Б.Батбилэг: Би компанийг зөв зохистой удирдахын төлөө ирсэн болохоос улс төр хийх гэж ирээгүй

Нүүрсний ханш унасан, удирдлагын түвшинд багагүй хэл ам дагуулсан хүндхэн үед Б.Батбилэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Өндөр хариуцлага шаардаж буй албан тушаалд тэрээр томилогдон очоод багагүй хугацаа өнгөрлөө. Тавантолгойтой холбоотой олон үйл явдал сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Түүнтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Тавантолгой дээр ажиллалаа. Төмөр зам барих ёстой юм байна гэсэн дүгнэлтээ танилцууллаа. Өөр ямар санал дүгнэлт гаргасан бэ, ялангуяа та нарын зүгээс юу танилцуулав?

-УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг манай үйл ажиллагаатай нэлээд сайн танилцсан. Нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ч багагүй мэдээллийг өгсөн. Компанийн хувьд нэн тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудал бол төмөр зам мөн. Яагаад гэвэл Төмөр зам барьснаар “Эрдэнэс-Тавантолгой” компанид цааш цаашдаа нэмүү өртөг шингэсэн Боловсруулах, Угаах үйлдвэр барих эдийн засгийн орон зай бий болгоно. Цаашилбал, Тавантолгойн ордын нүүрсний өрсөлдөх чадвар наанадаж 20 орчим сая тонноор нэмэгдэж, нийт 30 орчим сая тонн нүүрс жилдээ экспортлох боломж бүрдэх юм. Энэ нь төмөр замаа бариад таг зогсох тухай асуудал биш. Үе шаттайгаар, зах зээлийн нөхцөл байдалтай нийцсэн бүтээн байгуулалтыг бий болгох ёстой гэсэн санаа юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж манай ард түмэн ярьдагчлан зэрэг зэрэг бүтээн байгуулалтыг эхлүүлбэл “Эрдэнэс-Тавантолгой ХК” одооны нөхцөлд санхүүгийн ачааллыг нь дийлэхгүй. Тиймээс төмөр замын асуудлаа нэг мөр шийдчихээд дараа дараагийн бүтээн байгуулалтаа хийх нь зөв.

-Төмөр зам баригдах нийт өртөг хэд вэ? Төмөр замын төсөл хэзээ дуусах вэ?

-Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1-1.2 тэрбум ам.доллараар барих төлөвлөлт байгаа. Хугацааны хувьд энэ хэмжээний замыг гадныхан жилдээ багтаагаад барьдаг туршлага байдаг. Шийдвэр улс төрийн түвшинд л гардаг шүү дээ.

-Улс төрийн түвшинд шийдэгддэг гээд хэлчихлээ. Өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар иргэд ямар нэгэн төсөөлөлгүй байгаа байх?

-Тодорхой биш байдал гэдэг хөрөнгө оруулалт, арилжаа наймаа гээд бүхий л үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл. Хувьчлалын асуудал, түүнийг тойрсон улстөржилтийн улмаас тодорхой бус байдал бий болоод байгаа. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа.

Ер нь төрийн өмчийн компаниудад улс төрийн нөлөөлөл тодорхой түвшинд байдаг нь нууц биш байх. Энэ оролцоог багасгах, зөв зохистой оролцоог бий болгох шаардлагатай байна.

Бидэнтэй хамт уурхай дээр очсон сэтгүүлчид “Танайх олборлолт, тээвэрлэлтээ өөрсдөө хийж чаддаггүй юм уу, ер нь цаашдаа авч явж чадах уу?” гэсэн асуултыг ихэвчлэн тавьж байна лээ. Бид мэдээж хийж чадна, хийсээр ч ирсэн. Тэгэхдээ ажил хийлгэхийн тулд багажийг нь өгдөгчлөн нөхцөл бололцоогоор нь хангахгүй бол ямар ч ажилд хүндрэл гарах нь ойлгомжтой. Үүнтэй адил улс төрийн зөв зохистой оролцоог бий болгохгүйгээр энэ байдлаар үргэлжилбэл компанийн амжилт, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байх болно. Олон том төсөл улс төрийн давааг давж чадахгүй унаж байна. Улс төрийн шийдвэрээс үүдэлтэй компанид учирсан хохирлыг шийдвэр гаргасан улс төрчид хүлээдэггүй, харин нийгэмд шууд нөлөөлдөг.

-Улс төрийн оролцоо нөлөөлөөд байна гэж хэллээ. Яг яаж нөлөөлөөд байгаа талаар тодруулахгүй юу, тодорхой шийдэл юу байна?

