Г.Дамдинням: Арван жилийн өмнө “амь тавьсан” Дубайн гэрээнд суурилсан менежментийн гэрээг зогсоохыг “Рио Тинто”-оос хатуу шаардсан
Г.Дамдинням: Арван жилийн өмнө “амь тавьсан” Дубайн гэрээнд суурилсан менежментийн гэрээг зогсоохыг “Рио Тинто”-оос хатуу шаардсан
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн явц, үр дүнгийн талаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээр түр завсарлалаа. Эхний шатанд хэлэлцээр хэр ахицтай болов?
-Мэдээж хоёр талын дунд асуудал үүссэн учраас хэлэлцээр хийж байна. Талууд зарчмын байр сууриа илэрхийлж, харилцан хүндэтгэлтэйгээр хэлэлцээр үргэлжилж байна. Хатуу ширүүн үг чулуудалцах үе байлгүй л яахав. Гэхдээ хэлэлцээрийн эхлэл тун боломжийн тавигдсан гэж хэлж болно.
-Манай талаас ямар үр дүнд хүрэх зорилготой байгаа вэ?
-Юуны өмнө хувь нийлүүлэгчдийн гэрээний зээлийн хүүг бууруулах ёстой. Манай Улсын хувьд 15 жилийн өмнөхөөсөө эрсдэл хамаагүй бага болсон, нөхцөл байдал эергээр өөрчлөгдсөн. Олон улсын үнэлгээний байгууллагуудаас BB- үнэлгээ авч “тогтвортой” ангилалд шилжсэн. Засгийн газрын бондтой болж олон улсад тэр нь арилжаалагддаг манай байдлыг тооцоолдог үнэлэмжтэй боллоо. Хоёрдугаар асуудал гэвэл, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусаж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын хувьд эрсдэл буурсан гэж үзэх ёстой. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж байгаа юм. Мөн тус компаний засаглалыг сайжруулах шаардлага тулгараад буйг ойрын үеийн үйл явдлууд харуулж байна.
-Хүүг хэд хүртэл бууруулах зорилт тавьсан бэ?
-Хэлэлцээрийн явц үргэлжилж буй учраас зээлийн хүү чухам хэд болж буурах тухай тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Гуравдугаарт, менежментийн төлбөрийн асуудал. Гүний уурхайн цогц төслийг удирдахад тодорхой нарийн ур чадвар, мэдлэг, туршлага шаардагдах нь дамжггүй. Энэ ур чадварт төлбөр төлөх ёстой гэвэл тийм. Гэхдээ үр дүн гаргаж, зардлыг бууруулан ашиг авчирч чадаж байвал төлбөр төлдөг байх нь олон улсын зарчим. Энэ төлбөрийн 34 хувийг Монголын тал, 66 хувийг Рио Тинто төлөөд явж байгаа. Гэхдээ гол асуудал энэ зардал хэр өндөр байна вэ, яагаад бид бусдаас өндөр хэмжээнд төлөх ёстой вэ гэдэг асуудлыг зүй ёсоор тавьж байна.
-Тэгэхээр менежментийн зардал гэдэг хэсэг бас дотроо хэд хэдэн асуудлыг хөндөж байна, тийм үү?
