Цахилгааны үнэ нэмэх асуудалд эргэцүүлэх нь

Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдолтой, хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг мөн. Гэвч ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш тус салбар нь эдийн засгийн реформ хийгдээгүй цөөхөн салбарын нэг болж төрийн хяналтад үлджээ. Либералчлал хийгдээгүй, хувьчлал тууштай явагдаагүй, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх чиглэлд ахиц гараагүй, улсын төсвөөс татаас авсан хэвээр энэ салбарт цахилгаан, дулааны үнийг төрөөс тогтоон мөрдөж ирлээ. 

Манай улс 2023 онд 11 тэрбум квт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэсэн байна. Энэ хэрэглээний 78 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, харин 22 хувийг импортоор хангажээ. Дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 1584 МВт, үүний 80 гаруй хувийг дулааны цахилгаан станцаас, харин 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр бүрдүүлж байна. Хөгжиж байгаа орны хувьд энэ муугүй үзүүлэлт. Монгол Улсын эрчим хүчний бодлогод, 2030 он гэхэд дотоодын эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай тусгажээ. Сэргээгдэх эрчим хүчний технологи хямдарч, анхны хөрөнгө оруулалтын өртөг буурч байгаа өнөө цагт энэ бол хүрч болохуйц зорилт. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний ялгавартай үнэ тариф, цахилгаан дамжуулалт, шугамын алдагдал гэх мэтээр яригдах асуудал олон бий тул түр орхиё.

Импортын эрчим хүчний хувьд, манай улс хойд хөршөөсөө 940 орчим сая квт.ц, харин урд хөршөөсөө 1.5 тэрбум квт.ц эрчим хүч худалдан авч, тэдгээрийн төлбөрт 200 орчим сая доллар төлжээ. Ерөнхийдөө, Оросоос эрчим хүчний хараат байдалд байгаа тухай их яригддаг ч Хятадаас илүү их хэмжээний эрчим хүч худалдан авч байгаа талаарх хэлэлцүүлэг төдийлөн газар авдаггүй. Хятадаас импортолж байгаа эрчим хүчний гол худалдан авагч нь мэдээж Оюу толгой. Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн дулааны цахилгаан станц барьж, Оюу толгойг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангах чухал зорилт хэрэгжихгүй өдий хүрсэн нь харамсалтай. Энэ стратегийн зорилтыг хэрэгжүүлж, манлайлаад зүтгэчих Эрчим хүчний сайд бидэнд байсангүй. Парламентын 4 сонгуулийн хугацаанд гэж бодоход урт хугацаа шүү. Алдагдсан боломжийн өртөг улам нэмэгдсээр… 

Монгол Улс нь эрчим хүчний түүхий эдийн нөөцөөр арвин, тухайлбал 173.3 тэрбум тн эрчим хүчний нүүрсний таамагласан нөөцтэй бөгөөд энэ нөөцөөр тэргүүлэх дэлхийн 10 орны тоонд ордог байна. Түүнчлэн нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, тодруулбал, манай говийн бүсэд жилийн дундаж нартай өдрийн тоо 270-300 хоног, нарны цацрагийн жилийн дундаж хэмжээ 2200-3300 цаг байна гэсэн тооцоотой. Нөгөө талаар бид дэлхийн ураны нөөцийн 2 хувийг бүрдүүлж, нөөцөөрөө дэлхийд 11 дүгээр байрт жагсаж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн нөөц талаас боломж их харагдана. 

Манай улс цахилгаан эрчим хүчний импортоос хараат хэвээр, дотоодын салбараа хөгжүүлж чадахгүй, харин ч эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлах, таслах хэмжээнд хүрч салбарын асуудал хүндэрчээ. Уг нь манай улс дотооддоо эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж, улмаар эрчим хүч экспортлогч орон болно гэсэн “стратегийн зорилт” тавиад нэлээд удаж байгааг мартаж боломгүй. Энэ зорилт дээрх нөөцөд тулгуурласан нь гарцаагүй. Гэхдээ боломжит нөөц эдийн засгийн эргэлтэд бодитой орж, баялгийн утга учраа жинхэнээс харуулах хүртэл туулах зам урт, хийх зүйл их бий.

Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 3 хувиар нэмэгдэж буй. Энэ хэрэглээ цаашид улам бүр өсөх нь гарцаагүй. Эдийн засгийн өсөлтийг тууштай барьж, 2028 он гэхэд 1 хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг 10 мянган долларт хүргэх бодлогын зорилт тавьчхаад байдаг. Гэтэл эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа үед эдийн засгийн бодит өсөлт, тогтвортой хөгжил ярих нь хэцүү. Иймд эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих гол хөдөлгүүр эрчим хүчний салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Эрчим хүчний салбарыг либералчлах нь нэг удаагийн алхмаар хийгддэггүй, харин маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө, улс төрийн манлайлал, хүчтэй амлалт, тогтвортой хөрөнгө оруулалт нэхсэн урт хугацааны цогц үйл ажиллагаа шаарддаг тухай Олон улсын энергийн агентлагаас онцолдог. 

