КИССИНЖЭРИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭР ОРЧУУЛАХУЙ
Кисинжэр бол сая сая уншигчтай алдартай зохиогч. Улс төр, аюулгүй байдал дипломат бодлогын талаар хэдэн арван ном бичсэнийг дэлхий даяараа уншдаг. Түүний бичсэн номоос Дипломат үйл ажил (Д. Чулуундоржийн орчуулга), Хятад (Г. Батсүхийн орчуулга), Дэлхийн дэг журам (А. Алимаагийн орчуулга), Удирдахуй (Т. Ариунсанаагийн орчуулга) гэсэн хамгийн алдартай бүтээлүүд монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гар дээр хэдийнээ очсон.
КИССИНЖЭРИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭР ОРЧУУЛАХУЙ
Хэнри Киссинжэр АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх (1969–1975), Төрийн нарийн бичгийн дарга (1973–1977) -аар ажиллаж байсан. Тэрээр 1973 онд Нобелийн энхтайвны шагнал хүртжээ.
"Реал политик"-ийг дэмжигч Киссинжэр 1969-1977 онуудад АНУ-ын гадаад бодлогод голлох үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр АНУ болон Зөвлөлт Холбоот Улсын хоорондын хурцадмал байдлыг намжаах бодлогыг санаачилж, хэрэгжүүлж, АНУ-ыг Хятадтай харилцаагаа нээх ажлыг зохион байгуулж, Вьетнамын дайныг зогсоох зорилготой Парисын энхийн хэлэлцээрийг хэлэлцээр хийсэн.
2001 онд Хэнри Киссинжэр дэлхийн 100 тэргүүлэх сэхээтний жагсаалтад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдагдсанаар нэгдүгээрт бичигджээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон улсын зөвлөх компани болох Kissinger Associates-ийн даргаар ажиллаж байв. Тэрээр Америкийн 12 ерөнхийлөгчид (Жон Кэннэдигээс Жо Байдэн хүртэл зөвлөхөөр ажиллаж байв. 1923 онд төрсөн тэр 2023 онд зуу наслаад хорвоог орхилоо.
Киссинжэр бол сая сая уншигчтай алдартай зохиогч. Улс төр, аюулгүй байдал дипломат бодлогын талаар хэдэн арван ном бичсэнийг дэлхий даяараа уншдаг. Түүний бичсэн номоос Дипломат үйл ажил (Д. Чулуундоржийн орчуулга), Хятад (Г. Батсүхийн орчуулга), Дэлхийн дэг журам (А. Алимаагийн орчуулга), Удирдахуй (Т. Ариунсанаагийн орчуулга) гэсэн хамгийн алдартай бүтээлүүд монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гар дээр хэдийнээ очсон.
Эдгээр бүтээлүүдийг товчхон танилцуулбал:
УДИРДАХУЙ: ДЭЛХИЙН СТРАТЕГИЙН ЗУРГААН СУДАЛБАР
2022 онд хэвлэгдсэн энэ номоороо Киссинжэр улс төрийн удирдагчдын үр дүнтэй манлайллын талаарх үзэл бодлоо тусгасан юм. Тэрээр ХХ зууны хоёрдугаар хагаст төр барьж байсан бөгөөд зохиогчтой биечлэн танилцаж байсан, зарим нь бүр түүний найз нөхөр асан зургаан том удирдагчаар жишээ аван, яаж хэрхэн улс орноо төдийгүй олон улсын тавцанд манлайлан удирдаж байсныг бичжээ. Энд Германы канцлер асан Конрад Адэнаур, Францын Ерөнхийлөгч асан Шарль дө Голл, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон, Египтийн Ерөнхийлөгч асан Анвар Садат, Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Ю, Британийн Ерөнхий сайд асан Маргарэт Тэтчэр болно. Зориг зүрх, хүчирхэг зан чанар, шийдмэг чадвар нь улс төрийн удирдагчийн хамгийн чухал шинж гэж эдгээр удирдагчийн тухайд дүгнэжээ. Киссинжэр энэ сүүлчийн номоо 99 настайдаа бичиж дуусгасан. Зохиол дотор ч “Би одоо 99 нас хүрлээ” гэсэн өгүүлбэр бий.
