Таны бичсэн “Монгол түрлэг” номыг амтархан уншиж, Монголын эзэнт гүрний тухай ялангуяа, Ойрхи болон Дундад Дорнодын тухай өмнө нь мэддэггүй байсан олон баримт, эх сурвалжийг мэдэж авсан. Маш олон өнцгөөс харж судалгаа хийсэн монгол судлалын энэхүү номыг бичих ажлаа та хэрхэн эхлүүлсэн бэ?

Би түүхч, тэр дундаа Ойрхи болон Дундад Дорнодыг судалдаг хүн. Тэр утгаараа монголчууд Ойрхи Дорнод төдийгүй дэлхий дахинд ямар том нөлөө үзүүлж явсан үндэстэн гэдгийг сайн мэднэ. Иймээс ер нь Монголын эзэнт гүрэн болон Ойрхи Дорнодын хооронд ямар харилцаа байсан агаад тэр үед шинжлэх ухаан, технологийн ямар ололтууд хийгдэж, ямар ямар шинэ санаа, санаачлага гарч байсныг нь эхлээд судлахыг зорьсон. Эхлээд санаа байсан бол удалгүй номны концепц болж, цаашлаад шашин тэр бүү хэл хоолны цэс хүртэл олон зүйлийг цогцоор нь судлах ёстой болсон. Тиймээс би Еврази тив хэрхэн хөгжиж, хүмүүс хоорондоо хэрхэн холбогдож байсан талаар гүнзгий судлаж дүгнэхийг хүссэн. 

Гэхдээ би энэ түүхийг зөвхөн монголчуудын өнцгөөс харахыг хүсээгүй. Тэр өнцөг чухал нь мэдээж хэдий ч би бусад оролцогч талууд буюу өөр өөр ард түмэн, тухайн цаг үеийн олон улсын цэрэг дайны харилцааг удирдаж байсан, худалдааны хэлэлцээрт оролцож явсан, дипломат ажиллагааны нэг хэсэг болж байсан бүхий л хүмүүсийн өнцгөөс харж судлахыг зорьсон. Ялангуяа монголчуудын довтолгоо Ойрхи Дорнодод хэрхэн өрнөсөн, тэр үйл явдлыг тухайн бүс нутгийн ард түмэн хэрхэн хүлээн авсан, тэр харилцаанд ямар талууд оролцож байсан талаарх олон талт түүх надад маш сонирхолтой санагдсан учраас ном болгож хэвлүүлсэн.

“Монгол түрлэг” ном уншигчдад түүхэн баримтуудаас гадна ямар ухаарал, мэдрэмжийг үлдээгээсэй гэж хүсч байна вэ? Таны хүлээлт ямар байна?

Энэ ном 13-р зуунд Монголчуудын Ойрхи Дорнод руу довтолсон түүхийн тухай юм. Гэхдээ би энэ номоороо зөвхөн түүхэн баримтыг хүүрнэхийг хүсээгүй. Хамгийн гол нь уншигчид дэлхийн энэ чухал түүхэн үйл явдлыг олон талаас нь харж дүгнээсэй гэж хүссэн. Түүхийг бид бүгд өөр өөр өнцгөөс хардаг шүү дээ. Тухайлбал, “Би ингэж бодож байна”, “Надад ингэж санагдаж байна” гэх мэтээр. Гэвч яг үнэндээ дэлхийн үйл явдлууд урагшлахдаа хүмүүсийн өөр өөр үзэл бодол, зорилго мөрөөдөл мөргөлдөж, уулзаж, нэгдэж байж л цаашаа хөдөлдөг гэж би боддог. Тиймээс би энэ номоороо тэр олон өнцгийг нэгтгэхийг хичээсэн.

Мөн 13-р зуунд өрнөсөн үйл явдлууд ирээдүйг өөрчилсөн маш олон зүйлийн урьдач нөхцөл болсон юм. Монголчууд энэ өөрчлөлтийн гол тоглогчид байсан. Энэ хугацаанд технологийн шилжилт хийгдэж, эзэнт гүрнүүд мөхөж, шинээр үүсэн байгуулагдсан. Орчин үеийн маш олон зүйлийн суурь хэдэн зууны өмнө монголчуудын байлдан дагууллын нөлөөгөөр тавигдсан. Тиймээс би энэ номыг зөвхөн өнгөрсөн рүү харах биш ирээдүйг ойлгохын тулд түүхийг олон талаас нь шинжих ёстой шүү гэдэг зорилгоор бичсэн.

