МОНГОЛ УЛСЫН ӨРХИЙН ЭДИЙН ЗАСАГ, АЖ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ИЛТГЭЛ
МОНГОЛ УЛСЫН ӨРХИЙН ЭДИЙН ЗАСАГ, АЖ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ИЛТГЭЛ
- 1963-2022 он буюу 59 жилийн хугацаанд Монгол улсын өрхийн тоо, чанарын үзүүлэлтүүд, хотжилт, шилжих хөдөлгөөн, “хөдөөжилтийн” үйл явцад парадайм шилжилт (paradigm shift) гэж нэрлэж болох томоохон тоо, чанарын өөрчлөлт гарсан байна.
- Өрхийн мөнгөн орлого/зарлагын 60 жилийн түүхэн мэдээллийн дүн шинжилгээ дээр суурилан өрхийн эдийн засгийн хөгжлийг доорх үеүдэд хуваан авч үзсэн. Үүнд:
а. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагын өсөлтийн ерөнхий хандлага нь социалист зарчимтай төвлөрсөн төлөвлөгөөтэдийн засгийн үе: 1966-1985 онд ерөнхийдөө жигд доогуур, өрхийн орлого, зарлагын зөрүү маш бага буюу гол орлого болох цалин хөлснийхөө хэмжээнд амьжиргаагаа зохицуулдаг, нийтээрээ жигд ядуувтар буюу “ядуугийн тэгш байдал” (“equality in poverty”-гэсэн албан ёсны нэр томьёолол байхгүй ч тэгшитгэн хуваарилах социалист эдийн засгийн мөн чанар талаас нь авч үзвэл ингэж нэрлэж болно.) зонхилсон үе гэж тодорхойлж болно.
b. 1986-1996 он буюу 1980-аад оноос эхэлсэн нийгмийн өөрчлөлтийн үе хөврөл үүссэн, 1990 оноос эхэлсэн зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхний 10 жилд 4L буюу үнэ чөлөөлөх, гадаад худалдааны төрийн монополыг задалж худалдааг либералчилсан, санхүүгийн либералчлал эхэлсэн, төрийн өмчлөлөөс чөлөөлөх хувьчлалын үйл явц эрчимтэй хэрэгжиж эхэлсэн үед монголын өрхүүдийн хувьд авир төрхийн өөрчлөлт гарч овсгоо самбаачлалын (entrepreneurship spirit) уур амьсгал орж илүү идэвхтэй амьдралын хэв маяг руу шилжиж байв.
c. 1997-2006 он буюу эдийн засгийн либералчлах суурь реформууд хийгдэж, шилжилтийн үе төгсгөл болсон үед (хэдийгээр одоо ч “transition economy” гэсэн томьёолол хэрэглэгддэг, хэзээ дуусах талаар янз бүрийн хандлага, дүгнэлт, шалгуурууд байдаг ч) нэг өрхийн сарын мөнгөн орлого/зарлагын медиан хэмжээ, өсөлт өмнөх 20 жилтэй харьцуулахад хэд дахин нэмэгдэж, монголын өрхүүд зах зээлийн орчинд дасан зохицож, эдийн засгийн нийт эрэлтийг тодорхойлогч гол хүчин зүйл болсон байна.
d. 2007-2016 он буюу монголын эдийн засаг, түүн дотор өрхийн сектор глобал 2 хямралын үр нөлөөг даван туулж “resilience” буюу шокийг даван гарах хат нь нэмэгдсэн үед өрхийн мөнгөн орлогын жилийн өсөлт 14% болсон ч орлого/зарлагын зөрүү өмнөх үеүдээс нэмэгдсэн, 2007-2021 онд мөнгөн орлого/зарлагын голч хэмжээ өмнөх арван жилийн голч хэмжээнээс харгалзан 97.5%|108.6% болон нэмэгдэж, зөрүү нь өмнөх арван жилээс эрс нэмэгдсэн нь өрхийн секторын эрсдэлийн үзүүлэлтүүд, түүний дотор санхүүгийн дистресс нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
e. Үндэсний тооцооны дансны хүрээнд Монгол улсын 2010-2021 оны өрхийн секторын данснуудын агуулга, үзүүлэлтүүдийн тайлбар, иж бүрэн дүн шинжилгээг анх удаа, тусгайлан хийсэн нь өрхийн эдийн засгийн шинжилгээнд арга зүйн болон бодлогын практикт чухал ач холбогдолтой болсон.
f. Тухайлбал, өрхийн секторын орлогын дахин хуваарилалтын дансны тэнцэлцүүлэгч үзүүлэлт болох өрхийн эзэмшлийн нийт орлогын өсөн нэмэгдсэн нэрлэсэн өсөлт 2010-2021 онд 13.1%, өрхийн эцсийн хэрэглээний зардал 12.9%, нийт хуримтлал (хадгаламж) 17.4%, нэг өрхөд оногдох бодит эзэмшлийн нийт орлого 11.2%, өрхийн эзэмшлийн нийт орлогын бодит өсөлт 6.6%, өрхийн баялгийн (аж байдлын) нэг гол үзүүлэлт болдог хөрөнгийн нийт хуримтлал 13.2% болж тус тус өссөн байна. Өрхийн орлогын дахин хуваарилалтын дансны гол үзүүлэлт болох анхдагч орлого мөн хугацаанд 13.1%, түүний хуваарилалтын дансны үзүүлэлт болдог НДШ 17.5%, нийгмийн халамжийн тэтгэмж зардал 19.7% болж “өгснөөсөө авсан нь их” өсөлттэй байв.