-Миний түрүүн хэлсэнчлэн тодорхой биш байдлыг бий болгож байгаа нь нэг жишээ. Бас нэг жишээ гэвэл “Чалко” компаниас хүүтэй зээл авах шийдвэр улстөрчид гаргаад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг өртэй үлдээсэн. Тэр авсан мөнгийг нь компаниас хүүгүй зээлээд тараасныг бүгд мэднэ. Зээлийн хүү болон ханшийн алдагдалд “Эрдэнэс-Тавантолгой” 70 орчим сая ам.долларын алдагдал хүлээж байна. Энэ бол улс төрийн шийдвэрийн шууд, бодит сөрөг үр дагавар компанид хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.

Төрийн оролцоог багасгая, эсвэл зөв болгоё гэсэн санааг товчоор тайлбарлая. Төрийн өмчийн оролцоотой байгууллага дэлхий даяар өч төчнөөн бий. Амжилттай жишээ олон, амжилтгүй нь бүүр ч их байх. Жишээ нь, амжилттай ажиллаж байгаа Сингапурын “Темасек” гэж төрийн өмчит сангийн тухай манайхан их ярьдаг. Энэ байгууллага амжилттай ажиллаж байгаагийн үндсэн шалтгаан нь өөрийн дүрмэндээ төрийн зөв оролцоог бий болгох хоёр чухал заалт оруулсан байдаг. Нэгдүгээрт, “Темасек сан нь бусад хувийн аж ахуйн нэгжүүдээс давуу эрх эдлэхгүй”, хоёрдугаарт, “илүү үүрэг хүлээхгүй” гэсэн заалт байдаг. Наад захын энэ зарчмыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

-Өөрөө томилогдоод хоёр сар гаруй болчихлоо. Нууц биш бол, энэ албан тушаалыг хэн анх өөрт чинь санал болгосон юм бэ?

-Амжилттай яваа компанийг хүн бүр удирдахыг хүсдэг. Би “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш ажиллаж ирсэн. Анх эдийн засагчаас эхлээд өнөөдөр удирдаад явж байна. Энэ хугацаанд манай компани олон улсын түвшинд томоохон тоглогч болж чадсан. Миний хувьд зах зээлийн өсөлт, бууралттай бүхий л хугацаанд хамт олонтойгоо зүтгэж ирсэн. Тогтвортой үйл ажиллагаа, өсөлтийг хангахад чиглэсэн олон сорилт, ажлын ард гарсан туршлагад үндэслэж компанийн ТУЗ-өөс намайг томилсон гэж ойлгож байгаа.

Харин өнөөдөр нүүрсний ханш унаж байгаагаас өдөр бүр шийдвэрлэх шаардлагатай, зах зээл сөрсөн чухал шийдэл, асуудлууд бидний өмнө байна. Мэдээж залуу хүний хувьд болгоё, бүтээе, амжилт гаргая гэж зүтгэж байна.

-Тавантолгойн хувьчлалын талаар нийгэмд үүсээд байгаа талцал, үл ойлголцлын тухайд таны байр сууриа илэрхийлэхгүй яваад байгаа?

-Төрийн өмчит Хувьцаат компанийн үйл ажиллагаа нь мэргэжлийн удирдлагаар хангагдаж, тасралтгүй, тогтвортой явагдах ёстой. Энэ нь том түвшиндээ улс орны хөгжлийн асуудал, нөгөө талдаа 600 гаруй мэргэжлийн уурхайчин хамт олны хувь заяа. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн бүх түвшний ажилчдын хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ улс төрийн өнцгөөс асуудалд хандах нь өөрөө компанийн амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Бидний хувьд УИХ, ЗГ-ын түвшинд хэлэлцэгдэж байгаа Тавантолгойн хувьчлалын талаар хувь хүний байр сууринаас хандах нь зохимжгүй гэж үздэг. Бид төрийн компанийн хувьд төрийн шийдвэрийг дэмжиж ажиллах болно. Харин хувь хүний тоглолт хийх орон зай хэрэггүй гэж үзэж байна. Би энэ албан тушаалд компанийг зөв зохистой удирдахын төлөө ирсэн болохоос улс төр хийх гэж ирээгүй.

-Сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Макмахон” компанийн хооронд үүссэн олон сая ам.долларын асуудал яригдаад эхэллээ. Энэ талаар?

-Өнөөдрийн байдлаар хоёр тал шүүх, арбитрын байгууллагад хандсан асуудал байхгүй. Хамтран ажиллах гэрээний түвшинд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн байгуулах талаар олон удаагийн яриа хэлэлцээ хийж ирсэн байдаг. Тодорхой үр дүнд ч хүрээд байсан. Харин Монгол дахь өөрийн бизнесээ гуравдагч талд худалдсан тухай Австралийн хөрөнгийн биржид гаргасан мэдэгдэлтэй холбоотой асуудлыг тодруулахаар ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.ТӨВ