Монголчууд ЗХУ-ын нөлөөнд 70 жил байх хугацаанд Чингис хааны нэрийг дурдах ч эрхгүй байлаа. Та номоо бичих зуураа монголчуудын тухай өмнө нь хүмүүсийн ярьж бичдэггүй, мэддэггүй байсан баримт, түүхэн эх сурвалжуудтай таарав уу? Монголын эзэнт гүрний түүхэнд таны хувьд онцгой сонирхол татсан, олонд төдийлөн танигдаагүй хүн байсан уу?

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Тийм ээ. Олон бий. Зөвхөн монголчууд төдийгүй тэдэнтэй харилцаж байсан хүмүүс ч надад үргэлж сонирхолтой байдаг. Гэхдээ миний хувьд Монголын эзэнт гүрний доторх нэгэн хүн онцгой анхаарал татсан. Тэр бол Ойрхи Дорнод дахь монголчуудын захирагч Байжу ноён. Түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй ч эзэнт гүрний газар нутгийг Ойрхи Дорнодод тэлэх үйлд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголчуудын Ойрхи Дорнод дахь байлдан дагуулал, түүний дараах тогтвортой удирдлага, ухаалаг хяналт болон тулхтай захиргааг тогтоох үйл явцад голлох нөлөө үзүүлсэн хүн Байжу ноён юм. Тэрээр зүгээр нэг байлдан дагуулагч биш харин байлдан дагуулагчаас улс төр, нийгэм, эдийн засаг, татвар, худалдааг ухаалгаар удирддаг засаг захиргааны чухал шилжилтийг манлайлан хэрэгжүүлсэн удирдагч хүн. Энэ үеийн түүхэнд олонд төдийлөн танигдаагүй энэ мэт сонирхолтой хүмүүс монголын түүхэнд олон байдаг. Байжу ноён шиг хүмүүсийн түүхийг гүнзгий судлах нь Монголын эзэнт гүрний дотоод бүтэц, түүхэн нөлөөг илүү ойлгоход тусална.

Монголчуудын амжилтын нууц юунд байсан гэж та дүгнэдэг вэ? Менежмент, стратеги, харилцаа холбоондоо юу, эсвэл гүйцэтгэлдээ байсан юм уу?

Олон зууны турш Төв Азийн тал нутгийн нүүдэлчин ард түмэн хойд Евразийн бүс нутаг руу давтамжтай довтолж байсан. Жишээлбэл, Селжүк Түрэгүүдийн түүх, бүр цаашлаад 5-р зууны үеийн Хүннүчүүдийн түүхийг дурдаж болно. Эдгээр нүүдэлчдийн цэрэг дайнд давамгайлах чадвар нь тэдний амьдралын хэв маягтай холбоотой. Хэрвээ та хүүхдээ багаас нь морь унуулж, нум сум харваж сурган, тэсвэр хатуужилтай, өл даах чадвартай болгож өсгөвөл энэ нь цэрэг дайн, армийн хувьд асар том давуу тал үүсгэдэг. Энэ нь яах аргагүй Төв Азийн талын нүүдэлчдийн ялгарах давуу тал байсан. 

Гэтэл бүс нутагт байсан бусад улсууд газар тариалан эрхэлдэг суурин амьдралтай хүмүүс байв. Тэдэнд нүүдэлчдийнх шиг цэрэг дайнд зориулагдсан амьдралын дадал байхгүй. Тиймээс мянга мянган жилийн турш Төв Азийн нүүдэлчид цэрэг дайнд давамгайлж ирсэн бөгөөд Монголчууд энэ давуу талыг нэг шат ахиулсан гэж хэлж болно. Учир нь Монголчууд гайхалтай үр дүн гаргадаг, өндөр бүтээмжтэй байлдан дагуулагчид байсан. Чингис хааны удирдлага болон түүний тууштай зан, хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй чанар энэ амжилтанд шууд нөлөөлсөн. Ялагдсан ч дараа жил нь эргэж ирдэг. Энэ зан чанар болон хэзээ ч үл зогсох эрмэлзэл нь Монголын эзэнт гүрнийг асар хурдтай тэлэхэд хүргэсэн. Мэдээж нөгөө талдаа асар их хүний амь насны хохирол араасаа дагуулсан.

Миний бодлоор монголчуудын хамгийн онцгой чадвар нь бусдаас суралцахад оршиж байсан. Тэд шинэ газар нутгийг хэзээ ч зүгээр л нэг эзлээд өнгөрч байгаагүй. Монголчууд тухайн нутгийн давуу тал, шинээр үүсэх боломж, тухайн улсын хүчирхэг зүйлсийг анзаарч, “Бидэнд эндээс юу хэрэгтэй вэ, юуг нь сурах ёстой вэ?” гэж байнга асуудаг байв. Энэ чадвар, хандлагаа ашиглан шинэ орчинд дасан зохицож, хуучныг өөрчилөн сайжруулж, сайныг дахин давтаж, харьцангуй давуу талуудаа туйлын давуу тал болгон хувиргаж чаддаг байсан. 

