2025.11.09.

Хүн заавал өөртөө авмаар, түүнгүйгээр бүх юм утгагүй, бараг амьд явах дэмий санагдах тийм чухал эд зүйлс, бас очихыг хүссэн газар орон, тэмүүлсэн эрх мэдэл, бүр хэн нэгэн гээд юу ч байж болох. Гэхдээ бүтэхгүй бол тэгэсхийгээд өнгөрөх ба амьдрал тэдэнгүйгээр цааш үргэлжилдэг жамтай. Ерөөсөө заавал, гарцаагүй гэдэг бол бидний төсөөлөл төдий гэдгийг 19-р Фридрих Ницще нотолсон талаар гүн ухааны хичээл, номонд заадаг. Тэгвэл улс оронд ч элдэв учир шалтгаанаар бий болсон хэрнээ хэрэггүй, илүү юм олон байдаг, тэр нь хүндсуртал, тэнэглэл, уналт сүйрэлд хүргэж ирснийг тоо цифр, баримт жишээгээр харуулсныг нь уншихад тэр чигээрээ шог зохиол байдаг хүн бол английн түүхч, зохиолч Сирилл Паркинсон. Аливаа ажилд хэдийчинээ хугацаа байна, төдийчинээ сунадаг, ямар нэгэн зөвлөл, хорооны гишүүдийн оновчтой тоо бол тав, гэтэл хэзээ ч энэ тоон дээр тогтдоггүй нэмэгдсээр гацталаа томордог, түшмэдийн үндсэн ажил бол бие биендээ ажил нэмэх, түшмэдийн тоо үргэлж өсдөг, ажил багассан ч олширч байдаг, парламент дээр 10 сая долларын реактор ба 300 фунтын саравчны төсвийг яг адилхан хугацаанд хэлэлцдэг, учир нь реакторыг бараг бүгд огт мэдэхгүй (нээрээ яагаад 9,8 сая эсвэл 10,3 сая биш гэж?), харин саравч барихад юу хэрэгтэйг бүгд мэднэ гэх мэт. Бас барилга байшингаа сайжруулcаар төгс болгох тэр мөчид тухайн байгууллага хэрэггүй болж татан буугдах талын ямар нэгэн юм болдог. Паркинсоны эдгээр хуулиуд бүх цаг үе, аль ч улс оронд хамаатай бөгөөд өнөөдрийн манай төр засгийн тухайд арай дэндүү тохирч байна.

Өнөөдөр Монгол Улс 16 яам, 19 сайдтай. Тэд доoроо баахан хэрэгжүүлэгч ба тохируулагч агентлагтай бөгөөд Gov.mn сайт руу орж хайхад мэдээлэл нь шинэчлэгдээгүй, саяхан Засгийн газрын хуралдаан дээр гэнэдүүлж байгаад хөөж явуулсан Шадар сайдыгаа хасаагүй ч баримжаатай гэж үзээд тоолоход гуч гараад явчихлаа. Бас болоогүй, үндэсний хороо гэж бүтэц байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороог үлдээжээ. Эдгээрийн цаана огт бичигдээгүй зөвлөл, төсөл, хөтөлбөрүүдийг тоолж барахгүй. Тэгээд томилгоо, тансаглалыг хараад олон нийт жигших хэмжээнд хүрсэн төрийн өмчит болон төрийн өмчит компаниуд байна. Ер нь Монгол Улсын төрийн захиргааны төв болон орон нутгийн төр, захиргааны байгууллага, салбар нэгжүүд, компани, улсын үйлдвэрийн газар, элдэв, хороо, комисс, зөвлөлүүдийн реестр гаргаж зарлавал бүгд дуу алдана.

