Өнөөдөр 12 дугаар сарын 7. 1989 оны энэ өдөр Монгол улсад анх удаа эсэргүүцлийн цуглаан Ховд хотод болж байлаа. Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд, залуу багш нар оройлж, олон үндэстний өлгий болсон тус аймгийн хөдөлмөрчид идэвхитэй дэмжсэн тэр үйл явдал тухайн үед хуралдахаар бэлтгэж байсан МАХН-ын Бүгд хурлыг угтсан арга хэмжээ байжээ. Багш, оюутнууд сургуулийнхаа оюутны байрнаас Ард Аюушийн талбай хүртэл жагсаж, талбай дээр хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн цуглаан хийсэн юм. Цуглааны үеэр олон нийт тухайн үеийн нийгэм, улс төрийн тогтолцоог буруушаан шүүмжилж, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц удаан байгааг зэмлэсэн үг хэлж байсан байна.

Цуглаанаас Аймгийн намын хороогоор дамжуулан МАХН-ын Төв хороонд хаягласан өргөх бичиг барьсан байдаг. Тэрхүү өргөх бичгээр, намын удирдлага хоцрогдсон, цаг үеэ мэдэрдэггүй, болхи удаан үйл ажиллагаатай тул огцруулах ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Зөвлөлтөөс эх авсан өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц системийн бүх орнуудыг хамран өрнөөд байхад манай улс хүлээзнэсэн, харзнасан, эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай байсаар бусдаас хоцрогдох болох нь гэж уг шаардлагад анхааруулж байжээ. Өргөх бичгээ оюутнууд, багш нар аймгийн болон аймгийн намын хорооны удирдлагуудад гардуулж өгөөд цуглаанаа тараасан байна.

Энэ үйл явдлаас ердөө гурав хоногийн дараа буюу 12 дугаар сарын 10-нд нийслэлд Ардчилсан холбоо байгуулагдан, анхны ерөнхий зохицуулагчаараа С.Зориг агсныг сонгож, Залуучуудын соёлын төвийн өмнөх талбайд анхны цуглаанаа зохион байгуулсан юм. Энэ өдрийг Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн өдөр хэмээн албан ёсоор нэрлэсэн бөгөөд гурав хоногийн дараа Ардчиллын 20 жилийн ойг тэмдэглэх гэж байна.

Хэдийгээр Ардчиллын өдөр гэгдэх 10-наас өмнө Ховд хотод эсэргүүцлийн цуглаан болж байсныг “Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын эхлэл” гэж тооцдоггүй ч гэлээ тэрхүү хувьсгалын өрдөн өдөөж, улмаар ноцоон бадраахад хүргэсэн хэт, цахиур нь болсон гэж үнэлэн дүгнэдэг юм.

Эсэргүүцлийн цуглаан хийсэн гол гол хүмүүс, ялангуяа залуу багш нарыг аймаг, сургуулийн удирдлагын хурлуудаар авч хэлэлцэн, шийтгэн донгодож, хатуу сануулсан тухай баримтууд одоо ч бий. Гэхдээ л энэ үйл явдал Ховдын багшийн дээд сургуулийн, цаашлаад аймгийн захиргаа, удирдлагын үйл ажиллагаанд “өөрчлөлтийн салхи” сэвэлзүүлснийг олон хүн өнөөдөр дурсан ярьдаг. Төд удалгүй аймгийн Ардчилсан холбоо байгуулагдан, шинэчлэлийн төлөөх тэмцлийг зохион байгуулж эхэлсэн байна. Сургуулийн оюутны зөвлөл Оюутны холбоо болон өргөжин зохион байгуулагдаж, захирлын зөвлөлд хүртэл байнгын суудалтай болж байжээ.

1990 оны 3 дугаар сард ардчилсан хувьсгалын тулгуур гурван хүчин гэгддэг Монголын Ардчилсан Холбоо, Шинэ дэвшилт хөдөлгөөн, Монголын Оюутны холбооны хамтарсан эсэргүүцлийн цуглаан, жагсаал нийслэлд болоход Ховдын Оюутны холбооны төлөөлөгчид албан ёсоор уригдан оролцож байв. МАХН-аа шинэчилье, Төв хорооны удирдлагыг огцруулъя, өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэе хэмээн уриалж, шаардаж өрнөсөн Ховдын тэр цуглаанаас хойш өнөөдөр яг 20 жил болжээ. Хэдийгээр олон намтай болъё, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжье, ардчилсан сонгуулиар төр, засгийн удирдлагыг тодруулж байя гэж хэлээгүй, магадгүй ингэх ёстойг мэдээгүй байсан ч гэлээ Ховдын Багшийн дээдийн 1989 оны оюутнууд, багш нар Монголын амьдрал тухайн үеийнхээрээ яваад байж болохгүйг анх түрүүнд дуугарснаараа түүхэн гаъяатай хүмүүс билээ.


Сэтгүүлч Д.Энхболдбаатар