ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ МУХАРДАЛ БУЮУ ХУДАЛДААНЫ НЭГДМЭЛ БОДЛОГОГҮЙ, ХУДАЛДААНЫ ЯАМГҮЙ УЛСЫН ЗОВЛОН



Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал маргаан дагуулж, импортын тариф чөлөөлөхийг дотоодын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хүчтэй эсэргүүцсэнээс мухардалд орлоо. Улмаар хэлэлцээр байгуулах үйл явцыг түр хойшлуулахаар Засгийн газрын шийдвэр гарчээ. Яагаад ийм асуудал үүсэв. Үүссэн асуудлын учир шалтгааныг богино хугацаанд, ойрын зайд бус харин эдийн засгийн үүднээс, бодлогын түвшинд холоос харах шаардлага тулгарч байна. Энэ тухай товч бичье.

“Монгол Улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болмоор байна”, “Монголдоо үйлдвэрлэцгээе”, “Үйлдвэрлэгч болж байж улс орон жинхэнээс хөгждөг”,“Монгол Улсын эдийн засаг, экспорт уул уурхайгаас хэт хамааралтай байна”, “Уул уурхайн бус экспортын салбарыг бодлогоор дэмжиж хөгжүүлэх шаардлагатай”, “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь шинэчлэл хийх ёстой”... 

Дээр дурдсан улс төрийн мэдэгдэл, акц, олон нийтийн хандлагыг цэвэр эдийн засгийн агуулгаар харж төрийн бодлогын түвшинд авч үзэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ нэг зүйл эхнээсээ тун тодорхой байх ёстой! Энэ нь Монгол Улс хэрэглэгч орон, үйлдвэрлэгч орон гэж хоёр талд эсрэгцүүлж тавихаас илүүтэй “Монгол Улс маш сайн худалдаачин улс байх ёстой” тухай юм. Үйлдвэрлэгчийн тухай ярьж байгаа бол худалдааны тухай үргэлж хамт хөндөж ярих нь зүйтэй. Худалдаа гэдгийг зөвхөн импорт талаас өрөөсгөл ойлгох хандлага нь өнөөгийн бидэнд тулгарч байгаа бодлогын том алдаа болж байна. Худалдаа гэдэг үгнээс эхлээд жийрхдэг бүлэг улс төрчид ч бий болжээ. Гэвч шийдвэр гаргагчид маань худалдаа бол эдийн засгийн хөгжлийг дэмждэг гэдгийг ойлгодог гэж найдъя.Худалдаа чөлөөтэй байх ёстой гэдэг үзэл санаа зөв, гэхдээ энэ нь зохицуулалтгүй, нэгдмэл бодлогогүй, цагийн аясаар зөнгөөрөө урсана гэсэн үг биш билээ. 

Монгол Улс харьцангуй давуу талдаа түшиглэж, олон улсын хөдөлмөрийн хуваарь, глобал нэмүү өртгийн сүлжээний аль хэсэгт хэрхэн яаж холбогдох вэ гэдэг нь хамгийн чухлаар тавигдана. Бидний харьцангуй давуу тал юу вэ, өрсөлдөх чадвар хаана байна? Монгол Улс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд, зорилтот хэсэгтээ экспортолж чадаж байна уу? Хаашаа, аль зах зээлд, хэрхэн яаж экспортлох нь худалдааны бодлого юм. Худалдаалж чадахгүй, борлуулж чадахгүй бол үйлдвэрлээд ч хэрэггүй. Үйлдвэрлэж чадахаа бол харин чадсан шиг чадах ёстой. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй, нэгэнт үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнээ импортлох нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг шийдвэр гаргах түвшинд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үйлдвэрлэж чадахгүйгээ хаанаас, чанартайг, хямд үнээр, тогтвортой импортлох нь мөн л худалдааны бодлого. Бүгдийг дотооддоо үйлдвэрлэх гэж зүтгэх, бүхий л импортыг орлуулахаар хичээх нь эдийн засгийн хувьд өөрийгөө хорлохтой адил зүйл. Өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй, эдийн засгийн нөөцтэй, чадавхтай улс орнууд хүртэл бүгдийг дотооддоо үйлдвэрлэх гэж зүтгэдэггүй шүү дээ. Гэтэл хүн ам цөөнтэй, хөдөлмөрийн нөөц багатай, дотоодын жижиг зах зээлтэй манай орны хувьд байгаа жаахан хөдөлмөр, капитал, мэдлэгийн нөөцөө эдийн засгийн хөгжилд үр ашигтай хуваарилах, зарцуулах нь шийдвэр гаргагчдын бодлогын шийдэл, стратегийн сонголт байх учиртай. 

