Энэ 7 хоногт
АСААГЧ
Өнөөдрийн намайг, биднийг асаасан ачтан бол миний, манай багш - Ардын багш Ц.Цэвээн та минь билээ.
“Ямагт Анхдагч, Ямагт Тэргүүлэгч” уриатай Шинэ Монголын Ууган дунд сургууль –
Нэгдүгээр дунд сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулав.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ Ц.ЦЭВЭЭН
(1940-2016)
Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толинд “Асаагч” гэдэг үг “Ноцоож, асаах зүйлийг эрхлэн ажиллуулагч хүн” гэж тодорхойлоод “Гэрэл асаагч”, “Хөдөлгүүр асаагч хүн” гээд жишээ татжээ. Миний бодож, ухаарснаар бол багш хүн, тэр тусмаа бага ангийн багш бол “А” үсгийг шавьдаа уншиж, бичиж, нүдлүүлэхээс эхлүүлээд эрдэм номыг асаах суурь ухаан, чадвар, хүмүүжил төлөвшлийг заадаг “Эрдэмт хүмүүнийг асаагч” ачтан билээ. Энэхүү дурсамж бичлэгийг би хайртай багш Ц. Цэвээн агсныгаа“Асаагч” минь хэмээн нэрлэн дээдэлж, олон сайхан шавь нарыг нь төлөөлж“Гайхамшигтай” багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн бичлээ.
1976 оны 9 дүгээр сарын нэгний өглөө би гэж нэг дэлдэн, халзан шар хүү ангийнхаа цэцэг шиг гоёсонхөвгүүд, охидын хамтаар Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний лаборатори Нэгдүгээр сургуулийн босгыг анх удаа алхаж, сурагчийн ширээнд суулаа. Бяцхан бидний анги даасан бага ангийн маань багш бол Цэрэнгийн Цэвээн багш байв. Ц.Цэвээн багш маань хожим 1990 онд Монгол Улсын Гавьяат багш, 2001 онд Монгол Улсын Ардын багш хэмээх өндөр алдар хүндийг төрөөс хүртсэн Монголын маань хамгийн анхны бага ангийн багш, алдарт Нэгдүгээр сургуулийн алдарт багш байлаа. Багш маань хүнийхээ хувьдхүүхдэд маш их хайртай, байнга санаа тавьж зөвлөдөг, дуу цөөтэй даруухан хэдий ч дутагдлыг бол шууд л хэлдэг, хошигнох дуртай, сурагчид, эцэг, эхчүүд, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн агуу эмэгтэй байлаа.
“Үнэн” сонины 1978 оны 2 сарын 5-ны өдрийн тэргүүн нүүрэнд гарсан гэрэл зургийн хайчилбар
Сурагчийн анхны өдрөө л хэрхэн зөв суух, хичээлдээ хэрхэн анхаарах, гараа өргөж багшаас зөвшөөрөл авах, яаж эрдэм номтой, хүмүүжилтэй, сайн хүн болох тухай Ц.Цэвээн багшаараа заалгасансан. Багшийн маань жижигхэн биенээс гарах гайхам цангинасан хоолой, хүүхэд бүртэй тулж онцлогт нь тааруулж харилцан, алдааг нь засаж, амжилтыг нь урамшуулдаг тэр л нандин гар, халуун сэтгэл, ур чадвар нь алдрайхан хөвгүүд, охидын дотор гэрэл асааж, оюуныг нээсэн “мөнхийн ачтан” бөлгөө.
1978 оны хаврын сүүлээр 2 дугаар ангийн сурагч надад нэгэн “аймаар” явдал тохиолдов. Тэр үед хичээл маань үдээс хойш ордог манай анги тарах гээд сургуулийн баруун талын шатаар сурагчид ар, араасаа эмх цэгцтэй уруудаж байлаа. Дуу чимээ гаргахгүй, нэгнийгээ түлхэж, уралдахгүй, зөвхөн эгнээгээ барих дүрэмтэй. Нэгдүгээр давхрын хувцасны өлгүүрийн ойролцоо хичээлийн эрхлэгч Наяа багш маань (Монгол Улсын Гавьяат багш З.Цэрэннадмид агсан) ангиудын таралтыг ажиглаж, сурагчдад сануулга, зөвлөгөө өгөөд үддэг заншлаараа хүлээж байлаа. Бусад ангиуд ч бас тараад шатан дээр бид хэсэгхэн түр саатан зогсоцгоолоо.