3. Өрхийн секторын хуримтлалын дансны тэнцэлцүүлэгч үзүүлэлт болох “цэвэр зээлдүүлэг/цэвэр зээллэг” нь их төлөв эерэг утгатай гардаг ч монголын өрхүүдийн хувьд 2010-2021 оны туршид дан хасах тэмдэгтэй байгаа нь манай өрхүүдийн амьжиргааны түвшин ямар буйг харуулах төдийгүй, хамгийн гол нь монголын төр хамгийн чухал зорилтот бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлагатайг харуулж байна. Өрхүүдийн санхүүгийн байдал ийм байдлаар олон жил үргэлжилж ирсэн энэ хандлагыг зогсоох, улмаар монголын өрхүүд бусад орнууд, тухайлбал өндөр хөгжилтэй орнуудын өрхийн баялаг хуримтлагдсан түүхэн үйл явцын туршлагыг судалж өрхийн эдийн засаг, өрхийн баялаг гэсэн ойлголт, агуулга, хэлбэрүүдийг бодлогын тэргүүн зэргийн асуудал болгох арга зүйн болон бодлогын хандлагадаа өөрчлөлт оруулах шаардлагатайг харуулж буй хэрэг юм. Тухайлбал, хөрөнгийн дансны “цэвэр зээлдүүлэг/цэвэр зээллэг” үзүүлэлт 2010 онд -832’995.0 төгрөг байсан бол 2021 -2’522’731.1 төгрөг болон нэмэгдсэн бөгөөд өрхүүдийн “санхүүгийн хуримтлалын харьцаа” гэж нэрлэдэг үзүүлэлт 2010 онд -14.9%, 2015 онд -9.0%, 2016 онд -22.8%, 2020 онд -18.7%, 2021 онд -10.3% байна. Цэвэр хадгаламж/ӨЭНО-ын харьцаа 2010 онд -5.4%, 2015 онд -12.9%, 2016 онд -11.5%, 2020 онд -10.8%, 2021 онд -3.1% байна. Монголын өрхүүдийн үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын 2010-2021 оны жилийн өсөн нэмэгдсэн өсөлт 24.7% (хөрөнгийн нийт хуримтлалын өсөлт 23.3%) байгаа ч энэхүү өсөлтөд үнийн нөлөө орсон гэдгийг харгалзах нь зүйтэй.
4. Үндэсний тооцооны өрхийн секторын данснуудын дээрх үзүүлэлтийн дүн шинжилгээг өрхүүдийн авир төрхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг хэрэглэгчдийн итгэл, өрхүүдийн хүлээлтийн судалгаа гэх мэтийг хослуулан дүн шинжилгээ хийх нь чухал бөгөөд харамсалтай нь манайд энэ чиглэлийн системтэй, түүхэн цуваа болгох мэдээлэл дутуу байгааг цаашид онцгой анхаарвал зохих юм. Үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний төвийн (NRCC) 2023 оны 1-р улирлын судалгаагаар ирэх 6 сарын хугацаанд хэрэглэгчдийн 43.4 хувь нь удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авах хүлээлттэй байгаа бөгөөд энэ үзүүлэлт 2019-2023 онд яаж өөрчлөгдсөнийг “Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт” дүрслэлээс харж болно (Зураг.5).
5. Өрхийн хуримтлал, эзэмшлийн орлого, өрхийн баялгийн статистик мэдээлэл 2010 оноос хойш Монгол улсад хугацааны хувьд харьцангуй цэгцтэй гарч эхэлсэн ч өрхийн нийт болон цэвэр баялгийн дансны бүтэц болох хөрөнгө ба өр төлбөр (asset and liability) гэсэн хэсгүүдэд орох ёстой мэдээллийг ҮСХ-ноос 2007 оноос хойш түүвэр судалгааг нь нийтэд хүртээмжтэй болгосон ӨНЭЗ-ийн судалгаанд нэмэн оруулж (Хүн ам, орон сууцны тооллого, мал тооллого, нийгмийн бусад түүвэр судалгаа гэх мэт баяжуулж) өрхийн нийт болон цэвэр баялгийг системтэйгээр тооцдог болох шаардлагатай. Европын болон OECD-ийн орнуудад энэ чиглэлийн статистик маш сайн хөгжсөн байна. Манай статистикийн практикт өрхийн хуримтлалын харьцаа, өрхийн өр (Монголбанкны зарим судалгаанд тооцоолж гаргасан байдаг), өрхийн нийт/цэвэр баялгийн харьцангуй үзүүлэлтүүдийн статистик албан ёсоор гаргадаггүй тул энэ судалгаанд зохиогч боломжтой эх сурвалжуудыг ашиглан тооцож гаргасан болно. Тухайлбал, Хүснэгт.4-д харуулснаар Монгол улсын өрхийн хуримтлалын харьцаа 2018 онд 3.41%, 2019 онд -8.49%, 2020 онд 2.41%, 2021 онд 6.10% байна
6. УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 2020 онд батлагдсан ба энэ хуульд “өрхийн эдийн засаг/сектор” гэсэн ойлголт ороогүй, “хүний хөгжил”, “нийгмийн хөгжил”, “эдийн засгийн хөгжлийн” зорилтот хөтөлбөрүүдийг дунд хугацаанд (10 жилд) боловсруулах тухай л заасан ба хуульд“өрхийн хөгжлийг” тусгайлан авч үзсэн хэсэг, бүлэг байхгүй байна. Нийгмийн байгууламжийн таксономи бүтцийн анхдагч нэгж болох “өрх” гэсэн ойлголт хуульд тусгагдаагүй бол Монгол улс хөгжлийн бодлогоороо хамгийн гол зүйлээ орхигдуулсан байна гэсэн үг. (“Өөдлөх нийгэм өрхөөсөө эхэлнэ” гэж би худлаа толгой холбож хэлсэн үг огт биш) Тиймээс уг хуульд үндэсний тооцооны өрхийн секторын өмнө дурдсан гол үзүүлэлтүүдийг туйлын болон харьцангуй утгаар нь оруулж “Өрхийн эдийн засгийн/секторын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” боловсруулж, таван жилийн үндсэн чиглэл болон жилийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлдэг болох хэрэгтэй. Ингэхийн тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь ойлгомжтой. Түүнчлэн ҮСХ Үндэсний тооцооны өрхийн секторын данснуудыг илүү нарийвчлалтай чанартайгаар гаргадаг болох, түүний дотор өрхийн секторын санхүүгийн дансыг системтэйгээр гаргадаг болоход нь Монголбанк, СЗХ болон түүгээр дамжуулан арилжааны банкнууд, ББСБ-ыг идэвхтэй татан оролцуулах удирдлага, зохион байгуулалтын тухай тогтоолыг УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хороо гаргавал зохино. (Дээрх хуульд заасанчлан “дээрээс доош” төлөвлөлтийн зарчим манайд нэн хүчтэй хөгжсөн тул. Уг нь “доороос дээш” зарчмаар Монголбанк, СЗХ болон ҮСХ-ны хамтарсан тушаалаар болох асуудал юм.)