Харамсалтай нь Монгол Улс худалдааны нэгдмэл бодлогогүй, зангидсан тодорхой эзэнгүй, Худалдааны яамгүйгээс салбар дундын уялдаа алдагдаж, дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих худалдааны зохицуулалт орхигдоод байна. 

Нөгөө зүйл. Нэгэнт худалдааны нэгдмэл бодлогогүй, худалдаа хариуцсан яамгүй тул худалдааны түнш орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээнд асуудал тулгарах нь гарцаагүй. Бизнесийн эрх ашиг нь шууд хөндөгдөж байгаа дотоодын үйлдвэрлэгчид дургүйцлээ илэрхийлэх, чөлөөт худалдааны хэлэлцээрийн яриа хэлэлцээг эсэргүүцэх нь зүй ёсны асуудал. Буруутгах аргагүй. 

Асуудлын учир нь Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээнд манай талаас орж байгаа төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллага яагаад хувийн хэвшилтэйгээ, салбартайгаа ойр ажиллаж чадсангүй вэ? Үндэсний эдийн засаг, дотоодын зах зээл, хувийн хэвшлийнхээ ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа гэсэн ойлголтыг нийгэмд яагаад төрүүлэв? Олон нийтийг, хувийн хэвшлийг үнэн зөв, бодитой мэдээллээр яагаад хангасангүй вэ? Шалтгаан нь юунд вэ? Чөлөөт худалдааны яриа хэлэлцээ үргэлжилж байсан сүүлийн хэдэн жилийн хугацаанд хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь төрд хүргэх мэргэжлийн холбоод, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хаана байв? Үүрэг, оролцоо нь хаачив? Гишүүнчлэлийн хураамж, татвараар санхүүжиж байгаа биз дээ? Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим улс төрөөс хараат бус зарчмаа барьж, бизнест бодлогын өмгөөлөл үзүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн. Гэтэл энэ зарчим, чиг үүрэг сүүлийн жилүүдэд алдагджээ гэх болгоомжлол төрж байна. Нийгэмд, олон нийтэд бодит мэдээллийг яагаад хүргэхгүй байна вэ? Энэ бүгдийг ул суурьтай эргэж харах шаардлагатай. Яриа хэлэлцээнд манай тал бэлтгэл муутай, судалгаа, тооцоо хангалтгүй, дотооддоо ойлголцол сул, бүх түвшинд итгэлгүй байгаа нь харагдаж байна.

