Копенгаген хотноо дэлхийн цаг агаарын дулаарлын асуудлаарх олон улсын чуулган болж байна.  Энэ цаг үеийн хамгийн тулгамдаад буй асуудлыг хэлэлцэхээр 192 орны төлөөлөгчид Данид цуглараад байгаа юм.

Чуулганы хамгийн гол зорилго нь Киотогийн протоколыг орлохуйц баримт бичгийг батлаж,  ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад агаарт цацагдаж буй хүлэмжийн хийн хэмжээг багасгах явдал юм. Мөн байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйн тулд  хөгжиж байгаа орнуудад экологийн цэвэр технологийн нэвтрүүлэхэд  санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Киотогийн протокол нь 2012 он хүртэл хүчинтэй. Тиймээс хугацааг нь дуусахаас өмнө түүнийг орлохуйц  дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн баримт бичгийг батлахаас өөр аргагүй юм. Ингэснээр улс орнууд дэлхийн дулаарлыг зогсоох чиглэлээр арга хэмжээ авч эхэлнэ.  Гэтэл шинээр батлах гэж буй баримт бичгийг улс орнууд  бүгд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс энэ хоёр долоо хоногийн хугацаанд улс орны төлөөлөгчид Конпенгагенд энэ талаар ярилцаж зөвшилцөлд хүрэх ёстой.

Хөгжиж байгаа орнууд агаарт цацаж буй хүлэмжийн хийн хэмжээгээ багасгах сонирхол бага байна. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ямар болоод байгаа харуулсан баримтууд цөөнгүй байна. Озоны цоорхой томорч, хойд мөсөн далай хайлснаас усны түвшинд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ бүхнийг бодит баримтаар харуулсан  АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Альберт Горын “Эвгүй үнэн” нэртэй баримт киног бүгд сайн мэднэ. Дэлхий нийтийг цочирдуулсан энэ киногоороо  А.Гор өнгөрсөн жил Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ.

Цаг агаарын дулаарлын асуудлаар   ялангуяа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй яригдсаар байгаа. Гэвч бодит амьдрал дээр авсан арга хэмжээ бараг байхгүй гэж хэлж болно. Бидэнд хамгийн ойрын жишээ гэхэд манай оронд алт олборлолт байгаль орчныг ямар болгосон тухай байнга яригддаг. Тиймээс НҮБ-аас зохион байгуулж буй Копенгагены чуулганаар батлах баримт бичигт улс орнуудын хүлээх үүргийг тодорхой заасан.

Хоёр долоо хоног үргэлжлэх чуулганы төгсгөлд дэлхийн 70-аад орны төрийн тэргүүн Конпенгаген хотноо хүрэлцэн ирж баримт бичиг гарын үсэг зурна. Мэргэжилтнүүд энэ удаагийн чуулганаар улс орнууд зөвшилцөлд хүрч чадахгүй хэмээн үзэж байгаа. Данийн Ерөнхий сайд чуулганыг нээж үг хэлэхдээ “Энэ бол хүр төрлөхтний алдаж болохгүй маш том завшаан” гэсэн. Харин чуулганыг зохион байгуулж, улс орнуудын хийж буй хэлэлцээг зохицуулан явуулж буй НҮБ-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр  одоохондоо зөрчилдөөнтэй асуудал байхгүй байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Гэтэл өчигдөр зарим хэвлэлд бичсэнээр өндөр хөгжилтэй  орнуудын төлөөлөгчид  гэрээний төсөлтэй танилцаад ихэд бухимдсан гэнэ. Учир нь түүнд зааснаар өндөр хөгжилтэй орнууд агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн хэмжээгээ хоёр дахин багасгах ёстой аж. Харин ядуу орнууд ийм үүрэг хүлээгээгүй гэнэ.

Энэ сарын дундаар Киотогийн протоколыг орлох баримт бичиг батлагдсан байх ёстой. Харин үйл явдал хэрхэн өрнөж, улс орнууд зөвшилцөлд хүрч чадах эсэх нь хэдхэн хоногийн дараа тодорхой болно. Хэрвээ эс чадваас Данийн Ерөнхий сайдын хэлснээр хүн төрөлхтөнд дахин ийм боломж олдохгүй л болов уу.

Ю.Дэлгэрмаа