Энэ 7 хоногт
Хөгжлийн банкны шаардлагыг хангаагүйгээс санхүүжилт олгогдоогүй байна
Хөдөө орон нутгийн зарим чиглэлд зам засварын ажил дуусаагүй, энэ нь Хөгжлийн банк санхүүжилт олгохгүй байгаагаас болж гацсан талаар Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр Хөгжлийн банкны Дэд бүтцийн зээлийн газрын ахлах мэргэжилтэн Т.Мөнхтулгаас тодрууллаа.
-УБ-Баянчандмань, УБ-Дархан-Уул чиглэлийн замын эвдрэл, мөн УБ-Арвайхээр, УБ-Зуунмод чиглэлд замын засварын ажил дуусаагүй байгаа ба эдгээрт шаардлагатай 17.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн юм байна. Энэхүү төсвийг танай банкнаас шийдвэрлэхгүй байгаа гэжээ.
-Засгийн газрын 184 дүгээр тогтоол энэ оны зургадугаар сарын 7-ны өдөр гарч, дээрх замын ажил хяналт тавихыг Зам, тээврийн яаманд үүрэг болгож, шаардлагатай 17.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгох шийдвэрийг гаргасан. Уг тогтоол гарснаас хойш хоёр сар гаруйн дараа буюу 8 дугаар сарын 22-нд Зам, тээврийн яамнаас дээрх санхүүжилтыг шийдвэрлүүлэх хүсэлт, гүйцэтгэгч компаниудын нэрсийн жагсаалтын хамт ирүүлсэн юм. Санхүүжилт шийдвэрлүүлэх хүсэлтийг Хөгжлийн банк хүлээн авснаас хойш уг асуудлыг судалж, холбогдох хууль журамд нийцэж буй эсэхийг хянасан. Үүнд тодорхой хугацаа шаардагдсан. Гэвч санхүүжилт олгоход хууль эрх зүйн хүрээнд учир дутагдалтай байна гэж бид үзэж, Зам, тээврийн яаманд үүнийгээ мэдэгдээд байгаа юм.
-Тодруулбал, ямар асуудал үүсч байгаа юм бэ?
-Дээрх чиглэлүүдэд зам засварын ажил гүйцэтгэж байгаа 11 компанид нийт 17.6 тэрбум төгрөг олгох ёстой. Гэвч эдгээр компаниудын заримыг ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулахдаа холбогдох хууль, журмыг мөрдсөн эсэхээ Зам, тээврийн яам тайлбарлахгүй, шаардагдах материалыг бүрдүүлж ирүүлэхгүй байна. Хэрэв Хөгжлийн банк ажил гүйцэтгэгч нь хуулийн хүрээнд сонгон шалгарсан эсэх нь нотлогдоогүй тохиолдолд санхүүжилт олговол өөрөө хууль, журам зөрчсөн болно. Хуулийн дагуу “Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тохиолдолд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна”” гэж заасан байгааг бид мөрдөн ажиллаж байна.
-Ер нь танай банк зээл, санхүүжилтыг шийдвэрлэхдээ хэр хугацаа зарцуулдаг юм бэ. Зарим хүмүүс шийдвэр гаргахдаа уддаг гэх шүүмжлэл хэлдэг?
-Тухайн зээл, санхүүжилт хүссэн тал шаардлагатай бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлсэн, ямар нэг асуудалгүй байх юм бол шийдвэр гаргахад уддаггүй. Мөн л зам засварын ажлын санхүүжилтыг шийдвэрлэх тухай Засгийн газрын 185 дугаар тогтоол дээрх тогтоолтой нэг өдөр гарсан байсан. Гэтэл тэр тогтоолын дагуу мөн манай банкнаас санхүүжилт авах ёстой 10 компанийн гэрээ хуульд бүрэн нийцэж байсан учраас 114.9 тэрбум төгрөгийн зээлийг бид тэр дор нь шийдвэрлэсэн.Өмнө нь зам тавих, арчлах хөрөнгийг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлдэг байхад сүүлийн арван жилийн дунджаар жилд 285 км зам шинээр тавьж ирсэн. Харин Хөгжлийн банкнаас авто замын төслүүдэд санхүүжилт олгох болсноос хойш өнгөрсөн хоёр жилд л гэхэд 1800 км хүртэлх замын барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.
замчин
Зочин