Ирэх амралтын өдрүүдэд МАН-ын Их хурал хуралдаж, даргаа сонгоно. Энэ хурлаас МАН-ын цаашдын ирээдүй, энэ нам цаашид оршин тогтнох эсэх шалтгаална.

МАН-ын даргын сонгуулийг тойрсон, сүүлийн хоёр сар гаруй үргэлжилсэн хагарал, хугарлын дараа энэ нам засаглах чадамжтай эсэх тухай, харин оршин тогтнох, эсэх тухай ярих цаг болсон юм байна. Бие биенээ үзэн ядсан, хоёр хуваагдсан УИХ дахь бүлгийг лав ямар ч мундаг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгаад “нааж” чадахааргүй болсон нь бодитой юм. Ялангуяа үүний ард төрийн өмчит компаниудыг тоносон асар том хулгай, луйвар яригдаж байгаа үед бараг боломжгүй зүйл. Аль нэг нь ялж, ялагдаж байж энэ нам цаашаа явах ёстой.

Өнөөдөр МАН дотор өрнөж буй үйл явцыг олон хүн есдүгээр сард болсон намын Бага хурал, намын даргын сонгуулиас эхтэй мэтээр ярьж, бичиж байна. Үнэн хэрэгтээ бол намын даргын сонгуулиас дөрвөн сарын өмнө буюу өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн хямрал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг “Орлогоо нотол”, “Огцрох амархан” жагсаал хотын төв талбайд эхэлснээс хойш найм хоногийн дараа буюу Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хурлыг хуралдуулж, АН-ыг Хамтарсан Засгийн газраас хасах шийдвэрийг гаргуулсан. МАН-ын хямрал эндээс эхэлсэн.

Уг нь бол энэ хүний хугацаа өнгөрөгч зургадугаар сард Ерөнхий сайдаас огцорсноор “де факто” дууссан. МАН-ын Бага хурлын шийдвэр гарсны дараа АН-ын дарга Л.Гантөмөр “АН хамтарсан Засгийн газраас гарна, сөрөг хүчнээ хийнэ” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. АН-аас томилогдсон найман сайд Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн. Тэгэхээр үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “итгэл үзүүлэхгүй” гэдэг УИХ-ын шийдвэр гарахаас бүр өмнө “де факто” Засгийн газар огцорчихсон байсан гэсэн үг. Гэрээ байгуулсан хоёр намын нэг нь засгаас гарчихаад байхад Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай ярих шаардлага байсан уу?

Тэгэхээр Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирсэн нь Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын, мөн намын даргын суудлаа авч үлдэх гэсэн сүүлчийн арга байсан юм. Гэвч УИХ-ын шийдвэр “Засгийн газарт итгэл үзүүлэхгүй” гэж гарснаар Ерөнхий сайдын суудал, намын даргын суудалтай хамт Л.Оюун-Эрдэнээс явсан гэсэн үг. Гэвч өнөөдрийг хүртэл тэр албан ёсоор МАН-ын дарга хэвээрээ. Тиймээс Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын сүүлийн хоёр сар үргэлжилсэн хэрүүл, тэмцлийг “хоёр хүний зодоон” мэтээр эндүүрэх нь өрөөсгөл юм. Харин АН-ын хувьд цагаа олж засгаас гарсан нь одоо эргээд харахад чухам “хувьсгалын тохироо” гэгч болсон байна.

Наймдугаар сард болсон АН намын даргын сонгуулийн дараа хэвлэлийнхэн “АН анх удаа хэрүүл уруулгүй, маргаангүйгээр даргаа сонголоо. Ардын намынхан суралцаасай” хэмээн алга ташиж хүлээж авсан. Л.Гантөмөрийн хувьд улс төрд олон жил явсан, унаж босч үзсэн хүний хувьд цагийг нь олж арагшаа ухарснаар намаа бүрэн бүтнээр авч үлдэж чадсан хэрэг. Өрнөж буй үйл явцаас харахад эрх баригч нам дотор бий болсон энэ хагарал, хуваалгдлыг энэ нэг хэсэгтээ даван туулж чадахгүй нь тодорхой болов. АН-ынхан энд эвлэж, нэгдэж байхад нөгөө талд МАН хагарч, хугарч байгаа нь ч гэсэн нэг ёсны зүй тогтол. Хоёр төвтэй нэгдэл гэж байдаггүй. Энд нэгдэл, бөөгнөрөл үүсч байхад нөгөө нь талд задрал, сарнил явдаг нь ертөнцийн хууль, диалектик.

Нөгөө талаас улс төрийн намын сулрах тусам Ерөнхийлөгчийн институц хүчээ авдаг. Л.Оюун-Эрдэнэ хэрвээ “итгэл үзүүлэх” асуудлыг УИХ дээр оруулж ирээгүй бол, иргэдийн шаардлагыг хүлээж аваад өөрөө огцрох өргөдлөө өгчихсөн бол тийм зүйл болохгүй байлаа. Үнэн хэрэгтээ тэр шөнө Л.Оюун-Эрдэнийг огцруулсан субьект бол парламент биш, Ерөнхийлөгч байсан. “Хөтлөөд оруулж ирсэн юм, хөөгөөд гаргаж чадна шүү” гэдгээ бараг хэлчихсэн. “Ерөнхийлөгч мундаг байлаа, аврал боллоо” хэмээн манай хэвлэлийнхэн ч уухайлсан.