-Тийм ээ. Тэд энэ компанийг удирдсаныхаа төлөө зардал дээр суурилж төлбөр авдаг. Гэхдээ олон улсын жишигт нийцүүлсэн үнэлгээгээр төлье. Хэт өндөр хэмжээгээр төлмөөргүй байна. Одоогоор Рио Тинтогоос төлдөг зардал дээр, Оюутолгой төсөлд менежмент хийсний төлбөр гээд давхардуулж аваад байгаа нь буруу. Үүнийг олон улсын хөндлөнгийн байгууллагууд тогтоочихсон. Хамгийн гол нь үр дүн дээр суурилж төлбөр төлмөөр байна. Гэтэл үр дүн хамаарахгүйгээр хэт өндөр зардал төлөөд явж байгаа нь цаашид хүлээн зөвшөөрөөд дуугүй суух зүйл биш юм. Энэ бол шударга биш хэлцлийн үр дүн. Зардлаа нэмэгдүүлэхийн хэрээр бид менежментийн төлбөр илүү ихээр төлөөд байна. Дараагийнх нь, Оюутолгой төслийн засаглалын асуудал. Засаглалын асуудал ил тод биш, ТУЗ-дөө бие даасан гишүүд байхгүй, Монголын талын төлөөлөлд бүрэн гүйцэд, нээлттэй мэдээлэл өгдөггүй. Гэрээний хэрэгжилтийг зогсоох “Алтан хувьцааны” эрхтэй байх асуудал ч яригдах боломжтой. Зардал маш өндөр байна. Саяхан Оюутолгой компанийн худалдан авах ажиллагаатай холбоотой хулгай зэлгийн асуудал хөндөгдлөө. Энэ хохирлын 34 хувийг монголчууд төлөөд л явж байна. Гэхчлэн засаглалтай холбоотой олон асуудал бий. Тиймээс засаглалыг нээлтэй, зөв болгож, олон улсын түвшинд аваачихыг аль аль талууд анхаарах ёстой. Тэгж байж зардлыг, улмаар зээлийн хүүг бууруулах, өгөөж хүртэх хугацааг ойртуулах тухай ярих боломжтой. Ийм цогц асуудлаар хэлэлцээр үргэлжилж байна.
-Одоогоор хүрчихээд байгаа үр дүнгийнхээ талаар та бүхэн товч мэдээлэл хийсэн. Бүр тодотгож хэлэх үр дүн юу байна?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээлийн хүүг долоон жил тутамд нэг удаа тохиролцоно гэж заасан байдаг. Яагаад, юунд суурилж “долоон жил” гэж заасныг хэн ч мэдэхгүй байна. Энэ заалтыг өөрчилнө гэдэг дээр хоёр тал санал нэгдэхээр ярьж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах “нэг цонх” долоон жилийн өмнө тохиолдож байсан. Гэтэл тэр цонхыг ашиглаад “долоон жил” гэдэг босго, хаалтыг өөрчилж хүүгээ бууруулж чадаагүй байдаг. Одоо Засгийн газрын санаачилгаар дээрх заалтыг өөрчлөхөөр талууд ярилцаад хэлэлцээр үргэлжилж байна.
-Зарим улстөрч “2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дээрх долоон жилд ганц олдох боломж дуусах гэж байна. Үүний өмнө Засгийн газар ажиллахгүй байна” гэж шүүмжилж байсан. Тэгвэл одоо “дээрх хаалтын өдөр, хаалтын хугацаа” байхгүй болжээ гэж ойлгох уу?
-Тэгж ойлгож болно. Хэлэлцээрт орж байгаа, Засгийн газрын сайд нар бид ч гэсэн монгол хүмүүс. Бид эх орондоо хайртай. Эх орныхоо ирээдүйд санаа зовж аль болох илүү боломж авч ирэхийн төлөө тасралтгүй ажиллаж байна. Яалаа гэж Засгийн газар улсын ийм чухал эрх ашгийн төлөө ажиллахгүй байх вэ дээ. Ажил хүлээж авсан өдрөөсөө л багаа бүрдүүлээд, судалгаа тооцоогоо хийгээд ажиллаж байгаа шүү дээ. Бид мэргэжлийн залуусаа дайчлаад цаг үргэлж ажиллаж байна. Эхний ээлжинд дээрх 2026 оны 1 дүгээр сарын 30 гэдэг өдөр хамаагүй болж, хэлэлцээр эхэлсэнд тооцъё, цаашилбал гэрээнд дурдсан дээрх өдрөөс өмнө зээлийн хүүг бууруулах асуудлыг эцэслэн шийдэхээр зорьцгооё. Хэрэв энэ хугацаанд хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол дээрх “түгжээний өдөр”-г тооцохгүйгээр хэлэлцээрээ үргэлжлүүлж үр дүнд хүртэл явна гэдгийг Рио Тинтогийн талын төлөөллөөр зөвшөөрүүлсэн байгаа.
-Үүнд баяр хүргэе. Дараагийн асуудал. Хамгийн маргаантай нь аль сэдэв байв?