Евразийн эдийн засгийн холбоо бол ОХУ, Казакстан, Беларусь, Армен, Киргизстан гэсэн 5 улсын хамтран байгуулсан нэгдэл. Манай улс энэ холбоонд гишүүнээр элсэх, нэгдэж орох тухай огт биш харин энэ холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудал яригдаж байна. Тусдаа хоёр өөр асуудал. Гэтэл энэ талаар хэвлэл мэдээллийнхэн төдийгүй манай зарим улс төрчид хүртэл мэдэхгүй, хольж солиод тууж явна. Ийм хайнга, салан задгай байх юм гэж үү. Их хуралд шинэхэн сонгогдсон, бас ч мэдлэгтэй, боловсролтой гэж хүндэлж ирсэн залуус ийм хандлагатай байгаад харамсал төрнө. Манай улс энэ холбоонд гишүүнээр элсэж Армен, Киргиз шиг болно гээгүй байна. Гэтэл улсаараа айж балмагдаад байдаг. Евразийн Эдийн засгийн холбоотой одоогоор Хятад, Серби, Вьетнам, Иран, Сингапур гэсэн 5 орон Чөлөөт худалдааны хэлэлцээр хэдийн байгуулсан, харин Энэтхэг, Индонези, Египет, Израйл, Арабын Нэгдсэн Эмират гэсэн улсууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээний шатанд явж байна. Монгол Улс энэ улсуудтай адилхан Чөлөөт худалдааны хэлэлцээ л хийж байна. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын нийт 200 орчим сая хүн амтай зах зээлд бараа бүтээгдэхүүнээ тарифгүй гаргах боломж бололцоо бүрдэхээр байгаа бол ашиглах л хэрэгтэй. Манай хөрш, ойрын зах зээл шүү дээ. Орос манайд дааж давахгүй импортын тариф, татвар ноогдуулсан, манай улсыг хөгжүүлэх бодолгүй гээд л гомдох, хорсох хослуулаад байдаг. Хоёр талын уулзалт бүр дээр тарифаа буулгаач гэсэн санал тавиад байдаг. Тэгээд Чөлөөт худалдааны хэлэлцээр хийгээд айлын талын тарифыг нь буулгуулъя, манайх ч бас зарим бараандаа тарифаа буулгана гэхээр эцэстээ айж гүйгээд байгаа хэрэг. Нөгөө талын тарифыг буулгуулаад манайх өөрсдөө буулгахгүй гэсэн тэгш бус юм байхгүй.Харин ямар бараанд тарифаа хадгалах уу, ямар барааны тарифаа буулгах уу, түүнийгээ хэлэлцээнд яаж, хэзээ гаргаж тавих уу, айлын талтай хэрхэн тохирох уу гэдэг дээр эхнээсээ бодлоготой хандах ёстой. 

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээнд манай талаас олон яамдын төлөөлөл орж ажилласан нь эргэлзээгүй. Гэхдээ төрийн албан хаагчид ажлын хэсгийн түвшинд үндсэн ажлынхаа хажуугаар, орон тооны бусаар, илүү цагаар, ачаалалтай ажилласан байж таарна. Гэтэл нөгөө талд худалдаагаар мэргэжиж, зөвхөн Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээгээр дагнасан, төрөлжсөн алба нэгж ажиллаж байгааг мартаж болохгүй. Манайхан эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгдөж байгаа дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг гэх зэрэг гол нэрийн хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний тарифыг чөлөөлөхгүй, одоо байгаа түвшнийг хөндөхгүй талаар цаад талтай яриа хэлэлцээний шатанд ойлголцоогүй, байр сууриа хамгаалж чадаагүй бололтой. Чөлөөт худалдааны яриа хэлэлцээ хийх нь стратеги, дагасан, дагуулсан тактик. Энгийнээр хэлэхэд, цаад талтайгаа ойлголцох, асуудлаа ойлгуулах, байр сууриа илэрхийлэх, хаана буулт хийх, хаана хатуу байр суурьтай зогсох, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрхэн яаж, ямар арга замаар бий болгох тухай юм. Манай улсад Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ хийх байнгын нэгж, бүтэц, зохион байгуулалт өнгөрсөн хугацаанд бий болж чадаагүй, төлөвшөөгүй, Худалдааны яам байхгүй, худалдааны нэгдмэл бодлогогүй, худалдааны чиг үүрэг олон хэсэг тасарч, хэд хэдэн яамны хамжирга, дайвар болж явсаар ийм байдалд эцэстээ хүрлээ. Ажлын хэсгийн түвшинд ажиллана гэдэг амаргүй. 

