Бага хурлынхаа 49 хоног дээр болох Их хурал
МАН-ын хагарал, эвдрэл
Ардын намын хөшигний арын амьдрал гэнэт тайз руу бүлтэрч гарч ирээд, богинохон хугацаанд асар их зүйл болж өнгөрөөд одоо шувтрах тийшээ хандаж байна. Намын хийгээд парламентын дарга болох хүн буюу хүмүүс дээрээ тохирчихвол Их хурлаараа ёсчлоод асуудал дуусах нь байна. Тохирч амжаагүй бол ахиад л точигнолдож эхэлнэ. Саналаа тоолоод л, хүнээ хайрцаглаад л, уурлалдаад л, өрөөнд нь тууж оруулж түгжиж бариад л, хөөцөлдөж гүйлдээд л.... Харин Ерөнхий сайд хэн болох вэ? гэдэг асуулт одоохондоо гарахгүй янзтай.
Их хурал Бага хурлынхаа 49 хоног дээр болно. МАН-ын бие, сүнс хоёр Бага хурал дээрээ салчаагүй байлтай. Эв нэгдлийн ажлын хэсэг хүртэл байгуулж, хамаг өвөө нарынхаа өвдгийг нужигнуулан босгож явуулаад байхыг бодвол тэгсэн ч юм билүү. Тэгвэл одоо Их хурал дээрээ сүнс нь “төрлөө олж”, бие нь хонгио болон үлдэх нь. Буддын шашинд гарч байгаагаар 49 хоног нь тус тусын үйл явц бүхий долоон долоо хоногоор бүрдэх аж. Бага хурлын дараа болж өнгөрсөн үйл явдал ч шийдвэрлэх долоон алхамтай байгаа нь соньхон:
- Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох Ерөнхий сайдын тушаал гарсан.
- УИХ-ын Дарга Д.Амарбаясгалан огцорсон
- Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан
- Цэц үүнийг хууль бус гэсэн шийдвэр гаргасан
- Цэцийн шийдвэрийг хууль бус гэж үзэн, бөөн дажин дэгдэв.
- Б.Энхбаярыг УИХ-аар сонсож албажуулсан, ЦЕГ-ын даргыг секундын дотор халж явуулсан.
- Б.Энхбаярын нотлох баримтууд гаргаж, сэтгүүлчидтэй хэрэлдсэн хэвлэлийн хурал болсон.
2021 онд, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор МАН-ын ХХХ Их хурал их сүнслэг болсон юм. Нагаржунайгаар явна гэж хэлээд Бадамжунайгаар явчихсан ах нарыгаа бодвол “Социал демократ үзэл баримтлал”, тэр байтугай “ардчилал...” энэ тэр гээд нээрээ ч шинээр эхлэх гээд байгаа юм шиг оргисон, наяад оны залуучууд өнгөлж, ер нь тэр аяараа нэг их гоё өнгө будагт сүлэлдэж байж билээ. Гараанаасаа тийрэлттэй гарсан залуус Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүртэл манлайлан хийж Засгаа чангаруулж, тэх мөртөө Парламентаа батжууллаа гэлцсэн нь мөн л саяхан. Намаа тийнхүү шүншиглэсэн залуус одоо харин буланд шахагдав бололтой.
“Эвлэрүүлэн зуучлах түр хороо”-ныхонд ах нарын тал “бид хэзээ ч эвлэрэхгүй” гэж хариулан шазав татав хийж байхад дүү нараас дуу гардаггүй. Үүнээс үзвэл улс төрийнх нь замнал богиногүй ч биологийн нас залуу хэдийгээ бүх төрлийн нас нь явчихсан ах нар нь дийлж түрээд эхэлсэн дүр зураг үүсжээ. Мөн нэгэн парадокс харагдсан нь, сонгуульд ялж, гишүүн болсон, улмаар УИХ-ын дарга болсон, тэрнээсээ өмнө олон жил намынхаа гал тогоог базаж, олон ялалт байгуулсан, намдаа зузаан хүрээлэлтэй залууг, нэгэн “сул иргэн” ийнхүү түрэмгийлэн дийлж байгаа нь гайхалтай юм. Энэ илбэ жилбэ шиг үйл явдлыг “ноймор нэг” оролцож байж үүсгэсэн нь тодорхой. Нөгөө талаар өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс залхсан нийгмийн уур амьсгал ч нэлээд хатуу дэвжээ болж орхисон нь дамжиггүй биз.
Ямартай ч намын Их хурал дуусаж, юмс байрандаа орсон байдалтайгаар шинэ долоо хоног эхэлнэ. Харин тэр намаас хуучин тэрэгний дуу хадна. Үе солино гэж үзүүлж өгдөг гэж магтагдаж асан МАН-ын тэр “үе” нь өвдөгний үе л байсан юм даг уу даа. Харин үзэгчдийн зүгээс “нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил!” гэсэн трэнд үгийг л хэлэх үлдлээ.