Нэг тулаанд ялбал цэргүүд урамшина. Хоёр, гурван ялалт дараалан авбал улам зоригжино. Харин 40 ялалтын дараа ялагдсан бүх улс болон тэдгээр ард түмнээс сурсан зүйлээ нэгтгэвэл та бараг хэнд ч дийлдэшгүй, хэн ч таныг зогсоож дийлэхгүй болно гэсэн үг. 1230-аас 1240 оны үед Монголчууд дэлхийг тэр чигээр нь эзлэх хэмжээний байлдан дагуулал руу чиглэж, ийм зорилго тавьж буйгаа илэрхийлж байсан. Үнэндээ тэр үед монголчуудыг зогсоож чадах улс үндэстэн байгаагүй. Тиймээс олон хүн монголчуудыг дэлхийг эзлэх хүсэл үнэхээр биелж магадгүй нь гэж бодож эмээж байсан.

Та монголчуудыг зүгээр л нэг эзлэн түрэмгийлэгчид байгаагүй харин шинжлэх ухаан, худалдаа, дипломат харилцааг хөгжүүлэгчид байсан гэж үздэг. Энэ талаар дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү? Зарим хүн энэ асуудлаар одоо хүртэл маргалддаг!

Тийм ээ. Энэ бол өнөөдөр ч маргаантай сэдэв хэвээр байгаа. Би номондоо аль аль талыг нь хүлээн зөвшөөрч бичсэн. Монголчуудын байлдан дагуулал асар их хүний амь насыг авч одсон. Нэг хотыг эзлэхдээ 1000 хүн тутамд нэг жад босгож, түүгээрээ хичнээн хүнийг хөнөөснөө илэрхийлдэг байсан гэдэг. Энэ бол үнэхээр аймшигтай тоо. Гэхдээ үүнээс цаашаа томоор нь харж зураглавал маш чухал зүйлсийг анзаарна. 

Монголчууд Ойрхи Дорнодод байхдаа шинжлэх ухааныг гүн сонирхож, мэдлэг, оюуны эрэл хайгуулыг байнга хийж байсан түүхтэй. Иймээс одоогийн Иран улсын Марага (Maragheh) хотод шинжлэх ухааны судалгааны төвийг байгуулсан бөгөөд энэ нь 13-р зууны үед исламын ертөнцийн хамгийн нэр хүндтэй одон орон, математик, философийн хүрээлэн болж хөгжсөн. Монголчууд Ойрхи Дорнод дахь захиргааны тогтолцоог шинжлэх ухаан, мэдлэг дээр суурилсан байдлаар хөгжүүлэх зорилготой байсан. Энэ нь ялангуяа тригонометрийн салбарт томоохон дэвшил гаргасан төдийгүй Ойрхи Дорнодын соёл, мэдлэгийн төвүүдийг сэргээж, шинжлэх ухааны солилцоог идэвхжүүлж, Европ, Исламын ертөнц, Хятадын мэдлэгийн системүүдийг холбох оюуны гүүрийг угсарч, маш чухал дэвшил гаргасан. Энэ бол маш алдартай жишээ.

Худалдааны хувьд ч Монголчуудын нөлөө асар их байсан. Зөвхөн Эзэнт гүрэн дотор биш монголчуудын хяналт дор байсан худалдааны өргөн худалдааны сүлжээ Зүүн Өмнөд Азиас эхлээд Сири, Зүүн Европын хилийн бүс хүртэл тэлж байв. Тэр үед худалдаачид тив дамнан бараа бүтээгдэхүүн тээвэрлэж наймаа арилжаа хийдвэг байсан. Энэ нь зөвхөн худалдаа төдийгүй соёлын гайхалтай солилцоог бий болгосон тул монголчууд худалдаанд маш их ач холбогдол өгдөг байсан. Тэд худалдаачдыг бодлогоор урамшуулж, хөхүүлэн дэмждэг байв.

Заримдаа судлаачдын анзааралгүй өнгөрөөдөг нэг зүйл бол бүс нутаг дахь хүний нөөцийн бодлого, мэдлэг, мэдээллийн урсгалын удирдлагыг монголчууд хэрхэн хийдэг байсан тухай сэдэв юм. Гэхдээ үүнийг тэр үеийн монголчууд бас яг 100% бодлогоор зохион байгуулалттай удирдан хийж байсан уу гэвэл шууд хэлэхэд хэцүү. Жишээлбэл, Монголчууд тухайн үедээ Ойрхи Дорнодоос цааш Баруун Европт юу байдгийг сайтар мэддэггүй байсан. Тиймээс барууны ертөнц элч төлөөлөгчид, дипломат, судлаач хүмүүсийг анх удаа Хархорин болон Монголын эзэнт гүрний бусад хэсэг рүү илгээж байв. Энэ үед монголчууд ч зүгээр байгаагүй. Баруун Европ гэх мэт хол, танил бус газруудад элч илгээж, тэдгээр элч нар нь огт мэдэхгүй нутгийн тухай мэдээлэл авчирч байсан. Ийм байдлаар мэдлэг, мэдээлэл хоёр чиглэлд урсаж, чөлөөт солилцоо явагддаг байв.