7. Өрхийн орлого/зарлагын түүвэр судалгаануудад хийсэн дүн шинжилгээгээр монголын өрхүүдийн инфляцыг даах чадвар эрс унаж (resilience гэж хэлж болно) бодит орлого нь 2021 оны 3-р улиралд хасах өсөлттэй, 2022 оны 2-р улирлаас 2023 оны 1-р улирал дуустал дараалсан хасах өсөлттэй, нийтдээ 7 улирал хасах өсөлттэй үргэлжилсэн нь өрхийн амьжиргаа төдийгүй тэдний хүлээлт, авир төрхийн өөрчлөлтөд сөргөөр нөлөөлсөн байна. Тухайлбал, ӨЭХЗ-ын бодит өсөлт 2020 оны 4-р улирлаас эхлэн огцом хумигдаж 2021 оны 3-р улирал дуустал хасах өсөлттэй болсон, 2020 оны 4-р улиралд аядуу эерэг өсөлттэй байсан ч 2023 оны 1-р улиралд 1 хувь ч хүрэхгүй өсөлттэй байна. Улирлын өсөлтөөр нь авч үзвэл 2019/1-2023/1 буюу нийт 17 улирлын 10-д нь сөрөг өсөлттэй, 2023 оны 1-р улиралд жилийн өсөлт нь 0.62%, улирлын өсөлт нь -5.7% байгаа нь дээрх дүгнэлтийг нотлох хангалттай баримт юм.
8. ДНБ-ий жилийн өсөлт 2010/1-2023/1 улирал дуустал нийт 13 улирлын 8-д нь сөрөг өсөлттэй, 2022 оны 4-р улиралд -13.8%-7.28% өссөн, жилийн дүнгээрээ 4.3%, 2023 оны 1-р улиралд 7.8% (шийдвэр гаргагчдад маш өндөр оптимист хүлээлт бий болгосон.) байгаа нь Монгол улсын эдийн засаг оны 2022 оны 2-р улирлаас эхлэн бизнесийн орчлын тэлэлтийн мөчлөгт орж, бизнесийн орчлын түүхэн мэдээлэлд тулгуурлаж төсөөлөхөд тэлэлтийн мөчлөг 2024 оны эхний хагас жил хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Гэвч дээр дурдсан өрхийн бодит орлогын жилийн болон улирлын өсөлтийн хандлага, ДНБ-ий эрэлтийн талын гол үзүүлэлт болох ӨЭХЗ-ын жилийн болон улирлын бодит өсөлт нь тогтвортой болоогүй, 2020 оноос хойш 13 улирлын 8-д нь сөрөг өсөлттэй байсан гэдгийг харгалзвал эдийн засгийн өсөлт тогтвортой биш, хүртээмж нь өрхүүдийн олонхын хаалгаар орж чадаагүй, аж амьдралд нь эерэг нөлөөгүй хэвээр байгааг онцлон тэмдэглэе.
9. 2000-2022 он буюу сүүлийн 23 жилийн өрхийн бодит орлого/зарлага, хэрэглээ болон тэгш бус байдлын зарим үзүүлэлтэд хийсэн дүн шинжилгээнээс харахад хэрэглээний үнийн болон хүнсний үнийн дундаж/голч индексийн харьцангуй өндөр орчинд (ХҮИ-8.5%|8.1%, хүнсний үнийн индекс -9.6%|8.5%) монголын өрхүүдийн бодит орлого/зарлага, хүнсний бодит хэрэглээний дундаж/голчийн абсолют хэмжээ харьцангуй доогуур, өсөн нэмэгдсэн жилийн дундаж өсөлт нь 14%-17% буюу “мэдрэгдэх түвшин” нь доогуур, нэг хүнд ногдох сарын дундаж бодит хэрэглээ нь бодит мөнгөн зарлагын 29%, голч нь 38.7% буюу хэрэглээний тархалт ихээхэн жигд бус, дундаж хэрэглээнд хүнсний эзлэх хувь хэмжээ 36% буюу “Энгелийн хууль” тов тодорхой тусгалаа олсон хэрэглээтэй, өрхийн бодит тэнцэл нь сүүлийн 22 жилд сөрөг дүнтэй архагшсан хэв шинжтэй таксономи бүтэцтэй болсон байна.
10. ҮСХ-ноос олон жилийн турш гаргаж буй хүн амын хэрэглээний 5 тэнцүү бүлгийн бүтцийн өөрчлөлтийн хандлагыг үзэхэд чанарын гэж болох дорвитой өөрчлөлт гараагүй бөгөөд тухайлбал, 2008 онд хэрэглээний 1-р бүлэг 7.3%, 2-р бүлэг 11.4%-р бүлэг 7.3% 3-р бүлэг 15.8%, 4-р бүлэг 22.1%, 5-р бүлэг 43.4% байсан бол 14 жилийн дараа ч энэ бүтэц үндсэндээ өөрчлөгдөөгүй; 2020 оны судалгаагаар 5 ба 1-р бүлгийн орлогын зөрүү 7 дахин, цалин хөлсний орлогод эзлэх хувь хэмжээний зөрүү 36.0% (60% ба 24.0%), өрхийн зарлагад хүнсний зүйлсийн зарлагад эзлэх хувь хэмжээ 15.4% ба 32.5% байгаа бөгөөд, энэ нь “доороос дээшээ” өөрчлөгддөг хандлага илүү тодорсон (ялангуяа нийслэл болон хөдөөгийн хувьд) байна. Энэ сүлэлдэх үйл явц үндсэндээ эерэг чиглэлээр; ядуу ба эмзэг, бага орлоготой өрхүүдийн эзлэх хувь хэмжээ буурч ирсэн, бага орлогын бүлэг рүү “гулсчих” гээд байдаг хандлагатай, “цалингаас цалин, зээлээс зээл”хооронд гэсэн орчилтой (501’000-900’000 хүртэл цалинтай) бүлгийн эзлэх хувь хэмжээ харьцангуй их буурсан (2022 оны 4-р улирлын байдлаар дээрх 2 бүлгийн эзлэх хувь 9.6%, 16.5% байна.
11. Монголын нийгмийн байгууламжийн өрхүүдийн бүтцийн өөрчлөлтийн гол “тулгуур яс мод”, нийгмийн страта бүтцийн “өнгийг тодорхойлогч” гэж дүгнэж болох 901’000-1’600’000 ба 1’601’000-2’100’000 төгрөгийн цалинтай орлогын бүлгүүд буюу “дунджаас доош” давхаргын дээшлэх/доошлох хөдөлгөөн явагдах үйл явц бол нийгмийг цааш “чирч” явах учиртай дундаж давхаргын бүрэлдэх үйл явцын суурь тулгуур нь юм. 2’100’000-аас дээш төгрөгийн цалинтай бүлгийн эзлэх хувь 2021 онд улсын дунджаар 20.2%, (нийслэлд 24.0%, хөдөөд 12.8%) 2022 оны 4-р улирлын судалгаагаар улсын дундаж нь 27.6% байна. Энэ бол миний бодлоор Монгол улсын нийгмийн страта бүтцийн дундаж давхаргыг тодорхойлох тоон үзүүлэлт, бенчмарк байж болох бөгөөд энэ тухай өмнө нь би дэлгэрэнгүй тодорхойлолтыг гаргасан болно[2].