Ангийн хөвгүүдээс “Сайнаа, нөгөө гоё зүйлээ дахиад харуулчих л даа?” гэж шалах нь тэр. Би ч шар хилэн формынхоо халаасанд өдөржин хадгалсан жижигхэн, дөрвөлжин, гялгар зүйлийг гаргаж, найзууддаа харуулахад бахдалтай байлаа. Хичээлийн завсарлагаанаар ганц, хоёр найзууд харсан тул шохоорхоод бусдыгаа уриалан намайг сонирхуулахад хүргэсэн бололтой. “Энэ хардаа!” гэснээр хэдэн хөвгүүд бөөгнөрөн, гар дамжуулан шуугилдалдчихав. Яах ийхийн зуургүй “Ямар гоё юм бэ?”, “Найздаа өгчих!”, “Одоо миний ээлж” гэсээр бусдын анхаарал татаад явчихлаа. Нэг мэдсэн чинь Ц.Цэвээн багш маань дэргэд ирчихсэн “Энд юу болоод байна, алив наадахаа нааш нь өг” гээд гараа сунгасан тэрхэн агшинд би гэдэг хүн баригдаж, баларснаа мэдэв. Багшийн гарт бидний гал асааж, дамжуулан үзэж байсан нөгөө “зүйлээ” аргагүй өглөө дөө. Миний аав, ээждээ хэлэлгүй чемоданаас нь “туучихсан”зажигалка-асаагуурыг асааж, тоглож байгаад багшдаа хураалгана гэдэг “Тэнгэр минь, өршөө!” гэж хаяахан уулга алдан, залбирдаг “Од” хэмээн авгайлдаг хөөрхий эмээгийн минь залбирахаас ч аймаар хэрэг биш үү?!
Ц.Цэвээн багштай 2в бүлгийн Онц сурлагатнуудын “Хүндэт самбар”-ын гэрэл зураг 1978 он
“Чи сургууль шатаахна уу?” гээд л загнаж эхлэх боловуу гэсэн айдсын бодол зурс хийхтэй зэрэгцээд харин ч эсрэгээрээ багш маань тайвнаар “Ээ хүү минь, маргааш гэрийнхнээсээ дагуулж ирээрэй” гэчихээд ангийг дагуулан доош буулаа. “Буруу хэрэг” тарьж баригдаж, бантсан “Онцсайн” сурлагатан би гэдэг амьтан бушуухан гэртээ харилаа. “Аав, ээжид юу гэж хэлнэ дээ...” гэсэн бодолд автахын хажуугаар гэрийн даалгавраа ч хурдан хийж, гадаа ч гарч тоглолгүй гэр орноо цэвэрлэхэд туслаад оройхон болсон явдлыг, үнэнээ өчиж, улайх цаг дөхөх тусам “зүрх минь хүчтэй цохилохыг” мэдэрч байлаа. Аав маань ч ажлаасаа эрт ирж, оройн хоолны дараа “Гэрийн хурал” эхэллээ. “Эзнийх нь зөвшөөрөлгүй юмыг нь авч болохгүйг чи мэдэх үү?” гэсэн эгчийн ширүүхэн сургаалаар эхэлсэн манай “Гэрийн хурал” миний бөөн нулимс, аав, ээжийн хайр, харуусал, эмээгийн тайтгаруулалтаар өндөрлөв. Маргааш өдөр нь аав, ээж маань эрт ажилтай, эгч маань дугуйлангийн тайлан тоглолттой гэсэн тул эмээ маань хамт сургууль