Эндээс үзэхэд, манай улс төрийн гол намууд хамтарсан Засгийн газар байгуулж, эрчим хүчний салбартаа либералчлал хийхээр шууд зарласан нь зоригтой алхам санагдана. Гэхдээ яаж, хэрхэн, юунаас эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. 

Манай улс хямд эрчим хүч хэрэглэдэг орнуудын тоонд багтана. Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф тогтоодог ба тогтоосон үнээ шинэчлэхгүй удаж буй. Монгол Улс ирэх онд үнэ тарифын шинэчлэл хийхгүй бол эрчим хүчний салбарт 800 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тухай Дэлхийн банк мэдэгджээ. Эрчим хүчний салбарынхны хуримтлагдсан өр 1.8 их наяд төгрөгт хүрсэн тухай албаныхан мэдэгдэж байна. Энэ нь цахилгаан станцууд, нүүрсний уурхай, эрчим хүч дамжуулах, хуваарилах гээд үнэ цэний сүлжээний оролцогч бүрт хамаатай хуримтлагдсан өр. 

Иймд цахилгаан эрчим хүчний үнийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 30 хувиар нэмэгдүүлэх тухай Шадар сайд өнгөрсөн 8 сард мэдэгдсэн. Үнэ нэмэх асуудалд зөвхөн салбарын тайлан сонсож дүгнэх байдлаар дээрээс өнгөц харж хандаагүй гэдэгт найдаж байна.Цахилгаан эрчим хүчний үнийн 30 хувийн өсөлт нь инфляцад 0.8-1 хувийн өсөлт авчрах тухай Монгол банкны холбогдох албаны хүн мэдэгдэв. Нэлээд өөдрөгөөр харж төсөөлсөн байх. Төсөөллийн бодитой эсэх нь удахгүй харагдана. 

Эрчим хүчний салбарт либералчлал хийх бодлогыг хэрэгжүүлэхдээ цахилгааны үнийг шууд 30 хувиар нэмэхээс эхэлж байгаа нь учир дутагдалтай ч, үүний цаана сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөтэй, төлөвлөгөөний дагуу хийгдэх өөр бусад олон арга хэмжээ, хариу үргэлжилсэн, зэрэгцүүлсэн алхмууд байгаа гэдэгт итгэж байна. 


Дараах бодлогын асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй байж болох юм. Үүнд:

Нэг. Цахилгааны үнийг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр, цаашид нэмэгдүүлэх магадлал манай улсын цахилгаан эрчим хүч экспортлох стратегийн зорилттой уялдвал зохих талаар анхаарах. Одоогоор хоёр хөршөөсөө цахилгаан импортолж байгаа Монгол Улс цаашид эрчим хүч хаашаа экспортлох вэ? Зөрчилтэй асуулт шиг. Эрчим хүчний импортыг бүрэн орлуулж, салбараа экспортын баримжаатай хөгжүүлж чадна гэж үзье. Хойд хөрш цахилгаан хямд үйлдвэрлэдэг тул манайхаас цахилгаан авахгүй нь мэдээж. Харин цахилгааны хэрэглээ нь тасралтгүй нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөө нэхэн хангаж байгаа урд хөршид экспортолж болох. Хятад улсын дотоодын зах зээлд 1 квт.ц цахилгааны үнэ одоогоор 8 цент орчим байна. Тус улс дотооддоо эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн технологи нэвтрүүлэх, алдагдлыг багасгах тухай байнга анхаарч байгаа газар. Хэрэв Хятадад цахилгаан эрчим хүч экспортолно гэвэл, манай дотоодын эрчим хүчний үнэ + цахилгаан дамжуулах өртөг, бусад өртөг нийлээд Хятад улсын эрчим хүчний үнээс өндөр гарч болохгүй. Өөрөөр хэлбэл, манай улсын нэгж цахилгааны үнэ өсөөд өсөөд Хятад улсаас илүү гарч болохгүй гэсэн санаа. Хятадаас илүү өндөр үнэтэй цахилгаантай болчихвол эрчим хүч экспортлох стратегийн зорилтоо орхихоос аргагүйд хүрнэ. Манай улс эрчим хүчний боломжит нөөцдөө тулгуурлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний аварга сүлжээ хамтран бий болгох, сүлжээнд хамрагдах тухай их ярьдаг. Хойд Солонгос манайхаас эрчим хүч авахгүй. Өмнөд Солонгос, Япон манайхаас авах уу, авна гэвэл яаж? Эрчим хүчний либералчлах бодлогын эхний алхам, цахилгааны үнийг нэмсэнтэй холбогдуулан Монгол Улсын эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээг өндөр түвшинд шуурхай зохион байгуулах хэрэгтэй. 