12. Өрхийн орлого/зарлагын олон жилийн тоо баримтын дүн шинжилгээнээс хийх гол дүгнэлт болон цаашид хэрэгжүүлэх бодлогын гол чиглэл бол нийгмийн давхраажилтын бүтцээ дундаж давхарга нь залж явах “driving force-залуурдагч хүч” болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэх давхраажилтын доод хэсэг буюу бага орлоготой бүлгийнхэн болон дунджаас доош давхарагын дээш тэмүүлэх хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтыг өдөөсөн, дэмжсэн сэдэл, сэжим түлхэц дээр суурилсан оновчтой бодлого гаргах, дунджаас дээш давхрагын хувь хэмжээг нэмэгдүүлэх, “тэгшитгэн тайрахгүй” байх (“баян, ядуугийн хоорондын зааг ялгаа эрс нэмэгдлээ, түүнийг багасгах төрийн бодлого яаралтай хэрэгтэй байна” гэх мэтээр улс төрчдийн “оноо авах” зорилготой жаргон, түүнийг нь дагасан “олон нийтийн” санаа бодлын (судалгаа дээр суурилаагүй) хандлага, үүнээс улбаалсан нийгмийн давхраажилтын өнөөгийн тогтсон “статус квог” өөрчлөх зорилгоор хэрэгжүүлж буй татварын өсөн нэмэгдэх (прогрессив) тогтолцоог хэрэгжүүлэх гэх мэт биш) бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв үүнийг эс хэрэгжүүлбэл ядуурал нь архагшсан, дундаж давхарга нь эрчимтэй тэлж нийгмийг залуурдагч хүч болж чадаагүй, өнөөгийн байгаа нийгмийн давхраажилтын “статус кво” архагшиж үлдэх болно.
13. Өрхийн орлого/зарлагын дээрх түүвэр судалгааны нийгмийн бааз нь 14 мянга орчим өрх байгаа бөгөөд олон жилийн түүвэр судалгаа түүн дээр суурилан хийгдэж ирсэн бөгөөд харин үүнээс өөр, 600000 орчим хүний цалингийн 2017-2022 оны мэдээллийн баазыг хавсралтад үзүүлсэн байгаа. Энэ мэдээлэл нь албан ёсоор бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын цалингийн бүлэглэлийн статистик бөгөөд судалгаанд болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын хувьд маш чухал, үнэ цэнтэй мэдээлэл юм. (Саявтархан УИХ, Засгийн газрын шийдвэрээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь энэ мэдээлэл дээр суурилаагүй, “инфляцын нөхөн олговор” мөн “Сүхийн талбайн эффект”, сонгуулийн өмнөх жилийн “өгөөмөр хандлага” дээр голчлон суурилсан нь тодорхой байсан.) 2021-2022 оны байдлаар 420’000-700’000 төгрөгийн цалинтай 266312 хүн байгаа бөгөөд энэ нь нийт бүртгэлтэй (682759) 39.0%, 701’000-900’000, 901’000-1’100’000 төгрөгийн цалинтай 169110 хүн (24.8%), үүний дээр 1’101’000-1’300’000 мянган төгрөгийн цалинтай 71080.0 хүн (10.4%), 1’301’000-1’500’000 мянган төгрөгийн цалинтай 65112 хүнийг (9.5%) нэмбэл 305802 буюу нийт дүнгийн 44.5% болж байгаа бөгөөд цалингаар нь бүлэглэсэн нийгмийн давхраажилтын хамгийн том бүлэг юм. 1’501’000-2’000’000 мянган төгрөгийн цалинтай 109861 хүн (16.1%), 2’101’000-2’500’000 мянган төгрөгийн цалинтай 55124 хүн (8.1%) нийлээд 164985 хүн (24.2%) байгаа бөгөөд эдгээрийг цалингийн орлого талаас нь дундаж давхаргад хамруулж болохоор байна. 2’501’000-3’000’000 мянган төгрөгийн цалинтай 30396 хүн (4.6%) байгаа нь дунджаас дээш гэсэн ангилалд оруулж болно.
14. Цалингийн энэхүү бүлэглэлтийн НДШ, ХХОАТ төлөлтийн бүтцэд мөн сонирхолтой мэдээлэл агуулж байгаа бөгөөд тухайлбал, НДШ, ХХОАТ-ын ачааллын ихэнхийг нийт ажиллагчдын 28.6% буюу 195381 хүн үүрч байгаа бөгөөд энэ нөхцөлд энэхүү ачааллыг жигдлэх, суурийг томсгох замаар НДШ-ийн тогтолцооны тогтвортой (sustainability гэсэн утгаар), уян чанарыг (resilience гэж их ярих болсон) хангах бодлого шаардлагатай болохоос төлдөггүй хэсгийнх нь “толгойг илсэн” (малчдын НДШ-ийн 50%-ийг төр хариуцах гэх мэт), төлдөг хэсгийнхнээ янз бүрийн байдлаар шахаж дарамтлах, ачааллыг нь “сэмхэн” нэмэх бодлого хэрэгжүүлэх нь сөрөг үр дагавруудтай юм.
15. Гэхдээ дундаж давхаргыг тодорхойлох, онилох бодлого нь зөвхөн орлого, цалин, хэрэглээ, хөрөнгийн үзүүлэлтээр биш нийгэм-эдийн засаг, нийгэм-соёлын олон үзүүлэлт, улс төр, нийгмийн байгууламж, ардчиллын үнэт зүйлсэд хандаж буй сэтгэлгээ, авир төрхийн хандлага зэргийг цогц байдлаар агуулах ёстой бөгөөд ингэж байж л “залуурдагч хүчийг” бүрдүүлэх, хувь хэмжээг нь нэмэгдүүлэх, чанарын талаас нь хөгжүүлэх бодлого амжилттай хэрэгжих болно. (Ганц жишээ дурдахад “Сантмарал сангаас олон жилийн турш хийж буй “Улс төрийн барометр” түүвэр судалгааны үр дүнг иргэдийн зүгээс ардчилал, түүний үнэт зүйлс, улс төр, эдийн засаг, нийгмийн байгууламж, гадаад харилцаа, парламент ёс, засаглалын хэлбэрүүд гэх мэтийн талаарх үзэл бодол, хандлага нь дундаж давхаргыг ийм өнцгөөс нь тодорхойлоход маш чухал мэдээлэл юм.)
