МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ?
Ихэнх суудлыг хаа нэгтээгээс мултарсан, арай дээгүүр албан тушаал хүртээгүй, хөөгдөж туугдсан, тэгсэн хэрнээ төрийн биед хувалз мэт он жилээр шигдээд сорж суудаг этгээдүүд эзэгнэж юу ч хийхгүйгээр, цалин авч, өчүүхэн төдий хариуцлага хүлээхгүй, мэдээлэл бүрэн хаалттай учраас бараг нууц байдалд зургаан жилийг өнгөрүүлдэг болсон нь дампуурлын шалтгаан
2025.12.03.
Пээ, Монголд ямар олон үндэсний зөвлөл байдаг юм бэ? Хүүхдийн төлөө, залуучуудын хөгжлийн, хавдрын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө, боловсролын, усны, стандарчиллын, хэлний бодлогын гээд урсаж өгнө. Ихэнх нь нэрнээс цаашгүй, баахан хуралдаж цаг үрэхээс цаашгүй хэдий ч ядахдаа хор хохирол багатай бол Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, бас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэж хариуцсан салбараа дампууруулахаас өөр өөр шидгүй үе үеийн хэсэг нөхдүүд байдаг. Эхний хоёр нь үүгээрээ олон жилийн турш манлайлсан бол сүүлийн үед Олон нийтийн телевизийнх цойлон гарч ирлээ. Саяхан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр Үндэсний зөвлөлийн гишүүн, жүжигчин Н.Онон “Худлаа ярихаа больцгооё, Үндэсний зөвлөл үндсэндээ дампуурцан шүү”гэж хошигнож марзагнахгүйгээр түс тас онош тавьжээ. Хурал хийх ганц ажилтай нөхдүүд тэр хурлаа ч хийж чадвараа алдаж тэртэй тэргүй дампуурч болзошгүй гэгдэх байгууллагаасаа түрүүлж дампуурна гэдэг бол Х-ТҮЦ-ийнхэн ч бодож олж чадахгүй гоё онигоо.
Анх 1998 оны 8-р сард Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг баталж төрийн хэвлэл мэдээллийг тас хориглоод Радио, телевизийн хэрэг эрхлэх газрыг (бас МОНЦАМЭ агентлагийг) Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгохоо зарлан тунхаглаж бүтэц, бүрэлдэхүүн, дүрмийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх өдрийг сар гаруйхны дараа буюу 10-р сарын 15-наар тогтоож сүрийг үзүүлсэн билээ. Үүний ачаар дараа жил нь АНУ-ын Freedom House-ийн тайланд Монгол Улсыг барууны орнуудын нэгэн адил хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй улс хэмээн мандуулж ертөнцийн чихийг дэлдийлгэсэн нь эхний бөгөөд сүүлчийн удаа байжээ. Дахиад ганцхан жил өнгөрөхөд тэр хууль бараг залилангийн шинжтэй байсан нь илэрсэн тул Монгол Улсыг буцаагаад хагас эрх чөлөөтэй рүү хөөсөн, түүнээс хойш өөдлөөгүй. “Ардчилсан хүчин анх удаа Засгийн эрх авсан түүхэн хариуцлагатай цаг үед хамгийн чухал мэдээллийн хэрэгслийг сул тавьж ерөөсөө болохгүй” хэмээн зүсээ хувиргасан нөхдүүд 2000 оны сонгуулиар онхолдож унахад нь Монголын эзэн шахам болсон Намбарын Энхбаяр дөрвөн жилийн турш зоргоороо эдэлж хэрэглэж байтал 2004 оны сонгуулиар эрх мэдэл хуваагдаж МАХН, АН хоёр “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” хоёрыг яасан шигээ найрч 2005 оны 1 дүгээр сарын 27-нд буюу долоон жилийн дараа Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг сая нэг баталсан түүхтэй. Хэрвээ аль нэг нь Засгийн эрхийг дангаар атгасан бол энэ хуулийг гаргахгүй байсан биз. “Улс орон амаргүй нөхцөл байдалд байна” гэдэг ч юм уу шалтгаанаар.
