ФЕДЕРАЛИСТ ПЭПЕРС НОМЫН ТУХАЙ

Энэ ном бол улс төрийн шинжлэх ухааны хамгийн сонгодог бүтээл, Үндсэн хуулийн хосгүй тайлбар, нэг ч зохиолч давж гараагүй өргөн цар хүрээтэй сэтгэлгээ, хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан асар үнэтэй түүхэн судар ажээ. Ингээд Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль батлагдахад энэ номын оруулсан хувь нэмрийг тодруулахын тулд түүх сөхөн харцгаая.

Онлайн захиалга: https://www.nepko.mn/product/68906be941d279007cccc9c1/slug

Филадэлфи хотод дөрвөн сарын турш хуралдсан 12 муж улсын төлөөлөгчид 1787 оны есдүгээр сарын 17-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусгаад, 18-ны өдөр хэвлэж, 20-ны өдөр Холбооны Конгресст өргөн барьж, 28-ны өдөр Үндсэн хуулийн төслийг 13 Муж улсаар соёрхон батлуулахаар илгээсэн байна. Үндсэн хуулийн төслийн 7 дугаар зүйлд, Үндсэн хуулийн төслийг есөн муж улс соёрхон баталсан тохиолдолд уг хууль хүчин төгөлдөр болно хэмээн хуульчилжээ. Төслийг муж улсуудад илгээхээс нэг хоногийн өмнө буюу 1787 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Үндсэн хуулийг муж улсуудаар соёрхон батлуулахыг эсэргүүцсэн нийтлэлүүд “Като”, “Центинэл”, “Фермер”, “Брутус” гэсэн нууц нэрсийг ашиглан, сонин хэвлэлээр гарч эхэлсэн бөгөөд тэдгээр нийтлэлүүдийг бичсэн зохиолчдыг “анти-федералистууд” гэж нэрлэдэг. Харин 1787 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Үндсэн хуулийг соёрхон батлуулахыг дэмжсэн нийтлэлүүд “Публиус” гэсэн нууц нэрээр гарч эхэлсэн бөгөөд тэдгээр нийтлэлийн зохиолчдыг “федералистууд” гэж нэрлэдэг.

Хоёр тал яг ижилхэн 85, 85 нийтлэл бичсэн бөгөөд энэ ном нь федералист зохиолчдын бичсэн 85 нийтлэлийн эмхэтгэл юм. Федералистууд эхний нийтлэлээ бичсэн өдрөөс эхлэн Үндсэн хуулийг соёрхон батлах асуудлаар ихээхэн маргаан өрнүүлж байсан голлох  муж улсуудын сонин хэвлэлд цуврал байдлаар нийтэлж эхэлжээ. Улмаар федералист нийтлэлүүд нь эрэлт ихтэй болсон тул 1788 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “J&A McLean” хэмээх Нью Йоркийн хэвлэлийн компани эхний 36 нийтлэлийг Федералист I боть болгон хэвлэж, 1788 оны тавдугаар сарын 28-ны өдөр сүүлийн 49 нийтлэлийг Федералист II боть болгон хэвлэжээ. А.Хамилтон ном болон сонины нийтлэлүүдээ голлон эсэргүүцэгч муж улсуудад цаг алдалгүй хүргүүлж байсны ачаар, хоёр талын нийтлэлийн тулаанд федералистууд илт давуу ялалт байгуулснаар АНУ мэндэлжээ.

Федералистуудын эхний 17 нийтлэл бичигдсэний дараа буюу 1787 оны арван хоёрдугаар сарын 7-ны өдөр Дэлавэр муж улс Үндсэн хуулийн төслийг хамгийн түрүүнд соёрхон баталсан бол Нэгдсэн Улс байгуулахын ач тусыг сурталчилсан Федералист I боть хэвлэгдэн гарснаас гурван сарын дараа буюу 1788 оны зургаадугаар сарын 21-ны өдөр Нью Хэмпшир муж улс Үндсэн хуулийн төслийг соёрхон баталсан ес дэх муж улс болов. Ингэснээр Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болж, Америкийн Нэгдсэн Улс албан ёсоор байгуулагдаж, хүн төрөлхтөн ч энэ ертөнцийн хамгийн анхны бичмэл Үндсэн хуулиа өлгийдөн авав.

