Кембриж буюу олон улсын стандартад суурилсан ерөнхий боловсролын үндэсний хөтөлбөрт шилжих тухайд нэг нийтлэл бичих хэрэгтэй болов.

Хамгийн түрүүнд Монгол хүүхдүүд, Монгол багш нараар заалгаад, Монгол Захиралтай менежментийн баг удирдаад явж байгаа төрийн өмчийн, элдэв өндөр төлбөргүй сургуулийн төгсөгчдийн дийлэнх нь Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад гадаадын тэтгэлэгтэйгээр тэнцэн элсээд байгаа нь юуных вэ? Энэ амжилттай туршлагыг яагаад жирийн олон түмний хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж болохгүй гэж? Гэсэн 2 асуултаас эхэлье.

Сүүлийн үед миний биe УИХ-н гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хамт УИХ-н ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй МУ-г 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон МУ-н ЗГ-н 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт оруулж тусгуулахаар ажиллаж байгаа ерөнхий боловсролын ОУ-н хөтөлбөрийг монголд нутагшуулах зорилгынхоо талаар байр сууриа илэрхийлэх нь зөв байх гэж бодлоо. 

Энэ асуудлыг ярихын тулд ерөнхий боловсролын хөтөлбөрийн талаархи товч түүх, одоогийн байдал болон ОУ-н хөтөлбөр нэвтрүүлэх өмнөх оролдлогын ололт, дутагдал цаашид авах арга хэмжээ зэргийг тоймлон харж үзэх ёстой боловуу. Тус хөтөлбөрийг монголд хэрэгжүүлэх шийдвэр, үйл явц явагдаж байх үед миний бие тухайн үеийн БСШУ яаманд Ё. Отгонбаяр сайдын зөвлөхөөр ажиллаж энэ талаар багагүй мэдээлэлтэй байснаа дурьдах нь зөв байх.

Манай улсын орчин цагийн боловсролын тогтолцоо 1921-1930 оны хооронд Зөвлөлтийн тусламжтайгаар тэдний боловсролын тогтолцоог жишиг болгон үүссэн түүхтэй. Тэр үед ЗХУ-д аж үйлдвэржилт өрнөж байсан тул байгалийн шинжлэх ухааны хичээлүүд давамгайлсан, багш төвтэй сургалтын аргад түшиглэсэн, үзэл суртлын нөлөө ихтэй тогтолцоо бий болоод байсныг БНМАУ хуулан авч хэрэглэсэн байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монголын боловсролын системд үзэл суртлын нөлөө арилж, сургалтын хөтөлбөр бие даасан байдлаар боловсрогдож ирсэн боловч дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн аль нэгэн тогтолцоог чиг баримжаа болголгүй явж ирсэн ажээ.

Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нэрээр боловсролын салбарт багагүй туршилтууд хийгдэж олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртэж байсан байдаг. Харин эдгээр туршилтуудаас хамгийн амжилттай хэрэгжиж, үр дүнд нь төгсөгчдийн дийлэнх нь дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэн тус сургуулиудад оруулсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2 дахин нугалах хэмжээнд олон улсын тэтгэлэг авч чадсан үр дүн гарсан хөтөлбөр бол Кембриж юм. Тиймдээ ч 100 хүрэхгүй хүүхдийн орон тоон дээр 15000 орчим хүүхэд өрсөлдөж УИХ-н гишүүд, сайд нар гээд манай улсын хамаг том дарга нар тус 3 сургуульд хүүхэд оруулж өгөх өргөдөлд дарагддаг болсон нь бас нэгэн өвөрмөц үзүүлэлт байхаа.

2010 оны 02-р дүгээр сарын 3-нд Монгол улсын Засгийн газраас олон улсын стандартад суурилсан боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж 31 тоот тогтоол гарсан байдаг. Энэ ажлын хүрээнд Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хамтран ажиллах болсон. 

Яагаад Кембрижийн шалгалтын төвтэй хамтран ажиллах болсон тухайд.

