Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ардчилсан нам ажин түжин...
Сонгуулийн ялагдлынхаа тухай хэлэлцсэнгүй, дүрмээ мөрдөн Их хурлаа хийсэнгүй, Намын даргын сунгаагаа явуулсангүй, намаа үүрэг гүйцэтгэгчид даатгалаа... нэг үгээр хэлбэл юу ч хийсэнгүй.
Аяллын сайхан өдрүүд шувтарч, намар цаг ирлээ.
Сонгуулийн маргаашаас сонгууль гэдэг ч 2 дараалан үнэмлэхүй ялагдсан Ардчилсан намынхан маань сонгуулийн тухай аахар шаахар маргаан хийж, даргын сунгаа сайхан, муухай, хийнэ, хийхгүй гэх ойр зуурын юм ярьсаар зуныг барав. Чадамжтай эсэх нь эргэлзээтэй намын даргын үүрэг гүйцэтгэгчийн зарласнаар Үндэсний Бодлогын Хороо хуралдсан ч “юунаас болж сонгуульд амжилтгүй оролцсоноо сайн мэдэхгүй, тиймээс ажлын хэсэг гаргаж, ялагдлын шалтгаанаа дүгнэе” хэмээн ерөнхий шийд гарган тарцгаав. Үндсэн дүрмээс болсон гэх хүн багагүй байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг мөн байгуулав.
Сонгуулийн ялагдлынхаа тухай хэлэлцсэнгүй, дүрмээ мөрдөн Их хурлаа хийсэнгүй, Намын даргын сунгаагаа явуулсангүй, намаа үүрэг гүйцэтгэгчид даатгалаа... нэг үгээр хэлбэл юу ч хийсэнгүй.
Яаж зүгээр суугаад байх вэ гэсэн шиг сонгуульд амжилтгүй оролцогсод, элдэв эрээвэр хураавар намуудтай нийлэн, “Сонгуулийн Ерөнхий хороо л биднийг ялагдууллаа, огцруулах хэрэгтэй” маягийн юм ярьж, Ерөнхийлөгчид хов зөөн, хошуугаа унжуулав. 2008 онд таван сайхан залуугийн амиар туг тахисан хар мөртэй сонгуулийн дараагаар машинаар санал тоолдог системд Ардчилсан намын санаачлагаар шилжиж, 2012 оны УИХ, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон билээ. Гараар тоолж, санал луйварддаг байсан өмнөх сонгуулиудтай харьцуулбал, зүйрлэшгүй ахиц гарч, 2012, 2016, 2020 онуудад АН, МАН, “Шударга ёс” эвслийг амжилттай дүн үзүүлсэн аль ч цагт хар машин гомдоогоогүй билээ. Тиймээс ялагдлын шалтгаанаа өөр зүйлээс хайх нь зүйтэй болов уу.
Ардчилсан нам гэх энэ байгууллага ер нь улс төрийн нам мөн үү, мөн бол яагаад удаа дараа үнэмлэхүй ялагдаад байна вэ? Энэ бүхний учир, шалтгааныг нэн яаралтай дүгнэн, шинэчлэгдэж, сонгогчдын итгэлийг сэргээхийг Ардчилсан намын гишүүд төдийгүй, ард түмэн хүртэл хүсэн хүлээж байсан. Гэтэл АН маань ажлын хэсгүүд ажиллуулсан шиг ажин түжин сууна. Энэ хооронд орон нутгийн сонгууль хаяанд ирчихжээ.
2000 онд ч 2016 онд ч навсайтал ялагдчихаад юу ч болоогүй юм шиг хуучин нүүр царайгаараа орон нутгийн сонгуульд орж, шороо үмхдэг бидний энэ хандлага, хуучин уламжлал 2020 оны орон нутгийн сонгуульд дахин бүү давтагдаасай гэж хүснэм. Үнэнийг хэлэхэд Ардчилсан намын нэр хүнд 3 сарын өмнөхөөсөө дээрдэж, ард түмэн гэнэт бидэнд хайр зарлана гэж бодохгүй байна.
Хамтын үзэл санааны туг болсон намынхаа сайн муугийн талаар хэн нэгэнд таалагдах гэж бөөрөнхийлөх, хэнд ч ойлгомжгүй, шийдэлгүй, сүржигнэсэн үг цацах шаардлага бидэнд одоо нэгэнт байхгүй. Эсвэл эрх чөлөөний тухай элдэв улигт онол номлол ярьж, ардчиллын тухай хичээлийг сонгогчдодоо дахин заах мэтийн оролдлого нь ч бас цаг үеэ мэдрээгүй, цэцэрхэж чамирхсан хэрэг болно.
Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайж байнгын ялагдалд хүргэж байгаа намын дотоод хүчин зүйлсийн талаар бодол, санаагаа дор сийрүүллээ.Хүн бүр туйлын мэргэн бус тул буруу дутуу бодсон байж болох ч бүгдээрээ хэлэлцвэл буруугүй.
Ардчилсан намын ялагдлын шалтгаан, нөхцөл:
- Сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадаагүй.
- Ардын намын дотоод зөрчилд татагдан орж, үр дүнд нь АН 2 салав.
- Намын удирдлагын урагшгүй байдал, нэр хүндийн доройтол байж болох хамгийн доод түвшиндээ хүрсэн.
- Сонгуульд ялалт байгуулахад бус МАН-АН-гийн Засаг үүсэхэд найдлагаа тавьж, МАН-ын манлайллыг ил далд хүлээн зөвшөөрсөн дагалдагч нам болж хувирсан.
- 60 тэрбумын схем гэгч бэлэн факт байсаар атал 100 саяын схемийг сэдэж, муу дээрээ муухай, улаан дээрээ дээрээ улцан болсон.
- Эцсийн мөч хүртэл хэн, хаана дэвших нь дийлэнхдээ тодорхойгүй байсан.
- Шинэ үеэ гаргаж байна гэсэн авч элдэв сэжигтэй бүлгийн төлөөлөл, нэрээ барсан лидер гэгчид, үе залгамжлагчдыг дэвшүүлсэн.
- Чадвартай хүмүүс гаднаас ороход нь хялайн харж, хаалга үүдээ түгждэг, салхи савир ордоггүй, цусаа сэлбэдэггүй, намыг өмчлөгчдийн нэгдэл болсон.
- Лидер гэгдэх удирдагчид маань маргашгүй түүхэн гавьяатай ч сонгогчдын зүрх сэтгэлийг татах чадвараа нэгэнт алдаж, олон нийт тэднээс залхжээ. Үнэн ярьсан үгийг нь ч үл тоон, үзэн яддаг болж. Элдэв хэрэг төвөгт орооцолдон, харилцан биенээ гутааж, шорон оронд явуулсан тэдний байнгын толхилцол намыг дуусгаж байна.
- Үзэл баримтлалаа тодотгож, Үндсэн дүрмээ шинэчиллээ гэж өөрсдийгөө магтаж байсан ч дүр эсгэсэн, дүрэм нь мөрдөгддөггүй шинэчлэл гэгчийг хийсэн.
- Хорь гучин жил бие биенээ хөөж тууж, элдэв нам байгуулж, салж нийлээд хэн ч хожсонгүй.
- Удирдлагынхаа өөдөөс ганц ч үг ган хийдэггүй аль ч намд байх цүнх барьж, .....долоогсод гэх карьерист шинэ үеийнхэн ч бий болчихсоныг үгүйсгэхгүй.
- Намаа, нэр дэвшигчээ мөнгөний нүдээр харж, дарамт учруулдаг зүрх сэтгэл, итгэл үнэмшилгүй болсон гишүүн нэртэй хүмүүс ч багагүй байдаг болсныг шударгаар хүлээе. Бодлого ярьснаа биш, салхинд гаргаж, хорхог идүүлснээ сайн улс төрч гэж нам дотроо хардаг, үнэлдэг болчихож.
- Тогтолцоо болж төлөвшөөгүй, институц шинжгүй тул гишүүд хэтэрхий эрх чөлөөтэй, хэтэрхий эрх дураараа.
Дээрх бүх бүтэлгүйтлээс гадна хамгийн чухал хүчин зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг УИХ-ын 8 удаагийн сонгуулийн үр дүн харууллаа.Мажоритар тогтолцоотой сонгуульд АН манлайлж эвссэнээр 1996 онд 50 суудал, 2004 онд 36 суудал авч, амжилт гаргасан. Сонгогчдын 40 орчим хувийн байнгын дэмжлэгтэй цул МАН-ыг өргөн эвсэл байгуулж байж л ялдаг зүй тогтлоо бид үл тоож, “дангаараа ялна” хэмээн биеэ тоон, хийсвэр найдан орж, далаараа цэвэр тавиулсаар байгаа.
Эвсэж нэгдэх, мөрийн хөтөлбөрөө хамтран боловсруулах үйл явц нь өөрөө улс төрийн том акц, сурталчилгаа юм. Харамсалтай нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд сонгодог эвсэл байгуулах боломж аль эрт өнгөрсөн. Гэсэн хэдий ч алдаа, дутагдлаа нэн яаралтай засаж, цоо шинэ удирдлага, дүр төрхтэй болж, “хувьцааны ханшаа” өсгөсний үндсэн дээр ижил төстэй намуудтай зарчим, бодлогод суурьлан тохирч орох байлаа.