16. Нийт бүртгэлтэй 682759 хүний 213.9 мянга буюу 31.3%-ийн цалин 10-50%, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянган ажилчдын 32.7 буюу дунджаар 750’000 мянган төгрөг болсон (109.5 мянган хүний 54.0% гэсэн үг) гэх мэтээр цалингийн өсөлтийн “шинэ давлагаа” хувийн хэвшилд яаж нөлөөлөх вэ? a. Нэн тэргүүнд 10 хүртэл ажиллагчтай, 10-50, 50-100, 100-200, 200+ ажиллагчтай аж ахуйн нэгжүүд цалингийн бодлогодоо тохируулга хийхээс өөр аргагүй болох ба гэхдээ энэ тохируулга нь аргагүйдсэн, төрийн “шахалтаар” үүсэн тул компанийн хувьд байнга хийж байдаг бүтээмж, цалинг уялдуулсан бодлогод гаднаас үзүүлж буй нэг төрлийн цочрол (шок) юм. Энэ тохиолдолд цалингийн зардал нь хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт өссөний улмаас нэмэгдсэн байгаа үед улам нэмэгдэх, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт хязгаарлагдмал болсон орчинд энэ нь эрэлтийг улам нэмэгдүүлж нийгмийн халамж түүгээр амьдрах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэх, хөдөлмөрийн дутуу ашиглалт өндөр буй орчинд аж ахуйн нэгжүүдэд “цалингийн дарамт” үүрүүлнэ. b. Ажил олгогчдын хувьд НДШ-ийн дарамт нэмэгдэнэ; төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын хувьд энэ нь хамаарахгүй зөвхөн дансны шилжүүлгүүдийн өөрчлөлт л болно. Хувийн хэвшлийнхний хувьд шахан гаргах нөлөө “crowding out” гэж нэрлэж болох үр нөлөө үүснэ.
17. Өрхүүдийн хувьд ямар үр нөлөө үүсэж болох вэ? a. Өрхүүд цалин, орлогын өсөлтийг эхлээд номинал буюу нэрлэсэн байдлаар хүлээн авдаг тул цалин, орлогын өөр өөр бүлгийн хувьд цалингийн нэмэгдэлт “сэтгэл ханамжийн” өөр өөр байдлыг төрүүлэх ч (жишээ нь 560’000 төгрөг авдаг байсан хүний цалин 750’000 төгрөг болж, өмнө нь гар дээрээ 400 мянга орчим төгрөг авдаг байсан бол одоо 590 мянга орчим төгрөг авдаг болно.) бодит байдал дээр инфляцтай нүүр тулах бөгөөд инфляцын хүлээлт нэмэгдсэн орчинд энэхүү номинал нэмэгдэлт өрхийн амьжиргаа, орлогын өсөлтийн бодит мэдрэмжид төдийлөн нөлөөлөхгүй. b. Сүүлийн 7 улиралд өрхийн бодит орлого нь сөрөг байдалтай байсан, орлого/зарлагын тэнцэл нь олон жилийн турш архагшиж сөрөг болсон олонх өрхийн хувьд энэхүү номинал нэмэгдэл нь бодит орлогын сөрөг байдлыг бага зэрэг зөөллөж болох ч өрхийн тэнцлийн зөрүүгээ зээл авч нөхдөг, өр/орлогын харьцаа нь хүлцэх түвшинд ойролцоо эсвэл түүнээс дээш гардаг олонх өрхийн хувьд бодит байдлыг өөрчлөх түлхэц болж чадахгүй нь ойлгомжтой.
18. Өрхийн орлого/зарлагын түүвэр судалгааны арга зүй, практикт хэрэглэгддэггүй боловч өрхийн орлого/зарлагын цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байдлыг зөвхөн нэрлэсэн ба бодит илэрхийллээр нь тооцдог стандарт арга, хэмжүүрээс гадна харьцангуй үнийн дүйцэл буюу эквивалентыг тооцох аргаар судлах нь Монгол шиг нүүдлийн эдийн засаг, нийт эдийн засаг, өрхүүдийн амьжиргаа, амьдралын хэв маягт чухал нөлөөтэй байсаар буй улсын хувьд арга зүйн хувьд төдийгүй практикийн ач холбогдолтой юм. (Хүснэгт.9, 9.1, ба 10-д он бүрээр болон 5 жилээр энэ дүйцлийг өргөн хэрэглээний зарим гол бараа, малын үнэ, өрхийн сарын дундаж мөнгөн орлогоор нарийвчлан харуулж дүгнэлтүүдийг хийсэн тул энд дахин дурдах шаардлагагүй.)
19. Тухайлбал, 2015-2020 онд нэг өрхийн сарын мөнгөн орлогын дүйцүүлсэн өөрчлөлт хонь, үхрийн мах, цагаан будаагаар тооцоход буурсан, харин гурил, ургамлын тос, АИ-93 бензинээр тооцоход өссөн байна. Энэ нь 2020 оны үнэ цэнээр тооцоход хонь, үхрийн махны үнэ цэнэ өссөн, ургамлын тос, АИ-93 бензиний үнэ цэнэ буурсантай үндсэндээ нийцэж байна. Хонь, үхрийн махны үнийн дүйцлээр тооцоход нэг өрхийн сарын мөнгөн орлого маш бага өссөн буюу үндсэндээ өөрчлөлтгүй, малчин өрхийн зах зээл дээр борлуулдаг 1 үхрээр дүйцүүлэхэд гурилаар -9%, цагаан будаагаар -33.6%тус тус буурсан, АИ-93 бензинээр тооцоход бага зэргийн буюу 10.3% өссөн байгаа нь хотын өрхүүдийн хувьд хонь, үхрийн мах, цагаан будааны дүйцлээр орлого нь буурсан, хөдөөгийн өрхийн хувьд гурил, ургамлын тос, цагаан будаагаар 1 үхрийн борлуулалтаар тооцсон орлого нь буурсан байна. Өөрөөр хэлбэл, дүйцүүлэх арга нь хот, хөдөөгийн солилцоог илүү тодорхой илэрхийлж буй давуу талтай бөгөөд энэхүү харилцаанаас үзэхэд импортын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн нөлөө хотынхонд харьцангуй эерэг, хөдөөгийнхөнд харьцангуй сөрөг нөлөөлдөг, дотоод зах зээл дээрх дотоод гурилын хувьд хотынхны хувьд харьцангуй эерэг, хөдөөгийнхний хувьд сөрөг тусаж байна.