Гэвч хоёр талын тэмцэл цааш үргэлжилсэн бөгөөд федералистууд нь Федералист Нам болж, харин анти-федералистууд нь Ардчилсан Бүгд Найрамдах Нам болж, Нэгдсэн Улсын засгийн эрх мэдлийг авахын төлөө үргэлжлүүлэн тэмцсэн байна. Нэгдсэн Улсын нэг ба хоёр дахь Ерөнхийлөгч нь Федералист Намын гишүүд байсан бол гурав ба дөрөв дэх Ерөнхийлөгч нь Анти-федералист намын гишүүд байлаа. Федералист зохиолчид нь Жон Жэй, Жэймс Мэдисон, Александэр Хамилтон гэх гурван хүнээс бүрдэж байсан бол анти-федералист зохиогчид нь Жорж Клинтон, Патрик Хэнри, Самүэл Адамс, Жорж Масон, Томас Жэффэрсон, Хэнри Ли, Элбриж Гэрри, Робэрт Иатэс, Лютэр Мартин, Жон Дэвит, Мөрси Отис Воррэн гэх зэрэг арав гаруй хүнээс бүрдэж байжээ.

Федералист зохиолчид нь Нью Йорк хотод нэг дор амьдарч байгаад маш цэгцтэй, уялдаа холбоо сайтай, гүн гүнзгий утга агуулгатай, Америк даяар алдаршсан 85 нийтлэлийг бичсэн бол анти-федералист зохиолчид нь олон муж улсаар тархан сууж байсан тул зохион байгуулалтад орох боломжгүй байсан төдийгүй, Томас Жэффэрсон гэхэд Франц улсад элчин сайдаар сууж байхдаа нийтлэлээ бичиж, хаалттай захидал хэлбэрээр илгээдэг байжээ. Мөн анти-федералистууд дөрвөн янзын нууц нэр дээр нийтлэлүүдээ гаргахын хажуугаар, өөр өөрсдийн нэр дээр ч нийтлэлээ гарган хүчээ тарамдуулсан бөгөөд тэдний бичсэн нийтлэлүүдийн дундаас тун цөөхөн нь Америк даяар алдаршсан байна.

Федералистууд бүх нийтлэлээ эхлээд Нью Йорк муж улсын сонинд хэвлүүлээд дараа нь голлон эсэргүүцэгч муж улсуудын сонинд хэвлүүлж байсан бөгөөд бүх нийтлэл нь “Нью Йорк мужийн ард иргэдэд” зориулагдан бичигдэж байсан нь стратегийн ач холбогдолтой болжээ. Учир нь Нью Йоркийн захирагч Жорж Клинтон бол анти-федералистуудын гол толгойлогч байсан бөгөөд түүний эсрэг цохилтын бүх хүчийг төвлөрүүлж чадсан байна. Түүнээс гадна Нью Йорк бол 13 муж улс дундаасаа хамгийн том далайн боомттой, хамгийн их хөгжсөн, хамгийн баян, хамгийн хүчирхэг муж байсан бөгөөд Нью Йоркийн эрх баригчид нь цоо шинээр, тусгаар тогтносон, бие даасан Холбооны Улсыг байгуулан АНУ-аас салан тусгаарлах хүсэлтэй байжээ.

Анти-федералистуудын алдартай төлөөлөгчид болох П.Хэнри, Т.Жэффэрсон, Ж.Масон, Х.Ли нар бүгдээрээ хамгийн их хүн амтай Виржини муж улсын иргэд байсан бөгөөд тэдний зарим нь салан тусгаарлах тухай нийтлэл бичиж байхад зарим нь Хүний эрхийн тунхгийг Үндсэн хуульд оруулахыг шаардсан нийтлэл бичиж байв. Хүний эрхийн тунхгийг Үндсэн хуулийн нэмэлт хэлбэрээр оруулж, батлуулах амлалтыг, нийтлэлээрээ дамжуулан Федералистууд өгсөн учраас Виржини, Хойд Каролина, Род Айлэнд гурвын эсэргүүцэл зөөлөрчээ. Энэ бүхний эцэст салан тусгаарлах тэмүүлэлтэй Шинэ Английн дөрвөн мужийн гурав дахь муж улс болох Нью Хэмпшир нь Америкийн Нэгдсэн Улсын бүрэлдэхүүнд нэгдэн орох шийдвэрийг гаргаснаар, Үндсэн хуулийг соёрхон батлах есөн муж улс бүрдэж, АНУ байгуулагдсан тул, Нью Йорк болон Виржини зэрэг том мужуудын горьдлого бүрмөсөн тасарчээ. Ийнхүү Виржини арав дахь, Нью Йорк 11 дэх, Хойд Каролина 12 дахь, Род Айлэнд 13 дахь муж улсууд болон АНУ-ын бүрэлдэхүүнд багтан орцгоожээ.

