Яг нэг жилийн өмнө Швед улсын сангийн сайд асан Anders Borg нь 2016 оны дэлхийн эдийн засгийн таамаглалыг хийж байв. Том зургаа харах, алсын хараатай байх гэдэг нь ямар чухал зүйл болохыг энэхүү нийтлэлийг орчуулах явцдаа улам бүр ойлгов. Энэхүү таамаглалын “гүйцэтгэл” ямар байсныг хамтдаа тольдоцгооё.

2016 он дэлхийн эдийн засгийн хувьд хүнд бөгөөд том сорилттой жил болно.

Дэлхийн эдийн засгийн өсөлт олон жил үргэлжилсэн уналтын дараа бага зэрэг ажиглагдаж байна. Гэвч Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн гаргасан тооцоогоор бол дэлхийн ДНБ-ийн өсөлт 3,5%-тай гарсан нь 10 гаруй жилийн өмнө болсон дэлхийн санхүүгийн хямралын дараах жилийн өсөлт болох 4,5%-с бага байна. Хэдий бага өсөлт мэт боловч сүүлийн 5 жилийн дундаж өсөлтөөс хамаагүй дээр үзүүлэлт гэдгийг бид анзаарах ёстой. АНУ ба ИБУИНВУ нь хямралаас өөрөө өөрсдийгөө авч гарч байгаа хэдий ч хямралтай тэмцсээр байгаад хүнээр бол биеийн эсэргүүцэл нь асар суларсан. Евро бүсийн хувьд эдийн засгийн тэлэх бодлогыг барьж буй бөгөөд өсөлтийг дэмжихийн тулд энэхүү бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь тодорхой байна. АНУ ба Европт аль алинд нь хөрөнгө оруулалтын түвшин бага хэвээр, бүтээмжийн өсөлт сул, экспортын салбарууд нь эдийн засагтаа, хямралын эсрэг асар бага хувь нэмэр оруулсан хэвээр байна. Энэ зуур Ази тивд ч гэсэн эдийн засгийн өсөлт буурсан хэвээр байдалтай байна. Дэлхийн худалдааны эргэлтийн өсөлтийн хувь нь дэлхийн ДНБ-ний өсөлтийн хувиас бага түвшин рүү орсон байна. Хямралын дараах дэлхийн эдийн засаг, бизнесийн энэхүү эмзэг өсөлт нилээд хэдэн хүчин зүйлсээс шууд шалтгаалж байна.

Нэг: Улс төрийн популизмийн жил?

2016 он улс төрийн популизм гэдэг тамгатай байна. Өнөө, маргаашаа тойрсон асуудлууд нэмэгдэх тусам хүмүүсийн алсын хараа бүдгэрч, одоо байгаа нөхцөл байдлаа богино хугацаанд сайжруулахын тулд ирээдүйгээ золиосолж эхэлдэг. Donald Trump (АНУ-ын бизнесмен, тэрбумтан, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэгэн), Jeremy Corbyn (Британийн улстөрч ба Хөдөлмөрийн намын тэргүүн, сөрөг хүчний тэргүүн), Alexis Tsipras (Грекийн улстөрч ба 185 дахь ерөнхий сайд), Nigel Farage (Британийн улстөрч, Британийн тусгаар тогтнолын намын тэргүүн), Marine Le Pen (Францын улстөрч, Үндэсний фронт намын ерөнхийлөгч), Bernie Sanders (АНУ-ын улстөрч, хамгийн олон жил бие даагчаар явж буй конгрессийн гишүүн), Pablo Iglesias Turrión (Испанийн улстөрч, Подемос намын генсек) гэх мэтийн улстөрчид ард иргэдийн энэхүү эмзэг байдлууд болох амьдралын стандарт муудах, санхүүгийн тогтворгүй, баталгаагүй байдлыг нь ашиглан хувийн тоглолтууд хийж эхэлдэг.