20. 2005-2022 он буюу 18 жилийн хугацаанд нэг өрхийн сарын дундаж орлого, ӨЭХЗ-ын нэрлэсэн ба 2022 оны үнэ цэнээр илэрхийлсэн өсөлтийн хандлагаас үзэхэд сарын дундаж орлогын нэрлэсэн өсөлт 10.9 дахин, 2022 оны мөнгөний үнэ цэнээр тооцвол 2.4 дахин өссөн байна. (Жил бүрийн нэрлэсэн өсөлт нь 18 жилийн 6-д нь 10%-аас доогуур, бусад онд 10%-аас дээш өсөлттэй байв. Орлогын нэрлэсэн өсөлтийг 10%-аас дээш, доош байдлаар нь “мэдрэгдэх” ба “үл мэдрэгдэх” гэж “эрхий хурууны дүрмээр” таамаглаж болно.) Харин 2022 оны мөнгөний үнэ цэнээр тооцвол жил бүрийн бодит өсөлт нь 18 жилийн 11-д нь 10%-аас доош өсөлттэй, үүнээс 4 жилд нь сөрөг өсөлттэй (2014-2016 он, 2021 он) байжээ.
21. 2005-2022 онд нэг өрхийн сарын дундаж нэрлэсэн орлогын жилийн дундаж өсөлт 14.2%, бодит өсөлт нь 4.9%, дефляторын өсөлт 8.9%, ӨЭХЗ-ын хувьд өсөлт нь 16.7% ба 7.3%, мөнгөний нийлүүлэлтийн хувьд 19.8% ба 10.1% байгаа нь зарлагын өсөлт нь орлогынхоосоо түрүүлсэн, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт аль алинаас нь түрүүлсэн хандлагатай байгаа нь харагдаж байгаа бөгөөд мөнгөний нийлүүлэлтийн бодит өсөлт Ковид 19-ын үеэс эхлэн буурсаар 2022 оны байдлаар хасах өсөлттэй байна. Орлогын ба ӨЭХЗ-ын бодит өсөлт 2019 оноос хойш мөн ийм хандлагатай байгаа бөгөөд 2021 онд сөрөг өсөлттэй, 2022 онд өрхөд бодитойгоор “үл мэдэгдэх” бага зэргийн өсөлттэй байгаа нь мөнгөний тооны онол хэмээх “хаягдсан” онолын агуулгад нийцсэн байгаа ба “инфляц бол хаана ч, хэзээ ч мөнгөний үзэгдэл байдаг” гэдэг ойлголтыг орхигдуулж болохгүйн энгийн жишээ юм. (Энэ талаар тусгайлсан судалгаа байгаа.)
22. Өрхийн цэвэр баялгийг түүвэр судалгааны аргаар тодорхойлох зорилгоор Монголбанкны ЭЗСХХ 2018 онд 3200 хүний дунд судалгаа явуулсан ба үүнийг Монголбанкны ССГ - Түүвэр судалгаа, шинжилгээний хэлтэс (ийм тусгай нэгж бий болгосон) 2020, 2022 онуудад үргэлжлүүлэн хийсэн. Дундаж орлогод харьцуулсан дундаж хөрөнгийн хувь хэмжээ 2018 онд 271.5%, дундаж биет хөрөнгийн харьцаа 262.3% байсан бол 2022 оны байдлаар харгалзан 397.3%, 384.7% болж тус тус өссөн байна. Дундаж санхүүгийн хөрөнгө/дундаж орлогын харьцаа 2018 онд 9.2%, 2022 онд 12.6%, үүнээс хадгаламж/дундаж орлогын харьцаа 2018 онд 9.2%, 2022 онд 10.6% байгаа нь цаашдаа Монгол улсын хувьд өрхүүдийн санхүүгийн хөрөнгийг хэрхэн яаж, ямар арга замаар нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах, ялангуяа хувьцаа, бонд болон өрхүүдийг бусад санхүүгийн хөрөнгө эзэмших боломжийг бий болгох замаар өрхийн цэвэр баялгийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
23. Өрхийн санхүүгийн дансны тэнцэлцүүлэгч үзүүлэлт болох “өрхийн санхүүгийн гүйлгээ (household financial transaction)” гэсэн үзүүлэлтийг санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн зөрүүг өрхийн эзэмшлийн нийт/цэвэр орлогод харьцуулж гаргадаг болох талаар цаашдаа ҮСХ анхаарч, Монгол улсын санхүүгийн данс, түүнийг секторуудаар хуваарилан тогтмол гаргадаг болох хэрэгтэй байна. Монгол улсын хувьд дээрх түүвэр судалгааны санхүүгийн хөрөнгө болон дундаж зээлийг ялгаврыг үндэсний тооцооны өрхийн секторын дансаар гардаг өрхийн эзэмшлийн орлогод харьцуулан тооцвол 2018 онд -66.2%, 2020 онд -42.2%, 2022 онд -76.4% (2021 оны өрхийн эзэмшлийн нийт орлогоор тооцов), цалингийн зээл, ипотекийн зээлийн нийлбэрийг санхүүгийн хөрөнгөнөөс хасаж тооцсоноор 2018 онд -49.2%, 2020 онд -25.2%, 2022 онд -46.7% байна. Өөрөөр хэлбэл, Монголын өрхүүдийн санхүүгийн гүйлгээ буюу санхүүгийн тэнцэл нь олон жилийн турш сөрөг утгатай архагшсан байгаа ба энэ байдлыг өөрчлөх бодлогын орчин бүрэлдүүлэх хэрэгтэй байна.
