Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Бэлчир нь багадсан бэрс
Л.Оюун-Эрдэнийг уг нь Харвард төгссөн, дэлхийн хэмжээний хөгжил ярьж, алсыг хардаг улстөрч гэж итгэдэг. Тиймд олны итгэлийг хаа нэг газрын жалганд аваачаад овоолж суугаад нь харамсав. Энэ засгийн, цаашлаад энэ цагийн цулбуурыг атгаж яваа хүний хувьд илүү том ирээдүйд хөтлөх ёстой юм. Монголын улс төрд шинэ өрөг эхэлсэн. Эхлүүлсэн хүн нь бэрсийн нүүдлээр бус, хүүгийн нүүдлээр нүүгээд байж таарахгүй ээ.
Улс төрд шинэ өрөг эхэлсэн. Хуучин өргөө нурааж орхиод, ноёныхоо толгойг “цустсан” хүү өдгөө бэрсийн суудалд залраад, бүхнийг “идэж, уух” эрх мэдэлтэй болсон байгаа. Тэр бол Бэрх тосгоноос тодорсон Харвардын санваартан гэгдэх Л.Оюун-Эрдэнэ. Өнөөдөр Монголын гүйцэтгэх засаглалын бүх эрх мэдэл түүний халаасанд задгай мөнгө шиг шажигнаж буй гэхэд хилсдэхгүй ээ. Учир нь энэ өргийн эзэн буюу ноён нь засгаа түүнд даатгаж, харин намаа Д.Амарбаясгаланд хариуцуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэхүү тактик одоогоор ихэд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хоёр бэрстэй юм шиг л хожил байгуулж яваа нь нууц биш.
Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар улиран ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн хувьд арай жаахан балчирдаад, бэрсийн нүүдэл нь чамлагдаад эхэллээ. Уг нь түүнийг ядаж л жижиг тойргоор сэтгэдэг жижиг улстөрчдөөс арай өөр гэж найдаж байсан юмсан. Гэтэл түүний туулах бэлчир Хэнтийнхээ хөндийгөөс хэтэрсэнгүйд урам жаахан хугарав. Энэ үгээрээ Хэнтийн өргөн бэлчирийг бага гэж чамласангүй, дэлхийн хэртэй сэтгэх учиртай ухааны уртыг нь чамласан хэрэг.
Л.Оюун-Эрдэнэд том улстөрч байх том боломж оногдсон. Харамсалтай нь түүнийгээ Батноровынхоо хойд дэнж дээр “овоохой” болгоод бунхалчихаар нь бухимдал төрөөд болохгүй юм аа. “Овоохой” гэж Хэнтий аймгийн Батноров суманд “сүндэрлэн” босч буй “Андлалын өргөө” цогцолборыг оноон нэрлэж байна. Хэлний алдас болбол болтугай даа. Хоёр тэрбум төгрөгөөр бүтээн босгосон гэхэд хөшөө нь гомдоод урвайчихсан аятай духаараа мөргөлдсөн хоёр баримлыг өөрөөр яаж нэрлэхээ ч эс мэднэ.
Гэхдээ энд тэрхүү хөшөөг гоочлохоосоо илүүтэй, Л.Оюун-Эрдэнийн олхиогүй байдлыг онилох гэсэн юм. Түүний чин санаа, зорилго мөрөөдлийг үгүйсгэх нь дэмий хэрэг. Тэрбээр эхэндээ үнэхээр л томоор сэтгэж, ихээр санаж эхлүүлсэн ажил гэдгийг нь ойлгож болно. Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн “агуу” төлөвлөгөө бодож олсныг нь ч хүндэтгэж байна. Гэвч хэлснээ ингэж хэрэгжүүлэхгүй ээ, Л.Оюун-Эрдэнэ ээ! “Бардам ам, шалдан гуя” гэдэг шиг байдлыг танай засгийн үед олон удаа харах боллоо.
Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркийг Хэнтий аймагт байгуулахаар тусгасан. Улмаар 2018 оны төсөвт Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар болсон. Энэ дагуу босч буй хоёр томоохон “бүтээн байгуулалт”-ыг монголчууд бид цөмөөрөө л харлаа, үзлээ. Үнэндээ хүний өмнөөс ичнэ гэгч л болж байгаа бодитой шүүмжлэлийг олон нийтээсээ хүлээж авсан л байлгүй дээ. Их сайхан том зүйл мөрөөдөх, түүнийгээ хэрэгжүүлэх хоёрын дунд хэчнээн алд зай байдгийг одоо ойлгосон л байлгүй ээ.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ одоо жаахан хэрсүүжих хэрэгтэй санагдана. Хэрвээ том улстөрч байя л гэж санаж, зорьж яваа бол тойргийн сэтгэлгээнээсээ сал гэж зөвлөмөөр байна. Хоёр тэрбумын хэмжээнд биш, наанадаж л хорин тэрбумын хэмжээнд сэтгээсэй билээ. Түүний яриад байгаа цогцолборыг, түүхэн их хөшөө дурсгалыг хоёрхон тэрбумаар босгочихдоггүй юм л даа.
БНХАУ-ын ӨМӨЗО-нд Чингис хаан судлалд онцгой анхаарч, их хэмжээний санхүүжилт гаргасны хүчинд бидний атаархан ярих дуртай Чингис хааны цогцолбор боссон түүхтэй. Өдгөө Чингис хаан болоод 13-р зууны үеийн түүх, соёлтой танилцах аялал жуулчлал ӨМӨЗО-ныг чиглэж, АНУ-ын дунд сургуулиудад “Хубилай хаан бол түүхэндээ Хятадын хаан байсан” гэж зааж байгаа нь халаглахаар баримт мөн. Үүний эсрэг дархлаа босгох гэж сэдэж санаачилсан ажил байх. Гэхдээ л тун ч ядуухан сэтгэж дээ гэж хэлмээр санагдана. Ер нь хөшөө дурсгал барьснаараа улс орон хөгждөггүй юм гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Харвардад ядаж заалгасан баймаар даа. Гэтэл бүр эсрэгээрээ гөжсөн бух шиг авир гаргаж “Энэхүү бүтээн байгуулалтыг үгүйсгэж байгаа хүмүүс түүхийн эсрэг гэмт хэрэгтнүүд шүү” гэчихсэн сүрдүүлж суугаа нь гунигтай л дүр зураг.
Олон нийт “Эдийн засаг хүнд байхад хөшөө дурсгал босгоход мөнгө үрлээ” гэж бухимдаж байгаа нь харьцангүй цөөн, харин гүйцэтгэлд нь л сэтгэл дундуур байгаа нь илт байв. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ ярьж байгаа шигээ зангарагтай шийдэж чадаад, төсөөлсөн шигээ түүхэн цогцолбор босговол түүнийг муучлах нэгээхэн ч сэжим гаргахгүй. Түүнд эрх мэдэл дутахгүй гэдгийг бид 2018 онд дээрх цогцолборыг барих төсвийг шийдэх байнгын хорооны хуралдаан дээр “Гурван үсэгтэй компанийн гар хөл болсон нөхөд аятайхан байгаарай” гэж заналхийлж байгаад батлуулж байсан жишээнээс харсан. Ийм бяраа илүү ид хавтай зүйлд үзүүлээсэй, ашиглаасай гэж чин сэтгэлээсээ хүсэх юм.
Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоох тал дээр гаргасан түүний ид хавыг магтахаас аргагүй. Шууд л давхиж очоод, тэргүүн дэд захирлыг нь хуулийн хэлтсийн дарга, санхүүгийн хэлтсийн дарга, хүний нөөцийн албаны даргыг ажлаас чөлөөлж, өрөөг нь битүүмжилж орхисон. Ийм “задарсан” сайдыг өмнө нь тийм ч олон харж байгаагүй ээ. З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга болоод ингэж нэг “өвчигнөсөн”-өөс өөр тохиолдлыг санахгүй байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосны хүчинд тус үйлдвэрийн 49 хувийг өмчлөх гэсэн бүлэглэлийн санаархлыг хазаарласан. Онгцгой дэглэм тогтоосон 2019 онд “Эрдэнэт” үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их ашигтай ажилласан жил болсон. Гэтэл 49 хувийг нь хувьчилж авсан нөхдүүд “Эрдэнэт үйлдвэр үр ашиг өгөх нь өнгөрсөн. Энэ саалийн үнээгээ үхсэнд тооц” гэж ярьж байсныг санах хэрэгтэй.
Ингээд бодвол Л.Оюун-Эрдэнэд улс төрийн болоод эрх мэдлийн потенциал хангалттай бий. Харин түүнийгээ чухам юунд ашиглах вэ гэдэг нь энэ залуугийн ухааны потенциалаас хамаарч таарах болов уу. Харвард төгссөн оюун ухааны бэлчир хэр хол тусахыг одоо л үзэх учиртай. Хэрвээ “Андлалын хөшөө” хийгээд “Их хуралдай-Орд өргөө” шиг оронцоглох юм бол хийснээс хийгээгүй нь дээр шүү.
Сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ овоо дориун зүйлс ярьж байгаа. Яг ярьсан шиг нь хэрэгжвэл Монголд 400 сая жуулчин ирэхээс ч илүү хөгжил дэвшил авчрах зүйлс. Тухайлбал, төрд ажиллаж байгаа хүн өөрийн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсад тушаадаг Сингапурын туршлагыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж ярьсан. Үүн шиг чухал, хэрэгтэй ажил гэж үгүй. Үүгээр бол төрөөс төрсөн тэрбумтнуудын хөрөнгө түмэнд олонд ирнэ ээ гэсэн үг. Харин хэрэгжүүлж чаддаг эсэх, хэрэгжүүллээ гэхэд нугалаа, завхрал үүсгэхгүй байж чадах эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Энүүхэндээ гэж хэлэхэд төрийн олон тэрбумтнуудыг алагчлахгүй гэх итгэл алга. Төрсөн сууриндаа төсвийн хөрөнгө оруулалтаар 27.8 тэрбум төгрөг төсөвлөдөг хүнд одоохондоо итгэхэд хэцүү. Л.Оюун-Эрдэнийн төрж өссөн Бэрх тосгон 2000 хүн амтай атал нэг аймгийн дайтай хөрөнгө оруулалт төсөвлөж суусан гэхээр бас л бэрх.
Л.Оюун-Эрдэнэ сайдын удаах санаачлага бас л гойд сайхан сонсогдож байгаа. Тэр нь “Сайд нарыг томилгоо хийх эрхгүй болгоно” гэх зоримог алхам. Мөн л хэрэгжүүлж чадвал төрийн албанд бугшсан их олон тээг, тэвхийг суга татаж хаях чухал ажил. УИХ-ын гишүүн, цаашлаад сайд дарга нар төрийн албанд хүн томилох эрх эдэлснээр авилга, албан тушаалын хэргийг нэмэгдүүлэх хөрс суурийг бүрдүүлж, хариуцлагын тогтолцоог нурааж орхидог гэмтэй. Гэтэл бусад хөгжилтэй улс оронд сайд нар томилгоо хийх эрхгүй, зөвхөн хүний нөөцийн захиалга өгдөг. Тэр дагуу төрийн албаны зөвлөлөөс тодорхой сонгон шалгаруулалт явуулах замаар төрийн албан хаагчдыг томилдог ажээ.
Энэхүү хоёр санаачлагаа ажил хэрэг болгож чадвал Л.Оюун-Эрдэнэд алга ташиж болно. Эдгээр нь Монголын нөхцөлд том улстөрчийн л хийж хүчрэх ажил тул Л.Оюун-Эрдэнийг том байгаасай гэж бас хүснэ. Түүний өмнө өрөгдсөн өрөг, өгөгдсөн нөхцөл гэж мэдээж бий. Гэхдээ энэ өргийг өөрчилж, илүү том, өргөн зайд тэлж нүүгээсэй билээ. Жижиг Монголын зовлонг хүн бүр л мэднэ. Хорин тэрбумаар биш, хоёр тэрбумаар хөшөө барихын ялгааг бүгд ойлгоно. Гэвч хоёр тэрбумаар хөшөө барих хэмжээнд битгий сэтгээсэй билээ. Хэрлэнгийнхээ бэлчирээс давж, Хэнтийгээсээ өндөр сэтгэж байж л бид дэлхийн дээвэрт дөхнө.
Л.Оюун-Эрдэнийг уг нь Харвард төгссөн, дэлхийн хэмжээний хөгжил ярьж, алсыг хардаг улстөрч гэж итгэдэг. Тиймд олны итгэлийг хаа нэг газрын жалганд аваачаад овоолж суугаад нь харамсав. Энэ засгийн, цаашлаад энэ цагийн цулбуурыг атгаж яваа хүний хувьд илүү том ирээдүйд хөтлөх ёстой юм. Монголын улс төрд шинэ өрөг эхэлсэн. Эхлүүлсэн хүн нь бэрсийн нүүдлээр бус, хүүгийн нүүдлээр нүүгээд байж таарахгүй ээ.
Д.ДАМДИНЖАВ
Зочин
Зочин
Зочин
Баярт
Зоригоо
Мөнх
Дэлгэр
Начигай
Зочин
Зочин