Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав
-Төрийн албан хаагчдыг мэдээллийн системтэй нь, иргэнийг эзэмшдэг данстай нь “амьдаар нь олзолсон” рецедивүүд хэн байв?-
Төрд үүрлэсэн, бүр урт удаан хугацаанд зохион байгуулалтад орж “мафижсан” гэж хэлж болохуйц хэсэг бүлэг хүмүүс албан ажлаа гүйцэтгэх явцдаа хууль бус үйлдлээр өөрсдөдөө их хэмжээний ашиг олсон тухай мэдээллүүд анхаарал татах боллоо. Тэд өнгөн талдаа төрийн албан хаагч боловч үйлдлүүд нь тэднийг “гэмт хэргийн бүлэглэлүүд” гэж нэрлэхэд хэтэрхий зөөлдөхөөр жигшмээр үйлдлүүдийг хийсэн байх юм. Харамсалтай нь тэднийг төсвийн орлогоор цалинжуулж, татвар төлөгч иргэд бид тэжээдэг гэж бодохоор бухимдахгүй байх аргагүй. Харин энэ удаагийн хэрэг арай өөр бөгөөд бүр ч ноцтой. Учир нь төрийн албан хаагчид рецедивүүдтэй хамтраад ч гэх үү, тэдний барьцаанд орж ажилласан байгаа юм.
Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллаж илрүүлсэн 100 орчим тэрбум төгрөгийн хохиролтой, нийгмийн даатгалын хуурамч бичилттэй холбоотой хэрэг бөгөөд үүнд нийт гурван бүлгийн 50 орчим этгээдийг илрүүлж саатууллаа гэсэн агуулгатай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн. Энэ бол өнгөрсөн амралтын өдрүүдэд хальт мөлтхөн дуулдаж олон нийтийг бухимдуулаад авсан “даруухан” мэдээний зөвхөн “триллер” нь байж гэмээр. Юуны өмнө уг хэргийг урьд өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан этгээдүүд нь нийт 20 гаруй иргэнийг татан оролцуулж, мөн нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож энэ хэргээ үйлдсэн байгаа юм. Тэгэхээр “гэмт бүлэглэл” гэж нэрлэж болох байх.
Тэд нийгмийн эмзэг давхаргын иргэдийг айлган сүрдүүлэх замаар эрхшээлдээ оруулж, нийслэлийн дөрвөн дүүрэгт тархан байршсан 15 объектод хууль бусаар хорьж байсан нь бүр ч ноцтой. Үүгээрээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангид заасан хууль бусаар хүн хорьсон, хүнийг хүчээр алга болгосон зэрэг үйлдэл нь заналхийлсэн, мөнгө угаасан, залилсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг үйлдлүүдээс нь ч аймшигтай ноцтой хэрэгт төрийн албан хаагчид оролцсон болж таарч байна. Гэмт этгээдүүд нь хохирогчдыг түрээсийн байранд хууль бусаар хорьж, өдөр тутмын үйл хөдлөлд нь хяналт тавьж байжээ.
Энэ явцад юу болдог байсан бол? Юуны өмнө тухайн иргэний эмзэг байдлыг нь далимдуулан хувийн мэдээллийг нь олзолж ашиглан, өөрсдийн хамаарал бүхий нэр бүхий 32 ААН-д хөдөлмөр эрхэлдэг мэт хуурамч мэдээллийг нийгмийн даатгалын ажилтнуудын оролцоотой боловсруулж, бүр тус байгууллагын нэгдсэн системд оруулж, баталгаажуулсан байгаа юм. Энэ аргаараа хохирогчдын нэр дээр зээл авах боломжтой болж, улмаар санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас олон удаагийн үйлдлээр, өндөр дүн бүхий зээл гаргуулан авч, зээл нь олгогдсон тохиолдолд “олзны хүн” буюу хохиогч олж ирэхээр нь 1-3 сая төгрөгөөр урамшуулдаг байжээ.
Өөрөөр хэлбэл, монгол хүн монгол хүнээ тэдэнд ганцхан сая төгрөгөөр зардаг байсан гэсэн үг. Тэр ч байтугай зарим тохиолдолд архины хамааралтай иргэдийг архинаас гаргана гэж хууран гэмт үйлдэлдээ татан оролцуулж, өндөр дүнгээр хуурамч нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн шивэлт хийж, зээл гаргуулан авдаг байжээ. Тэднээс үг дуугүй гарын үсэг зураад л зээл авах, зээл чөлөөлүүлэх, зээлийн ангилал сайжруулах, дансыг нь ашиглахад л ашигладаг, дунджаар 80-100 сая төгрөгийн зээл гаргуулж хууль бус орлогоо хувьдаа болон бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулж мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байдаг.
Хамгийн ноцтой нь энэ ажиллагаанд нь оролцохоос татгалзсан, мөнгөө нэхсэн, ямарваа маргаан үүсгэсэн бол рецедив этгээдүүдэд захиалга өгч өөрийнх нь төдийгүй гэр бүл, хайртай дотны хүмүүсийнх нь амь нас, эрүүл мэндийг барьцаалж, зэвсгийн чанартай зүйлээр айлган сүрдүүлэх, дарамталдаг, заналхийлдэг байсан аж. Тэр тусмаа гэмт бүлэглэлд “олзлогдсон” иргэдийн дийлэнх нь амьжиргааны түвшин доогуур, нийгмийн эмзэг бүлэгт ямар нэг байдлаар хамаардаг бүртгэлтэй хүмүүс байгаа юм. Ийм гурван бүлэг одоогоор илэрч баригдаад хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гээд бодохоор тэдний цаана бидний мэдэхгүй хэчнээн бүлэглэл байгаа бол? Тэд төрийн аль түвшний албан хаагчидтай хэрхэн холбоо тогтоож, хэр удаан хугацаанд “дансны амь” үүргээр ашиглаж байгаа бол гэдгийг төсөөлөхөд ч аймшигтай.
Зөвхөн дээрх хэргийн, олон удаагийн ийм үйлдлийн улмаас одоогийн байдлаар арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудад нийт 100 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа гэнэ. Ийм аймшигтай гэмт хэргийн бүлэглэл төрийн албан хаагчдын оролцоотой ажиллаж байсан гэхээр дэндүү жигшүүртэй. Энэ хэрэг хууль хяналтын болон шүүхийн байгууллагаар хэрхэн шийдвэрлэгдсэн талаар эргэн мэдээлэх болно.