24. Зээлтэй өрхүүдийн дунд зээл авснаар өрхийн амьжиргаа нь өөрчлөгдсөн эсэх талаар асуухад ядуу ба эмзэг өрхүүдийн 19%|26% нь, дундаж ба боломжийн өрхийн 28%|44%, чинээлэг өрхийн 40% нь сайжирсан, харин “хэвийн” гэж хариулсан нь эхний бүлгийн хувьд 66%|60%, 2-дох бүлгийн хувьд 58%|49%, 3-дах бүлэг буюу чинээлэг бүлгийн 50% нь хэвийн гэж хариулт өгсөн байна. Харин зээл авснаар өрхийн амьжиргаа нь муудсан гэсэн хариулт эхний бүлэгт 14%|14%, 2-дох бүлгийн хувьд 14%|8%, 3-дах бүлэгт 10% байгааг дээрх судалгаанд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, орлогын өөр өөр бүлгүүдэд зээлийн орчин ялгаатай нөлөөлж байгаа бөгөөд гэхдээ энэ нь зээлийн хүүг бууруулах гэж бүр бодлого, төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн үндсэндээ зах зээлийн хуулийн эсрэг оролдлого хийхээсээ илүү санхүү, банкны секторт өрсөлдөөн өрнүүлэх, түүний дотор гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зээлийн орчныг тэгш шударга болгоход дутагдаж буй зүйл болох “санхүүгийн хэрэглэгчийн” эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх нь илүү зөв бөгөөд оновчтой болно. Харамсалтай нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг Монголбанк боловсруулаад холбогдох байгууллагад өгсөн ч өнөө болтол хэн, хэзээ өргөн барих, ер нь өргөн барих эсэх нь тодорхой бус байдалтай 3 жил “дуншиж” байна.
25. Өрхийн цэвэр баялгийн олон улсын харьцуулалтыг Монгол улсыг оруулан хийсэн бөгөөд энэ нэгдмэл үзүүлэлтийн хувьд Монгол улс Европын Холбоо болон OECD-ийн орнуудтай харьцуулахад ихээхэн доогуур байгаа гол шалтгаан нь зөвхөн өрхийн орлогын доогуур түвшин төдийгүй өрхийн биет болон санхүүгийн хөрөнгийн доогуур түвшин, үүнтэй холбогдсон зах зээлийн харилцааны дутуу хөгжил болох нь тодорхой байна. Тиймээс үүнийг хэрхэн, ямар арга замаар хангавал монголын өрхүүдийн тэнцэл, түүний гол үзүүлэлт болох өрхийн цэвэр баялаг бусад улсын жишиг рүү эрчимтэй хурдцаар ойртох вэ?. Энэ асуултад өгөх хариулт бол: а. Газар b. Газрын доорх баялаг c. энэ 2 хөрөнгийг өрхийн цэвэр баялгийн бүрдэлттэй холбосон үр дүнтэй бодлого Монгол улсад байхгүй байна.
26. Дээрх 2 asset-хөрөнгийг өрхийн тэнцэлд оруулахын тулд иргэд, өрх рүү чиглэсэн газрын реформ хийх зайлшгүй шаардлагатай. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны тайлангаас харахад Монгол улсын иргэд, өрхүүдийн маш бага хувь нь (малчин өрхүүдийг эс тооцвол) газрын харилцаанд орж байгаа нь нэг хүнд оногдох газраараа дэлхийн хэмжээнд “толгой цохидог” улсын хувьд яаж ч бодсон байж боломгүй зүйл юм. (Монгол улсын газрын нэгдсэн сангийн 156411575 га газрын 72.9 хувь нь хөдөө аж ахуйн газар, 0.6 хувь нь хот, тосгон бусад суурины газар, 0.3 хувь нь зам, шугам сүлжээний газар, 9.1 хувь нь ойн сан бүхий газар, 0.4 хувь нь усны сан бүхий газар, 16.7 хувийг улсын тусгай хэрэгцээний газар тус тус эзэлж байна.) Нийт хүн амын ердөө 19.8% буюу 663145 иргэн газар өмчилсөн ба газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэдийн тоо 1151476, үүнээс 2021 оны байдлаар 2% нь буюу 23235 нь газрын зах зээлийн эргэлтэнд, 291049 га газар буюу газар нутгийн 2% нь эдийн засгийн эргэлтэд орсон байна. 2021 оны байдлаар нийт газар өмчлөгч иргэдийн тоо 663145 байгаа ч өмчлөлд буй газрын нийт хэмжээ нь ердөө 68091.1 га, үүний ихэнх нь (67380.2 га) гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй өмчилсөн газар байна. Өөрөөр хэлбэл, нийт иргэдийн 19.2% нь л “алдарт 0.07 га газраа” өмчилсөн байна.
27. Дээрх тоо баримтаас харахад газар гэдэг хөрөнгийг иргэд, өрхүүддээ нэмж өмчлүүлэх, нэгэнт хуваарилсан 0.07 га газрыг өмчлүүлэх үйл явцыг эрчимтэй дуусгах, (малчин өрхүүдийн хувьд өвөлжөө, хаваржаа, зуслан нь де-факто болон де-журе тэдний өмчлөлд байдаг) нийт иргэдэд бус энэ удаа нийт өрхөд (960 мянга гаруй өрх буй) зориулан өрх бүрд 2 га газар олгох, (1.9 сая га газар буюу нийт газар нутгийн 1.2%) үүний тулд газар өмчлөх эрхийн тасалбар (ГӨЭТ) өрх бүрд олгон газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Ингэснээр газрын зах зээлийн харилцаа эрчимтэй хөгжинө, өрхүүдийн цэвэр баялаг нэмэгдэнэ, газрыг болон хөрөнгийн бирж илүү хурдтай хөгжинө, банкнууд, ББСБ-ууд болон өрхүүдийн хоорондын зээлийн харилцаа өргөжин тэлэх болно.
28. Институт, удирдлага-зохион байгуулалтын хувьд газрын харилцааны асуудлыг шинээр харах хэрэгтэй бөгөөд одоо байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статусыг өөрчилж ЗГ-ын тохируулагч агентлаг болгон Ерөнхий сайдыг шууд удирдлагад оруулах эсвэл эдийн засгийн нэн чухал асуудал болохын хувьд Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалуулбал зохино. Газрыг “капиталжуулах”, газрын харилцааг шинэ түвшинд гаргах бодлого нь аль нэг салбарын яам, хот, дүүрэг, аймгийн түвшний асуудал биш хөгжлийн бодлогын шинэ хандлага, Монгол улсын өрхүүдийн цэвэр баялгийг нэмэгдүүлэх гол чиглэл гэсэн байдлаар асуудалд хандаж газрын реформыг иж бүрэн хийх эрх зүйн үндэс суурийг тавих нь УИХ-ын хувьд нэн чухал бодлогын зорилт болно.