Хоёр. Цахилгаан эрчим хүчний үнийн 30 хувийн өсөлт буюу “гэнэтийн нэмэгдэл” орлого хаашаа очих вэ? Дулааны цахилгаан станцууд төрийн өмчийн мэдэлд, судалгаагүй төлөвлөлт, төрийн өмчийн үргүй зардал, хяналтгүй зарцуулалт, ашиггүй ажиллагаа гээд асуудал тасраагүй газарт очиж буух нь. Төрийн өмчит цахилгаан станцуудын менежментийг сайжруулах, ашигт ажиллагааг нь дээшлүүлэх алхам амжилт олоогүй, гаргасан шийдвэр бодитой хэрэгжээгүй хэвээр. Цахилгааны үнийн 30 хувийн өсөлтөөс бий болох нэмэлт орлого “цоорсон шуудайд элс нэмж хийх”-тэй адил болчихвол харамсалтай. Иймд төрийн өмчит цахилгаан станцуудад үйл ажиллагааны зардлаа 2024, 2025, 2026 онд нэмэгдүүлэхгүй гэсэн хатуу хязгаар тогтоох талаар авч үзэх. Станцын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой яаралтай хөрөнгө оруулалтыг орлоготой нь уялдуулж уян хатан төлөвлөж харин болох юм. Хувьчлалыг аль шатанд ямар түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаарх төлөвлөгөө цаг алдалгүй зэрэгцээ явах хэрэгтэй.

Гурав. Эрчим хүчний либералчлал хийх бодлого нь зөвхөн цахилгааны үнийг 30 хувиар нэмснээр зогсчхож болохгүй. Цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөөс айл өрхөд очих санхүүгийн дарамт, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөөллийг бодитой сайтар тооцох. Үүнийг Монгол банкны мэдэгдэж байгаа эрчим хүчний үнийн өсөлт инфляцад үзүүлэх 0.8-1 хувийн өсөлтөөр зөвхөн авч үзэж болохгүй. Энэ бол богино хугацаанд үзүүлэх нөлөө. Харин дунд болон урт хугацаанд яаж нөлөөлөх талаар одооноос судалгааг эхлүүлэх нь зүйтэй. Цахилгааны үнийг 30 хувиар нэмснээс гарах эерэг үр дүн, сөрөг үр дагаврыг сайтар тооцох нь бодлогын дараагийн алхамд шууд нөлөөлнө. Үнийн өсөлтөөс үүдэлтэй цахилгааны далд хэрэглээ, дагасан авлига, хээл хахууль нэмэгдэж болзошгүй. Урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбар дундын зохицуулалтын арга хэмжээ энд шаардлагатай. 

Дөрөв. Эрчим хүчний либералчлал хийх бодлогыг богино хугацаанд цахилгааны үнийг нэмэх, нэгэнт бий болсон их өрийг бууруулах, төрийн өмчит станцуудын санхүүгийн үзүүлэлтийг харьцангуй сайжруулж, хагас эсхүл бүрэн хувьчлалыг дунд хугацаанд явуулах, салбартаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөл, боломж бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, салбараа импортыг орлох, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх, салбарт өрсөлдөөн авчрах, улмаар урт хугацаанд цахилгааны үнэ тогтвортой буурах гэсэн хүлээлттэй төлөвлөж байгаа болов уу. 

Түүнээс эрчим хүчний салбарын болохгүй бүтэхгүй бүхнийг зөвхөн цахилгааны үнийг төрөөс хатуу барьсантай, үнэ чөлөөлөөгүйтэй холбож авч үзвэл өрөөсгөл болно. Тухайлбал,либералчлах бодлогын хүрээнд цахилгааны үнийг эхний шатанд 30 хувиар нэмнэ, цаашид дахиад үе шаттай нэмэгдүүлнэ, тэгээд зах зээлд нь хүргээд үнэ чөлөөлчихнө гэж үзвэл, энэ нь үр ашиггүй байгаа салбарын хоцрогдсон менежментийн төлөөсийг төлөхөд хүргэнэ. Либералчлах бодлогын үр дүнд эрчим хүчний салбар үр ашигтай менежменттэй, үйлчилгээ нь чанартай, олон талт, өрсөлдөөний дүнд цахилгааны үнэ буурах ёстой. Энэ нөхцөл, боломжийг бүрдүүлнэ гэж бодлогоо урт хугацаанд цогцоор харж байгаа гэж найдна. 

Монгол Улс эрчим хүчний либералчлах бодлогыг ухаалгаар хэрэгжүүлж чадвал, эрчим хүчний асар их нөөцдөө түшиглэсэн экспортын чиг баримжаатай орчин үеийн салбарыг хөгжүүлж, Орос, Хятад гэсэн эрчим хүчний хатуу зохицуулалттай том зах зээлийн дунд бүс нутгийн хэмжээнд уян хатнаар тоглож болох юм.