МҮОНРТ-ийг 15 хүнтэй Үндэсний зөвлөл хэмээх толгойтой болгохдоо сурсан юмыг сураар боож чадахгүйн үлгэрээр тухайн үед өөр өөр намын байсан “төрийн гурван өндөрлөг” – Ерөнхийлөгч 4 хүн, Улсын Их Хурал 7 хүн, Засгийн газар 4 хүнийг тус тус нэр дэвшүүлэхээр хувааж авцгаасан. Нэгэнт олон нийтийнх гэж баахан шоудсан болохоор түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын дэвшүүлсэн хүмүүсээс сонгож дэвшүүлэх гэж толгой эргүүлсэн сонин тогтолцоог зохиожээ. Тодорхой шалгуур байхгүй, хэнийг ч хаанаас ч юуны ч нэр дээр шургуулахад чөлөөтэй. Доорхи жагсаалтаас хараарай. Эхний удаад төрийн бус байгууллагууд өдөр сарыг өнжин хуралдаж дундаасаа Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлсэн ч төдөлгүй хууртаж нэг мэдэхэд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар цаанаа урьдчилж сонгоод УИХ-д тоонд нь тулсан нэрсийг оруулдаг, тэр нь шууд батлагддаг тийм тогтолцоог бий болгосон байв. Бараг бүх нэр дэвшигчийн духан дээр хэн нь хэн, аль нам, фракц, гишүүний хүн бэ гэдгийг сийлсэн байдаг гэхэд нэг их хилсдэхгүй. Үндэсний зөвлөлийн гишүүн тус бүр зөвхөн тухайн Ерөнхийлөгч, Их Хурал (тэр тусмаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга), Засгийн газрын үед л сонгогдох нигууртай. Юун үзэгчид, олон нийт, иргэний нийгэм. Зөвхөн жүжигчин Н.Онон мэтийн ганц нэг хүн өөрөөрөө орсон, эрхэм гишүүдэд сонирхолтой санагдсаных байх. Бас лам нар. Ихэнх суудлыг хаа нэгтээгээс мултарсан, арай дээгүүр албан тушаал хүртээгүй, хөөгдөж туугдсан, тэгсэн хэрнээ төрийн биед хувалз мэт он жилээр шигдээд сорж суудаг этгээдүүд эзэгнэж юу ч хийхгүйгээр, цалин авч, өчүүхэн төдий хариуцлага хүлээхгүй, мэдээлэл бүрэн хаалттай учраас бараг нууц байдалд зургаан жилийг өнгөрүүлдэг болсон нь дампуурлын шалтгаан.
Энэ удаад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн өмнөх ба одоогийн гишүүдийн жагсаалтыг гаргаж хүснэгтлэв. Томилогдсон оноор, гэхдээ урвуугаар эрэмбэлж сүүлд сонгогдсоныг хамгийн дээр харуулж одоо бүрэн эрх нь хэрэгжиж 15-ын нэрийг улаанаар ялгаж бас ямар салбарыг төлөөлж суугааг тэмдэглэв. Зарим хүн дээр өөрийн мэдэлгүй жуумалзахад бэлтгэнэ биз.
Хэрвээ би бүрэн бүртгэж зөв тоолсон бол 2005 оноос хойш Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 57 хүн ажилласан бол гурван хүн (Х.Чилаажав, Б.Ганболд, Д.Оюун-Эрдэнэ) хоёр удаа сонгогджээ.
Тун удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дууссан В.Бат-Эрдэнэ, С.Алтанцэцэг, Д.Батсүх, Д.Өлзийбаатар, Н.Жанцан нарыг буулгаж оронд нь УИХ-аар оруулах, тэгэхдээ сонсгол хийж хэлэлцүүлэн батлах дараачийн нэр дэвшигчдийн хэн нь хэнийх байх бол?
