Долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлын үеэр хүний эрх зөрчигдсөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийнхэн Төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулахдаа үймээний үеэр бэртэж гэмтэн, амь насаа алдсан иргэдийн эрхийн асуудлыг хөндөж ярьснаас бус тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид хохирсон тухай огт дурдаагүй. Тиймдээ Цагдаа ба-ар гэрийн холбоо, цагдаагийн ар гэрийнхний төлөөлөл ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Тэмүүжин нартай уулзах хүсэлтээ тавьсан байна.

Үймээний үеэр нийт 532 цагдаагийн албан хаагч бэртэж гэмтэн, тэднээс 30 гаруй нь тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Тухайлбал, цагдаагийн албан хаагч Батсайханы өрөөсөн нүд хараагүй болсон, Базаргүр өрөөсөн бөөрөө авахуулсан зэргийг дурдаж болох байсан гэж цагдаагийн ар гэрийнхэн үзэж буй юм. Тэдэнд төрөөс нөхөн олговор олгуулах тухай ярьж байсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүйгээр  барахгүй эл хэрэгт буруутган яллаж байгаад дургүйцсэн цагдаагийн албан хаагчид эгдүүцлээ илэрхийлсэн. 

Хүний эрхийн дэд хорооныхон тэдний эл хүсэлтийг хүлээн авч эхний удаад тухайн үеийн нөхцөл байдлыг сонсохын тулд тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт, Хэв журмын албаны дарга асан. Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ш.Батсүх нарыг энэ долоо хоногт хүлээн авч уулзахаар болсон байна. Тэд онцгой байдал тогтоосонтой холбоотойгоор цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авсан, хэний тушаал заавраар хэрхэн ажилласан талаараа ярилцах учраас уулзалт хаалттай болох гэнэ.

Мөн нээлттэй сонсголд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Чойжилсүрэн, прокурор Х.Базарханд, Чингэлтэй дүүргийн прокурор Э.Энэрэлт нарыг ч дуудуулжээ. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргахад аль нэг талын мэдээлэл дутуу байвал учир дутагдалтай гэж үзсэнээс ийн дуудаж уулзахаар болсон байна. Шаардлагатай гэж үзвэл Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийг ч дуудна гэдгээ мэдэгджээ. 
У.Шагай