29.Өрхийн цэвэр баялгийг нэмэгдүүлэх хоёрдох суурь өөрчлөлт, бодлого бол газрын хэвлийн баялаг, түүний ашиглалтыг өрхийн цэвэр баялагтай хэрхэн яаж холбох, “уях” асуудал юм. Монгол улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл (би онцлов), төрийн хамгаалалтад байна”, 6-р зүйлийн 2-д “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд (би онцлов) нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тус тус заасан байна. Үндсэн хуулийн дээрх үзэл санаанууд маш тодорхой бөгөөд “байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим”-ыг зааж түүний “үр өгөөжийн дийлэнх” нь ард түмэнд ногдож байх, төрийн бодлого нь “газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж тов тодорхой заасан байна. Үндсэн хуулийн үзэл санаанд зохицуулах зорилгоор иргэн бүрд 1072 ширхэг хувьцааг тараах оролдлого бүтэлгүйтэж одоо энэ нь хөрөнгийн биржийн төвлөрсөн хадгаламжид үхмэл байдалтай хадгалагдаж байгаа. Бодлогын энэ хандлага нь иргэдийг зөвхөн “үр өгөөж хүртэгсэд” болгох төрийн “буянтай үйлс” хийх оролдлого болсон болохоос “байгалийн баялаг ард түмний мэдэлд байх” зарчмыг огт анхаараагүй тул бүтэлгүйтсэн.
30. “Ард түмний мэдлийг” илэрхийлэгч, хэрэгжүүлэгч нь УИХ бөгөөд 2024 оноос тоо болон чанарын хувьд шинэ түвшинд гарсан. Ийм нөхцөлд “Үндэсний баялгийн санг” “байгалийн баялаг ард түмний мэдэлд байх” зарчимтай уялдуулах эрх зүйн томоохон сорилт шинээр эмхлэн байгуулагдсан УИХ-ын өмнө тулгарах бөгөөд ард түмэн/иргэд, өрхүүд байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг хүртэж байх эрх зүйн үндсийг тов тодорхой болгох шаардлага үүснэ. Иймээс тэргүүн ээлжид стратегийн ач холбогдолтой ашигт малтмалыг эзэмшин ашиглаж буй Эрдэнэт, Тавантолгой гэх мэт төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод тайлагналтай болгох, “ард түмний мэдэлд байх” зарчимд тулгуурлан үр өгөөжийг нь хувиарлах засаглалын шинэ зарчим, хандлагад шилжихээс өөр гарцгүй болно. Үүнийг хэрэгжүүлэх олон арга зам байж болох ч хамгийн гол нь Үндсэн хуулийн үг үсэг, үзэл санаанд нийцсэн байх ёстой. Ингэхлээр “1072 ширхэг хувьцаа тараах” шиг асуудлыг муу дурсамж, бодлогын алдааны муу “хөшөө баримал” болгохгүйн тулд төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьцааг хөрөнгийн зах зээлээр дамжуулах төдийгүй түүнийг хөгжлийг хөшүүрэгдэх хэрэгсэл болгох, өрхүүдийн тэнцлийн хөрөнгө талд бодитойгоор тусгагдах замаар өрхийн цэвэр баялгийг нэмэгдүүлэх бодлогыг санхүүгийн бусад арга хэрэгслийг ашиглан хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн үг үсэг, үзэл санаа бодитой хэрэгжих болно.
31. Дээр дурдсан 2 гол тулгуур бодлогыг хэрэгжүүлснээр Монгол улсын өрхүүдийн цэвэр баялаг олон улсын түвшинд хүрч нэмэгдэх эхлэл тавигдаж өрхийн тэнцэл чанарын хувьд өөрчлөгдөн сайжирч, газрын, хөрөнгийн, санхүүгийн зах зээлүүд эрчимтэй хөгжих суурь өргөжих болно. Энэ бол “Өөдлөх улс өрхөөсөө” гэсэн парадайм шилжилт Монгол улсын хөгжлийн бодлогын гол тодорхойлогч болох түүхэн үсрэлт болох юм.
Хавсралт
Хавсралт хүснэгт.1 Монгол улсын иргэдэд өмчлүүлсэн газрын 2021 оны тайлан | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар |
Хавсралт хүснэгт.2 2003-2001 онд газар өмчилсөн иргэд, эзлэх хувь | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар |
Хавсралт хүснэгт.3 Газар өмчлөгч, эзэмшигчийн эрхийн өөрчлөлт | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар |
Хавсралт хүснэгт.5 Газар эзэмших эрх болон өмчийн газраа шинээр барьцаалсан байдал (2021 он) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар |
Хавсралт хүснэгт.6 Газар өмчлөгч, эзэмшигчийн эрхийн дуудлага худалдаа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар |
Хавсралт хүснэгт.7 Бэлчээрийн даац (2021 он) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: ГХГЗЗГазар, Газрын нэгдсэн сангийн 2021 оны улсын нэгдсэн тайлан |
Хавсралт хүснэгт.8 Сүүлийн 5 жилд ХАА-н зориулалттай зээл авсан өрх, ААНБ-ын зээл авсан тоо, зээлийн хугацаагаар | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: ХАА-н 2022 оны тооллогын нэгдсэн үр дүн |
Хавсралт хүснэгт.9 Хөрөнгө барьцаалж ХАА-н зориулалттай зээл авсан өрх, ААНБ-ынтоо, барьцаалсан хөрөнгийн төрлөөр | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эх сурвалж: ХАА-н 2022 оны тооллогын нэгдсэн үр дүн |
[1] Эдийн засгийн “Тинк Танк” клубын үүсгэн байгуулагч. Цахим хаяг: demberelsambuu9@gmail.com
[2] Дундаж давхарга гэдэг нь цалин хөлсний орлого нь өрхийн мөнгөн орлогын 55%-иас дээш хэсгийг бүрдүүлдэг; өрхийн зээл/мөнгөн орлогын харьцаа нь 50%-иас доогуур буюу өрхийн өрийн тогтвортой байдлыг хадгалж чадах; хэрэглээний тархалтын хувь нь нийт тархалтын 60%-иас илүүг хамардаг, хүнсний зарлага нь өрхийн мөнгөн зарлагын 25%-иас доогуур, нэг хүнд ногдох дундаж хэрэглээний хувьд 30%-иас доогуур; хадгаламжтай өрхүүдийн хувьд улсын дунджаас илүү буюу 30% орчмыг, машин болон бусад удаан эдэлгээтэй барааны хүртээмж нь 50% ба түүнээс дээгүүр өрхүүд юм.