Коридор -5
Коридор -5
(Хотын туужийн хэсгээс )
Хайр итгэлийн гэрэл, хуарангийн хүйтэн сүүдэр
Орчлонд наран биднээс өмнө гийж, одод бидний амьсгалахаас өмнө ч гэрэлтэж байлаа. Цаг хугацаа, мөнх бусын гүн ухаан аль эрт хүмүүний оюунд сүүдрээ унагаж, эргэцүүллийн галд түлш нэмсээр иржээ. Дорнын алдарт гүн ухаантан ярүү найрагч Омар Хайямын хэлсэнчлэн саяхан л нүдэнд нь оч гялалзаж явсан залуу, өнөөдөр үнс болон салхинд хийсэн оджээ…
Тийм л эмзэг, тийм л түр зуурын энэ амьдралын үнэн чанарыг мэдрэхийн хэрээр хүн сэтгэлийн орон зайг эрэлхийлдэг. Тэр орон зай заримынх нь хувьд уран бүтээл, заримынх нь хувьд эх орон, эсвэл цэвэр ариун туйлын үнэнийг таних үйл юм.
Монголын хөх тэнгэрийн хаяа — тэр л оршихуй, тэр л сэтгэлийн хязгааргүй хээр тал. Тэндээс л хүмүүс "үнэн сэтгэлээсээ амьдрах" эрх чөлөөг мэдэрдэг. Харин тэр эрх чөлөө зарим үед бодит ахуйд нийцдэггүй. Социализмын он жилүүдэд хүмүүсийн мөрөөдөл, уран бүтээл, дотоод ертөнц нь “цутгамал хэв”-нд багтахгүй хэтэрхий өргөн уудам байв. Хуарангийн захиран тушаах ёс, хувь хүний сэтгэлийн задгай ус шиг урсгал хоёр байнга мөргөлдөж байсан юм.
Тэр мөргөлдөөний нэгэн дүр нь Панк Гочоо.
Согтуу явж, сагсалзаж, алиа марзан мэт боловч цаанаа огторгуйг сэтгэлийн нүдээр харж чаддаг нэгэн. Түүний дотор амьдрахыг хүссэн эрх чөлөө — Милош Форманы Моцарт шиг хэнэггүй боловч хэний ч сэтгэлийг доргиож мэдэх цэвэр эрч хүч байв. Түүнийг хүмүүс тэрсүү шизо “гаж" хэмээн нэрлэсэн ч тэр "гаж" нэрэнд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөн, “би өөр байж болохгүй” гэх мэт мэдрэмжтэй эвлэрсэн.
Гэтэл энэ нь зүгээр нэг хүний хувь тавилан биш — энэ бол бүтээлч сэтгэлгээ болон тогтолцооны хумигдмал орчин хоёрын тулаан байсан юм. Панк Гочоо бол бэлгэдэл. Тэр Монголын соёлын сүүдэрт үлдсэн, үнэнч эргэцүүлэгчийн дүр.
Эх орон, эрх чөлөө, мөнх хөх тэнгэр
Хүн төрөлхтөн төгс төгөлдөр нийгмийг бүтээж чадаагүй ч, харин түүнийг мөрөөдөх, түүнд хүрэх гэж тэмүүлэх хүслийг хэзээ ч орхиогүй. Тэр хүсэл хааяа яруу найраг болж, хааяа Панк Гочоогийн хачин согтуу алхам болж, хааяа Чингисийн нэрийг шивнэх шүлгийн мөрөнд шингэн үлддэг.
Монголын хөх тэнгэр — энэ бол зөвхөн байгалийн зүй тогтол биш, энэ бол сэтгэлийн мөнхийн орон зай. Тэнд хүн хэн болохоо эргэн харж, хаана хүрэх ёстойгоо ухаардаг.
Мөнх хөх тэнгэр, Монгол эх орон, хувь хүний эрх чөлөө түүний Аравт,Зуут,Мянгат, Түмэн хүлэг баатар дайчин эрсийн нэг Гочоо (Гочоолувсанпэрэнлэйравжааролбийдорж)
Аянга бороотой аясын салхи
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
(Б.Явуухулан)
“Согтуу хүн гэдэг өөрийгөө хүлцэнгүй үгүйсгэхээс илүүтэй, ертөнцийг илүү тодоор харах гэж хичээж яваа нэгэн юм шүү.”
– Түүний бичсэн хаягдаж үлдсэн тэмдэглэлийн дэвтрээс.
Тэр шөнө Бага тойргийн дундуур 12-р Микр чиглэн чанга дуулан Панк Гочоо гуяа ганзагалан алхаж явна . Нүдэнд нь од мэлтэлзэж, сэтгэлд нь салхи дэгдэж бодол болжээ. Хүмүүсийн хувьд тэр бол сагсуу, солиотой, ойлгогдошгүй нэгэн. Харин өөрийнх нь хувьд бол тэр—тэнгэрийн доорх үзэл бодол , өөртөө хамгийн үнэнч хүн.
Нэг гартаа хүйтэн архины шил, нөгөө гараараа халаасанд буй жижигхэн дэвтэртээ шүлгийн мөр, бодлын хэлтэрхий, үзэн ядалтын өчүүхэн тэмдэглэл бичих гэж оролдож явав. Гэвч хүйтэн салхи гараас нь үзэг булаах мэт сэгсрэн.