явж, багштай минь уулзаж “Учрыг нь олж, зохицуулах” үүрэг хүлээх тэр. Өдөр нь эртхэн эмээтэйгээ хамт гэрээсээ гарч, хичээлийн хонхноос өмнө сургуулийн гадаа багштай уулзууллаа. Удсан ч үгүй холхон дөлсхийн харж зогссон над руу эмээ маань жигтэйхэн баяртай буцаж ирээд “Ямар ухаантай сайн багш вэ? Эмээ нь асаагуурыг аваад харилаа. Миний хүүг хичээлдээ ор гэнээ” гэсээр инээсээр, үнсчихээд гэрийн зүг одов. Тэгээд би ч жаахан тайвширч, бас тэр хоёр юу яриад хөгжилтэй салсныг ойлголгүй, хичээлийн турш гайхшран байсаар тарлаа. Ангийхан маань сурах бичиг, дэвтрээ цүнхэлчихээд ангиасаа гарч эхлэх үед Ц.Цэвээн багш ангийнханд хандаж “Миний хүүхдүүд, гараад коридорт жагсаалаараа зогсож байгаарай. Сайнбаяр үлдээд, наашаа хүрээд ир” гэхэд нь би “Яана даа?!” гэсээр багштай хоцров. Ширээнийхээ хажууд намайг зогсоогоод багш нүд рүү харж байгаад зөөлөн, аядуухан өнгөөр тодорхой хэллээ. ”Сургууль дээрээ асаагуур авчирч, гал асааж болохгүй. Ойлгосон уу? Одооноос ном их уншиж эхэл. Уншсан номынхоо тэмдэглэл хөтөлж, ангийнхандаа ярьж өгч бай. Сургуулийн номын сангийн номуудыг уншаад дуусгачихвал Төв номын санд очиж ном уншиж болохыг “ зөвлөөд хамтдаа ангиас гарсан даа.
Тэр мөчөөс би Ц.Цэвээн багшийхаа хэлснээр номонд сонирхон дурлаж, “Хүүхдийн төв ном”-ын санд ангийнхаа Т.Болд, Ж.Мөнхцогт, Ё.Гантулга, Б. Мөнх-Од, Н.Нэмэхбаяр нарын найз хөвгүүдтэй хамтдаа карт нээлгэн, байнга зочлох болов. Дараа жил нь буюу 3-р ангиа төгсөхдөө би “Хүүхдийн төв ном”-ын “Хамгийн их ном уншсан сурагч”-аар шалгарч “Номын нөхөр” тэмдэгтэн, “Номын Сайн нөхөр” болзлыг хангасан уншигч, мөн сургуулийн “Цэвэр бичигтэн” сурагчаар шалгарсан зэрэгт балчирхан би маш их урамшсан бөгөөд “Монголын Эмэгтэйчүүд” сэтгүүлийн “Хүүхдийн хүмүүжил булан”-д миний зурагтай нийтлэл хэвлэгдсэнийг олж уншаад багш маань их л аз жаргалтай байсныг тодхон санаж байна. Бас “Хүүхдийн төлөө жил” хэмээн улс орон даяар бүтээн байгуулалт өрнүүлж, бүх нийтээр хөдөлмөрлөн зүтгэж байсан тэрхүү 1979 оны хавар манай ангийнхан “Монгол хэлний Улсын Олимпиад”-ын 3-р ангийн Улсын аварга анги болж улсдаа түрүүлж, сургуулиа алдаршуулсан онцгой амжилтын гарааг эхлүүлж байв.