Надад хамгийн сонирхолтой түүх бол Монголчууд ба Египетийн Мамлюк эзэнт гүрний харилцааны тухай байдаг. Монголын элч Египетийн элчид хандан “Бид Египетийн тухай сонссон. Тэнд том гол байдаг гэсэн. Үнэн үү?” гэж асуухад Египетийн тал “Тийм ээ, Нил мөрөн бий” гэж хариулсан. Монгол элч “Тэр гол дээгүүр асар том яс тавьж гүүр болгосон байдаг гэсэн. Үнэн үү?” гэж асуухад Египетийн элч нар дипломат байдлаар инээмсэглэн “Бид тийм гүүрийг хараагүй л байна” гэж хариулсан байдаг. Эндээс бид юу дүгнэх ёстой вэ гэвэл монголчууд домог мэт яриа сонссон ч бодит байдлыг яг таг мэдэхгүй байсан. Иймээс элч илгээж тэр яриа домгийг бодит байдалтай тулган шалгаж, тэр хэрээр шинэ зүйл сурч байв. Улмаар монголчууд Египетийн тухай илүү их мэддэг болж, Египет төдийгүй Баруун Европчууд Монголчуудын тухай илүү их ойлголт авсан түүхтэй. Энэ хэрээр Еврази бүс нутагт ялгаатай олон нийгмийн харилцаанд холбогдож, мэдлэг, соёлын солилцоо эрчимтэй өрнөсөн. Үр дүнд нь энэ тив, бүс нутаг монголчуудын нөлөөгөөр урьд хожид байгаагүйгээр хоорондоо нягт холбогдсон, бие биенээсээ харилцан суралцсан орон зай болон хувирсан.

Монголчуудын Ойрхи Дорнод дахь удирдлага загалмайтны улсуудад болон тэдний исламын ертөнцтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ? Мөн буддизм, бөө мөргөлийн нөлөө ямар байсан бол? Та “Pax Mongolica” буюу Их Монголын амар амгалан, энх тайван, олон талт байдал, шашны эрх чөлөөний талаар юу гэж боддог вэ? Ромын пап Монголд айлчлахдаа энэ өнцгийг онцгойлон дурдаж байсан юм.

Монголчууд ирэхээс өмнө Ойрхи Дорнод маш олон султанат, эзэнт гүрэн, эмират, вант улс, ванлигт хуваагдсан тун ээдрээтэй мозаик бүтэцтэй бүс нутаг байлаа. Зарим нь исламын шашинтнууд, зарим нь Баруун Европын христийн улс, зарим нь Ойрхи Дорнодын христийн ванлигууд байсан. Эдгээр нь бүгд хоорондоо худалдаа, дипломат харилцаа өрнүүлж байсан ч нөхцөл байдал маш төвөгтэй, харилцаа нь ээдрээтэй байв. Гэтэл Монголчуудын довтолгоо, эзэнт гүрний байлдан дагуулал энэ бүхнийг үндсээр нь өөрчилсөн. Монголчууд энэ бүс нутгийн ихэнх хэсгийг эзэлж, эцэст нь зөвхөн хоёр газар л Монголын хяналтаас гадуур үлдсэн. Нэг нь Египет дэх Мамлюкын эзэнт гүрэн, нөгөө нь Загалмайтны улсууд.

1258 онд Монголчууд Багдадыг эзлэн авч асар их хохирол учруулсан. Дараа нь 1260 онд Сирийн зүг давшсан. Энэ үед Загалмайтны улсууд Газар дундын тэнгисийн зүүн эрэг дагуух өнөөгийн Египетийн хойд хилийн орчмоос Туркийн өмнөд хил хүртэлх улсууд өөрсдийгөө монголчуудын дараагийн бай боллоо хэмээн айсан. Тэд Монголчуудтай тулалдах хүчгүй байв. Монголын Ойрхи Дорнод дахь арми 100 мянга хүртэлх цэрэг дайчлах чадвартай байсан бол загалмайтнууд сайндаа л 6 мянган цэрэг цуглуулах боломжтой байв. Тиймээс тэд цайзуудаа бэхжүүлж, бүх боломжоороо дайнд бэлдсэн ч Монголын довтолгоонд тэсэж үлдэх найдвар тун бага байлаа. Тиймээс тэд дипломат аргаар хэлэлцээ хийхийг оролдсон ч үнэндээ тэдний ялагдал цаг хугацааны л асуудал байв.

