ДОНАЛД ТРАМП БОЛОН КИМ НАРЫН УУЛЗАЛТЫГ УЛААНБААТАРТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ


АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Доналд Трамп тун удахгүй тангаргаа өргөнө. Тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ өмнөх хугацаанд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай 2018-2019 онд хэдэнтээ уулзаж, яриа хэлэлцээ явуулж байсан. Эрс шийдэмгий Трамп, бие даасан залуу Ким нарын анхны уулзалтыг дэлхий нийтээр анхаарч, хаана болохыг нь сонирхон байсныг тод санаж буй за. 

Тэдний анхны уулзалтыг хүлээн авч зохион байгуулах боломжтой хотоор Сингапур, Вьетнамын Ханой, манай Улаанбаатар удтал нэрлэгдэж, олон улсын цахим орчинд хэлэлцүүлэг өрнөж байсансан. Гэвч тэд эхлээд Сингапурт, дараа нь Вьетнамын Ханойд, Өмнөд болон Хойд Солонгосын хоорондох дундын цэрэггүй бүсэд уулзсан билээ. 

Дахин сонгогдсон Трампад өмнө эхлүүлээд дуусгаагүй үлдээсэн олон ажил бий. Тухайлбал, Иран, Хойд Солонгостой харилцааг идэвхтэй авч үзэх, АНУ-Мексик хооронд хана барих, Гренланд арлыг Даниас худалдаж авах эсхүл түрээслэх, Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргахыг дэмжих зорилготой “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих акт” г.м. Тэрээр эдгээр ажлаа дахин барьж авах болов уу. Украйн-Оросын хямралд Оросыг идэвхтэй дэмжин оролцож буй, өчигдөрхөн Япон тэнгист пуужин харвасан Хойд Солонгосын удирдагч Кимтэй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзаж л таарна. Уулзалт харин хэзээ тохиох бол.

Тэдний уулзалтыг энэ удаа Улаанбаатар хотод зохион байгуулах боломжийг манай талаас идэвхтэй эрэлхийлэх нь зүйтэй. Өмнөхийн адил хүлээж суухаас татгалзаж түрүүлж үйлдэл хийх хэрэгтэй. Энэ уулзалтыг Улаанбаатар хотод хүлээн авч хийх санаачилгыг манай улсын төр засгаас илүүтэй олон нийтийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд дэвшүүлэх нь зөв байж болох юм. Үүнд эв санаа, энх тайвны жагсаалыг зохион байгуулж, Ким удирдагч, Трамп ерөнхийлөгч нарыг Монгол Улсад урих, тэдний хийх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах Монголын олон нийтийн хүсэлтийг Хойд Солонгосын элчин сайдын яаманд, АНУ-ын Элчин сайдын яаманд, мөн улсынхаа Гадаад харилцааны яаманд гардуулчих хэрэгтэй. Энэ тал дээр Найрамдлын нийгэмлэгүүд, Залуучуудын холбоо, Скаутын холбоо, Гадаадад сургууль Төгсөгчдийн холбоо, Сэтгүүлчдийн клуб, Англи хэл, Солонгос хэл судлаачдын нийгэмлэг гэдэг ч юм уу олон нийтийн байгууллагууд манлайлаад, хамтраад зохион байгуулахад сайхан акц болно. Ялангуяа Монголын залуучуудын холбоо сандал суудлын хэрүүл, босго давахгүй маргаан, өчигдөр өнөөдрөө хэлцэх биш холыг харж, хоёрыг сэтгэж ажилламаар байна. Монголын олон нийт даян дэлхийд энх тайвныг, амар амгаланг хүсэж байгааг илэрхийлэх хэлбэр, иргэдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, ардчиллын төлөвшлийг бэхжүүлэх талд чухал алхам болох юм. 

Энэ уулзалтыг хүлээн авч, зохион байгуулснаар Монгол Улсад дараах ач холбогдолтой. Үүнд:

  • АНУ болон Хойд солонгостой найрсаг харилцаатай бидний хувьд гадаад харилцааны олон тулгуурт, найрсаг бодлогоо олон улсад бодитой сурталчилна. 
  • Олон улсын түвшинд, гадаад ертөнцөд Монгол Улсын гадаад нэр хүнд бэхжинэ.
  • Зүүн хойд Азид оршдог Монгол Улсын хувьд бүс нутагтаа, олон улсад хариуцлага, манлайлал үзүүлэх боломж бүрдэнэ. 
  • Монгол Улс, Улаанбаатар хот олон улсын анхааралд бодитой орно. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хичээж байгаа манай улсын Welcome to Mongolia брэндтэй зохицно. 
  • Өмнөх нийтлэлд дэвшүүлсэн Meet in Mongolia санаачилгын бодит алхам болно. 

Хойд Солонгосын удирдагч Ким, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нарын уулзалтыг Улаанбаатар хотод хүлээн авч зохион байгуулж чадвал, цаашид өөр бусад дээд түвшний уулзалтыг хэрэгжүүлэх нөхцөл, боломж бүрдэж болох юм. Монгол гэрт уулзан суугаа хоёр эрхэм гээд төсөөлье. 

Энэ акц цаашлаад Украйны Ерөнхийлөгч Зеленский, Оросын Ерөнхийлөгч Путин нарын уулзалтыг зуучлан Эрдэнэт хотод зохион байгуулж, дайны галыг зогсоохын эхлэл байж ч болох... Боломжгүй зүйл гэж үгүй.