Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Энгелсийн намтрыг “эсэргүү” нар нийтэлсэн нь
Энэхүү намтар ном өнгөрсөн зууны 80-аад оны эхээр гарсан шиг санаж байна.
Энэхүү намтар ном өнгөрсөн зууны 80-аад оны эхээр гарсан шиг санаж байна. Учир нь энэ үед манай Монгол улсад орос зөвлөлтийн нөлөө ид хүчтэй дээд түвшиндээ хүрч байсан үе. Тэгээд ч Ю. Цэдэнбалын ноёрхол туйлдаа хүрч байсан үе. Их дээд сургуулийн хичээлийг орос хэлээр явуулах шийдвэр хэрэгжиж байсан үе. Тэр үед миний бие Намын дээд сургуульд улс төрийн эдийн засгийн ухааны багш хийж байсан. Ихэнх хичээл орос хэлээр заагдах болов. Энэ нь багш нарын хувьд оюутны өмнө хөлсөө чийхруулах боловч өөрсдөө хэлээ сайжруулаад авах сайн талтай. Харин хичээлийн чанар тиймхэн болно. Энэ асуудлаар маргаан хэлэлцүүлэг болдог байлаа. Манай сургуулийн тинхмийн эрхлэгч, эрдэмтэн Ц.Отхон гэдэг хүн энэ талаар хэлсэн хоёр өгүүлбэрээс болж ажлаасаа халагдан, хөдөө хөөгдөв. Тэр хоёр өгүүлбэр нь юу вэ гэвэл орос хэл сураад энэ оюутнууд чинь хөдөө гараад ямар малтайгаа оросоор ярих юмуу гэж асуусан, нөгөө нь ер нь оросоор хичээл заана гэдэг чинь ус өрөмдөхтэй адил бүтэхгүй зүйл гэж хэлсэн гэж байгаа. Энэ хоёр өгүүлбэр нь нам засгийн шийдвэрийг жадлан эсэргүүцсэн утгатайгэж буруутган, намын гишүүнээс хөөж, ажил албанаас нь буулгаж, хөдөө суманд тоо бүртгэгчийн бага цалинтай ажилд шилжүүлэх үндэслэл болсон юм. Тэрхурал дээр өөрөө эхний өгүүлбэрийг хэлсэн, харин хоёрдох өгүүлбэрийг хэлээгүй гэж мэлзсэн юм. Намын хурлаас гарах тогтоолын төсөлд хоёр өгүүлбэрийг хоёуланг нь оруулахаар гишүүдэд танилцууллаа. Дээрээс шийдвэртэй болохоор шийтгэх нь тодорхой байлаа. Тэгээд хамт ажиллаж байсан коллегио ингэж шийтгүүлэх нь харамсалтай байлаа. Түүний сэтгэлийг засахын тулд миний бие нэг санал гаргалаа. Энэ хүн үзэл суртлын алдаа гаргажээ. Гэхдээ тогтоолын төслөөс өөрөө хэлээгүй гээд байгаа үгийг нь хасмаар байна гэсэн санал гаргалаа. Энэ талаар санал хураалгахад нэг нөхрөө үдэж буй багш нарын олонхи нь миний саналыг дэмжиж гар өргөлөө. Хурал удирдаж байсан дарга Бямбаа гуай та нар ер нь асуудал сайн ойлгохгүй, дээд газрын шийдвэрийн ач холбогдлыг ухаарахгүй байна гэх аястай үг хэлж дахин санал хураалгав. Энэ удаа ч гэсэн түрүүчийнхээс арай цөөн, гэхдээ л олонхи нь миний саналыг дэмжсээр байв. Хурал удирдагч гурав дахь удаагаа санал хураалгахын өмнө сүрдүүлж, заналхийлсэн байдалтай үг хэлж, гуравдахь удаагаа санал хураалгаад сая санасандаа хүрч тогтоолоо батлуулав. Хурал тараад Ц.Отхон багш надтай уулзаад өөрийг нь өмгөөлөх аястай байсанд талархсанаа хэлээд, хуульч хүн болохоороо Даваахүү багш чухал асуулт асуулаа, эдгээр үгийг та орлогч захирал Ж. Цэдэнжавт өөрт нь ажил хэргийн шугамаар хэлсэн үү, аль эсхүл олон нийтийг уриалан дуудах байдлаар ярьсан уу гэж асуусан нь их чухал боллоо. Тэгээгүй бол буруу үзлээ олон нийтэд ухуулан сурталчилсан гээд шоронд суулгахад амарханшүү дээ гэж билээ.