Энэ үед зөвхөн Египетийн Мамлюкууд л Монголчуудын эсрэг цэрэг илгээсэн. Тэдний арми том биш буюу ердөө 12 мянга орчим цэрэгтэй байсан. Мамлюкуудын дунд“Ээ бол найдваргүй тулаан, бид ялагдах нь гарцаагүй” гэсэн хандлага байсан. Гэвч нөхцөл байдал тэдний хувьзд эерэгээр эргэж, Монголын армийн ихэнх хэсэг нь гэнэт зүүн зүгт буцсан. Учир нь тэр үед Монголд Их хаан нас барсан тул тэд тал нутаг руугаа буцах шаардлагатай болсон юм. Улмаар үлдсэн цөөн тооны монгол цэргийг Мамлюкууд ялж чадсан. Ингэснээр загалмайтнууд тэр мөчид ядаж түр хугацаанд ч гэсэн монголчуудын довтолгооноос аврагдсан түүхтэй. Гэхдээ Загалмайтны улсуудын хойд хэсэгт орших жижиг ванлиг болох Антиохийн ванлиг (Одоогийн Турк Улсын өмнөд хэсэг) Монголчуудад албан ёсоор захирагдаж, алба татвар төлдөг вассал улс болсон.

Маш сонирхолтой юм. Энэ цаг үед хийсэн монголчуудын байлдан дагуулал тухайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн бүтэц, зохион байгуулалтад хэрхэн нөлөөлсөн бэ? Орчин үеийн бодлого боловсруулагчид, стратегичид тэр үеийн монголчуудаас ямар сургамж авч болох вэ?

Маш сайн асуулт байна! Монголчуудын байлдан дагууллын үед олон эзэнт гүрэн, султанат тэдний өмнө нуран унасан. Харин тэрхүү үймээн самууны дунд ямар шинэ хүч бүрэлдэн гарч ирж үүссэн нь маш сонирхолтой байдаг. Жишээлбэл, нэгэн овог монголчуудын довтолгооноос зугтаж, баруун зүгт нүүж өнөөгийн Туркийн нутагт ирсэн байдаг. Энэ нь Түрэг угсааны нүүдэлчин овог байсан бөгөөд тухайн бүс нутагт байсан бусад түрэг бүлгүүдтэй хамтран жижиг улс байгуулж, улмаар хүчирхэгжин тэлж эхэлсэн. Анхнаасаа монголчуудын аюулаас зугтаж явсан тэр овог бол Османыхан (Оттоман) байсан. Османы эзэнт гүрний эхлэл нь өнөөгийн Туркийн газар нутаг дээр монголчуудын нөлөөгөөр бий болж, бүс нутгийн үймээн самууны үеэр хүчирхэгжин мандсан түүхтэй.

Египетийн тухайд би өмнө нь Мамлюкууд гээд хэд хэдэн удаа дурдсан. Мамлюкын эзэнт гүрэн монголчуудын довтолгооны үеэр Евразийн хойд хэсэг буюу өнөөгийн Орос, Украйны орчмоос эзлэгдсэн хүмүүсээс цэрэг армиа бүрдүүлсэн байдаг. Тэд эхлээд Крымд боол болгон зарагдаж, улмаар Египет рүү хүргэгдэн Мамлюкын армийн дайчид болсон. Эцэст нь тэд өөрсдөө эрх мэдэлд хүрч, өөрсдийн эзэнт гүрэн байгуулж чадсан. Эндээс харахад тухайн үед хурдан хүчирхэгжсэн хоёр гүрэн болох Осман ба Мамлюк нь хоёулаа монголчуудын нөлөөгөөр үүссэн буюу монголчуудын байлдан дагууллаас зугтаж нүүсэн, эсвэл довтолгоонд шахагдсан хүмүүсээс бүрдсэн байдаг. Энэ бол түүхчдийн анхааран судлах ёстой зүйл юм.