2024 оны УИХ-ын сонгуулийн дараа гурван намын Засгийн газар байгуулахдаа дахиад л томруулж тэргүүн шадар сайд, зүгээр шадар сайдууд, тэдгээрийн ажлын алба, зөвлөх туслах, ажилтнууд нэмэгдсэн. Бүр Хяналт хэрэгжүүлэх газар нэртэй бараг шинэ яам (Засгийн газрын гишүүн толгойлдог)-ыг зохиож Хяналт, үнэлгээний үндэсний хороо гэдэг малгай өмсгөөд сөрөг хүчиндээ бэлэглэв. Даанч тэдний амжуулсан ганц аятайхан ажил буюу тэр жилийнхээ 10-р сард эмэгтэй голдуу арваад ажилтнаа вьетнамын Фукуоко арал руу аялуулж төсвийн мөнгөөр сайхан амраасныг олон түмэн огт үнэлээгүй.

Манайд агентлаг нэртэй, яамдаас дутахааргүй том газрууд байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд Соёл урлагийн газар үнэхээр хэрэгтэй юм уу? Улсын хэмжээний хэдэн том театр, музейгээ яам нь харж хандаад бусдыг нь нийслэл, аймгуудын харгалзах агентлагууд хариуцаж яагаад болохгүй гэж? Боловсролын яамны дор тусдаа Боловсролын ерөнхий газар байх шаардлагатай юм уу? Дунд сургуулиудаа нийслэл, дүүргийн боловсролын газрууд тус тус удирдана, тэгэхээр энэ юу хийдэг газар вэ? Бодлогоо тэртээ тэргүй яам өөрөө бариад явах үүрэгтэй, харин хичээл сургалтын хөтөлбөрийн тухайд энэ тэрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн технологийн төв гээд тэртээ тэргүй байна. Дээд боловсролын газар байхгүй ч оронд нь “Их дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв” нэртэй ТӨҮГ аль хэдийнэ бий болжээ.

Улс төрийн болоод бусад шалтгаанаар юуг ч байгуулсан, тэр нь заавал оршин тогтноод байх болно. Хуралдана, бүтэц зохион байгуулалтаа бодож олно, хүмүүсийг ажилд авна, дээрээс өгсөн хүмүүсийг шингээнэ, бодлого, төлөвлөгөө боловсруулна, дүрэм журмаа гаргана, судална. Нэг үгээр хэлбэл “нойр хоолгүй” “чөмгөө дундартал” зүтгэнэ. Байр сав, өрөө тасалгаа, халаалт дулаан, эсвэл энэ бүгдийг орлох офисын түрээс, дарга, нарийн бичиг, зөвлөх, туслах, ажилтнууд, тэдгээрийн цалин хөлс, ширээ сандал, шүүгээ, унаа машин (шинэ дарга мэдээж шинийг нэхнэ), компьютер, тоног төхөөрөмж, бичиг цаас гээд эцэс төгсгөлгүй зардлууд урсана. Хэрвээ одоо Хүнд сурталтай тэмцэх яам, эсвэл Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх яамыг байгуулбал хийх ажлаа заавал олно. Бүр зохионо. Төрийн ордонд Үндэсний чуулган зохион байгуулахаа эхлэх байх.

Паркинсоны хуулиартийм байгууллага тасралтгүй томордог. Үүний жишээ бол Монгол банк юм. Арваад жилийн өмнө нэг зуу гаруйхан хүнтэй байсан бол өнөөдөр 700 давжээ. Төрийн байгууллагуудаас хамгийн хаалттай нь. Монгол банкныхан орон сууцны дэмжлэг, урьдчилгаа нэрээр хэт даварсны (тэр нь бараг жирийн нэг байрныхтай тэнцэнэ, бас барагтай бол хотхоноо голоод ордоггүй) зах зухаас харуулсан ганц хуудас жагсаалт ил болсны төлөө нэг ажилтнаа сэжиглэж үйлийг нь үзсэн. 2020 онд нууцад оруулж байгаад “Хурд” групппээр 16 давхар барилга бариулсан билээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төсөвт өртгийг нь нэхээд нэхээд мэдэж чадаагүй.

“Хүн байхгүй бол асуудал байхгүй”. Үүнийг Иосиф Сталин хэлсэн гэдэг ч үнэн хэрэгтээ “Арбатын хүүхдүүд”-ийг зохиосон Анатолий Рыбаков номонд орсноос өөр нотолгоо үгүй ажээ. Хүний тухайд эвгүй, сөрөг утгатай ч байгууллагад бол үгүй: Байгууллага байхгүй бол асуудал байхгүй.