Энэ явдлаас хойш нэлээд хугацаа өнгөрсний хойно, Ц.Отхон багш маань хөдөөнөөс ирээд уулзлаа. Ах нь Ф.Энгелсийн намтрыг орос хэлнээс орчууллаа. 1000 орчим хуудастай том ном байна. Герман хэлнээс орчуулбал үнэлгээ нь арай дээр байдаг юм байна. Ах нь хэвлэн нийтлэх эрхгүй болохоор Д.Алтанхуягийн нэрээр гарна. Харин чи герман эхтэй нь тулгаад засвар хийгээд өгнө үү гэж байна. Ах дүү Алтанхуяг, Алтангэрэл нарыг би Их сургуульд оюутан байх үеэс мэднэ. Бид англи хэлний дугуйланд хамт явдаг байсан юм. Алтангэрэл ах нь томтоль хийсэн, нэлээд олон зүйл англи хэлэнд орчуулсан, монгол судлаач Латтимор гуайтай харилцдаг, орчуулгаа үзүүлж, нягтлуулдаг байсан. Д. Алтанхуяг бас сайн орчуулагч байсан, орос, англи, герман хэл сайн мэддэг, хэвлэлийн редакцид ажилладаг байсан. Миний германаас орчуулсан улс төрийн ганц хоёр номыг редакторлож байсан. Нөгөө том гар бичмэлийг герман эхтэй нь тулгаж үзлээ. Орос орчуулганд онцын зөрүү олж харсангүй. Гагцхүү Каутски гэх мэт зарим хүний нэрийг энд тэнд хассан байсан санагдана. Орос герман хоёр эх үндсэндээ сайхан таарч байсан тул герман хэлнээс орчуулсан гэхэд саад болох зүйлгүй гэдгийг хэллээ. Харин монгол гар бичмэлийн хувьд найруулга, үг үсгийн нэлээд залруулга хийлээ. Ном зүй нь нэлээд олон хуудас, 20 орчим хуудасны ихэнх нь латин үсгээр бичих шаардлагатай байсан. Латин үсгийн машинтай, түүнийг ашигладаг хүн нь хэвлэлийн редакцид тэр үед Д.Лхамжав[1] гуай л байсан юм.Энэ хүн бол философийн эрдэмтэн, 64 оны бүгд хурлын дараа Эдийн засгийн дээд сургуулийн (ЭЗДС) тинхмийн эрхлэгч хийж байснаа гэнэт баригдаад 4 жилийн, түүний дотор2 жилийн гянданд хоригдох ял эдлээд, дараа нь Булган аймагт цөлөгдөж байгаад хотод орж ирээд хэвлэлийн редакцид ажиллаж байжээ. Тэр редакцид германаас нэлээд ном зохиол орчуулсан Сосор гэж инженер хүн тааралдаад би Лхамжав гуайгаар ийм зүйл хийлгэж байна гэсэнд тэр чинь манай редакцийн хамгийн бага цалин (хянагчийн 400 төгрөг) авдаг, хамгийн их ажил хийдэг хүн дээ гэж нөхрийгөө хайрлан өрөвдөж байгаагаа илэрхийлж билээ. Тэгээд Д.Лхамжав гуай ном зүйг даруйхан хийгээд өглөө. Миний бие бас урьд нь Лхамжав гуайтай бага хугацаагаар хамт ажиллаж байсан юм. ЭЗДС –д багш байхад тэрбээр философийн тинхмийн эрхлэгч байсан юм. Одоогийн ШУТИС-ийн байрны 409, 411 дүгээр өрөөнд манай хоёр тинхмийн эрхлэгч багш нар ажилладаг байсан, яагаад өрөөний дугаар хэлээд байна вэгэхээр энэ өрөөнд ямар яриа болж байсан бэ гээд хожим нэлээд дуулиантай мөрдлөг шалгалт болж байсан нь санаанд үлджээ. 