Бас нэг сонирхолтой зүйл бий. Хэрэв тухайн бүс нутагт зогсоож чадахгүй хүч түрэн орж ирсэн нөхцөлд хэн амьд үлдэж, ямар улс нь нуран унаж байсныг анзаарах ёстой. Ихэнх улс орнууд монголчуудыг эсэргүүцэхдээ дараах үйлдлүүдийг хийсэн байдаг. Тэд Монголчууд ойртож байгааг мэдээд тагнуулын мэдээлэл цуглуулна. Энэ үед монголчууд элч илгээж “Бидэнд дагаар ор, эсвэл довтолно” гэж мэдэгдэнэ. Тэд дагаар орохоос татгалзаж, хамгаалалтаа бэхжүүлэн армиа босгоно. Монголчууд довтолно. Тэд хамгаална. Энэ бүхэн энгийн логик мэт санагдах ч эдгээр улсууд бүгд монголчуудад ялагдсан. Харин амьд үлдсэн улс орнууд огт өөрөөр хариу үйлдэл үзүүлсэн байдаг. Жишээлбэл, Киликийн хаант улс (Өнөөгийн Туркийн өмнөд хэсэг) монголчууд ойртож ч амжаагүй байхад дагаар орж, Монголын эзэнт гүрэнтэй дипломат, цэрэг, шашны эвсэл байгуулсан. Харин мамлюкууд эсрэгээр буюу монголчуудыг хүлээхгүйгээр шууд довтолсон. Тэд хэт түрэмгий, эрс шийдэмгий шийдвэр гаргасан байдаг.

Эдгээрийг орчин цагт хувирган бодохоор надад маш сонирхолтой санагддаг. Бид өнөө үед уужуу тайван, шаталж бодож байж гаргасан шийдвэрийг сайн гэж үздэг. Эсрэгээр хэт огцом, хурц, эрс шийдвэрүүдийг муу гэж боддог. Гэвч тухайн үед Ойрхи Дорнодын түүхэнд бол тэр хурц, эрс шийдвэрүүд амжилттай хэрэгжиж байсан. Харин манай дэлхий өнөөдөр эмх замбараагүй, хямралтай байдал руу шилжиж байна. Энэ байдал улам битгий хурцдаасай гэж би найддаг. Олон хүн надтай адил санаа зовниж байгаа болов уу. Тиймээс дэлхийн удирдагчид шийдвэр гаргах арга барилаа дахин эргэцүүлж харах хэрэгтэй. Учир нь тайван цагт хэрэгжиж болдог, зөв ажилладаг мэт шийдвэрүүд нь дэлхий дахины хямралын үед үр дүнгүй байдаг гэдгийг тэр үеийн монголчуудаас суралцах ёстой.

Та Монголд очиж байгаагүй ч гэсэн эртний түүхийн талаар арвин мэдлэгтэй хүн. Та орчин цагийн монголчуудын үндэстний тодотгол, олон улс дахь ондоошил, ижилсэлийг юу гэж боддог вэ? Ямар байх ёстой вэ?

Тийм ээ, би өөрөө Монголд очиж байгаагүй ч гэсэн орчин цагийн Монголын талаар маш гүн сонирхолтой болсон. Сонссон мэдээллүүд маань ихэнхдээ эерэг буюу эдийн засгийн өсөлт, дэлхийтэй илүү нээлттэй харилцах хандлага, нийгэм, соёлын талаар олон сайхан зүйл өрнөж байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ миний хувьд хамгийн сонирхолтой нь Чингис хааны үе гэхээс илүүтэйгээр Монголын нийгэм, соёлын өөр өөр цаг үеүүд нь байдаг. Монголчуудын ертөнцийг харах өнцөг, хүнийг хүндэтгэх хандлага, байгальтай харилцах ухаан зэрэгэнэ бүхэн миний өссөн орчиноос тэс өөр. Энэ бол өөр сэтгэлгээ, өөр үнэт зүйлс. Гэхдээ энэ ялгааг би эерэг зүйл гэж боддог. Бидний хоорондын ялгаа ондоошил нь биесээсээ харилцан суралцах, ойлголцох боломжийг бий болгодог. Монголын нийгмээс бид суралцаж болох зүйлс бий. Мөн Монгол ч биднээс авч болох зүйлс зөндөө байгаа болов уу. Ийм ялгаатай соёлын орчил дунд харилцан хүндлэл, соёлын солилцоо, хамтын үнэ цэнэ бий болдог гэж итгэдэг. Тиймээс монголын ард түмэн дэлхийтэй илүү нээлттэй харилцаж, өөрсдийн өв соёл, сэтгэлгээ, байгальтай харилцах ухаанаа чөлөөтэй хуваалцаж чадвал энэ нь дэлхий нийтэд оруулах үнэтэй хувь нэмэр болно гэж бодож байна. Мөн энэ хэрээр Монгол өөрөө дэлхийгээс суралцаж, тэр хэрээр соёлын харилцан солилцоо хийгдэх боломжтой.

Яг адилхан асуултыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хувьд таньд тавимаар байна. Танай улсын хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь юу байна вэ?