| Нэр, овог | Нэр дэвш. субъект | Үндсэн ажил, албан тушаал | Томилогд- сон огноо | Чөлөөлөгд-сөн огноо |
| Нанзаддорж Ноовойн | Ерөнх. (Соёл урлаг) | Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн багш, гавж | 2024.01.18. (Д.Жавзандоржийн оронд томилогдсон) | |
| Золзаяа Жаргалсайханы | ЗГ (Техник технологи) | Монголын үндэсний маркетингийн холбоо нэр дэвшүүлсэн, “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулагч | 2023.05.04. | |
| Монсор Нямдаваагийн | ЗГ (Эдийн засаг) | “Монголын менежментийн манлайлал форум” НҮТББ/-аас нэр дэвшүүлсэн, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, | 2023.05.04 Үндэсний зөвлөлийн дарга | |
| Онон Нанжидын | Ерөнх. (Соёл урлаг) | Жүжигчин, МУГЖ | 2022.01.14. | |
| Жавзандорж Дуламрагчаагийн | Ерөнх. | Гандантэгчинлэн хийд, Шашны дээд сургуулийн багш | 2022.01.14. | 2024.01.17. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар сонгогдсон учраас өөрийн хүсэлтээр |
| Ганболд Баасанжавын | УИХ (Эрх зүй) | “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч асан | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) | |
| Оюун-Эрдэнэ Дэшигрэнцэний | УИХ (Сэтгүүл зүй) | “Өнөөдөр” сонины тоймч | 2021.01.01. | |
| Отгонбаяр Гомбожавын | ЗГ | iToim.mn сайтын захирал, нийтлэлч | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) | (2022 онд нас барсан) |
| Цэсэн Жигжидийн | Ерөнх (Утга зохиол) | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга асан | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) | |
| Уянга Маруушийн | ЗГ (Удирдлага, менежмент) | Монголын үндэсний Маркетингийн холбоо | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) | |
| Наранбаатар Мянганбуугийн | УИХ (Гадаад харилцаа) | МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан | 2020.12.10 | |
| Цоодол Дамдины | УИХ (Байгаль орчин) | МҮОНТ-ийн нэвтрүүлэгч | 2020.12.10 | 2020.11.10 2021.01.01 (дагаж мөрдсөн) |
| Бат-Эрдэнэ Ванжилын | УИХ (Биеийн тамир, спорт) | “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” ТББ-ийн гүйцэтгэх захирал | 2019.04.19. | Бүрэн эрхийн хугацаа дууссан |
| Батсүх Доржсүрэнгийн | УИХ (Боловсрол) | Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч | 2019.04.19. | Бүрэн эрхийн хугацаа дууссан |
| Алтанцэцэг Сүхбаатарын | УИХ (Хөдөлмөр, нийгмийн хамгаалал) | МСНЭ-ийн гүйцэтгэх захирал байсан, СГЗ | 2019.04.19. | Бүрэн эрхийн хугацаа дууссан |
| Өлзийбаатар Дэмбэрэлийн | Ерөнх. (Түүх уламжлал) | Түүхч, төрийн шагналт | 2019.04.19. | Бүрэн эрхийн хугацаа дууссан |
| Жанцан Наваанпэрэнлэйн | ЗГ (Бизнес) | Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч, Хөдөлмөрийн баатар | 2019.04.19. | Бүрэн эрхийн хугацаа дууссан |
| Чилаажав Хайдавын | Ерөнх. | Монголын зохиолчдийн эвлэлийн удирдах зөвлөлийн дарга | 2016.12.01. | 2023.05.04 |
| Галаарид Бадам-Очирын | Ерөнх. | МСНЭ-ийн Ерөнхийлөгч | 2015.12.25. | 2021.12.25. 2022.01.14. |
| Санасэр Содномдоржийн | “Цахим өртөө” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш | 2015.12.25. | 2019.04.19 (2017 онд АНУ-д суралцахаар явсан учраас) | |
| Соёл-Эрдэнэ Жарантайн | Ерөнх. | Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал. | 2015.12.25. | 2021.12.25 2022.01.14 |
| Золбаяр Баастын | ЗГ | “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Энхмандах Балдангийн | УИХ | Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) ҮЗ-ийн дарга байсан | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Оюун-Эрдэнэ Дэшигрэнцэний | УИХ | “Өнөөдөр” сонины тоймч | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Нямсамбуу Дэндэвийн | Ерөнх. | Гандантэгчинлэн хийд болон Жавзандамба Хутагт төв, гавж | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Батбаяр Батжаргалын | УИХ | УИХ-ын гишүүн асан | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Энхболд Зургаанжингийн | ЗГ | Үндэсний дата төвийн захирал | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Цэндсүрэн Довдонгийн | Хуульч, эрх зүйч | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) | 2020.11.10 (2021.01.01-нээс дагаж мөрдсөн) | |
| Батцэцэг Шагдарын | Ерөнх. | Эй Би Ай хүрээлэнгийн захирал | 2013.02.08. | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) Индонезид Элчин сайдаар ажиллах болж чөлөөлөгдсөн |