Олон хүчин зүйлс популизм ба олон нийтийн бухимдлыг өөгшүүлж дэвэргэдэг. Ажлын байрны баталгаатай байдлыг өнөөдөр цахимжуулалт, роботын эрин үе үгүй хийж байна. Шинэ ажлын байрны боломжууд гэдэг нь өнөөдөр голцуу түр хугацааны, хагас цагийн, эсвэл ч ямар нийгмийн даатгал, тэтгэмжийн схемд ороогүй хувиараа ажил эрхлэгч байх нөхцөл болж хувирч байна. Үүний хамгийн том жишээ нь “Uber” юм. Хэдэн мянган сайн дурын жолооч нар тодорхой хэмжээний орлого олж буй боловч нийгмийн халамж, хамгаалалтын системээс гадуур байсан хэвээр л байна. Чанартай боловсролын эрэлт, нарийн мэргэшил бүхий боловсон хүчин, нийгмийн харилцааны чадвар, ааль (social skill) зэрэг үзүүлэлтүүд нь хөдөлмөрийн зах зээлийн стандарт, босгыг асар өндөр болгож, тэр хирээр өрсөлдөөнийг хурцалж байна. Үйлдвэрчний эвлэл гэдэг институци утгаа алдаж байна. Ажлын байрны тогтвортой, найдвартай байдал үгүй болж хөдөлмөрийн зах зээл бүхий өнөө үед үйлдвэрчний эвлэлийн нөлөө, чадал өдөр ирэх тусам улс орнуудад суларч, ажил олгогчид, төр засагтай хэлэлцээр хийх чадамж, давуу талууд нь багассаар байна.

Ямар ч засгийн газар алсыг харсан, бүтцийн өөрчлөлт хийх буюу реформын шинж чанартай ажлуудыг хийх үед сонгогч нар голцуу түүнийг нь ойлгодоггүй буюу хэт ойрын зорилт хүслээ гүйцээх энгийн шийдлүүдийг шийдвэр гаргагч нараас илүүтэйгээр хүсдэг. Улстөрийн илтгэлцлийг тогтвортой барихын тулд сонгогч нарт улстөрчид бодит цалинг өсгөх, ажлын байр бий болгох, нийгмийн халамж, хангамжийг сайжруулах богино хугацааны шийдэл, саналуудыг санал болгож байж л санал цуглуулж чаддаг. Гэхдээ энэхүү нөхцөл нь эдийн засгийн реформ хийсний үр дүнд сэргэсэн бизнесийн орчил, эрүүлээр өсөж буй хөдөлмөрийн зах зээлийн үед л ном ёсоороо биелэгдэх боломжтой байдаг. Товчхондоо хамгийн том эрсдэл юу вэ гэхээр урт хугацааны зорилгоо тодорхойлоод хэрэгжүүлээд явъя гэхээр сонгогч нараас авах санал, итгэлээ авч чадахгүй гэж айсан шийдвэр гаргагч, улстөрчдийн популист үйлдэл юм. Энэхүү үйлдэл эргээд хэзээ ч үл дуусах нийгмийн сүлжээ болж бидний хэлдгээр чөтгөрийн тойргийг үүсгэж шинээр тойрог тойрох тусах ард иргэд ба улстөрчдийн хоорондын холбоо улам холдож том ан цав гардаг юм.