Өнөөдөр дэлхий даяар олон сорилттой тулж байна. Их Британи, Монгол, бусад улс орнууд ч гэсэн яг адилхан. Би тус тусын асуудлуудыг ярьж болох хэдий ч миний хувьд хамгийн түгшүүртэй санагдаж байгаа зүйл бол хүмүүс бие биенээ сонсохоо больсон явдал. 

Монголд ч гэсэн яг адилхан нөхцөл байдалтай болсон шүү!

Улс төр, нийгмийн янз бүрийн байр суурьтай хүмүүс хоорондоо ярилцахыг хүсдэггүй. Бие биетэйгээ эрүүл ухаанаар соёлтой мэтгэлцэхгүй, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэхгүй, санаа бодлоо нээлттэй бас чөлөөтэй солилцохоо больсон. “Би ингэж бодож байна, чи юу гэж бодож байна вэ?” гэж асуухын оронд зүгээр л орилолдож, байнга л бие биендээ учиргүй уурлаж явдаг болсон. Энэ бол нийгэмд ухаалаг яриа өрнүүлэх, асуудлыг шийдэх арга огт биш. Би хүмүүс бие биенээ зүгээр л хүн гэж харж хүндэтгэн, хоорондоо нээлтэй, чин сэтгэлээсээ ярилцаж сураасай гэж хүсдэг. Бид хоорондоо заавал санал нийлэх албагүй шүү дээ. Гэхдээ “Би ингэж бодож байна, харин чи?” гэж асуух нь маш чухал. Харин эсрэгээр “Би ингэж боддог учраас чамтай ярих ч үгүй, надтай зөрөлдвөл хохь чинь шүү” гэдэг хандлага бол маш аюултай. Нийгмийн сүлжээ ч үүнд нөлөөлж байна. Хамгийн чанга, хамгийн ууртай дуу хоолой л нийгэмд сонсогддог. Эсрэгээр амар тайван, зөв зүйтэй, ухаалаг ярианууд улам бүр бүдгэрч байна.

Тэгвэл өнөө цагт хятад, монгол, англи байсан ялгаагүй дэлхийн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл юу байж таарах вэ?

Та бид түүхэн эргэлтийн цэг дээр ирээд байна. Бидний хоорондын харилцаа холбоо урьд хожид байгаагүйгээр гүнзгий болсон. Та бид хоёр ингээд яриад сууж байна гэдэг нь үүний тод жишээ. Бид хоёр Лондон хотод уулзаад шал өөр соёл, өөр улс орнуудын тухай ярилцан, үзэл бодлоо солилцож байна. Энэ бол гайхамшиг. Нэмээд технологи биднийг холбож байна. Энэ технологи бидний яриаг одоо бичиж авахаас гадна олон нийтэд улам олон хүнд дамжуулна. Иймээс технологийг сайн сайхны төлөө ашиглах ёстой. Гэхдээ эсрэгээрээ ашиглагдах тохиолдолууд ч зөндөө бий. 

Би саяхан сансар судлалын музей үзсэн юм. Тэнд сансрын хөлгүүд, гараг одод болон орчлон ертөнцийн зургууд байсан. Хүн төрөлхтөн гэдэг бол тэр их орчлонгийн дэргэд жижигхэн цэг шүү дээ. Гэсэн хэдий ч бидэнд шинэ гариг нээж, орчлон ертөнцийн талаарх шинэ туршлага хуримтлуулж, цоо шинэ орон зайг судлах хязгааргүй боломж байна. Технологи үүнийг хийх боломжтой болгож байна. Энэ боломж бол гайхамшигтай шүү дээ. Гэтэл үүнийг ашиглахгүйгээр бид зүгээр л бие бие рүүгээ эргэж ноцож дайтаж, бүр нэгнээ устгаж ч болно. Үнэндээ түүхэндээ бид тэгж л ирсэн. Тиймээс миний хувьд хамгийн чухал зүйл бол Монгол, Их Британи болон бусад улс орны хүмүүс бүгд ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл та бид бүгд нэгэн дэлхий дээр хамтдаа амьдарч байгаа шүү. Хоорондоо хамтран ажиллаж, улам ихээр холбогдож чадвал биднийг гайхамшигтай адал явдал, энэ дэлхийгээс цаашаа цоо шинэ ертөнц хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна.

Монголын эзэнт гүрэн гео улс төрийн хүрээнд том хотууд, худалдааны замууд, бэлчээр, хөдөө аж ахуйн газрууд, стратегийн хэрэм цайзууд, шашны төвүүд, сүм, хийдүүдийг хатуу хяналтандаа байлгаж Эзэнт гүрэн доторх өрсөлдөөн болон зөрчлийг удирддаг байсан гэж дүгнэсэн. Орчин цагт ч гэсэн улс орнууд яг эдгээр нөөц, дэд бүтцийн төлөө л өрсөлдөж байна. Харгисаар өрсөлдөхөөс илүүтэйгээр харилцан ашигтай хамтран ажиллах жорыг Эзэн гүрний үеийн монголчууд үлдээсэн болов уу?