64 оны бүгд хурлын дараа манай ЭЗДС сургууль нэлээд хэлмэгдсэн Лхамжав, Баасанжав нар шоронд орсон, бусад нэлээд хэдэн багш хөдөө нутагт хөөгдөж, цөлөгдсөн юм. Тэдгээрийн хоёртой нь миний бие хөдөө уулзаж билээ. Тухайлбал, 1965 оны өвөл Увс аймагт Төв хорооны нэг ажилтантай хамт явсан. Намайг Тариалан суманд очиж лекц уншаад ир гэсэн. Гэтэл тэнд лекцэнд манай төлөвлөлтийн багш байсан аспирант байгаад ажлаас халагдсан Тогтох багш маань сууж байна. Гэртээ урьж хоол цайгаар дайллаа. Нэг шинэ хүнтэй болжээ. Нялх хүүхдэд 25 төгрөг гаргаж өгсөнд багшийнхан нэлээд баярласан царайтай байсан, хангалуундуу амьдралаас гэнэт хөндийрсөн болохоор мөнгө төгрөг хэцүү л байсан байх даа.Багш цаадуул чинь биднийг хэзээ татах юм бол доо гэж асууж байна. Иймхүнтэй яваа гэхээр тэрэндээ яриг гэж бодсон байх л даа. Аймаг дээр ирэхэд хамт яваа дарга маань за юу болов, ямар болов гэхэд нь болсон явдлыг хэлээд бас хүйтэн буудалд даарч хоносноо өгүүлэхэд инээж шоолох аятай хүлээж авсан. Дараа нь бас л энэ хүнтэйгээ хамт Булган аймагт явахад чи артел дээр яриа хийгээд ир гэсэн. Тэнд очтол хүн цуглаагүй, харин ганцхан Лхамжав багш л ирчихсэн сууж байлаа. Тэгээд Лхамжав багш намайг сайн танихгүй, санахгүй мэт байсан. Бид ингэж хамт ажиллаж, тинхмийн эрхлэгч та нар нэг өрөөнд суудаг байсан гэж ярихад өө тийм үү гэсгээд өнгөрсөн юм. Бидний хувьд Лхамжав багш бол эрдэм номтой, ажил хэрэгч, цэвэр цэмцгэр хүн байсан бөгөөд бид түүгээр бахархаж, үлгэр дууриал болгодог байсан. Нэг өрөөнд ажиллаж байсан Г.Миеэгомбо багш ч гэсэн бидэнд түүнийг магтаж ярьдаг байсан юм. Энэ Лхамжав багштай танилцаж ярилцлаа. Нэг ч цаг хормыг дэмий хоосон өнгөрөөж байгаагүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, тийм учраас над сэхээтэн хүнд байх ёстой бүх зүйл байна, бичгийн машин, радиогээд бусад чухал зүйл байна гэж байна. Та нар энэ хүнээс үлгэр жишээ аваарай гэж Г.Миеэ багш бидэнд захиж хэлж байсан юм. Гэтэл нэг өдөр манай хичээл ангийн диспетчер Люба гэдэг хүүхэн өрөөнд давхиж ирээд, Лхамжав багш хаана байна, хичээлд яагаад ирэхгүй байна гэж асуусан. Тэгсэн чинь гэрээсээ гараад сургууль хүрэх замд нь баривчлаад явсан байдаг юм. Түүний өмнөхөн Лхамжав багш Англи яваад ирсэн юм. Тэгээд аялалын сониноо ярихдаа, англид ч сайхан байнаа, айлын хэрэгцээтэй сүүг нь өглөө хаалган дээр нь авчраад өгөх юм. Гэтэл бид мал аж ахуйн орон мөртлөө сүү, махаа авах гэж дугаарлаад л зогсох юм гэсэн шүү зүйл ярьж байсан. Гэнэн залуу бидэнд юм бодоорой гэсэн сургаал байж дээ.