Монгол хэл бичгийн улсын 10-р олимпиадын аварга Ц.Цэвээн багштай 3в бүлэг, 1979 оны 5-р сард
Хожим манай анги тэрхүү амжилтаа бататган монгол хэл, уран зохиолын багш Нанзадын Цэвээн багшийнхаа (Саяхан өргөн тэмдэглэсэн 1-р сургуулийн 100 жилийн ойн баяраар хайртай Н.Цэвээн багш маань Монгол Улсын Гавьяат багш болон өргөмжлөгдсөнд шавь нар нь их баяртай байна.Ц.С) удирдлага, хичээнгүй зүтгэл, чармайлтын дор улсын хэмжээнд 6,8,10-р ангиудын дундах “Монгол хэлний Улсын Олимпиад”-д түрүүлж, нийтдээ улсад 4 удаа аваргалсан дээд амжилтын эзэд болцгоосон билээ.
“Үнэн” сонины 1985-1986 оны Хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулсан дугаарын тэргүүн нүүрт гарсан
Ц.Цэвээн багштайгаа 1-р анги болон 10-р ангид орсон шавь нар нь хамт авахуулсан гэрэл зураг
Увс аймгийн Хяргас суманд төрсөн Ардын багш Ц.Цэвээн багш маань ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 47 жил багшлах хугацаандаа 12 удаа 1-р ангийн 500 гаруй над шиг балчирхан сурагчдыг хүлээн авч, эрдмийн их аян, ажил үйлсийнх нь суурийг тавьж өгчээ. Шавь нараас нь алдар цолтон, эрдэмтэд, улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд олноор төржээ. Манай 1в бүлгийн дарга Л.Сарантуяа, Д.Алтанзаяа, Т.Болд, дүү сурагч Д.Алтанзаяа нарын хүчин чармайлттайгаар хайрт Ц.Цэвээн багшийн маань 70 насны ойг 2010 ондМонгол Улсын Гавьяат багш, сургуулийн захирал Ц.Гүррагчаа болон багш нар, хамт олон, шавь нар нь баяр баясгалантай ёслон тэмдэглэсэн билээ. Тэр үеэр багшийнхаа гэгээн дүр, амьд дуу хоолой, үнэт сургаалыг нь дүрс бичлэгт хадгалан мөнхжүүлснийг нь хэдэнтээ үзэхдээ “Энэ гайхамшигтай багштай учирч, заалгасан азтай хувь тавилангаараа шавь нар насан туршдаа, үр хойчдоо дурсан баярлах нь зүй ёсных юмаа” хэмээн огшин дурсацгааж байдаг. Харин хэдхэн жилийн дараа багш маань нэн харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сургуулийн маань багш нар, шавь нар нь ч ихэд эмгэнэн харуусч “Ардын багшаа дурсъя” гэсэн эмгэнэл, сүүлчийн замд үдэх хүндэтгэлийн ёслолыг сургуулийнхаа урлаг танхимд зохион байгуулж байлаа. Тэр гунигтай цагт хайртай багшийн маань бидэндээ захиж үлдээсэн “Эхлээд сайныг бод, дараа нь зөвөөр эхлүүл, тэгээд хүүхдүүд, хүмүүст хэрэгтэй, тустай бол дэмжээд ажиллаж байгаарай“ гэсэн үгс нь ой санаанд минь гүнзгий санан дурсагдаж байсан билээ. Энэ захиас нь бидний төдийгүй Монгол орны маань боловсрол, бага сургуулийн хөгжилд өнөө ч, ирээдүйд ч хэрэгтэй “Алтан зарчим” гэж би итгэж байдаг. Энэхүү зарчмыг алдартай багш аав, ээжийн хайртай багшийн маань хүү А.Энхбат ах маань мөн амжилттай үргэлжлүүлэн, Монголынхоо, нутаг орныхоо хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, ирээдүйн спортын аваргууд, алдартнуудыг төрүүлсээр явааг дуулаад маш их баярлаж, эрүүл энх, аз жаргал, амжилт хүсэн ерөөе.