Тэгэхээр Федералист пэперс гэх энэ аугаа гайхамшигтай ном нь хүн төрөлхтний оюун санаанаас, яг цагаа олон төрж, өнөөгийн хүчирхэг Америкийн Нэгдсэн Улсыг байгуулахад хамгийн том нөлөөг үзүүлж чаджээ. Хэрэв энэ ном бичигдээгүй байсан бол Америкийн Үндсэн хууль батлагдахгүй байх байлаа. Хэрэв энэ ном бичигдээгүй байсан бол Америкийн Нэгдсэн Улс байгуулагдахгүй байх байжээ. Хэрэв энэ ном бичигдээгүй байсан бол Нью Хэмпшир, Нью Йорк, Род Айлэнд, Виржини, Хойд Каролина гэсэн таван муж улс нь Үндсэн хуулийг соёрхон батлахгүй хойш суусаар байх нь тодорхой харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй тухайн үеийн Америк нь гурван тусдаа “Холбооны Улс” болон задрах эгзэгтэй цаг үетэй нүүр тулчихсан байжээ гэдгийг энэхүү номын эхний 36 нийтлэлээс тод харж болно.

Хэрэв Америкийн Нэгдсэн Улс байгуулагдаж чадаагүй бол тухайн үеийн Америкийн Холбоо нь бие даасан, тусгаар тогтносон 13 улс болон задарч, хэдэн зуун жил дайтсан баруун Европын олон жижиг улсуудын хувилбар болох болно хэмээн Ж.Мэдисон 41 дүгээр нийтлэлдээ онцлон тэмдэглэсэн байна. Мөн Жон Жэй тавдугаар нийтлэлдээ, хэрэв америкчууд 3-4 холбооны улс болбол тус тусын зорилго, үзэл баримтлалтай 13 улс үндэстэн болон задрах нь гарцаагүй гэж бичжээ. Мөн Жон Жэй хоёрдугаар нийтлэлийнхээ төгсгөлд салан тусгаарлахын сул талыг Америкийн ард түмэн ойлгож, Америкийн Нэгдсэн Улсыг байгуулж чадахгүй бол аугаа түүх минь үүрд баяртай гэж бичжээ. Хэрэв энэ ном бичигдээгүй байсан бол хэрэв Америкийн Үндсэн хууль батлагдаагүй байсан бол хэрэв Нэгдсэн Улс байгуулагдаж чадаагүй байсан бол өнөөгийн дэлхий ертөнцөд америкчуудын бий болгосон бүх сайн сайхан зүйлс ор мөргүй байх байжээ гэдгийг ухаарвал Федералист пэперс номын ач тус асар өндөр болж таарна.

Нэгдсэн Улсаас өмнөх дэлхий ертөнц нь хаант засаглалаас өөр сонголтгүй нөхцөл байдалд орчихсон; хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах огт бололцоогүй ангит нийгэмд гацчихсан; шашны дарангуйлагч засаглалд 1000 жилээр нухлагдчихсан; Афины шууд ардчилал, Амфиктионы төлөөллийн ардчилал, Ромын бүгд найрамдах засаглалын ололт амжилтуудыг христийн тоололтой зэрэгцээд алдчихсан; боолчлол, тахал, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдчихсэн; хаалттай эдийн засагт хөгжил дэвшлээ боомилуулчихсан; колоничлолоор өрсөлдсөн хэдхэн империалист гүрний дарангуйлалд өвдөг сөхөрчихсөн; хүчирхийлэл, дайн, тулааны талбар болчихсон байлаа.

