Хонх дугарав. Танхим чимээгүй, үзэгчид аль хэдийнэ суудлаа эзэлсэн байлаа. Улаанбаатарт 18 цаг. Яг цагтаа эхэлж байна шүү гээд бодон суутал аялгуу эгшиглэв. Архан талд “Эрх нялх аялгуу” дууны шүлэг хэлсээр алхална. Ингэж “Эрх нялх аялгуу” хэмээн нэрлэсэн Со-гийн цэнгүүн “Од” театрын тайзнаа эхлэв. Үзэгч дүүрэн, өөрөө сэтгэл тэнүүн. Со гавьяатын дуу, шүлэг, найраглал, өгүүллэг ар араасаа сүлэлдсэн, утга уянга хосолжээ.Цэнгүүнээ өөрөө найруулан тавьдаг болохоор түүнд хөтлөгч ч хэрэггүй. Хүн болгонд заяахгүй ховорхон авьяас гагцхүү түүнд л бий. Билэг танхай яруу найраг хэлнэ, хоолойн чадлаа гайхуулан дуулна. Бас нэмээд ёргино. Ёстой л нэг Со-д зохим донж маяг, эрхэмсэг түүний энгийн алхаа, ихэмсэг харц. Дуу болгон уянгатай үг бүр нь энгүй утга агуулгатай. Амьсгаа авч, санаа алдах нь хүртэл зөвхөн Со-гийнх гэлтэй. Ар араасаа эгшиглэх аялгуунууд танил дотно. Гагцхүү надаас бусад нь л даган дуулаад байх шиг...

Авьяас билэг нь дундаршгүй тэрээр бас нэгэн авьяасаа дэлгэв. Жаран насны босгыг давсан тэрээр жар хүрч ухаан орохын зэрэгцээ уянгалаг аялгуу зохиогоод авснаа дуулгасан. Тэр нь “Эрх нялх аялгуу”. Үг нь түүний дотны анд Б.Цэнддоо-гийнх. Угтаа бол “Хөх талын дуун” билээ.

Хөх булгийн тэнд нойрсож хүлээсэн аялгуу
Хөх сарын шинэдээр дурсах төдийд сэрмүү...

Очсон хүн бүрийн сэтгэлд тэрхүү аялгуу одоо ч гэсэн тодхон эгшиглэж буй нь лавтай.

“Зүүдний гуйлга” эгшиглэхэд уярч, ухаарч, уяхан нэг нь нулимс дуслуулан сонсоно. Өөрөө ч тэрээр нулимсаа арчинхан дуулна. Зүүдээрээ биш дуугаараа ижий аавтайгаа учран золгодог болохоор уран бүтээлчхүний сэтгэл ийм л уяхан байдаг юм болов уу...

Догшин хутагтын сахиус буюу Данзанравжаагийн дүрийг мөнхөлсөн тэрээр “Үлэмжийн чанар”-ыг өөрийн хэв маягт нийцүүлэн үг бүрийн утгыг ойлгуулан дуулах нь бахдам бас бишрэм...

“Жамаас”, “Хүмүүн заяаны өлгий”, “Би өөрөө” зэрэг дууныхаа үгийг тэрээр өөрөө бичсэн. “Дорнын цагаан саран”, “Жаргаах зүрхэн”, “Аргагүй амраг” эдгээр дуу нь зөвхөн түүнд л зориулагдан бичигдсэн мэт, бас зөвхөн тэр л өөрөө дуулах ёстой мэт санагдана. 

Р.Чойном-ын “Хүн”, “Миний шүтээн” найраглал нь бодол эргэцүүлэл дунд аваачих бол Б.Цэнддоо-ийн “Хүргэн орох хууль”, “Хөдөөгийн сонсогч”, “Алтан унжлаганы тухай” хошин өгүүллэг нь цугласан бүхний сэтгэлийг баясгаж, хөнгөн инээд бэлэглэв. Нэг л мэдэхэд хоёр цаг гучин минут өнгөрчээ. Догмидын хүүгийн дотоод ертөнцөөр аялж, дуунд уярч, шүлэг найрганд нь санаашран, нэгийг бодон хоёрыг тунгаан хоорондоо ярилцах үзэгчид түүнд алга ташилтыг харин ч нэг харамгүй зориулах нь сайхан. Үүнд нь л уран бүтээлч хүн баярлаж басхүү урам авдаг бизээ. Гурвантаа тоглогдсон дуун цэнгүүн дүүрэн үзэгчтэй, дүүрэн баясалтай өнгөрсөн нь гарцаагүй. Жамаараа яваа Со жар гарсан хэдий ч хоёр цаг гучин минутын турш ганцаараа дуулах нь гайхамшигтай...

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын эхлэлээс төгсгөл хүртэл аялгуундаа “эрхэлсэн” үдэш ийнхүү жаргавай...

Энгийн нэгэн үзэгч Н.Одончимэг-ийн сэтгэгдэл ийн бөлгөө...


2020 оны 11-р сарын 24