Дэлхий даяар ерөнхий боловсролын тогтолцооны стандарт нь International General certificate of secondary education  (IGCSE) хэмээх тогтолцоонд суурилж ирсэн бөгөөд Английн CGSE, АНУ-ын GED буюу ахлах сургуулийн диплом, Сингапурын О төвшин, Энэтхэгийн CBSE зэрэг тогтолцоотой адил төвшний, харилцан зөвшөөрөгдсөн сургалтын тогтолцоо юм. IGSCE төвшний сургалтын тогтолцооны шалгалтын төвүүд дэлхийн олон улсад байдаг бөгөөд түүний нэг болох Английн Кембрижийн их сургуулийн дэргэдэх Шалгалтын төвөөс хэрэгжүүлдэг тогтолцоо нь дэлхийн 130 гаруй улсын 4000 гаруй их, дээд сургуулиудын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо юм. 

Дээрх шийдвэрийг гаргасан Засгийн газар бодлогоо гаргаж байх үед Кембрижийн Олон улсын шалгалтын төв Монголын хувийн өмчийн сургуулиудтай аль хэдийн хамтран ажиллаад эхэлчихсэн байсаныг дурьдах нь зүйтэй юм. Орчлон, Элит зэрэг сургуулиуд уг төвтэй амжилттай хамтран ажиллаад эхэлчихсэн байсан ажээ. Үүнээс гадна Олон улсын бакалауреатын буюу Женевийн стандарттай харьцуулан үзвэл IGCSE нь үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах замаар нутагшсан туршлага арвинтай байсан тул энэ тогтолцоог хэрэгжүүлж буй Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хамтран ажиллах чиглэлийг тухайн үеийн боловсролын яам барьсан байдаг.

Шинэчлэлийн чиглэлүүд:

  1. Сургалтын хөтөлбөрийн агуулгын зөрүүг арилгаж, хөтөлбөрийн шинэчлэлт хийх.

Монголын боловсролын тогтолцоонд мөрдөж буй байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрүүдийг олон улсын хөтөлбөртэй харьцуулж, зөрүүг арилгах ажил хийгдэж байсан юм.  Тухайн үед хийгдсэн судалгаагаар ихэнх байгалийн шинжлэх ухааны хичээлүүд агуулгын хувьд 10% зөрүүтэй, ялангуяа химийн хичээл 20% зөрүүтэй байсныг арилгахад шинэчлэлийн ажил чиглэж байжээ. Энэ зорилтын хүрээнд, олон улсын хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрийн ялгаа заагийг судлах, үндэсний хөтөлбөрийн шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөмж боловсруулах, заах аргын шинэчлэлийн судалгааг үндэсний хөрсөнд тулгуурлан явуулах зорилгоор хос хэлний, хос хөтөлбөртэй Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл лаборатори сургуулиудыг байгуулсан байдаг. 

Тус чиглэлд хийгдэх шинэчлэлийн ажил дараах шалтгаануудаас болж удаашрах эсвэл зогссон байдаг. Үүнд:

a.   Үндэсний хөтөлбөрийг шинэчлэх явцад Кембрижийн их сургуулийн зөвлөх үйлчилгээг авах боломж хязгаарлагдсан (2012-2013 оны үеэс санхүүгийн байдлаас хамааран зөвлөх үйлчилгээний санхүүжилтийг эрс багасгасан), манай дотоодын мэргэжилтнүүд онолд гүнзгий суурилсан уламжлалт хөтөлбөрийн хэлбэрийг хадгалахыг оролдсон зэрэг шалтгаанаас болж, шинээр хийгдсэн хөтөлбөрийн шинэчлэл олон улсын үндсэн хөтөлбөрийн агуулгаас зөрсөн үр дүн гарсан байдаг. Үүнийг 2016 онд Монголд ажилласан Кембрижийн мэргэжилтнүүд үндэсний хөтөлбөрийн шинэчилсэн агуулга Кембрижийн АS буюу хөнгөн, A (advanced) буюу хүндрүүлсэн агуулгатай - төвшний завсрын болсон учир хөнгөн төвшнийг барьж дахин шинэчлэхийг зөвлөснөөс харж болно. Энэ ажил одоог хүртэл хийгдээгүй байгаа.