Гэтэл энэ номын соён гэгээрэл доор байгуулагдсан АНУ нь 237-хон жилийн дотор дэлхий ертөнцийг танихын аргагүй болтол нь өөд татаж чадлаа. Америкчуудын бий болгож, хүн төрөлхтөнд бэлэглэсэн сайн сайхан, ололт амжилтыг тоочоод ч баршгүй. Улс төр, эдийн засгийн асар их амжилтыг түр хойш тавьж, зөвхөн олон улсын харилцаанд америкчуудын оруулсан хувь нэмрийг тоочвол: НҮБ, НАТО, Дэлхийн Банк, Олон улсын Валютын Сан, Дэлхийн Худалдааны Байгууллагыг бий болгож; дэлхий дахинд энх тайван тогтоож; дэлхийн дайныг 80 жилээр хязгаарлаж; “Хүйтэн дайныг” дуусгаж; колонийн системийг задалж; социализмыг нурааж; капитализмыг хамгаалан үлдэж; боолчлолыг халж, хар арьстнуудад иргэний эрх олгож; тайж язгууртны гарал угсааг халснаар ангит нийгмийг устгаж; чөлөөт зах зээлийг даяаршуулж; ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэлхий дахины хамтын үнэт зүйл болгож чаджээ.

Америкчуудын манлайлал хүчтэй болж ирсэн 1930 он гэхэд энэ дэлхий дээр тусгаар тогтнолоо зарласан улс орон ердөө 60 байсан бол өдгөө 225 улс тусгаар тогтнолоо зарлаад байна. Эсрэгээрээ Америкийн шүхэр доор Дэлхийн II дайнаас хойш нэг ч улс орон тусгаар тогтнолоо алдаж, бусад улс оронд эзлэгдэж, устаж алга болсонгүй. Америкчууд ч өмнө нь дэлхийг тэргүүлж байсан Монгол, Португал, Испани, Голланд, Франц, Англи улсууд шиг ямар нэгэн улс орныг дайран эзэлж, колоничилсонгүй. Бүх түүхийн туршид хоорондоо байлдаж ирсэн баруун Европын улс орнууд “Европын холбоо” байгуулж, 40 жилийн туршид холбоогоо улам бүр сайжруулсаар, АНУ-ын жишгийг даган дуурайсаар байна.

Хэрэв бүхэл бүтэн Хойд Америк тивийн газар нутгийн талаас илүүг ганцаар эзэмшдэг, 50 муж улсыг эгнээндээ нэгтгэсэн, хүчирхэг, хөгжингүй, аж үйлдвэржсэн, хүний эрх цалгисан, ардчилсан, нэгдмэл Америк улс хүчирхэгжин гарч ирж чадаагүй бол энэ дэлхийн ардчилал, улс төр, эдийн засаг, геополитик хаашаа эргэх байсныг төсөөлөхөд тун бэрх. Зөвхөн Дэлхийн II дайнаас АНУ-ыг хасаад харвал Герман, Япон хоёр л ялж таарах нь тодорхой бөгөөд энэ тухай төсөөлөхөд ч аймшигтай. Америкийн Нэгдсэн Улс хүн төрөлхтөнд ийм их ээлтэй байгаагийн цаад мөн чанар нь Дээд хууль, заавал биелэгдэх эрх зүй, Rule of Law, бүгд найрамдах засаглал, нутгийн удирдлага, шууд ардчилал, төлөөллийн ардчилал, хоёр жил тутмын сонгууль, сайн засаглал, бие даасан Шүүх засаглал, тогтвортой Засгийн газар, тэнцвэртэй хоёр танхим, хязгаарлагдмал төр засаг, импичмент, зах зээлийн эдийн засаг, ардчилсан татвар, нэгдсэн мөнгө, нэгдсэн арми, хүний эрх, эрх чөлөө гэх мэт асар олон дээд зарчмуудыг Үндсэн хуулиар тогтоож чадсанд оршиж байна. Харин тэдний Үндсэн хууль батлагдаж чадсаны ач гавьяа нь Федералист пэперс гэх энэ гайхамшигтай номд зүй ёсоор оногдох ажээ.

Энэ номыг аугаа болгож буй дараагийн үзүүлэлт бол аугаа гайхамшигт суутнууд уг номыг бичсэн явдал юм. Тэгвэл Жон Жэй, Жэймс Мэдисон, Александэр Хамилтон гэгч эрхмүүд нь чухам хэн юм бэ?

Жон Жэй бол Америкийг үндэслэгч эцэг, АНУ-ын анхны гадаад хэргийн сайд буюу Төрийн нарийн бичгийн дарга (1789), анхны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч (1789-1795), Тивийн II Конгрессын Ерөнхийлөгч (1778-1779), Парисын энх тайвны гэрээний Америкийн талын гол хэлэлцээч (1782-1783), Тивийн гадаад хэргийн сайд (1784-1789), Испанид суух элчин сайд (1779-1782), Нью Йорк мужийн амбан захирагч (1795-1801), Нью Йорк мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч (1777-1779), Нью Йорк мужийн сенатор (1775-1777), Нью Йорк муж улсын Үндсэн хуулийн эцэг (1776), Федералист намын гол удирдагч (1787-1789), төрийн зүтгэлтэн, дипломатч, хуульч эрхэм ажээ.