Гэтэл одоо бид өөрсдийгөө хөөргөн магтдаг баруун төвт үзэл баримтлалаас маань шал өөр, зүүний үзэл баримтлалтай нам, хүчинтэй механикаар тохирохыг оролдон сууна. Харамсалтай нь өнөөдрийн энэ байдал маань бие биенээ хуурсан, урт насгүй, мухардсан улс төрийн замналын жишээ болж байна. 1980-аад оны Английн Консерватив нам, 2000 оны үеийн Германы Христосын Ардчилсан Холбоо намууд чухам ийм байдалд орж мухардан, амжилт үзүүлэхгүй болсныг шинэ удирдагчид нь л чухам өөрчилж байсан түүх бий. Үүнээс биш юмаа гэхэд өмнөхөөсөө ч сургамж авсангүй. Удирдлагагүй, үйл ажиллагаагүй, дороо эргэсээр бахь байдгаараа сонгогчдын өмнө очвол амжилт үзүүлэхгүй нь тодорхой. Үүргэвч үүрэн үндэслэлээ тайлбарлаж, автобусаар зорчин акц хийж буй арай өөр хүчин ард түмний сонирхлыг илүү татах вий дээ.
Ардчилсан намын дүрэм ба Намын даргын сунгаа
Ялагдлаа гээд бүх зүйлээ үгүйсгэмгүй байна. Ардын намаас ялгаатай нь сэтгэдэг, мэтгэлцдэг гишүүд, бие хүн олонтой тул үзэл бодлын уралдаан, толхилцол ихтэй, амьд нам юм.
Асуудалтай хэдий ч уг нь Монголын улс төрийн аль ч намд байхгүй ардчилсан элемент бүхий дүрэмтэй. Үндэсний Бодлогын Хорооны гишүүд, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ, мөн 2017 оноос хойш Намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгодог болсон ба эдгээр нь АН-ын бусад бүх намаас ялгардаг гол онцлог нь юм.
“Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс”-ээр 2019 онд оролцооны түвшингээрээ судалгаанд орсон 8 намаас АН хамгийн өндөр оноо авсныг Намын даргын сунгаатай холбож тайлбарлажээ. Бодит амьдралд энэ нь нам, гишүүдийг идэвхжүүлэхээс гадна олон нийтийн улс төрийн анхаарлыг татдаг чухал онцлогтой. Гэтэл үүнээсээ ухрах тухай яриа газар авч байна. Шалтгаан нь гишүүдийг хагалдаг ба тэр нь ужгирч сонгуульд ялагдах үндэслэл болсон гэх ч өмнөх 5 удаагийн ялагдлын үед сунгаа байгаагүйгээр энэ дүгнэлт гоомой болох нь батлагдана. “Гишүүдийг худалдаж авсан, луйвардсан. Дарга дураараа авирладаг, хариуцлага тооцож болохгүй байна” гэх шүүмжлэлүүд бас байгаа. Гишүүддээ чөлөөтэй, өөрийн итгэл үнэмшлээр сонгох боломжийг нь олгохгүй хуучин соёлоороо явбал мэдээж ийм байдал үүснэ. Түүнчлэн, эдгээр нь цэвэр зохион байгуулалт, хандлага, ёс зүйтэй холбоотой тул хүний хүчин зүйлээс үл хамаарах технологи, инновацийг ашиглан тооллогын ажиллагаа зэргээ явуулж болно.
Мөн Намын даргын хязгааргүй эрх мэдлийг маш тодорхой нөхцөлд ҮБХ-ны эсвэл Их хурлынхаа тодорхой хувийн өндөр саналаар огцруулах механизмыг суулгаж өгч болно. Асуудал дүрэмд бус түүнийг зөрчсөнд, хэрэгжүүлээгүйд, бас хууччуулын маань улс төрийн соёл, сэтгэхүй, хандлагад орших ба нэг хүний бүтэлгүйтлээс болж арайхийж бий болгож буй систем, үнэт зүйлээсээ ухрамгүй байна.Тиймээс нөгөө жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг хаангүй болох гээд дотоод ардчиллаа устгачих бий гэх болгоомжлол байна. Мэдээж зохицуулаагүй орхисон, удирдлагын хяналт, тэнцэл, хариуцлага, зохион байгуулалттай холбоотой засаж, өөрчлөх асуудлууд байгаа.
Шинэчлэлийн бусад асуудал
Намынхан маань шинэчлэл хийхдээ өнөөгийн байдлыг бодитоор тодорхойлж, дараах чиг шугамыг баримтлан ажиллавал амжилтад хүрнэ гэж үзэж байна.