b.   Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан ЗГ-н дараа гарч ирсэн ЗГ хичээл сонголтын хуваарилалтыг хийхдээ Кембрижийн тогтолцоо, Японы тогтолцоог хольж, 3 хуваасан сонголт хийсэн. Мөн ЭЕШ-ыг дагаж хүүхдүүд хичээл сонгох хандлага давамгайлдаг байдлаас үүдэн зарим мэргэжлийн багшийн цаг илүүдэх, заримынх дутагдаж, цомхтголд орж болзошгүй байдал үүссэн. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор багшийг давхар мэргэшил эзэмшүүлэхэд шаардагдах санхүүжилт тусгагдаагүйгээс хичээл сонголт үнэн хэрэгтээ сонирхлын дагуу хийгдэж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Дашрамд ЭЕШ өгдөг энэ систем маш цөөн тооны орнуудад хэрэглэгддэг бөгөөд Орос, Монгол хоёрт л үлдсэн гэж үзэж болох юм.

c.    2012-2016 онд сумдын сургуулийг хүүхдийн тооноос хамааран цөөн сумдад бүрэн дунд сургууль байдаг (12 жил), жижиг сумдуудад суурь боловсролын сургууль (9 жил) байдаг байсан тогтолцоог замбараагүйдүүлэн, ихэнх сумдын сургуулийг бүрэн дунд сургууль болгосноор 300 хүртэл сурагчтай 12 жилийн сургуулиуд олноор бий болж, нэг багш 1-3 төрлийн хичээл заах шаардлага үүсэж багшийн ачаалал огцом нэмэгдсэн зэргээр боловсролын чанарыг сулруулахаас гадна хичээл сонголт хийх бараг боломжгүй байдлыг үүсгэсэн байдаг.

2.       Сурах бичгийн шинэчлэлийг хийх.

Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичгийг шинэчлэх ажил хийх ёстой байсан юм билээ. Сурах бичгийн шинэчлэлийг үндэсний мэргэжилтнүүд хөтөлбөрийн өөрчлөлттэй уялдуулан хийхээр төлөвлөж байсан боловч Кембрижтэй дүйцэх үндэсний хөтөлбөр бүтээх ажил дээрх шалтгаанаас болж саарсан тул энэ хөтөлбөрөө дагаж гарах сурах бичгийн шинэчлэл орхигдсон гэж үзэж болох юм.

3. Заах аргын шинэчлэлийг хэрэгжүүлэх.

Багш төвтэй хуучин заах аргын тогтолцооноос сурагч төвтэй тогтолцоонд шилжих ажлыг хэрэгжүүлэх нь тус шинэчлэлийн нэг үндсэн хэсэг юм. Энэ шилжилтийг хэрэгжүүлснээр сурагч бүр бие даан хөгжих бололцоог буй болгож, хичээлийн агуулгын ойлголтыг сайжруулах, сурагч бүрийн цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох явдал байсан. Энэ зорилгоор Боловсролын багц хуулиудад өөрчлөлт оруулахдаа багш бүр 5 жил тутам мэргэжил дээшлүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ ажлыг зохион байгуулах  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг байгуулан, улс орон даяар үндэсний лаборатори 30 сургууль (аймаг, дүүрэг бүрт тус тус нэг) бий болгосон байдаг. 

Ингэснээр үндэсний лаборатори сургуулийн багш нарын заах аргын шинэчлэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хариуцах, энгийн ЕБС-ийн багш нарын давтан сургалтын асуудлыг тухайн тойргийн үндэсний лаборатори сургууль хариуцахаар төлөвлөсөн байсан ажээ. Өөрөөр хэлбэл бидний яриад байгаа аймаг, улсын зэрэглэлтэй хот, дүүрэг бүрт 2 ОУ-н хөтөлбөртэй байх зорилгын маань үндсэн санаа энд байгаа юм.

4. Багшийн сургалт, давтан сургалтын тогтолцоог шинэчлэх.

Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрийг шинэчилсэн хөтөлбөрт тохируулан шинэчлэх, ажиллаж буй нийт багш нарын давтан сургалтыг хийх ажил төлөвлөснөөр хэрэгжээгүй байдаг. 

Заах аргын шинэчлэл, багшийн давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, үндэсний лаборатори сургуулиуд хоорондын уялдаагүй ажиллах болсон. Мэргэжил дээшлүүлэх зардлыг зөвхөн БМДИ-д хуваарилж, үндэсний лаб сургуулиудад зардал хуваарилаагүйгээс ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх, давтан сургалт хийх ажил аймаг, дүүрэгт үндсэндээ явагдаагүй, БМДИ тусдаа тасархай сургалтууд явуулах болсон явдал нь заах аргын шинэчлэлийн нэгдсэн тогтолцоо ийнхүү үүсэх боломж өгөөгүй байдаг. Энэ чухал хэсгийн үйл ажиллагаа доголдсоноор сургалтууд тасархай хэсэг бусаг явагдаж, үр дүнг үнэлэх боломжгүй болсон гэж үзэж болох юм.

5.       Сурлагын үнэлгээний тогтолцоог шинэчлэх.

Сурлагын үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний аргаар хийж, сурагчийн амжилт, багшийн ажлыг үнэлэх тогтолцоо бий болгох зорилготой төлөвлөгдсөн ажил явагдаагүй.

a.   Зөвлөлтийн тогтолцооноос хадгалагдан үлдсэн Элсэлтийн ерөнхий шалгалтын тогтолцоо ерөнхий боловсролдоо хичээл сонголтод нөлөөлж, сургалтын чигийг бодлогоос үл хамааран тогтоодог байдлыг өөрчлөх асуудал яригдсан боловч өнөөг хүртэл шийдлийг олж чадаагүй байгаа. Төгсөгчид их дээд сургуульд орохдоо заавал өгдөг шалгалтууд руугаа хандсан сонголт хийдэг. Гэтэл бидэнд хүүхэд өөрийн авьяас чадварт суурилж мэргэжлээ чөлөөтэй сонгодог болох энэ өөрчлөлт асар их хэрэгтэй юм.

b.   Хөндлөнгийн үнэлгээний зохистой тогтолцоог бий болгох шийдэл өнөө хүртэл гараагүй байгаа. Энэ удаагын ЗГ-н үйл ажиллагааны хөтөлбөрт анх удаа олон улсын PISA үнэлгээгээр үнэлүүлэх тухай заалт орж ирсэн байгаа. Энэ үнэлгээтэй дүйцэхүйц дотоодын үнэлгээний систем бидний зорьж буй шинэчлэлийн хүрээнд бий болгох шаардлагатай юм.

6.       Сургуулийн менежментийг шинэчлэх.

Сургуулийн удирдлагын томилгооны улс төрөөс хараат байдлыг арилгаж, багшийн ажлын үнэлгээ менежментээс хараат бус, сурагчийн амжилтад тулгуурласан байх тогтолцоог бүрдүүлэх зорилт тавигдсан байдаг. 

a.   Өнөөг хүртэл багшийн ажлын үнэлгээний ихэнх хэсэг сурлагын амжилтаас үл хамаарах байдалтай хэвээр, багш анги дүүргэлт хэт ихтэй олон хүүхэдтэй ажиллахын зэрэгцээ үлэмж их хэмжээний шаардлагатай эсэх нь эргэлзээтэй судалгааны материал бүрдүүлдэх ажил хийдэг, үүнээсээ хамааран сурагч бүртэй ажиллах цаг, бололцоо хязгаарлагдмал хэвээр байгаа. 

b. Сургуулийн захирлын томилгоог сумын удирдлагаас хамааралт байдлыг өөрчлөн, аймаг, нийслэлийн удирдлагад шилжүүлсэн нь үр дүнгээ өгөөгүй. Томилгоо улс төрөөс хараат хэвээр явсаар байгаа нь тус шинэчлэлтийн нэг тээг болсоор байна.