Жэймс Мэдисон бол Америкийг үндэслэгч эцэг, Америкийн Үндсэн хуулийн эцэг, АНУ-ын IV Ерөнхийлөгч (1809-1817), Төрийн нарийн бичгийн дарга (1801-1809), АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн (1789-1797), Филадэлфийн Үндсэн хуулийн хуралдайн гишүүн (1787), Англи-Америкийн II дайны ерөнхий командлагч (1812-1815), Тивийн II Конгрессын гишүүн (1777-1783), Виржинийн Үндсэн хуулийн эцэг (1776), Виржини мужийн Конгрессмен (1784-1786), Америкийн Үндсэн хуулийн эх бичвэр гэж үздэг “Виржинийн төлөвлөгөөг” боловсруулагч (1787), Эрхийн билл буюу Үндсэн хуулийн эхний 10 нэмэлтийг боловсруулагч (1789.6.8), Ардчилсан Бүгд Найрамдах Намын дарга (1793-1817), Виржинийн Их сургуулийн ректор (1826-1836), төрийн зүтгэлтэн, дипломатч эрхэм ажээ.


Александэр Хамилтон бол Америкийг үндэслэгч эцэг, АНУ-ын анхны сангийн сайд (1789-1795), Сенатын Танхимын гишүүн (1789-1791), Холбооны Конгрессын гишүүн (1782-1783), Нэгдсэн Улсын анхны банкийг үүсгэн байгуулагч (1791), Зоосны тухай хуулийг санаачлагч, Америк доллар хэмээх анхны зоосыг санаачлагч (1792), Филадэлфийн Үндсэн хуулийн хуралдайн гишүүн (1787), Америкийн хувьсгалт дайны их бууны ротын ахмад (1775-1777), Тивийн армийн Ерөнхий командлагч Жорж Вашингтоны ерөнхий туслах бөгөөд хурандаа (1777-1781), Франц-Америкийн зарлаагүй дайны ерөнхий командлагч хошууч генерал (1798-1800), Нью Йорк мужийн Төлөөлөгчдийн Танхимын гишүүн (1787-1789), Нью Йорк мужийн анхны банкийг үүсгэн байгуулагч (1784), Аннаполисын хуралдайн голлох удирдагч бөгөөд тунхгийг зохиогч (1786), Колумбын Их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн (1787-1789), төрийн зүтгэлтэн, хуульч, санхүүч, офицер бөгөөд 30-хан насандаа энэ номын 55 нийтлэлийг зохиосон суут ухаантан ажээ.


1788 онд бичигдсэн энэ номын бас нэгэн аугаа чанар нь улс төрийн шинжлэх ухааны онол, зарчмуудыг XXI зууны өндөрлөгтэй эн тэнцүү түвшинд, зарим тохиолдол илүү өндөр түвшинд тайлбарласан явдал юм. Түүхч Ричард Б.Моррис “Федералист нийтлэлүүд нь Үндсэн хуулийн давтагдашгүй тайлбар болсон төдийгүй, улс төрийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудад өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий тайлбар өгснөөрөө, хожмын Америкийн нэг ч зохиолч давж гарахааргүй сонгодог бүтээл болж чаджээ” хэмээн үнэлсэн байна. 1961 онд Америкийн улс төр судлаач Клинтон Россистэр “Федералист пэперс ном бол Америкийн бүх цаг үеийн түүхэнд бичигдсэн улс төрийн шинжлэх ухааны хамгийн аугаа бүтээл бөгөөд дэлхийн улс төрийн онолын сонгодог бүтээлүүдийн дунд зүй ёсоор багтаж буй Америкийн оюун ухаанаас төрөн гарсан, цорын ганц сод бүтээл юм” гэж хэлжээ.