-Менежментийн төлбөртэй холбоотой асуудал дээр Рио Тинтогийн тал бидний саналыг хүлээж авахгүй байсан тул бид хэлэлцээрээ зогсоогоод шаардлага тавьсан. Хэлэлцээрийг амжилттай дуусгахыг хүсэж байгаа бол энэ тухай заавал ярина. Үгүй бол бүх асуудал яригдахгүй шүү. Яагаад гэвэл Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс Засгийн газар удирдамж баталж, бид тэр хүрээнд илүү ч үгүй, дутуу ч үгүй асуудлаа тавьж шийдвэрлэх ёстой. Тэгэхээр Ажлын хэсэг Засгийн газрын өгсөн удирдамжаас зөрж асуудал орхих, буулт хийх боломжгүй гэдгээ хатуу хэлсэн. Үүний хариуд тэд менежментийн төлбөрийн асуудлаар дахин ярилцъя гэсэн. Тиймээс хэлэлцээр үргэлжилж байна гэсэн үг.
-Дээрх хэлэлцээртэй зэрэгцэн “Эрдэнэс Оюутолгой” компанид хамааралтай 20 сая ам.долларын асуудал, мөн Оюутолгой компанийн худалдан авалттай холбоотой урт, удаан хугацааны “мафижсан” буюу гэмт хэргийн шинжтэй авлигын сүлжээг илрүүлсэн гэх мэдээллүүд олон нийтэд дэлгэгдлээ. Эдгээр мэдээлэл хэлэлцээрийн уур амьсгалд ямар нэг байдлаар нөлөөлсөн үү. Яагаад энэ цаг үед зэрэгцэж ийм мэдээллүүд гарах болсон нь хардлага төрүүллээ?
-Тэд ямар мэдээлэлтэй байсныг мэдэхгүй байна. Бид албан ёсны мэдээллээ өгч, Оюутолгой компанийн менежмент, засаглал болохгүй байна, мэдээлэл ил тод болгох шаардлагатай. Энэ бүхний цаана танай талын ч эрх ашиг хамт хөндөгдөж буй хамтын компани шүү дээ. Тиймээс “Хамтын компанийнхаа төлөө хамтарч ажиллая. Эсвэл ийм байдлаар цаашаа явж чадахгүй” гэдгээ шууд илэрхийлсэн.
-Хэлэлцээрийн зорилтууд, явцын мэдээллээс харахад өмнөх Засгийн газруудын үед ч хөндөж байсан, Рио Тинтотой ярьж л байсан сэдвүүд байгаа юм. Төрийн залгамж чанар гэдэг талаасаа, бататгаж явахаар зүйл юу байв. Мөн өөр ямар асуудлыг олж мэдэв?
-Менежментийн төлбөрийн асуудал л байна даа. Энэ бол Дубайн гэрээний үргэлжлэл гэрээ юм. УИХ-аар хэлэлцээд Дубайн гэрээг хүчингүй болгосон. Гэтэл Дубайн гэрээнд суурилсан менежментийн гэрээг өнөөдөр яагаад мөрдөөд яваа юм бэ гэдэг л гол асуудал байна. Зогсоох ёстой биз дээ? “Ажил хийвэл дуустал” гэдэг, энэ утгагүй зүйлийг зогсоож, хэлэлцээрт хөндөгдөх асуудлыг бүтэн шийдүүлэхийн төлөө ажиллаж байна. Байр сууриасаа ухрахгүй.
-Рио Тинтогийн талынхнаас өмнөх Засгийн газартай ийм тохироо, хэлцэл, амлалттай гэх хаалтыг тавьж байна уу?
-Хэлэлцээрийн дотоод асуудлыг ярих нь хориотой учраас бид Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хангуулахын төлөө бүх боломжоороороо ажиллаж байна л гэж хариулъя. Дахин хэлье, бид ч гэсэн эх орондоо хайртай. Олон нийтдээ ашигтай байх бүх боломжийг алдахгүйн тулд улс орноо гэсэн сэтгэлтэй, “би эх оронч” гэж орилж хашгичихаас илүүтэй өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар, хүч ухаанаа зориулж үр дүн гарган даруухнаар зүтгэж буй залуусаараа баг бүрдүүлээд итгэлтэй ажиллаж байна. Тодруулбал, бид ингэж саналуудаа тавилаа. Энэ сард багтаж, Рио Тинтогийн тал бидэнд саналаа ирүүлнэ. Ингээд нэгтгэж гэрээн дээр ажиллана.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

            