Конрад Адэнауэр (Даруу байдлын стратег) харьцангуй өндөр насандаа сүйрсэн Германы засгийн эрхэнд гарсан. Тэрээр шинэ улс төрийн дэг журмыг хүн амд амжилттай хүргэж чадсан бөгөөд ингэснээр Баруун Германы тусгаар тогтнолыг сэргээхэд шийдвэрлэх хувь нэмэр оруулсан. Адэнауэр дотоодын улс төрийн эсэргүүцэлтэй тулгарсан ч салсан Германыг нэгтгэх боломжоос илүү Баруун Германыг Өрнөдтэй нэгдмэл болгохыг илүүд үзсэн. Ингэснээр тэрээр тус улсад эдийн засгийн гайхамшиг, тогтвортой ардчиллын үндэс суурийг тавьсан.
Шарль дө Голл (Хүсэл зоригийн стратег) бол Францын улс төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх хүчтэй хүсэл зориг, болзолгүй түүхэн эрхэм зорилготой улс төрийн хувь хүн гэж үнэлэгддэг. 1940 онд Франц нацист Германд ялагдсаны дараа тэрээр гадагш дүрвэн өөрийн армийг байгуулж, Чөлөөт Францын удирдагч болсон. 1958 онд тавдугаар Бүгд найрамдах улсыг байгуулж, Алжирын дайныг дуусгаж, Францыг бие даасан улс төрийн хүч болгон дахин сэргээсэн.
Ричард Никсон (Тэнцвэрийн стратег) 1969 онд АНУ-ын Ерөнхийлөгч болж, Киссинжэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилсон. Никсон олон улсын харилцаанд хүчний тэнцвэр маш чухал үүрэгтэйг ойлгон ЗХУ-ын өөдөөс хүчний тэнцвэр үүсгэхийн тулд Хятадыг олон улсын системд нэгтгэсэн нь түүхэн том амжилт болсон юм. Тэрээр Вьетнамын ужиграсан дайныг зогсоож чадсан.
Анвар Садат (Давамгайллын стратег) түрүүний Ерөнхийлөгч Насэрийн итгэмжлэгдсэн хүн, түүнийг нас барсны дараа 1970 онд Египтийн Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийн хувьд Садат эдийн засгийг либералчлах, Зөвлөлтийн нөлөөнөөс ангижрах гадаад бодлогыг эхлүүлсэн. Тэрээр Израилийн эзэлсэн Синай хойг руу гэнэтийн дайралт хийснээр Израильтай хийх энхийн хэлэлцээрт байр сууриа бэхжүүлж чадсан юм. 1979 онд тэрээр Израиль-Египетийн энхийн гэрээ байгуулж, Египет Израилийг дипломатаар хүлээн зөвшөөрсний хариуд Синайг хяналтандаа эргүүлж авсан юм.
Ли Куан Ю (Төгс төгөлдрийн стратег) нь Сингапурын Британийн колонид хятад айлд төрсөн нэгэн. 1965 онд Сингапурыг Малайзаас тусгаарлан хөөсний дараа Ли одоогийн тусгаар тогтносон Сингапур улсын төрийн тэргүүн болсон бөгөөд тухайн үед эдийн засаг, аюулгүй байдлын хувьд тогтворгүй байдалд байсан юм. Лигийн хэдэн арван жилийн автократ засаглалын үед хот-улс амжилттай аж үйлдвэржиж, Ази даяар эдийн засаг, улс төрийн хөгжлийн загвар болсон.
Маргарэт Тэтчэр (Ялах стратег) 1979 онд Британийн анхны эмэгтэй Ерөнхй сайд болоход Өндөр инфляци, эдийн засгийн зогсонги байдал, гадаад бодлогын эрх мэдлийн уналтаас болж тус улсмаш хүнд байдалд байв. Тэтчэр хүчтэй эсэргүүцлийг сөрөн эдийн засгийн либералчлалын хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан. Киссинжэрийн үнэлгээгээр Тэтчэрийн хүчээр Британи нь Фолклэндийн дайнд ялалт байгуулснаар олон улсын тавцанд нэр хүндээ эргүүлэн олж авч, Британий эзэнт гүрэн мөхсний дараах олон улсын дэг журамд шинээр хүчирхэг байр суурь олж авчээ.
ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ
1914 онд бичигдсэн энэ номондоо бүс нутаг эсвэл соёл иргэншлийн баримталдаг шударга зохицуулалтын мөн чанар, дэлхий нийтэд хамаатай гэж үздэг хүчний хуваарилалтын тухай ойлголтыг тэрлэжээ. Киссинжэр номондоо 1648 оны Вестфалийн энхийн гэрээгээр барууны үзэл санаанууд хэрхэн өөрчлөгдсөнийг тайлбарлаж, XVII зууны Европоос үүссэн Вэстфалийн энх тайван,Хятадын эзэнт гүрний философи, улс төрийн лалын шашны давамгайлал, АНУ-ын ардчилсан идеализм гэсэн түүхэн дэлхийн дэг журмын дөрвөн системийг тайлбарласан байдаг. Киссинжэр өнөөгийн олон улсын дэг журмын хүнд хэцүү хүрээг харах цонх бий болгохыг зорьсон байна.
Уг номыг Нью Йорк таймс сонин магтаж, "түүний бичвэрүүд нь хүчирхэг томруулдаг линз шиг ажилладаг бөгөөд бидэнд томоохон түүхэн чиг хандлага, хэв маягийн панорамик үнэлгээг өгөх гэж, дараа нь тэр онолыг тод харуулсан жижиг нарийн ширийн зүйлс, түүхүүдийг онцолсон" гэжээ. Уг бүтээлийг Файнансал таймс “2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд үзэж буй нэр дэвшигчид бүгд эхлээд Киссинжэрийн хийсэн дүгнэлтийг уншиж ойлгох хэрэгтэй. Дэлхийн дэг журам үүнээс хамаана” гэсэн бол Нью Йорк таймс бүр ахиулан “Тангараг өргөхөөс нь өмнө Конгресийн гишүүн бүрд уг номыг бариулаад нэг нэг өрөөнд түгжиж байгаад заавал уншуулах хэрэгтэй” гэсэн байна.
ХЯТАД
Энэ нь Хэнри Киссинжэрийн 2011 онд хэвлүүлсэн уран зохиолын бус ангилалын ном юм. Киссинжэрийн ном нь гадаад бодлогын үзэл бодол, ялангуяа өөрийнх нь бодит улс төрийн үзэл бодлын үүднээс Хятадын түүхийг онцолсон байдаг. Энэ ном нь Хятадын энх тайван, дайны талаарх түүхэн үзэл бодол, олон улсын дэг журмыг шалгаж, үүнийг АНУ-ын гадаад бодлогын хандлагатай харьцуулснаар эхэлдэг. Энэ номонд Хятад-Зөвлөлтийн хилийн мөргөлдөөн нь Хятадыг АНУ-тай харилцаа тогтоох талаар бодоход хүргэсэн тухай өгүүлдэг. Энэ бүтээл нь цэвэр түүх, гадаад бодлогын хэлэлцүүлэг, Киссинжерийн Хятад дахь туршлагын хувийн өгүүлэмжийн хослол юм. Энэ нь намтар, дурсамжийн төрөлд тохирохгүй боловч Киссинжэрийн амьдрал болон Хятадтай холбоотой туршлагын талаарх дурсамж, эргэцүүлэл, түүх, судалгааны хэсэг гэж үзэж болно.
Киссинжэрийн Хятад ба Европыг харьцуулсан сонирхолтой ажиглалтууд их бий. Хятадуудын хамгийн ухаан сорьсон тоглоом бол го даам. Энэ тоглоом нь шатар шиг мад тавьж ялагч тодордог биш, харин хөлөг дээр хэн давуу байдал олсон нь дийлсэнд тооцогддог аж. Өнө олон жилийн турш Хятадын гадаад дотоод бодлого яг л го даамын тактик, стратегиар урагшилсаар иржээ.

