Энэ 7 хоногт
Covid-19 вакцин: Туршилтаас хэрэглээ хүртэлх боломж, сорилтууд
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар Ковид 19-ийн 300 гаруй вакцины туршилт олон газар хийгдэж байгаа ажээ. Хамгийн сүүлийн шатны туршилтаа хийж буй, олон улсад хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн компани буюу хамтарсан нэгдлүүдийг Экономист сэтгүүлээс авч доор харуулав.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар Ковид 19-ийн 300 гаруй вакцины туршилт олон газар хийгдэж байгаа ажээ. Хамгийн сүүлийн шатны туршилтаа хийж буй, олон улсад хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн компани буюу хамтарсан нэгдлүүдийг Экономист сэтгүүлээс авч доор харуулав. Тухайлбал, Жонсон & Жонсон нийтдээ 60,000 оролцогчтой туршилт хийж байгаа бөгөөд гурав дахь шатны туршилт 9 дүгээр сарын 7-нд эхлээд явж байна. Энэ үе шат нь арай дуусаагүй байгаа аж.
Эдгээр байгууллагуудаас Пфайзер/БиоНТек компаниудын нэгдэл үйлдвэрлэсэн вакциныхаа гурав дахь шатны туршилтын үр дүнг 2020 оны 11 дүгээр сард зарлав. Тэдний вакцин коронавирусаас 90% хамгаалах чадвартай гэсэн үр дүн гарчээ. (Энэ нь улаан бурханы вакцинаас дутахгүй үр дүнтэй гэсэн үг.) Мөн түүнчлэн, араас нь залгаад Модерна болон АстраЗенека/Оксфордийн Их сургуулийн консорциум хийсэн вакциныхаа туршилтын дүнг танилцуулав. Бүгд 90%-иас дээш хамгаалах чадвартай. Ялангуяа Оксфордын их сургуулийн вакцины ахмад настай хүмүүст үзүүлэх эерэг нөлөө нь маш сайн байжээ.
Тун удахгүй эдгээр үйлдвэрлэгчид хийсэн вакцинаа хэрэглэх зөвшөөрлийг авахад шаардлагатай дата, мэдээллийг бэлэн болгож, холбогдох Засгийн газартаа хандана. Хэрэв зөвшөөрлийн процес хурдан явж чадвал АНУ, Британи энэ оны 12 дугаар сард багтаан вакцинжуулалтыг эхлэх боломжтой гэж байгаа юм.
Дээрх мэдээ нь дэлхий даяар итгэл найдварын оч болон түглээ. Хэрэв, Окфордын их сургууль болон Pfizer/BioNTecc-ийн вакцин 90 хувьтай байгаа бол бусад компаниудын вакцин ч гэсэн үүнээс дутахгүй үр дүн авчрах боловуу. Ядаж 60-80% байна хэмээн экспертүүд таамаглаж байна. Энэ нь ч гэсэн маш сайн мэдээ билээ. Үүнийг дагаад, олон улсын хөрөнгийн биржүүд сэргэж эхлэв. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 9-нд зарласан мэдээний дараа Пфайзерийн хувьцаа 15% өссөн бол, БиоНТек-ийнх 24%-иар өсөөд байна.
Шинэ вакцинын захиалга, үнэ
Мэдээж вакцин гарсны дараа олон улсын төр, Засгийн газрууд яаралтай ажиллаж, хийх ёстой хяналт, шалгалтаа хийж, улмаар зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг нь олгоно. Энэ үйл ажиллагаанд мэдээж тодорхой хугацаа орно. Энэ хооронд, дэлхийн улс орнууд вакцины урьдчилсан захиалгаа өгөөд эхэлсэн байна.
Дээрх графикаас харахад AstraZeneca/Oxford University (2.4 тэрбум тун), Novavax (1.3 тэрбум тун), Sanofi-GSK (732 сая тун), Pfizer/BioNTech (536 сая тун) хамгийн их захиалга авчээ.
Тухайлбал, Оксфордын их сургууль болон АстраЗенека (жилийн $24 тэрбумийн борлуулалттай фарма компани)-ийн хамтран хийж буй вакцинд одоогоор хамгийн их захиалга өгчээ. Эдний хийж буй ZD1222 хэмээх вакцины сүүлийн шатны туршилт хийгдэж байгаа бөгөөд тун удахгүй хариуг зарлаж, улмаар энэ оны сүүлээр хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой ажээ. Дээрээс нь, энэ нэгдлийн үйлдвэрлэлийн хүчин чадал маш мундаг. 3 тэрбум тунг үйлдвэрлэх чадалтай бөгөөд Энэтхэг гэх мэт фарма үйлдвэрлэгч орнуудтай гэрээ хийсэн ажээ. 3 тэрбум тун нь 1.5 тэрбум хүнд 2 удаа хийх хэмжээний вакцин юм.