Одоо ч гэсэн МАН-ын асуудлыг МАН-аас түдгэлзсэн Ерөнхийлөгч хэлэлцэж байна. Удирдах зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг нь бүлгээ “эвлэрүүлэх” ажлыг хийж чадаагүй (тийм боломж ч байхгүй гэдгийг өмнө хэлсэн) тул энэ хэвээр нь Их хурал руу оруулахгүйн тулд Ерөнхийлөгч оролцож эхэллээ. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг хоёуланг нь нэрийг нь татуулав. Өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэх сураг дуулдаж байна. Тэгэхээр ирэх гурван жилд МАН-ын дарга болон Ерөнхий сайд тусдаа явах юм шиг байна. Эсвэл Г.Занданшатарын Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнийнхтэй яг ижил аргаар дахиад огцруулна. Намын даргаа сонгож чадахгүй Ерөнхийлөгч рүү оруулж байна гэдэг бол МАН инситуцийн хувьд байхгүй болсон гэсэн үг. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АН-ыг бас л ийм аргаар задалсан.

МАН-ын бүлгийн хувьд хамгийн аймшигтай нь, намын даргын сонгуулийг төсвөөр барьцаалсан явдал. “Төсвийг чинь баталж өгөхгүй шүү” гэж байгаад намын даргаас нэрийг нь татуулна гэдэг бол улс орны хувь заяа, ард иргэдийн эрх ашиг гэдэг зүйл энэ намд “түй” ч хамаагүй болсны илрэл юм. “АН-ын тойргууд дээр хөрөнгө оруулалт тавьсан байна, АН-ын гишүүдийн кнопыг худалдаж авлаа” хэмээн чуулган хаяж байсны цаана Г.Занданшатарыг МАН-ын даргад нэр дэвшүүлэхгүй байх ганц л барьцаа байж. Дээр нь нэмээд “АН засгаас гарсан учраас тойрогт нь нэг ч төгрөгийн төсөв тавих ёсгүй” гэдэг ялгаварлал ил цагаан явлаа. АН-ыг сонгосныхоо төлөө тухайн тойргийн ард иргэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт авах эрхгүй юм гэнэ. Энэ бол Үндсэн хуулийн эсрэг зүйл. Үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварласан, гадуурхсан үйлдэл. УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хангалттай үндэслэл.

Харин АН-ын даргын хувьд намын бүлгээ живхийтэл барьж байгаад тойргууд дээрээ бага ч болов төсөв тавиулах шиг боллоо. Г.Заншатарыг Ерөнхий сайдаас огцруулах асуудал дээр ч гэсэн АН жинхэнээсээ нэг хүн шиг, нэг нам шиг байж чадсан. Г.Занданшатарын талд бус, Үндсэн хуулийнхаа талд зогссон. Нэг талаас Л.Гантөмөрийн бий болгосон эв нэгдлийн “легаси” АН дотор амь бөхтэй байна. Нөгөө талаас намын дарга О.Цогтгэрэл улс төрийн сайн тоглогч, зөв удирдлага гэдгээ харуулж чадлаа.  

Нэг зүйлийг сануулахад, 2023 оны долдугаар сард баталсан Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад хуулийн хэрэгжилтийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд улс төрийн намууд намын дүрмээ шинэчилж, удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлуудаа шийдэх ёстой. Хэрвээ МАН-ын Их хурал намын даргаа сонгож, намын дүрмээ шинэчилж чадахгүй бол энэ нам жинхэнээсээ татан буугдах дээрээ хүрч магадгүй.

Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлбэл ядаж л намын санхүүжилт ил тод болно. Ирэх гурван жил хуулиа дагаж мөрдөөд явахад 2028 оны сонгуульд арай өөр түвшний, арай өөр намууд орно. Хэрвээ МАН-аас болоод хуулийн хэрэгжилтийг дахиад хойшлуулахад хүрвэл МАН-ыг татан буулгах тухай ярих хэрэгтэй. Намын санхүүжилт ил тод биш байгаагаас болоод төрийн өмчийн компаниуд нь улс төрийн намын гол санхүүжүүлэгч болсон байна, нам дээр очиж тендер авдаг юм байна. Ц.Чулуунзагдын (МАН-ын нарийн бичгийн дарга) хэрэг бол үүний нэг л кэйс шүү дээ.

Ерөн онд Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болж, олон намын тогтолцоонд шилжихэд ардчилсан хүчний удирдагчид МАХН-ыг татан буулгах санал гаргасан. Э.Бат-үүл ганцаараа “МАХН-ыг татаж буулгаж болохгүй, 70 жил энэ намаар хүмүүжсэн, итгэл үнэмшлээ болгосон хүмүүст хэтэрхий харгис болно. Нийгэм тэр аяараа үймж ч мэднэ” хэмээн эсэргүүцсэн байдаг. Атал өнөөдөр “МАН-ыг татан буулгах цаг нь болсон байна. Үүний төлөө тэмцэнэ” гэж бичжээ. Энэ бол МАН-ын дарга, удирдлагууд иргэдээсээ хэр хол тасарсан, итгэл үнэмшлээ гээсний бас нэг жишээ...

inews.mn