| Пүрэвдорж Лувсангийн | УИХ | Зохиолч, сэтгүүлч | 2012.09.18 (2015.01.20 хүртэл ҮЗ-ийн дарга байгаадхүсэлтээрээ чөлөөлөгдсөн) | 2018.09.18 |
| Сосорбарам Догмидийн | Ерөнх | Төрийн соёрхолт жүжигчин | 2012.09.18 | 2015.12.25. Өөрийн хүсэлтээр |
| Цэнддоо Бямбажавын | Ерөнх. | Төрийн соёрхолт жүжигчин | 2012.09.18 | 2015.12.25. Өөрийн хүсэлтээр |
| Мягмар Содномпилийн | УИХ | “Боролдой” студийн захирал | 2012.09.18 | 2018.09.18 2019.04.19 |
| Арман Алений | ЗГ | “Ирээдүйгээ аврах хөдөлгөөний” тэргүүн, Монголын олон ангит кино компанийн захирал, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч | 2012.09.18 | 2019.04.19. |
| Мөнхбат Аюушийн | ЗГ | Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч | 2012.09.18 | 2016.12.01 |
| Гоошоохүү Дамбийн | УИХ | Эрдмийн ундраа сургуулийн багш | 2012.09.18 | 2018.09.18 2019.04.19 |
| Алтансүх Норовын | Ерөнх. | Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор | 2009.01.15. | (2009.01 сард зуурдаар нас барсан) |
| Ганболд Баасанжавын | УИХ | “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч | 2008.12.31. | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Гомбосүрэн Цэрэнпилийн | ЗГ | Ахмад дипломатч | 2008.12.31 | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Гантөмөр Дамбын | ЗГ | Аялал жуулчлалын Тогтвортой хөгжил төвийн тэргүүн, “Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” сэтгүүлийн ерөнхийлөгч | 2008.12.31. | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Дамбажав Чойжилжавын | Ерөнх. | “Дашчойлин” хийдийн хамба лам | 2008.12.31. | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Зоригтбаатар Цэрэнчимэдийн | УИХ | Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч | 2008.12.31. | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) Канад дахь ЭСЯ-нд ажиллах болсон |
| Цэрэндорж Сүрэнгийн | УИХ | Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн | 2008.12.31. | 2014.12.25. (2015.01.01-нээс дагаж мөрдсөн) |
| Ганбат Дамбын | ЗГ | Улс төрийн боловсролын академийн захирал, Нийгмийн ухааны Liberty дээд сургуулийн гүйцэтгэх захирал | 2008.12.31. 2009.07.02 ? | 2015.12.25. |
| Дашдондов Цэдэндоржийн | Ерөнх. | Сэтгүүлч | 2005.10.13. | 2008.12.31 |
| Бурмаа Раднаагийн | УИХ | "Нийгмийн дэвшил-Эмэгтэйчүүд" хөдөлгөөний тэргүүн | 2005.10.13. | 2008.12.31. |
| Буянбадрах Мархаахүүгийн | ЗГ | FМ 107-станцын захирал, сэтгүүлч | 2005.10.13. | 2012.09.18 |
| Пүрэвбат Ганхүүгийн | Ерөнх. | Бурханч лам | 2005.10.13. | 2008.12.31. |
| Мөнгөнтуул Очирхуягийн | УИХ | Итали, Монголын найрамдлын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Итали-Монголын худалдааны танхимын тэргүүн | 2005.10.13. | 2012.09.18 |
| Цэрэнпүрэв Готовын | ЗГ | Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал, Монгол банкны Тамгын газрын дарга | 2005.10.13. | 2012.09.18 |
| Чилаажав Хайдавын | Ерөнх. | Монголын зохиолчдийн эвлэлийн удирдах зөвлөлийн дарга | 2005.10.13. Үндэсний зөвлөлийн дарга байсан | 2012.09.18. |
| Хадбаатар Раднаагийн | Ерөнх. | Монголын Сонины Холбооны дэд ерөнхийлөгч | 2005.10.13. | 2008.12.31. |
| Төмөрбаатар Лувсансамбуугийн | УИХ | Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Хавдар судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал | 2005.10.13 | 2012.09.18. |
| Эрдэнэ-Өлзий Ойдовын | УИХ | Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, Биеийн тамир, спортын хөгжлийн сангийн тэргүүн, Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн | 2005.10.13. | 2012.09.18. |
| Болд Лувсангийн | Ерөнх. | Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга, уран барималч | 2005.10.13. | 2012.09.18. |
| Содномдорж Нямжавын | УИХ | МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч, “Энхийн төлөө үйлчлэхүй” хөдөлгөөн, “Буян үйл” ТББ-ын тэргүүн | 2005.10.13. Үндэсний зөвлөлийн дарга байсан | 2012.09.18. |
| Занаа Жүрмэдийн | УИХ | Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын эвслийн удирдах зөвлөлийн дарга | 2005.10.13. | 2008.12.31. |
| Золжаргал Найдансүрэнгийн | ЗГ | Худалдаа хөгжлийн банкны ажилтан | 2005.10.13. | 2008.12.31 |
| Дамдинсүрэн Лувсансүрэнгийн | ЗГ | Хүнсчдийн холбооны тэргүүн | 2005.10.13. | 2008.12.31 |