Байдал иймд хүрсэн хойно гарц гаргалгаа юу байна вэ. Эрх ашиг нь шууд хөндөгдөж байгаа хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын зохицуулалтыг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй. Манай улс Баяжуулсан хүнсний тухай хуультай. Энэ хуулиар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амин дэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилттой бөгөөд энэ хүрээнд давс, гурилыг баяжуулж үйлдвэрлэх эрх зүйн зохицуулалттай. Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулснаар тарифыг чөлөөлж байгаа боловч, Монгол Улсын зах зээлд баяжуулсан гурил үйлдвэрлэх, импортлох тухай тарифын бус зохицуулалтыг хөндөхгүй. Энэ хэлэлцээрээр ч өөрчлөх амлалт аваагүй байх. Дотоодын гурилын зах зээл тарифын бус зохицуулалтаар тодорхой түвшинд хамгаалагдсан гэсэн үг. Өндөгний хувьд импортын тариф 15 хувьтай байгаа бөгөөд энэ тарифыг чөлөөлснөөр дотоодын бүтээгдэхүүн импортын өндөгтэй өрсөлдөж чадахгүйд хүрч улмаар дампуурна гэж хувийн хэвшил маань үзэж байгаа аж. Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, олон нийтээс олон тэрбумын хөрөнгө оруулалт татаж, салбарын стратеги төлөвлөлтөө урт хугацаанд гаргаад, бизнесийн эрсдэлээ үүрч байгаа хувийн хэвшлийг ойлгож дэмжих хэрэгтэй. Хүнсний бизнес бол нийгмийн хариуцлагатай ажил. Хэрэв чөлөөт худалдааны хэлэлцээрээр цаад талын хүчтэй шахалтаар өндөгний импортын тарифыг заавал чөлөөлнө гэж байгаа бол зөрүүлээд дотоодын өндөг үйлдвэрлэгчдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлж эсхүл чөлөөлж болно. Бүтээмжээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нь зориулж урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн шугам ч нээх гарц бий. Гагцхүү тооцоо судалгаагаа хамтраад сайн хийх хэрэгтэй. Худалдааны бодлого, зохицуулалтын маневрыг шуурхай хийх шаардлага үүснэ л гэсэн үг. Төр засаг зохицуулалтын үүргээ биелүүлэх ёстой. Түүнээс биш үүссэн асуудалд хэт туйлширч, дагаж хуйлраад яриа хэлэлцээг бүрэн зогсоож, бусад салбар, тухайлбал, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийнхээ экспортын боломжийг хааж болохгүй. 

Чөлөөт худалдааны хэлэлцээрээр гаалийн тарифыг чөлөөлснөөр дотоодын архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид дампуурна гэж үзэж байгаад илүү нарийн тайлбар шаардах нь зүй. Архи, шар айраг, дарс бол импортын тарифаас гадна онцгой албан татвартай, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид нь импортын тусгай зөвшөөрөл шаарддаг, улсын тэмдэгтийн хураамж төлдөг зохицуулалттай. Ганц импортын тариф чөлөөлснөөр орос архи манай зах зээлд нэвтэрч, монголчууд орос архинд живнэ гэж үзэж байгаа юм уу. Дотоодын зах зээлийн хөгжил, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хаана байна вэ. Судалгаа тооцоотой хандах хэрэгтэй. Монголын залуу үе хатуу цагаан архинаас илүүтэй шар айраг, дарсны зохистой хэрэглээг урт хугацаанд илүү үзэх болсон ч байж мэднэ. Монголын дотоодын шар айраг герман технологиор үйлдвэрлэсэн тул чанартай тухай гадаадын жуулчид онцолсон байдаг. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын зах зээлд Монгол шар айраг экспортлох боломжгүй, тэдэнтэй өрсөлдөж чадахгүй гэж хувийн хэвшил маань үзэж байгаа аж. Гэтэл манай улс татваргүй барааны дэлгүүрийн зохицуулалтаа бүрэн утгаар хэрэгжүүлж чадаагүй, хяналт сул, зөвшөөрөл олноор өгснөөс импортын архи, виски манай зах зээлд тодорхой түвшинд орон зайгаа хангалттай эзэлсэн. Энэ тал дээрх зохицуулалтаа чангатгавал дотоодын үйлдвэрлэгчдэд зах зээлийн бодит дэмжлэг болж болох юм. Худалдааны нэгдмэл бодлогогүй, эдийн засгийн зохицуулалтгүйгээс худалдааны салбарын тулгамдсан асуудлаа олон талаас нь харж чадахгүй байгаа нь харамсалтай. 

Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг түр хойшлуулна гэж, хэвлэлийн зарим сурвалж 1 жилээр хойшлуулах тухай өгүүлжээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдөх вэ? Юу хийж амжуулах вэ? Ямар бэлтгэл ажил хийгдэх вэ? 1 жилийн дараа хэрхэх вэ? Хэлэлцээг дахиад хойшлуулах уу? Холын зорилгогүй аваас ойрын зовлон оршино. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг гартаа аваад, нэг талаас дотоодын үйлдвэрлэлээ сүйтгэхгүй, нөгөө талаас гадаад зах зээлээ ч тэлээд, эдийн засгаа хөгжүүлж улс төрийн манлайлал үзүүлээд явах зоригтой, жинтэй улс төрч байдаггүй. Асуудлаас бултсан, зугтсан, тойрсон, эргэж хургасан дүр зурагтай байна даа. 