Хүмүүс хажуугаар хараагүй мэт хурдан алхлан өнгөрнө.
“Мөнх хөх тэнгэр минь, чи үнэхээр оршдог юм бол яагаад намайг сонсохгүй байна вэ?” гэж Гочоо шивнэнэ.
Түүний амьдрал бол хар цагаан хоёр өнгөөр зурсан шивээс мэт. Социализмын үеийн нэг хэвэнд цутгасан соёлын дунд тэр уусаж чадаагүй. Хүмүүсийг жагсаалын шугамаар алхахад тэр эргэж хараад зураг зурж суудаг байв. Бүгд кино хийхдээ "алдартны тухай", "социализмын давуу талын тухай" бүтээл туурвихад, тэр “ газарт ган болд хайлуулан хурц илд цутгаж тэнгэрт дүүлэн нисэн гарч багтран ниссэн хүн”-ий тухай кино сэдэж суудаг байлаа. Эртний Грекийн Икарын домог түүнийг онгод оруулахуй …
Нэг удаа тэр кинондоо зориулж хэн ч ойлгохгүй “түргэн огцом инээдтэй” хэсэг бичиж, цензурт үзүүлж байв.
Театр, Киночидын болон Зохиолчдын эвлэлийн гишүүн гэдгээрээ түрээ барих болсон Монгол Телевизийн будкны цагдаа байсан нэгэн болон өөр олон элдэв эрээн мяндагтан идэвхтэн этгээдүүд бороолж эхлэв.
Хорвоод нохойтох нь амьдралын утга учир болсон адгийн амьтадын дотор "энэ юу вэ, элэглэв үү, доромжлов уу?" хэмээн шуугьж, сүүлд нь түүнийг Нам засгийн нэрээр сүр үзүүлж захиргаадалтын шийтгэл донгодолт ажлаас нь хална гэх зэргээр далайлган дуугүй болгов. Тэд тэрхэн агшин зуур муйхар санаагаа гүйцэлдүүлж нохой нь жаргалаа эдэлжээ.
Тэгээд л түүнийг хэзээд тэрсүүтдэг үзэл бодолтой шизо "гажиг" гэж нэрлэсэн байв.
Гэтэл
Харин эсрэгээрээ тэр нэрдээ Гочоо сүүлдээ дуртай болсон байв. Нэг удаа Милош Форманы Амадеус киног дахин харж сууснаа нүдээ эргэлдүүлж:
“Харав уу? Тэр Моцарт... яг би байна! Би тэр шүү дээ! Тэнэг, инээдтэй, согтуу, гэхдээ дотроо эрчтэй, суу галтай!” хэмээн орилсон.
Түүнээс хойш түүнийг “Монголын Моцарт” гэдэг хүмүүс бий болсон. Хов жив шиг, шоолсон маягаар. Харин Гочоо өөрийгөө ч үнэхээр Моцарт гэж боддог болсон. Түүндээ итгэсэн.
Түүгээр Жигүүрлэсэн!
Түүний хамгийн сүүлчийн бүтээл нь түүний — бичигдээгүй кино зохиол байв. Тэр кинондоо Монгол орныг яндашгүй уудам, Мөнх хөх Тэнгэрийн хийморь сүлдтэй гэж дүрсэлж, харин дотор нь эрх чөлөөгүй хүмүүсийн хоосон инээд, даргын тушаалд алга ташиж буй дүрүүдийн дундуур ганцаараа алхах нэгэн эрийн тухай бичиж байлаа.
“Тэр бол чи шүү дээ, Гочоо минь ” гэж анд найз Тэнгисийг хэлэхэд, тэрбээр зөвшөөрч инээмсэглэсэн .
Хожуу намрын сүүлчийн өдрүүд
Нэгэн өвлийн эхээр, анхны цас бударсан өглөө түүнийг Сүхбаатарын талбайн арын сандал дээр унтаж байхад нь түүний танил залуухан яруу найрагч бүсгүй олжээ. Тэр цээжин дороо эвхэж хийсэн дэвтэртэй байсан. Дотор нь:
“Монгол минь мөнх тэнгэрийн дор үнэн сэтгэлээсээ аз жаргал дүүрэн амьдрах цор ганц орон
Гэвч үнэн сэтгэл хааяа хатуу дэг харгис хууль зөрчдөг юм байна.
Харин сэтгэлээ зөрчиж амьдрах нь өөрөө гэм юм биш үү?” гэж бичсэн байв.
Төгсгөл мэт эхлэл
Гочоог хэн ч зүрх сэтгэлээсээ ойлгож чадаагүй байж магадгүй. Гэвч түүнийг унтаж байхад хажуугаар нь өнгөрсөн хүү, тэр сандал дээр үлдсэн дэвтэр, тэр дэвтрээс унших дараагийн идэр залуу үеийнхэн...
Магадгүй тэр л хүмүүс түүнийг чин сэтгэлээсээ жинхэнээсээ ойлгох байх гэж тэрбээр итгэсээр.
Халуун наранд овойж товойсон, нүх гарч борооны усанд халцарсан асфальт тротуар нь холилдсон Улаанбаатарынхаа замаар намрын сэрүүн өглөө тэрбээр зоригтой урагш алхав.
Цаг урагшилсаар
Тэнгэрийн заадас шиг гэрэлтсээр
(Үргэлжлэл бий )