Энэ 7 хоногт
Монгол, Америкийн харилцаа ба Элчин сайдын томилгоо
Элчин сайдаар томилогдох иргэн төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх ёстой. Энэ бол дипломат албанд ч хамаарах төрийн албаны мерит зарчим юм.
Монгол, АНУ 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш АНУ манай стратегийн түнш, гуравдагч хөрш болсон байна. Хоёр улсын харилцааг энэ түвшинд хүргэж хөгжүүлэхэд Элчин сайд Г.Нямдоо, Л.Даваагив, Ж.Чойнхор, Р.Болд, Х.Бэхбат, Б.Алтангэрэл, Ё.Отгонбаяр нар хүчин зүтгэж, их хувь нэмэр оруулжээ. Тэд хуулийн болон мэргэжлийн өндөр шалгуураар орж Элчин сайдаар томилогдсон мэргэжлийн дипломатчид юм.
Хэдхэн сарын дараа Монгол, Америкийн дипломат харилцааны 35 жилийн ойг тэмдэглэх нь. Ой тэмдэглэх нь олсон ололт амжилтаа дүгнэхийн хамт цаашдын зорилтоо гаргаж тавих боломж байдаг.
Хоёр улсын харилцааны зорилтыг хэрхэн харж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен сүүлийн үед хоёр ч удаа тодорхой илэрхийллээ. Тэрээр энэ оны 6 дугаар сарын 11-нд “Бид энэхүү(стратегийн) түншлэлийг бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн. Хоёр улсын харилцаанд олон зорилт байгаа ч тэрээр маш тодорхой гурван зорилтыг онцолжээ.
Нэгд, хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх. 2019 онд хоёр улс харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээ тунхаглаад ардчилсан үнэт зүйлс, хүний эрх, үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах, энхийг сахиулах ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж, гамшгийн бэлэн байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, иргэний нийгэм, нийгмийн сүлжээ, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, цахим халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цар тахал зэрэгтэй тэмцэх, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцоо бүрийг ажил хэрэг болгох нөр их хөдөлмөр шинэ Элчин сайдыг хүлээж байна, түүнээс дипломат мэргэжлийн өндөр ур чадварыг шаардаж байна. Стратегийн түншлэл бол уриа лозун биш, нарийн бодож төлөвлөн явуулах ёстой харилцаа, хамтын ажиллагаа билээ.
Хоёрт, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бататгах. Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, хууль ёсыг үндэсний түвшинд бататгах нь хоёр улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бататгаж буй хэрэг. Хүний эрхийг зөрчих, шударга ёс, хууль ёсыг алдагдуулах, авлигатай тэмцэхгүй байх нь хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлөхгүй. АНУ-ын Төрийн департаментаас жил бүр гаргадаг хүний эрхийн болон хүний наймааны тайлангууд, түүнчлэн олон улсын байгууллагуудаас гаргадаг бусад тайланд Монголын талаар хийсэн дүгнэлтүүдийг анхаарч Засгийн газарт санал, зөвлөмж өгөх нь Элчин сайдын чухал үүрэг юм.
Гуравт, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгах. Энтони Блинкен сая 7 дугаар сарын 9-нд бас нэг мэдэгдэл гаргаж энэ талаар дахин дуугарчээ. АНУ энэ талаар яагаад дахин дахин дуугараад байгааг, ямар дүгнэлт хийж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Монгол Хятадын нөлөөнд орж байна, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд нь эрсдэл учирч байна, монголчууд өнгөрсөн түүхээрээ бахархахаас өөр ирээдүйд тэмүүлэх мөрөөдөлгүй мөхөж буй үндэстний хэв шинжтэй болж байна гэж зарим судлаач бичиж анхааруулсаар байгаа билээ.
Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бичсэнээр үндэсний аюулгүй байдал гэж үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлэх бөгөөд үндэсний язгуур ашиг сонирхолд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал багтдаг. АНУ манай үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд санаа зовниж байна уу? Үүнийг мэдэрдэг, хөрш хоёр гүрэн Монголын талаар ямар бодлого явуулж байгааг болон манай бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд ямар эрсдэл учруулж болохыг сайн мэддэг, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо гуравдагч хөршүүдийн дэмжлэгээр хэрхэн бататгах талаар сэтгэдэг, ер нь их гүрнүүдийн хооронд геостратегийн сөргөлдөөн хэрхэн өрнөж буйг ажигладаг байх нь манай Элчин сайдын гол үүрэг байлтай. Тэхдээ манай гуравдагч хөршийн бодлого бол анхдагч, гуравдагч хөршүүдээ хооронд нь муудалцуулах бодлого биш, манай гадаад харилцааг тэнцвэржүүлэх бодлого гэдгийг ойлгож хэрэгжүүлэх нь Элчин сайдаас мэргэжлийн нарийн ур чадварыг шаарддаг.
Даяаршин хавтгайрах энх цаг улирч, дангааршин хүчирхэгжих өрсөлдөөн өрнөж буй энэ хүнд үед (энэ тухай http://baabar.mn/article/mongol-khuchirkhegjikh-ni -ийг үзнэ үү) том гүрнүүдийн геостратеги, улс төр, эдийн засаг, мэдээлэл, худалдааны дайны дундуур жижиг улсыг төлөөлөх нь амаргүй ээ, амаргүй.
Энэ гурван зорилтын төлөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно гэж Энтони Блинкен мэдэгдсэн. Харин манай улс энэ гурван зорилтын төлөө АНУ-тай хамтран ажиллах эсэхээс хоёр улсын харилцааны цаашдын өрнөл хамаарна. Элчин сайдын томилгооноос харахад манай улс дээрх зорилтуудад ач холбогдол өгөхгүй байгаа мэт, үндэсний язгуур ашиг сонирхлоос өөр ашиг сонирхол үйлчлээд байгаа мэт сэтгэгдэл төрөв.
Яагаад ийм сэтгэгдэл гэнэт төрөв гэвэл томилгоог Төрийн албаны тухай хууль, Дипломат албаны тухай хуулийг зөрчин хийж байгаагаас төрлөө. Элчин сайд бол дипломат албан тушаал, мөн төрийн тусгай албан тушаал юм. Дипломат болон тусгай албан тушаалд тавих шаардлага, томилох журам, шалгуурыг хуульчилсан байдаг. Олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн иргэнийг дипломат албанд томилдог. Төрийн тусгай албан тушаалд томилохдоо төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт авч сонгон шалгаруулдаг.
Элчин сайдаар томилогдох иргэн төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх ёстой. Энэ бол дипломат албанд ч хамаарах төрийн албаны мерит зарчим юм.
Төрийн албан хаагчийг томилохдоо хууль тогтоомж зөрчих, хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглодог. Мөн төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглодог.
Элчин сайд болон дипломатуудыг элдэв ашиг сонирхлын үүднээс “шахааны” аргаар томилохыг зогсоох хуулийн үндэслэл Гадаад харилцааны сайдад байна, гагцхүү үндэсний язгуур ашиг сонирхол, шударга ёс, хууль ёсыг дээдлэн сахих хүсэл эрмэлзэл байгаа эсэхээс нь хамаарна.
Эцэст нь хэлэхэд, би Элчин сайдаар томилогдож буй Ө.Батбаярын эсрэг байгаа юм биш. Өлзийдэлгэрийн Батбаяр бол өөрийнхөө ажил үйлсээр амжилтад хүрч, олонд танигдаж яваа манай нутгийн залуу. Зөв бодолтой, зөв үйлдэлтэй залуу, ардын дипломатаар явах л юм байна гэж бодож, “соёлын элч” болоход нь болж байна хэмээн баярлаж байлаа. Залуу хүн цаашид шударга явбал нутгийн зон олон тусалж дэмжсээр байх болно, нутгийн уул ус өмөг түшиг болсоор байх болноо.
Элчин сайд О.ОЧИРЖАВ
Dr urologist
Зочин
Уншигч
Айж байна
Зочин
Зочин
Зочин