Нэгэн зүйл. Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад 1997 онд гишүүнээр элссэн. Тус байгууллагын гишүүн орнуудаас Чөлөөт худалдааны хэлэлцээргүй бараг цор ганц орон байж ирсэн. Өөрөөр хэлбэл, худалдааны бодлогодоо төдийлөн анхаардаггүй улс гэж шууд дүгнэж болох. Монгол Улс анх 2016 онд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ албан ёсоор 4 жил гаруй үргэлжилж гарын үсэг зурсан. Дэлхийн гуравдах том эдийн засагтай Япон улстай худалдааны хэлэлцээр байгуулсан нь улс төрийн хувьд маш том амжилт. Хэлэлцээрт гарын үсэг зурсан мэдээг сонсоод, түүхэнд Японтой ойртох гэж, улс орныхоо тусгаар тогтнолыг Япон улсаар хүлээн зөвшөөрүүлэхээр зүтгэж байсан Да лам Цэрэнчимэдийн хүсэл зарим талаар биелжээ гэж бодож байсансан. Хоёр хэт их гүрний дундах Монгол Улс арлын Наран улстай ойртох, худалдаа эдийн засгийн харилцаа үүсгэх нь Гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцнэ. Харин эдийн засгийн хувьд Монгол Улс угаас Японтой худалдааны алдагдалтай байсан, харин энэ хэлэлцээрт түшиглэн Японоос хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эсхүл Японы зах зээлд Монголоор дамжиж гарах гуравдагч орны бизнес, хөрөнгө оруулалтыг оруулж ирэх гэсэн өндөр хүлээлттэй байсан нь нууц биш. Орчин цагт олон улсын худалдаа гадаадын хөрөнгө оруулалттай гарцаагүй хамт яригдах болсон. Японтой байгуулсан худалдааны хэлэлцээр үр өгөөж муу байгаа тухай одоо ихээр ярьж шүүмжлэн хэлэлцэж байна. Гэтэл бид хэлэлцээрээ байгуулаад л зөнд нь орхичихсон шүү дээ. Хэлэлцээрийнхээ мөрөөр олигтойхон хөөж ажиллаагүй мөртлөө байгуулсан хэлэлцээрээ эргээд буруутгана гэдэг утгагүй. Шулуухан хэлэхэд, Японы хөрөнгө оруулагчид Монголын улстөрчдөд, тэдний ам ажлын зөрүүнд, төрийн бодлогын тогтвортой эсэхэд, бизнесийн орчинд итгэхгүй байна. Түүнээс асуудлын гол нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртээ байгаа огт биш юм. 

Одоогоор Монгол Улс Өмнөд Солонгостой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ ид явж байна. Энэ буруу биш. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа ч өргөн утгаар хөгжиж байгаа нь бодит зүйл. Манай улсаас 30 гаруй мянган хүн Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгааг бодоход энэ хэлэлцээрийн ач холбогдлыг ойлгож болно. Гагцхүү олон талаас нь сайтар ярьж хэлэлцэх ёстой юм. Евразийн Эдийн засгийн холбоотой хийж байгаа яриа хэлэлцээний адил арга замаар явна гэвэл мөн л мухардалд орох эрсдэлтэй. Тэгэхээр Худалдааны нэгдмэл бодлого, Худалдааны яамны орон зай, мэргэжлийн аппарат үгүйлэгдэж байгааг шийдвэр гаргагчид анхаарч үзэх цаг болжээ. 