Хүлээгдэж байсан үр дүн:

Энэ шинэчлэл анх эхлэхдээ 6 жилийн хугацаанд хийгдэхээр төлөвлөгдөж байсан бөгөөд шинэчлэл хэрэгжигдэж дуусах шатанд олон улсын хөндлөнгийн үнэлгээ хийх замаар хүрсэн төвшнийг баталгаажуулан, манай ЕБС-ийн гэрчилгээнд олон улсын IGCSA төвшинтэй тэнцэнэ гэсэн үнэлгээ авах зорилготой байсан юм билээ. Амжилттай хэрэгжвэл манай үндэсний ЕБС-ын агуулга олон улсын аль шаттай тэнцүү байгааг тодорхойлж, баталгаажуулж авахаас гадна гадаадын их, дээд сургуульд элсэхэд манай боловсролын диплом, гэрчилгээг тэнцүүлэх асуудал шийдэгдэх ёстой байсан байдаг. Харамсалтай нь 2016 онд хийгдсэн Кембрижийн олон улсын шалгалтын төвийн завсрын үнэлгээгээр манай хөтөлбөр олон улсын хөтөлбөртэй зөрсөн учир үнэлэх боломжгүй байдалд хүрч асуудал тэгсгээд орхигдсон ажээ.

Шинэчлэлийн нэг хэсэг болох олон улсын хос хөтөлбөртэй 3 сургууль амжилттай байгуулагдаж, улсын хэмжээнд тэргүүний сургуулийн тоонд богино хугацаанд орж чадсан нь маш том үр дүн юм. Харамсалтай нь, нийт шилжилтийн асуудал ойлгомжгүй болсон учраас хос хэлний сургуулиуд лаборатори сургуулийн үүргээ гүйцэтгэхгүй шахам болж, тусгай сургалттай сургуулиуд болон хувирсан. Өөрөөр хэлбэл өөрт хуримтлагдсан мэдлэг, туршлагийг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг нь тус сургуулиудаар хийлгээгүй гэж ойлгож болно. 

Үндэсний шилжилт амжилттай явагдсан тохиолдолд хос хэлний сургуулийн тоог аажмаар нэмэх, багшийн цалинг өсгөх, 6 настан сургуульд элсэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх зэрэг олон боломжууд алдагдсан байдаг.

Монголын ерөнхий боловсролын үндэсний хөтөлбөрийг шинэчлэх, нийтэд санаатай болон санамсаргүй зорилгоор янз бүрээр ойлгогдоод байгаа “Кембриж”-ын олон улсын хөтөлбөр бүхий сургуулиудын тоог нэмэгдүүлэх шаардлага, түүнийг дагуулж хийгдэх Монголын үндэсний хөтөлбөрийн шинэчлэлийг хийх зорилгынхоо тухай өмнө хийгдсэн ажлууд, алдаа дутагдал болон цаашид хийх шаардлагатай ажлуудын талаар дэлгэрэнгүй өгүүлхэд ийм байгаа юм. 

Ингээд нийтийн дунд маргаан дагуулсан зарим аргументуудад доорхи байдлаар тайлбар өгье гэж бодлоо.

А) Кембрижийн стандартыг нэвтрүүлснээр боловсролын хараат байдал, колони үүснэ: 

Кембрижийн олон улсын төвийн үйл ажиллагаа нь үндэсний боловсролын тогтолцоонд зөвхөн хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, заах аргыг шинэчлэх, үнэлгээний тогтолцоог сайжруулах, багшлах боловсон хүчний сургалт, давтан сургалтад зөвлөгөө өгч, гарсан үр дүнг олон улсын стандарттай жишиж дүгнэлт гаргах хэлбэрээр ажиллахаар төлөвлөгдсөн байсан бөгөөд үндэсний агуулгатай хичээлүүд (монгол хэл, уран зохиол, Монголын түүх, газар зүй гэх мэт) хамрагдахгүй, зөвхөн байгалийн шинжлэх ухааны хичээлүүдтэй (математик, хими , физик, биолог гэх мэт) хамаатай байсан одоо ч тэгэж явах ёстой билээ. Үндэсний сурах бичгийн агуулгаа өөрснөө хариуцаж, зөвхөн хөтөлбөрийн зөрүүг арилгах байсан учир хөтөлбөрийн агуулгад гаднын хяналт тогтохгүй.