Мэдээж чанар дагаж үнэ байгаа. Phizer вакцины үнээ нэг тунг нь $19.50 гэж байгаа бөгөөд нэг хүнд 2 тунгаар бодоход $39 болохоор байна.
Харин Модерна компани одоогоор 100 сая тунгийн 1.5 тэрбум ам. долларын гэрээ байгуулжээ. Тус компанийн вакцины үнэ нь нэг хүнд тарих тунг 50 орчим доллар буюу нэг тунг 25 доллараар гэрээлэхээр байна. Зарим улсуудтай $32-$37 үнээр гэрээлсэн мэдээ бас байгаа.
Оксфордын их сургууль болон АстраЗенека компаний хамтран хийсэн вакцин нэлээд өртөг багатайгаар хэрэглэгчдэд очихоор байна. Тус нэгдлийн гаргасан вакциныг хамгийн их хэмжээгээр захиалжээ. Тухайлбал, АНУ, Энэтхэг улс тус бүх 500 сая тунг авахаар захиалсан бол Европын Холбоо 400 сая тунг авах захиалга өгчээ. Мөн түүнчлэн, Их Британи, Япон, Индонез, Бразил зэрэг улсаад тус бүр нь 100 сая тунг захиалжээ.
Financial Times сонины мэдээлснээр тус нэгдлийн вакцины нэг тун ойролцоогоор 3-4 ам доллар байх боловуу хэмээн мэдээлжээ. Тиймээс үнэ өртгийн хувьд хамгийн боломжийн вакцин энэ болоод байна.
Аль улсууд хамгийн их захиалга өгч байна вэ?
Харин урьдчилсан захиалга өгсөн орнуудыг харвал ихэвчлэн өндөр хөгжилтэй улс орнууд байна. Одоогоор нэг хүнд ногдох вакцины захиалгын хэмжээгээр Канад, Австали, Британи, Япон тэргүүлж байна. Харин орлого бага, буурай хөгжилтэй орнуудаас захиалга бараг алга.
Монгол Улс маань аль вакцинаас, ямар хэмжээтэй захиалах талаар холбогдох яам, агентлагууд ажиллаж байгаа нь мэдээж. Юуны өмнө, зөв сонголт хийх хэрэгтэй, өөрөөр хэлбэл хамгийн чанартай вакциныг зах зээлийн үнээр нь захиалан авах шаардлагатай байна. Маш олон вакцины туршилт явагдаж байгаа. Гэхдээ мэдээж, олон улсад хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн, дээр дурдсан вакцинуудаас авах нь зүйтэй болов уу. Гэхдээ маш яаралтайгаар одоо сонголтоо хийх, захиалах ажлаа эхлэхгүй бол оройтохоор байна. Мөнгөтэй улсууд өнөөдөр ч гэсэн асар олон сая тунгийн захиалга өгчөөд байгаа. Өрсөж захиалсан нь ирэх жил вакцинаа авахаар байна.
Хоёрдугаарт, түгээлт, хүргэлтийн асуудал байна. Ирэх жилд дэлхий даяар нийлүүлэлт хангалттай биш байх боловуу. Тухайлбал, Pfizer өөрийн вакциныг ирэх жилд 50 сая тунг л үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ нь хэдийгээр их мэт сонсогдох боловч зөвхөн АНУ-д л гэхэд нэн тэргүүнд вакцинжуулах шаардлагатай 20 сая хүн байгаа. Үүнд, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, армийнхан, ахмад настнуудын асрагч нар гэх мэт хүмүүс орно.
Нөгөө талаар бас дэд бүтцийн бэрхшээл байгаа. Жишээ нь, дээр дурдсан Pfizer-ийн вакциныг -70С буюу түүнээс хүйтэн орчинд хадгалах ёстой ажээ. Тус компани вакцинд зориулсан тусгай төхөөрөмж үйлдвэрлэх боловч ложистикийн хувьд энэ нь нэлээн том сорилт болно. Вакцины хангалт эхний ээлжинд хязгаарлагдмал байх тул Засгийн газар маш тодорхой дэс дараалсан вакцинжуулалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргах ёстой. Энэ төлөвлөгөө нь вакцинжуулалтыг хүн амын аль хэсгээс эхлэх, аль нутаг дэвсгэрт, хэзээ эхлүүлэх вэ гэх мэтийн асуултанд хариулсан байх юм.
Л.БАЯН-АЛТАЙ
2020.11.17