Худалдааны түнш өөр бусад орнуудтай ч Чөлөөт худалдааны яриа хэлэлцээ эхлүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Сингапур улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж болох юм. Худалдан авах чадвар өндөртэй, хөрөнгө оруулалт хийх чадавхтай, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ 100 хувь импортолдог орон. Зарим төрлийн бүтээгдэхүүнээ онгоцоор зөөж байгаа улс. Улс орон хөгжөөд ирэхээр бараа бүтээгдэхүүний үнэ биш чанарыг голлодог аж. Бодлогоо зөв хийж, худалдаа, эдийн засгийн харилцаа үүсгэж чадвал Монгол Улсаас Сингапурт эко, органик бүтээгдэхүүн экспортлох боломж ч байж болох. Яагаад болохгүй гэж. Гэтэл бид хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Сингапур чиглэлийн шууд нислэгтэй болоод жил хүрэхгүй хугацааны дараа цуцалж байх жишээтэй. Асуудлаа бид олон талаас хардаггүй нь харамсалтай. 

Өөр нэгэн зүйл. Дэлхийн №1 эдийн засагтай АНУ болон дэлхийн №1 худалдаачин БНХАУ хоорондын худалдааны дайнаас зарим улс орнууд хожсон, хожиж байгаа нь нууц биш. Хятадаас гарсан барууны олон олон үйлдвэр зүүн өмнөд Азийн улс орнуудад шилжиж байршсан. Тухайлбал, Японы хөрөнгө оруулалттай зарим үйлдвэр Хятадаас гарч Вьетнамд суурьшсан, энэ нүүлгэн шилжүүлэлтэд Японы Засгийн газраас нөхөн олговор олгосон. Гэтэл Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан, Хятад улстай хил залгаа Монгол Улс энэ хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэв? Хятадаас нүүж гарах үйлдвэрүүдээс Монголд шилжин суурьших боломжтой нь байсан болов уу? Хөгжих боломжтой, хөгжүүлэх ёстой худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсүүд хэзээ амь орох вэ? Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур? Худалдааны нэгдмэл бодлогогүй, Худалдааны яамгүй Монгол Улс цаг хугацаа алдсаар байх уу. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татна гэж өдөрлөг зохиож, улсаа ерөнхийлөн танилцуулж, пресентаци үзүүлж суусаар байх юм уу. 

Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Өмнөх хугацаандаа эхлүүлээд дуусгаагүй орхисон олон ажил түүнд бий. Хятадтай эхлүүлсэн түүний худалдааны дайн цаашид улам өргөжнө гэсэн глобал хүлээлт хаа хаанаа байна.Монгол Улс энэ худалдааны дайнаас хожих уу, хоцрох уу, хожигдох уу. Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль буюу Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд тарифгүй нэвтрүүлэх тухай эрх зүйн акт АНУ-ын Конгресст хэлэлцэх шатанд гацсан түүх хуучраагүй байна. Энэ хуулийн төслийг сэргээн хэлэлцүүлэх шаардлага бий. АНУ-д суугаа манай Элчин сайдын яам энэ талаар ямар нэгэн ажил төлөвлөсөн гэж, Трампыг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс баяр хүргэх цахилгаанд энэ тухай дурдана гэж, Монголд суугаа АНУ-ын Элчин сайдтай энэ талаар хөндөж ярилцана гэж итгэж байна. Америкийн зах зээлд ноолууран бүтээгдэхүүнээ тарифгүй гаргах нөхцөл боломж бүрдлээ гэхэд манай дотоодын үйлдвэрүүд үүнд бэлэн байна уу. Худалдааны яамны үүрэг, оролцоо энд яригдаж таарна. 

Хятад улс эдийн засгаараа дундаас дээш орлоготой орны эгнээнд орж, аж үйлдвэрийн салбар нь хөдөлмөрийн агууламжаас капитал, мэдлэгт суурилсан салбарт эрчимтэй шилжиж байна. Энэ шилжилттэй холбоотойгоор зарим салбарын үйлдвэрлэгчид нь гадаад улсад үйлдвэрээ нүүлгэн шилжүүлэх болжээ. Тухайлбал, Хятадын мод, модон бүтээгдэхүүн, тавилга үйлдвэрлэгчид зүүн өмнөд Азийн улс орнуудад, тухайлбал Индонези улсад үйлдвэрүүдээ олноор нүүлгэн шилжүүлж байна. Манай хойд хөрш ОХУ Сибирийн модоо Хятадад экспортолж, зөрүүлээд Хятадаас тавилга импортолдог аж. Бид Алтанбулагийн Чөлөөт бүсэд Хятадын хөрөнгө оруулалтыг татаж, тавилгын кластер байгуулж, Оросын модыг импортолж, Алтанбулагт тавилга үйлдвэрлээд, буцаагаад Орост экспортолж болох уу. Нарийн тооцоо судалгаа шаардлагатай. Худалдааны бодлого гэж үүнийг хэлээд байгаа хэрэг. 