- 30 жилийн түүхтэй хуучин лидерүүдийн хэнээр нь ч намыг дахин удирдуулалгүй, үүсгэн байгуулагчдаасаа удирдлагын түвшинд салья. Хангалттай.
- Түүхэн гавъяат ахмадуудаа залуучуудынхаа сайн зөвлөгч болгоё. Уламжлал шинэчлэл хослог.
- Төв болон орон нутгийн намын дарга удирдлагад элдэв хар намтаргүй, бүлэглэлүүдийн төлөөлөл бус, цоо шинэ, залуу хүмүүсийг сонгоё. Тэд манлайллыг үзүүлнэ.
- Нийгэмд буй эрүүл үзэл бодолтой, АН-д орохоос халгаж бэргэдэг залуусыг урьж элсүүлэн, цусаа сэлбэе. Дэмжигчдийг ч өргөнөөр татъя.
- Үзэл санааны бус мөнгөний сэдэлтэнгүүд, авилга, албан тушаалын асуудалд нэр холбогдогсод, төрөл саднаараа төрийн албыг дүүргэгчид, нам дамжсан бүлэглэлээс бүрэн ангижиръя. Цэвэр нам болно.
- Ёс суртахуун, боловсрол, намтрыг нь харж, мөнгөөр бус үзэл санаа, зарчим дээр суурилсан шилдэг тэргүүний, нэр цэвэр хүмүүсийг төрд гаргадаг хатуу механизм бүрдүүлж, гүүр нь болъё. Сонгогчид тэднийг дэмжинэ.
- Санхүү болон бусад үйл ажиллагаагаа гишүүд төдийгүй олон нийтэд ил тод, нээлттэй явуулъя. Шилэн нам болог.
- Монголдоо тохирсон намын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулъя. Сурах бичгээс хуулсан ямар нэгэн “измийг” барих бус нийт ард иргэдийн төлөөх хөрснөөсөө ургасан бодлоготой болъё. Дэлхийн хандлагыг дагая.
- Намын дэргэд улс төр, үзэл бодлын мэтгэлцээний клуб, дугуйлан, сонирхлын бүлгүүдийг олноор ажиллуулъя. Үзэл бодлын өргөн талбар болог.
Хоёрхон жилийн өмнө гүнзгий хагарч байсан, хөгшчүүдийнх хэмээн бидний шүүмжилдэг МАН үеэ зоригтой сольж, сүүлийн 2 сонгуулиар элдэв асуудалд орооцолдсон хүмүүс, өвгөчүүлээ үлдээж, цоо шинэ хүмүүсийг олноор дэвшүүлэн амжилт олсоноороо Ардчилсан намаас илүү “ардчилсан” болж байна. “Ардчиллыг бид л хийсэн” гэх дурсамжаас өөр олигтой зүйл ярихгүй, хурдтай шинэчлэгдэж буй нийгмээ, залуучуудаа ойлгохгүй, энэ л битүү савандаа унхиагүй царайлан тэлчигнэсээр байвал үүссэн орон зайг эзлэхөөр улс төрийн хүчин хэзээний бэлэн болсон. Ардчилалгүй ардчилсан нам болсноо хүлээн зөвшөөрч, гаднаас биш дотроосоо ардчилагдаж, ичиж нэрэлхэлгүй бусдаас суралцъя!
Алдаатай оноотой ч Ардчилсан нам л нийгмийн хөгжил, дэвшлийн түүчээ нь болж, эрс шинэчлэлийг хийдэг тул нэг нам давамгайлсан энэ он жилүүдэд улс орны хөгжил эрчимжихгүй нь тодорхой. ЖДҮ, Жаран тэрбум Ардын намын мөн чанар хэвээр байх нь эргэлзээгүй. Ирэх дөрвөн жилд Монголчууд олон олон ЖДҮ-чинг дахиад харах нь гарцаагүй.
“Эрх баригчдийн элдэв бузар булайнд эгдүүцсэн ард түмэн аяндаа л МАН-ыг унагаад өгнө” гэж хий найдаж суун 8 жилийг өнгөрөөхгүйн тулд Монголын Ардчилалд түүхэн үүрэг гүйцэтгэсэн, цаашдаа ч ачааны хүндийг үүрэх ёстой Ардчилсан нам маань эрс өөрчлөлт хийж, санаачлагыг гартаа аван, бусад намыг урьж, зүй зохист эвсэл нэгдлийг бий болгохгүй бол 2024 онд ч амжилт үзүүлэх эсэх нь эргэлзээтэй байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Жудагийн БАЯРМАА
2020 оны 8 дугаар сарын 26
Алтай
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Өмнө
Зочин