Орос тоо, англи тоо, монгол тоо гэж байхгүй. Тооны хичээл л гэж бий. Үндсэндээ дэлхий дахинд тооны хичээлээр юу үзсэн байх ёстой агуулгыг л монгол хүүхэд үзсэн байх ёстой гэсэн зарчим баримталсан энэ одоо ч ингэж явах ёстой юм. Иймээс эдгээр хичээлээс үүдэн гадаадын хараат байдалд орно гэсэн ойлголт үндсээрээ буруу эсвэл боловсролын тогтолцоог огт мэдэхгүй буюу санаатай мушгин гуйвуулсан хүмүүсийн байр суурь болно.

Үндэсний сургуульд суралцагсдын хувьд гадагш ямар нэг төлбөр төлөх шаардлагагүй, сурах бичгийг гаднаас авахгүй бөгөөд зөвхөн шилжилтийн явцад гадаадаас зөвлөх үйлчилгээ авах байсан ба одоо ч энэ агуулгаараа шинэчлэл явах ёстой гэдэгт бид итгэж байгаа.

Одоогийн байдлаар монгол захирал удирдаад, монгол багш заагаад, монгол хүүхэд сураад дэлхийн топ их сургуулиудад тэнцэх, Монголын ЭЕШ-ийн дүнгээр 700 онооноос дээш авч чаддаг сурагч төгсгөж болоод байгаа энэ жишээг бусад сургуулиудад нэвтрүүлэх асуудлыг боловсролын тусгаар тогтнол алдагдах тухай худал, зохиомол яриагаар дүйвүүлж, хойш нь татах сонирхол уг нь ямар ч монгол хүнд байх ёсгүй санагдана.

    Б) Энэ системд шилжих нь асар өндөр өртөгтэй, хүүхэд бүр төлбөр төлнө гэсэн суртал ухуулга:

Одоо үйл ажиллагаа явуулж буй хос хэлний лаборатори сургуулиудад нэг хүүхдэд олгож буй хувьсах зардлыг өсгөн олгож байгаа ч энэ зардлын хэмжээ өндөр бус, хүүхдүүд зөвхөн Кембрижийн олон улсын шалгалтын төвд өгч буй шалгалтын зардлаа л төлж байгаа. Сурагч бүтэн жилдээ дунджаар 2-4 хичээлийн шалгалтыг өгөх ба нэг шалгалтын төлбөр ойролцоогоор 60 орчим фунт (1 фунтын зарах ханш 3789 төг) төлдөг. Ийм төлбөр төлөөд олон улсад маргаангүйгээр үнэлэгдэх боловсролын үнэмлэх, диплом насан туршдаа эзэмшихээр авах нь буруу гэж бид бодохгүй байгаа.

Жишээ татахад: Шинэ эрин сургуулийн жилийн төсөвт зардал 1.1 тэрбум төгрөг, 26 дугаар сургуулийн төсөв 800 сая төгрөг байгаа. Шинэ эрин сургуулийн төсөвт зардлын 85%-ийг багш ажилчдын цалин эзэлж байна. Бид чанартай бүтээгдэхүүн гаргаж буй багшид өндөр цалин төлдөг болох тухай бүгд ярьдаг. Яг хэрэгжиж буй жишээн дээр нь өртөг зардал өндөр байна гээд унжих хэрэг үү? 

В) Кембрижийн систем элит боловсролын тогтолцоог бий болгож, боловсролын тэгш бус байдлыг үүсгэнэ гэсэн мушгин гуйвуулалт:

Үндэсний хөтөлбөрийн шилжилт явуулснаар бид олон улсын хэмжээнд боловсролын нэг стандартад хүрч, жинхэнэ утгаараа боловсролын тэгш бус байдлыг халах зорилго тавьж байгаа юм.