Хэрэв дэлхийн бүх улс орнууд өөр өөрсдийн Үндсэн хуулийг бүтээхдээ олон олон зарчим, заалт, хэллэгүүдийг Америкийн Үндсэн хуулиас шууд болон дам байдлаар хуулбарласан гэдэг талаас нь харвал Америкийн Үндсэн хууль нь бүх дэлхийн Үндсэн хуулиудын эцэг, загвар, жишиг болжээ гэдэг нь аяндаа ойлгогдоно.
Ялангуяа Америкийн Үндсэн хуульд анх удаа зүйлчилсэн “хууль тогтоох эрх мэдэл нь гагцхүү Конгресст хадгалагдана”, “Төлөөлөгчдийн Танхим ард түмнээс шууд сонгогдоно”, “Танхим бүр өөрийн үйл ажиллагааныхаа тухай тэмдэглэл хөтөлж, сэтгүүл гаргана”, “Гүйцэтгэх эрх мэдэл нь гагцхүү АНУ-ын Ерөнхийлөгчид хадгалагдана”, “Сонгуулийн өдөр АНУ даяар ижил байна”, “35 нас хүрээгүй, Нэгдсэн Улсын иргэншил аваад 14 жил болоогүй ямар ч хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй байна”, “Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж эхлэхийн өмнө тангараг өргөнө”, “Ерөнхийлөгч нь Нэгдсэн Улсын Арми, Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч байна”, “Шүүх эрх мэдэл нь Дээд шүүх болон доод шатны шүүхүүдэд хадгалагдана”, “Үндсэн хууль бол Дээд хууль мөн”, “Шашин шүтэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах, өргөдөл гомдол гаргах эрх чөлөөг хязгаарласан нэг ч хуулийг Конгресс гаргахгүй”, “Хувь хүн, орон байр, бичиг баримт, эд хөрөнгө халдашгүй байна”, “Тангарагтан шүүхээр хэргээ түргэн шуурхай, нээлттэй шүүлгэх эрхтэй”, “Үндсэн хуульд тоочин хамгаалсан хүний эрхийг тайлбарлахдаа ард түмний бусад эрхийг үгүйсгэх эсвэл үл тоомсорлохыг хориглоно”, “Нэгдсэн Улсад төрсөн бүх хүн, иргэншил авсан бүх хүмүүс болон Нэгдсэн Улсын харьяалалд хамаарах бүх этгээд нь Нэгдсэн Улсын иргэн мөн” гэх мэт заалтуудаас гад

на өөр олон заалт, зарчмуудыг энэ дэлхийн улс орон бүхэн хуулбарлан авч, өөр өөрсдийн Үндсэн хуульд оруулсныг харж болно. Монгол Улс ч мөн адил хуулбарласан.
Монгол Улсын Үндсэн хуульд ч энэ бүх заалтууд нь хоёргүй утгаар хуульчлагдсан байдаг бөгөөд эдгээр ардчилсан зарчмуудыг Германы Үндсэн хуулиас хуулбарласан гэдгийг бараг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг. Харин германчууд эдгээр заалтуудыг энэ ертөнцийн анхны Үндсэн хуулиас хуулбарласан байхаас гарцаагүй гэдгийг хэн ч бодож байсангүй. Ер нь ч Федералист пэперс номыг эх хэл дээрээ уншихгүйгээр түүний аугаа шинж чанарыг олж харж чадахгүй бөгөөд Америкийн Үндсэн хуулийн гайхамшигтай мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгох боломжгүй юм. 2018 онд Капиталист Нам байгуулахаар ажиллаж байх үедээ, Федералист пэперс номоос 45 нийтлэлийг нь түүвэрлэн авч орос, англи хэлнээс орчуулах ажлыг зохион байгуулж байсан бөгөөд уг номоос санаа авч, өөрсдийн бичсэн Үндсэн хуулийн төслийг тайлбарласан БНМАУ-ын Үндсэн хуулийн тайлбар философи номыг 2020 онд бидний таван нөхөд хамтран бичиж, олны хүртээл болгож байсан юм.
Харин 2023 онд доктор, профессор Д.Сүхболд санаачилга гарган Федералист пэперс номыг монгол хэлнээ хөрвүүлж дуусгахын төлөө ажиллаж, үлдсэн 40 нийтлэлийн орчуулгыг бэлэн болгосноор, энэ ном та бүхний гар дээр очиж байна. Ингээд Америкийн Үндсэн хуулийн тайлбар гэх энэ гайхалтай номыг уншиж, Монгол Улсынхаа социалист Үндсэн хуулийг шинэчлэх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.


Хүндэтгэсэн: Төслийн баг