Эцэст нь, 2002 оны эхээр би Америкаас эх орондоо ирээд, буцаад сургуульдаа явж чадахгүй, бас ажил төрөлгүй, мөнгө санхүүгээр гачигдаж, өлгийтэй нялх охиноо салхиулаад гадаа цэцэрлэгт гундуухан сууж байтал Ц.Цэвээн багш маань гэнэт таараад, намайг удаан сонсож байснаа “Сайнбаяр минь нэрээ бод, өрөөл бусдыг сайн баярлуул гэж чамд ийм нэр өгсөн гэж ухаар. Би чамайг, бас ангийхныг чинь нялх балчраас нь мэднэ. Багш нь шавь нар та нартаа хайртай. Сайн, сайхан хүмүүс болсныг тань хараад зөндөө бахархдаг. Бүү шантар. Оролдсоор оройд нь гардаг юм шүү. Зүгээр л, хүмүүсийг сайн баярлуул” гэсээр хайртай ээж шиг минь инээмсэглэж, урам зориг өгч байсныг би мартахгүйгээр сайн тогтоож авч билээ. “Ард” хэмээн олондоо хүндэтгэлтэй дуудагддаг байсан эрхэм хүндэт багш таныхаа намтар түүх, багшийн заах урлаг, хүүхдийг хүмүүжүүлж, хөгжүүлдэг арга зүйг таниулан ойлгуулж, хойч үеийнхэнд уламжлуулахаар “Ардын багш Ц.Цэвээний Алдрын танхим”-ыг байгуулахаар 1-р сургуулийн захиргаанд хүсэлт тавьсныг минь захирал Р.Энхбат болон өнөөгийн удирдлага, ахмад болон залуу багш, олон шавь нар нь дэмжиж байгаад талархалтай явна. Хайртай сургууль, шавь нараа “Ямагт Анхдагч, Ямагт Тэргүүлэгч” сайн сайхан хүмүүс болгохыг хүссэн таны минь хүсэл, мөрөөдөл биелэгдсээр байх болноо.
Өнөөдрийн намайг, биднийг асаасан ачтан бол миний, манай багш - Ардын багш Ц.Цэвээн та минь билээ.
Таныгаа хайрлан санаж, сэтгэлийн зул өргөн дурссан шавь Ц.САЙНБАЯР
Улаанбаатар хот, 2023 оны 2 сарын 2-ны өдөр
Хувийн товч танилцуулга:
- Цэрэнчимэдийн Сайнбаяр
- 1986 оны Н.Цэвээн багштай 10б ангийн төгсөгч
- 1984 оны Улсын тэргүүний пионерийн бүлгэмийн зөвлөлийн гишүүн
- Эдийн засагч, бизнесийн менежер мэргэжилтэй
- Бизнесийн удирдлага болон Нийтийн удирдлагын магистр
- “Манлайлал хөгжлийн хүрээлэн” ТББ-ын үүсгэн байгуулагч, Захирал
- Олон Улсын чиглүүлэгч багшийн гэрчилгээтэй, Монгол Улсын Зөвлөх багш
- Утас: 99097293
- Имэйл хаяг: sainbayart@gmail.com
Дурсамжинд ашигласан материалууд:
- Ц. Гүррагчаа “Шинэ Монгол Улсын анхны дунд сургууль” Түүхийн хураангуй ном, Улаанбаатар хот, 2003 он
- Ц.Цэрэнхүү “Ардын багш Цэрэнгийн Цэвээн” Намтар, түүхийн эмхтгэл, Улаанбаатар хот, 2010 он
- Ё.Отгонжаргал “Хэзээд бэлхэн!” УлсынТэргүүний пионерийн бүлгэмийн зөвлөлийн тухай дурсамж ном, Улаанбаатар хот, 2023
- “Ардын багшаа дурсъя” Эмгэнэл, сүүлчийн замд үдэх ёслолын танилцуулга
- Шавь Д.Алтанзаяа “Багшдаа” баримтат нэвтрүүлэг: https://youtu.be/IIMqlSCJAZk
- Шавь Ц.Сайнбаярын хувийн архивын гэрэл зурагнууд
- Сургуулийн захирал, ахмад багш, ажилтнууд, төгсөгчид, ангийнхны хууч дурсамжууд, интернэт дэх бичвэрүүдээс