Зарим ямар нэгэн байгууллага, бүтцийг татан буулгахад тэнгэр нурж, засаг сүйрч, ажил хохирдоггүй. Чиг үүрэг нь өөр тийшшилжинэ. Бүр замхарсан гээд хэн ч нэхэхгүй. Шинэ Засгийн газар яагаад ч юм “20 минутын хот” үндэсний хороотой хамт татан буулгажээ. Ажлыг нь Х.Нямбаатар өдөр тутмын лайвтайгаа нэгтгээд хийнэ биз. Шал хэрэггүй байгууллага байжээ. Хаа нэгтээ хэдэн өрөө суларч ганц нэг машин хасагдсанаар хотын түгжрэл нэг секундээр ч гэсэн багассан байх. (Гэхдээ үгүй дээ, цаадуул чинь өөр юм байгуулсан байж таарна)

Өнөөдөр төрийн өмчит компаниуд дийлдэхээ больсныг бүгд харж, төр өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Лайвчин Мөнх-Эрдэнийн хараал, ерөөл нь дэндсэнээс биш нэг чухал санаа хэлээд байгаа нь төрийн мэдлийн уул уурхайн тэр олон компанийн толгой дээр сууж менежментийн төлбөр нэрээр сааж суудаг “Эрдэнэс Монгол”-ийг татан буулгаад яам шууд хариуцах тухай юм. Салбарын том бодлогыг тэртээ тэргүй яам мэднэ, харин “Эрдэнэт” үйлдвэр тэргүүтэй аварга компаниуд өөрийгөө аваад явж чадна. Төрийн өмчийн уул уурхайн компаниудад эзэн мундахгүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар булаацалдаж харагддаг. “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг хариуцдаг нэртэй “Эрдэнэс Оюутолгой” ХХК огт хэрэггүй бөгөөд далд уурхайн төслийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцох чадвар байхгүй гэдгээ захирал нь хүлээн зөвшөөрчээ. Төлөөлөн удирдөх зөвлөлийн монголын талын гурван гишүүнийг эцсийн эцэст яам л томилно.Энэ хооронд Оюутолгойгоос өөрийн менежментийг сайжруулах нэрээр 18,2 сая доллар аваад хотын төвд аварга том офис худалдан авч, бусдыг нь зөвлөх үйлчилгээ, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгаа нэрээр үрэн таран хийгээд байна. Нарийвчилсан тоонуудыг төрийн нууцад авчихсан.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосныг төвлөрөл, эрх мэдлийг тарааснаар тайлбарладаг ч эцсийн дүндээ хариуцлагыг цацаж эзэнгүйдүүлжээ. Өөрөөр хэлбэр 126 бол хэт олдсон тоо. Энэ олон гишүүний зардал чирэгдэл дийлдэхгүй нь. Бүр 2028 онд ажлаа өгөөд жилийн турш 7,8 саяын цалингаа авахыг болиулахыг олон нийт санаачлаагүй бол нэг нь ч дуугарахгүй байсан. (Дахин нэг хэллэг зохиов: Гишүүд цөөн байвал асуудал бага байна)

Томчуудын айлчлалаас харахад манай төр яах аргагүй гурван толгойтой. Тэр олон айлчлал хичнээн их зардал чирэгдэлтэйг бүү мэд. Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын дарга Д.Амарбаярсгалан Узбекстан улсад айлчилсан ба он гараад Монгол Улсын Ерөнхийлөгч бас айлчилна гэв. Нэг л биш шүү. Бүр гадаад айлчлалын давтамжийг хадгалах гэсэн сайхан нэр томъёо гараад иржээ. Бас манай Гадаад харилцааны яам цаашдаа Бразилиа, Мадрид, Франкфурт, Сиднейд ЭСЯ дипломат төлөөлөгчийн газар байгуулах санаатай гэж сэтгүүлчдэд танилцуулсан байх юм.