Бас нэгэн зүйл. Монгол Улсын экспортолсон нүүрсний тоо хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгаа боловч нэгжийн үнэ буурч, нүүрснээс олох экспортын нийт орлого урт хугацаанд үр ашгийн хувьд багасах төлөвтэй байна. Шууд хялбарчилж хэлбэл, 10 сая тн нүүрс тн тутмыг 100 доллароор зарах, 20 сая тн нүүрсийг тн тутамд 50 доллароор зарахын адил, худалдааны үр ашгийн талаар ярих ёстой юм. 

Монгол Улс Эрдэнэтээс, Оюутолгойгоос зэсийн баяжмал экспортолж, цаашид Цагаан суварга хүлээгдэж таарна. Оюутолгойтой зэрэгцэх, түүнээс дутуугүй зэсийн орд хэд хэд илрээд байгаа тухай дуулдав. Монгол Улс ойрын ирээдүйд дэлхийн зэсийн зах зээл дээр чухал тоглогч болох төлөвтэй гэж дүгнэе. Энд хэдэн тн зэсийн баяжмал олборлох вэ, олборлолт, баяжуулалтын технологи, ажлын төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэдэг нь Уул уурхайн яамны бодлого, харин яаж үр ашигтай экспортлох вэ гэдэг нь Худалдааны яамны анхааралд байх ёстой юм. Худалдааны түнш, экспортын зах зээл, худалдааны үр ашгийн тухай байнга ярьж байх ёстой бодлогын орчин, хариуцах, эрхлэх төв байгууллага үгүйлэгдэж байна. Худалдааны яамтай байсансан бол нүүрсний Чалкогийн гэрээ эсхүл сүүлд ихээр хийгдсэн оптейк гэрээнүүд хянагдах ёстой байлаа.


Монгол Улсын худалдааны баланс, ашиг алдагдалд Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам санаа тавьж, орж ирэх орлогыг төсөөлж юунд зарахаа Сангийн яам төлөвлөж, төлбөрийн тэнцэлд Монгол банк анхаарч, уул уурхайн түүхий эдийн экспортод Эрдэс баялгийн яам, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эмийн импортод Эрүүл мэндийн яам, цахилгаан эрчим хүчний импортод Эрчим хүчний яам гэх зэргээр тухайн салбар тус бүрийн худалдаа салангид тусдаа яригдаж, худалдааны нэгдмэл бодлого дунд нь орхигджээ. Гэтэл эрдэс баялгийн экспортыг Уул уурхайн биржийн арилжаанд оруулж зохицуулалт хийснээр эдийн засаг, экспорт, улсын төсөвт ямар эерэг нөлөө гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид одоо л ойлгож байгаа биз дээ. Биржийн арилжаа бол худалдааны орчин үеийн олон арга замын зөвхөн нэг нь. Цахим худалдаа, шууд худалдаа гээд өөр бусад олон дэвшилттэй арга, хэлбэр бий. Тухайлбал, Хятад улсын нийт жижиглэн худалдааны 44 хувь нь цахим худалдаагаар хийгдэж, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг үе ард хоцорч, албан бус сектор нь албажиж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсад ч гэсэн цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ тодорхой хэмжээнд хөгжиж байна. Газар нутаг өргөн, хүн ам цөөнтэй манай орны хувьд цахим, шууд худалдааны дэвшилтэт арга хэлбэр нэвтэрч хөгжсөнөөр зардал буурч, үр ашгийг нь хэрэглэгч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид бүгд хүртэх юм. Гэх мэт өөр олон асуудал бий тул ингээд орхиё. 

Худалдааны бодлого гаргая, Худалдааны яам байгуулъя. Хувийн хэвшлээ дэмжье.


Б.Батбаатар