Нөгөө Энгелсийн намтрын ном зүйг хийх үедээ манай дээдчүүл, Цэдэнбалэд нар марксизм ленинизм л гэнэ, түүнийгээ өөрсдөө уншдаггүй улс шүү дээ гэж байж билээ. Өөрөө гэхэд л бусад олон номны зэрэгцээ Капитал зохиолын хоёрдугаар ботийг орчуулсан байжээ. Тэр нь хожим ардчилалын үед Соросын сангийн ивээн тэтгэлэгээр хэвлэгдсэн билээ. Ю.Цэдэнбал социализмын үед цаас байхгүй гээд хэвлээгүй гэж Капиталын бусад ботийг монгол хэлнээ орчуулсан Бүрэний Бирваа гуай над хэлж байсан. Энэ орчуулгууд сайн болсоны нэг баталгаа бол Орос орчуулгаас олсон хорь орчим алдааг Б.Бирваа Москвагийн марксизм-ленинизмийн хүрээлэнд явуулахад ихэнх алдааг хүлээн зөвшөөрсөн захидал ирүүлснийг над үзүүлж байсан явдал гэж хэлж болно. Манай монгол орчуулагч уг зохиолын утга санааг сайн ойлгож, нямбай хандаж байсаны гэрч юм.
Энгелсийн намтрыг орчуулсан, редакторласан гэж бидэнд чамгүй мөнгө өгсөн билээ. Отхон багш маань 8000 төгрөг авсан, найман сарын цалин өглөө гэж баярлаж байсан. Би ч бас их зүйл сурлаа, бичиг найруулгын талаар чи ч бас хатуу хүн юм гэж байсан билээ. Учир нь та дандаа хэл дээр, хэл дээр гээд байх юм, Ринчен гуай хэлээр ярьдаг, хэлэн дээр яр гардаг гэж сургасан байдаг шүү гэх зэргээр зарим үед бас бие биедээ хатуу үг хэлдэг байсан. Над ч бас нэг хоёр сарын дундаж цалин болохуйц мөнгө өгч бидний ажлыг үнэлсэн билээ. Ном ч албан газар зэргээр амархан борлогдсон байх, учир нь өөр үзэл суртал хаалттай,албан ёсны ганц үзэл суртал болохоор тийм номыг авдаг байсан. Саяхан Өлзий гэдэг нэг шавь маань хөдөө сумын номын сангуудаар ороходМаркс Лениний ботиуд л байх юм гэж байсан билээ.
Яагаад гарчигтаа “эсэргүү” нар гэсэн үг оруулсан бэ гэхээр Отхон, Лхамжав нар ч ойлгомжтой байх. Миний хувьд ч гэсэн нэг тиймэрхүү яриа гарсныг ТХ-нд ажиллаж байсан нэг танил маань над хэлсэн юм. Намайг социализмын үед нэг гайгүй албан тушаалд дэвшүүлэхээр тэр үеийн миний дарга танилцуулсан чинь нэг хэлтсийн дарга тэр Намсрай чинь “орос хэлээр хичээл заахыг эргэлздэг хүн гэсэн байхаа” гэж хэлээд л асуудлыг эргүүлж байсан гэдэг. Энэ тодорхойлолтыг цааш үргэлжлүүлбэл улс төрийн дүгнэлт хийж, ер нь л найдваргүй этгээдийн жагсаалтанд оруулж болох юм. Тэр нь ч бас үндэслэлтэй байсан. Учир нь оросоор хичээл заах нь зорилго, арга хэрэгсэл хоёрын байрыг солиод байна, орос хэл бол арга хэрэгсэл, шинжлэх ухаан бол зорилго гээд нэг хурал дээр хэлсэн нь үнэн байсан. Тэр үг дээшээ явчихдаг тогтолцоо тэр үед байсан билээ. Чингэхлээр энэ намтар номыг эргэлзээтэй хүмүүсийн гараар хийгдсэн гэж хэлж болохоор байгаа юм.
[1] Үнэн 1990.10.30Эгэл хүмүүсээ эргэн дурсъя буланд “Миний нутаг шүлгийг орчуулсан нь” гэсэн өгүүлэлд Г.Ринчиндорж, Д.Лхамжав хоёрын талаар миний бяцхан тэмдэглэл байгаа. Зохиолч Г.Аким “Нөхдөө аврах гэсэн сайхан сэтгэлийн үзүүрт” гэсэн дэлгэрэнгүй өгүүллийг Хэлмэгдсэн заяа 12 УБ., 1999 гэдэг номын 115-132 дахь талд нийтлүүлсэн.
2019.08.24.
Проф. Б.НАМСРАЙ