Та “Pax Mongolica” буюу “Их Монголын амар амгалан”-гийн тухай дурдсан. Би тэр асуултанд дутуу хариулсан байна. Монголын эзэнт гүрэн асар уудам нутаг дэвсгэрийг удирдаж, зарим үед Монголын удирдагч овгууд хоорондоо тэмцэлдэж байсан ч “Pax Mongolica” нь үнэхээр бүс нутаг төдийгүй дэлхий даяар худалдаа, харилцааны хувьд чөлөөт, аюулгүй байдал, энхтайвны хувьд онцгой бүс болж чадсан. Энэ нь Хятадаас эхлээд Ойрхи Дорнод руу, Ойрхи Дорнодоос өнөөгийн Орос, Европ хүртэл, тэр байтугай Монголын эзэнт гүрний хязгаараас ч цаашаа бараа товаар, мэдээлэл, хүмүүс чөлөөтэй шилжих боломжийг олгосон түүхтэй. Энэ бол үнэхээр гайхамшиг. Монгол худалдаачид мянга мянган километрийн цаанаас бараа авчирч чаддаг байсан. Эдийн засгийн хувьд энэ нь маш эерэг нөлөөг эзэнт гүрний хувьд үзүүлж байсан.

Өнөөдөр дэлхий даяар худалдааг хязгаарлах, хаах тухай яриа нэмэгдэж байгаа үед худалдааг дэмжих, чөлөөтэй байлгахын ач холбогдлыг Монголын жишээнээс харж болно. Энэ бол маш хүчтэй сургамж юм аа уг нь. Монголчуудын засаглалын тухайд хэлмээр байгаа зүйл бол шашны хувьд хүлээцтэй, ижил тэгш ханддаг байсан онцлогтой. Мэдээж энэ нь Монголын засаг захиргаанд байсан тохиолдолд л тэгш ханддаг байсан ч тухайн үеийн хүмүүс үүнийг гайхалтай, ховор үзэгдэл гэж үздэг байжээ.

Монголын эзэнт гүрний түүхээс бид ямар сургамж авах ёстой вэ гэвэл миний өмнө нь хэлж байсанчлан монголчуудын бусдаас суралцахыг эрхэмлэдэг байсан чанарыг дахин дурдмаар байна. Тэд өөр бүс нутгийн засаглалын арга барилыг сонирхож судлан, өөрсөддөө тааруулан хэрэгжүүлж туршиж үздэг байв. Тэд өөрсдөө шууд засаглах нь үр дүнтэй биш бол орон нутгийн захирагчдыг ашиглах замаар эрх мэдлийн зохистой хуваарилалтыг хийж, засагалалыг зарчмыг дээд зэргийг үр дүнтэй хэрэгжүүлдэг байв. Жишээлбэл, Хятадыг эзэлсний дараа тэд цаасан мөнгөний системийг олж мэдсэн. Үүнийг Ойрхи Дорнод руу нэвтрүүлэх гэж оролдсон. Гэвч амжилтгүй болсон. Та төсөөлөөд бодоод үзээрэй. Тэр үед “Надад бүх алтаа өг, би энэ цаасан “мөнгө” оронд нь өгье” гэвэл хэн ч итгэхгүй байх байсан. Цаасан мөнгийг жинхэнэ үнэ цэнтэй зүйл гэж хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа, итгэл хэрэгтэй байсан юм. Гэхдээ энэ туршилт өөрөө маш сонирхолтой. Учир нь монголчууд нэг газар хэрэгжиж буй санааг авч өөр газар нутагшуулан туршиж үздэг. Энэ бол маш чухал сургамж, ойлгох ёстой хичээл юм шүү. Өөр улс орнуудын засаглал, соёлыг мэдэрч ойлгох, хэрэгтэй зүйлсийг нь авч нэвтрүүлэх нь Монголын эзэнт гүрнээс авч болох хамгийн үнэ цэнтэй хичээлүүдийн нэг гэж хэлмээр байна. 

Миний урилгыг хүлээн авч маш сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа! Таны судалгаа болон дараагийн номны ажилд нь томоос том амжилт хүсье! Монголтой холбоотой олон олон ном бичээрэй.

Таньтай ярилцах нь нэр төрийн хэрэг байлаа. “Монгол Түрлэг” ном маань монгол хэл рүү орчуулагдаад тун удахгүй хэвлэгдэн монголчуудын гар дээр очих болно. Миний энэ номыг авч уншин эх түүхийнхээ эзэн болоорой гэж хэлмээр байна. Баярлалаа!