсэн  түүний нэрийг Санжуп гэнэ. Энэтхэг маягийн англи хэлтэй. Гэхдээ давгүй ээ ойлголцоод байхаар.  Лхаса хотод англи хэл сурсан гэх мань эр сүүлийн 4 жил тасралтгүй хөтөч хийж байгаа аж. Санжуп надтай нэр усаа мэдэлцэж  танилцсаныхаа дараа надад хэд хэдэн анхааруулгыг өгсөн юм.  Тэрээр надад:

  1. Амьсгаадах тул огцом хөдөлгөөн хийж болохгүй, аль болох зөөлөн хөдлөх хэрэгтэй. Хурдтай алхах, гүйх тухай санахын ч хэрэггүй.
  2. Өнөөдөр болон маргааш усанд орж болохгүй. (Эгээтэй л буян чинь арилна гээгүй) 
  3. Тамхи бага татах хэрэгтэй. (тамхи татъя гэсэн ч чи чадахгүй дээ.)
  4. Толгой чинь өвдөх болно. Эм уугаад нэмэргүй аандаа агаартаа дасаад гайгүй болно. (нээрээ л толгой өвдөөд эхэллээ. )
  5. Даатгалтай юу? Гэх мэтчилэн ахуйн зөвлөгөөг надад өглөө.
Төвөдөд анх удаа ирж байгаа хүн эрүүл мэндийн болоод гадаадад зорчигчийн даатгалгүй бол эрсдэл өндөртэй байдаг нь гарцаагүй. Намайг анх Төвөд явах тухайгаа хэлэх бүрийд хүн болгоны амнаас “Болгоомжтой” яваарай гэдэг үг гарч байлаа. Энэ болгоомжлолыг би Соёмбо даатгал компани гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалаар шийдсэн тул санаа зовох зүйлгүй байсан гэдгийг хэлмээр...

...Би хуучин Pajero jeep машинд суугаад  Лхаса хот руу хөдлөх нь тэр. Хот хүртэл 50 орчим км зайтай бөгөөд замдаа хэд хэдэн шалгалтын пост нэвтэрч өнгөрсөн юм.  Буутай Хятад цагдаа, цэргүүд байх агаад сүүлийн үед байдал ширүүхэн байгаа сурагтай. Буутай цэргүүдийн зургийг авах гэсэн боловч манай хөтөч Санжуп дэмий гээд болиулав. Учир нь өмнө буутай цэргүүдийн зургийг дарсан хэд хэдэн гадны жуулчин камераа хураалгаж байсан гэнэ.   Хотын навтгар хэдэн байшин, нарийхан зам, хүн тэрэг энэ бол Лхаса хотын төв. Би  Санжупаас

-    Танай хотод өндөр байшин байдаггүй юм уу?
-    Хамгийн өндөр байшин нь 16 давхар.
-    Зочид буудал уу?
-    Үгүй ээ цагдаагийн газар.
-    Өөр өндөр байшин?
-    Байхгүй ээ. Байх ч боломжгүй учир нь Потала ордноос өндөр байшин байж болохгүй хэмээлээ.


Лхаса хотод Потала ордоны дараа орох хоёр дахь өндөр байшин бол 16  давхар оффисын барилга. Энэ нь Хятадын цагдаагийн төв оффис

Үнэхээр ч Потала ордон нь Төвөдчүүдийн шүтээн болсон гайхамшигтай ордон. Мань мэт нь шашин шүтлэг төдийлөн байхгүй тул Потала ордныг нь архитектур талаас нь гайхалтайг нь биширч байсан юм даг.  Потала ордны урдуур Лхаса хотын төв зам байх, тэр төв өргөн чөлөөний нэрийг  “Бээжин өргөн чөлөө” гэнэ.



Ингэхэд манай Улаанбаатар хотын маань төв өргөн чөлөөг юу гэдэг билээ? Энхтайван? билүү Чингис билүү? Лав л миний санахаар Москва эсвэл Вашингтоны өргөн чөлөө гэж нэрлэдэггүй.


Үргэлжлэл бий.

Аялалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/alexsphototour
www.alextumee.com хаягаар.

Дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зѳвшѳѳрѳлгүйгээр ВЭБ САЙТ, СОНИН, СЭТГҮҮЛ, РЕКЛАМ, ТЕЛЕВИЗ, ҮҮСМЭЛ БҮТЭЭЛ зэрэгт ашиглахгүй байхыг хүсье.