Заавал байх ёстой байгууллагуудын хэрэгцээ, хэрэглээ дийлдэхээ больж байна. Үүний нэг бол Онцгой байдлын байгууллага. Улаан гараараа түймэртэй тэмцдэг хэмээн хэлүүлж байгаад сүүлийн хэдэн жил маш их хөрөнгө оруулалт хийгдсэн. Улсын төсөв, олон улсын зээл тусламжаар дандаа барууны маш олон машин техник, багаж хэрэгсэл, нисдэг тэрэгтэй ч болсон. Дөнгөж сая Азийн хөгжлийн банкны ээлжит санхүүжилт хэрэгжиж эхлээд байна. Гэтэл байдаггүй ээ. Өнгөрсөн есдүгээр сард Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт машинд унтуулж үлдээсэн хоёр настай хүүхэд алга болсныг онцгой байдлын газар нисдэг тэрэг, дрон, үнэрч нохой ашиглаж бараг мянгаад хүнийг дайчлаад ч ес хоногийн дараа зөвхөн цогцсыг 3-4-хөн километрийн зайтай газраас олсон байна. Харамсалтай. Удирдлага, арга ухаан, зохион байгуулалт муу бол ямар ч мөнгөөр зодоод нэмэргүй.

Яам, агентлаг биш хэрнээ зардал чирэгдэл нь барагдахгүй газрууд зөндөө. Гадуур явах дуртай манай дарга нар дэлхий дээр тааралдсан нүх болгонд шургаж ороод баахан үүрэг хүлээчихдэг. Хүний эрхийн үндэсний комисс шаардлагагүй, түүний чиг үүргийг илүү хүчээр, амьдралд илүү ойроор гүйцэтгэж чадах төрийн бус байгууллага Монголоор дүүрэн бий. Жендерийн үндэсний хороо гэж тусдаа байшинд суудаг газар байна. Бөөн зардал. Ядахдаа Хүний эрхийн үндэсний хороонд нэгтгэвэл таарна.

Нэг удаагийн шинжтэй хэрвээ зардал мөнгийг ууж өгдөг элдэв төслийн удирдах нэгжүүд Улаанбаатарын төвийн өндөр үнэтэй офисуудыг, заримдаа давхраар нь түрээслээд Мишээл экспо, BSB-гийн сурталчилгааны өрөө шиг болгосон харагдана. “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Бүсчилсэн хөгжлийн хүрээлэн, бас Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа гэж байна. Хараахан байхгүй энэ хот захирагч, ажлын албатай. Саяхан Хархорум хотын “Мэдээлэл сурталчилгааны цогцолбор бүхий Олон нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар тендер зарласан байх.

Нийслэл Улаанбаатар хот дутахааргүй олон байгууллагыг шинээр бодож олсон нь Яармагт босгож түгжрэлийг улам нэмсэн 100 тэрбумын цогцолборыг пиг дүүргэжээ. Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газар байсаар атал “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг гаргаж ирээд дахин төлөвлөлтийг нурааж өгч байгаа. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв ч гэх шиг. Удахгүй Улаанбаатарын ШУА бий болох байх. Уйдаад ч юм уу “Нийслэлийн бизнес, инноваци, хөгжлийн газар” гэгчийг ажиллуулдаг. Засаг даргын лайваас өөр ямар инноваци нийслэлээс гарсан бол? Бэлчээрээ багтааж ядаад тэр үү, Бэлчээрийн менежментийн төслийн нэгж ОНӨТҮГ-тай юм байна. Сэлбэ, барилга, орон сууц, гэр хорооллийн нэр зүүсэн өөр баахан төслүүд бий. Эхлээд төслийн нэгжээр эхэлж яваандаа орон нутгийн өмчит, компани, үйлдвэрийн газар болгон хувиргадаг. Нийслэлийн замын хөгжлийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын хажуугаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар гэгчийг давхар ажиллуулж байна. Хоорондоо яаж учраа олдог юм бол? Байгууллагууд яаж ийгээд үрждэг, түшмэд бие биенээ ажилтай болгохын төлөө ажилладаг гэж Паркинсон үнэн хэлжээ.

Байгууллага байхгүй бол асуудал байхгүй.