Өнөөдөр Монгол улсад хувийн өндөр төлбөртэй, гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг болсноор хөрөнгө чинээгээр ялгаварлан боловсролын тэгш бус байдлыг бий болгосон  гэдэг нь нууц биш. Тэгвэл төрийн өмчийн хос хэлний сургуулиуд хөрөнгө чадавхад суурилсан биш, сургалтын амжилтад суурилсан сургалт явуулсанаар, яваандаа үндэсний хэмжээний бүх сургуулиудад хөтөлбөрийн ялгаа арилж жинхэнэ утгаараа боловсролын тэгш бус байдлыг арилгах суурь бүрдэх юм. 

Одоогийн байдал үргэлжилсэн хэвээр байвал чанартай боловсрол зөвхөн хөрөнгө чинээтэй давхаргын боломж болон хувирч, нийгмийн элит зөвхөн чинээлэг давхаргаас бүрддэг гаж тогтолцоо бий болох аюултай гэдэгт бид итгэлтэй байна.

Г) Шинэ системд шилжих бололцоо бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй.

Шинэчлэлийг бид аль нэг цэгээс эхлэх ёстой. Одоо ажиллаж байгаа 50 гаруй мянган багшийг бүгдийг давтан сургаж, мэргэжил дээшлүүлсэн хойно шилжилт эхлүүлнэ гэдэг бол дэндүү гэнэн эндүүрэл эсвэл санаатай улдан чангаалт юм. Сургалт, давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо тасралтгүй үргэлжилж байх процесс бөгөөд бид шинэ тогтолцоо, хөтөлбөрт багш нарыг ажлын байран дээр нь сургаж байж л шилжинэ. Өөр боломж үгүй.

Хос хэлний хөтөлбөртэй сургуулиудын багш нарын хувьд хэлний бэлтгэл хангах ажил зайлшгүй учир сургуулиудын тоог аажмаар нэмэх бодлого явагдсан байдаг бөгөөд энэ зарчмаар бид ирэх 4 жилд аймаг, улсын чанартай хот, нийслэлийн дүүргүүдэд тус бүр 1-2сургууль бий болгох зорилтыг ЗГ-д өгүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Эцэст нь энгийн үгээр хэлэхэд Кембрижийн стандартыг нэвтрүүлэх гэдэг нь үндэснийхээ боловсролын стандарт, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх том зорилгын нэгээхэн хэсэг юм.

Бид манай улс орны өнөөгийн байгаа байдыг дээрдүүлэх ёстой гэж хатуу итгэдэг бөгөөд үүний тулд боловсролын салбарын шинэчлэлийг хийх нь суурь өөрчлөлтийн эх болно гэж үзэж байгаа билээ. Ямарч хувь хүн, улс орны хувьд хүнд нөхцөл байдал, бэрхшээлийг даван гарсан түүхүүд нь үргэлж сайн боловсрол гэсэн нэг л хариултад хүрдэг. Энэ бодлогыг хүчтэй дэмжин зүтгүүлж буй бид гуравч өнөөдрийн байгаа байдлаа боловсролын үр шим гэж итгэдэг. Тиймээс ч өөрсдийн биеэр туулж мэдсэн сайн боловсролын үр шимээс ирэх тэрболомжыг жирийн олон түмний хүүхдүүдэд олгох боломжын төлөө хичээж байгаа юм.

Төсөв боломжгүй, бид бэлэн биш гэх мэт зарим явцуу эрх ашиг нь хөндөгдсөн хэсгийн тархи угаалтад автаж энэ бодлогыг унагаах эрх бидэнд байхгүй боловуу.

Зоригтой өөрчлөлт, шинэчлэлтийг авчир гэж илгээсэн олон түмний итгэлийг бид даах ёстой. Бид бүгдээрээ, бидний үр хүүхэд амьдрах монгол эх ороноо хөгжүүлэхийн төлөө хичээцгээе.


Хүндэтгэсэн:

МУИХ-н гишүүн: Гонгорын Дамдинням, Хассуурын Ганхуяг, Ганнибалын Амартүвшин нар.