Хоёр: Дэлхийн аюулгүй байдал ба цагаачдын хямрал

2016 оны дэлхийн гол үйл явдлын нэг нь яах аргагүй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэхүү сонгууль нь АНУ-ын дотоодын сонгууль мэт боловч томоор харвал АНУ цаашид “дэлхийн цагдаа” байж чадах уу, үгүй юу гэдэг асуултын гол хариу болох юм. Хэрэв АНУ гадаад бодлогоо зохистой тодорхойлж чадахгүй, дайн самуунтай газруудад зэвсэгт хүчнээ оруулах боломжгүй, хүсэлгүй байх аваас дэлхийн аюулгүй байдлын тэнцвэр алдагдах эрсдэл бидний өмнө үүснэ. Хэдий АНУ-ын дэмжлэггүй хөдлөхөд хэцүү боловч Европ аюулгүй байдлынхаа талаар дорвитой үйлдэл хийх цаг нь болоод байна. Саяхан Парист болсон эмгэнэлт явдал нь АНУ, Франц, ИБУИНВУ, тэр байтугай Халифат үүсгэх амбиц буюу Исламын улсуудын террористуудын эсрэг тэмцэж буй ОХУ-ыг хүртэл хооронд нь нэгтгээд байна. Ямартаа ч АНУ ба Европ нь дунд болон урт хугацаандаа Ойрхи Дорнод, Хойд Африк, Афганистан зэрэг бүс нутгуудад алан хядагч нарын эсрэг хамтдаа тэмцэх шаардлагатай болсныг цаг үе бидэнд ойлгуулж байгаа. Хэрвээ том гүрнүүд дээр дурдсан том бүс нутгуудыг Боко Харам, Аль-Шабааб, Талибан, Даэш зэрэг террорист нарын мэдэлд үлдээвэл дэлхийн аюулгүй байдал асар том эрсдэлтэй хэвээр байх болно. Хэрвээ эдгээр алан хядагч нарын үйл ажиллагаа суларвал Сири, Ирак зэрэг улсуудын нөхцөл байдал сайжрах бүрэн боломжтой.

Цагаач нарын хямрал нь Европ тивийн хувьд 2016 оны хамгийн хүнд асуудал нь хэвээр байсаар байх болно. НҮБ-ийн тооцоогоор бол зөвхөн 2015 онд 1 сая гаруй цагаач нар Европ тив рүү орогнол хүсэж цагаачилсан байна. Харин дэлхий даяар улс төрийн орогнол хүсэж нэг орноос нөгөө орон руу цагаачилсан хүмүүсийн тоо 2015 онд 60 саяд хүрээд байгаа нь 2014 онтой харьцуулбал даруй 40%-р өссөн үзүүлэлт юм. Герман, Швед, Унгар, Австри, Итали зэрэг улсууд нь цагаач нарын нөлөөнд хамгийн их орж буй улсуудаар Европ дотроо тооцогдоно. Унгар ба Швед улсуудын хувьд нэг хүнд ногдох цагаачдын тоогоор толгой цохиж буй бол нийт цагаачдын тоогоор Герман улс тэргүүлж байна. Европ тив рүү чиглэх энэхүү цагаачдын урсгалын богино хугацаанд үзүүлэх эдийн засгийн нөлөө нь эерэг буюу ялангуяа Герман ба Шведийн ДНБ-ийн өсөлтөнд шууд эерэгээр нөлөөлнө. Цаашилбал Европ тивийн хөгширч буй хүн амын бүтэц, буурч буй хүн амын өсөлтөнд ч мөн эерэг нөлөөтэй. Ангела Меркелийн томъёолсончлон цагаачид нь “Дотоод Даяарчлал”-ийг бий болгож, ажиллах хүчийг солонгоруулан, илүү бүтээлч эдийн засгийг бий болгох боломжтой.

Богино хугацаанд энэ олон хүнийг нэгтгэж нийлүүлнэ гэдэг нь ямар ч улсын хувьд асар том сорилт юм. Швед улсын хувьд Сири улсаас очсон цагаач нар хөдөлмөрийн зах зээл рүү бараг асуудалгүй орж, нийгэмдээ уусч чаддаг. Харин Сири улсаас доогуур хөгжилтэй улсуудаас (Сири улсад дайн болохоос өмнө нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.доллар байсан) их хэмжээний цагаачдыг хүлээж авах нь Швед улсын хувьд том асуудал үүсгэнэ. Цагаачдын интеграцыг сайн хийхийн тулд хүлээж авч буй улсууд нь хөдөлмөрийн зах зээлээ аль болох уян хатан байлгах хэрэгтэй ба боловсролд оруулах хөрөнгө оруулалт, нийгмийн зардлыг өсгөх, халамжийн төсвөө нэмэх шаардлагатай болно. Энэхүү шаардлагууд нь Герман ба Швед улсуудын хувьд аль алинд нь асар хүнд байх болно. Ирээдүйг тольдвол 2017 ба 2018 онд эдгээр улсуудад ажилгүйдэл нэмэгдэх ба энэхүү ажилгүйдэл нь нийгэмд цалингийн дарамтыг бий болгож, цаашилбал инфляцид нөлөөлөх сөрөг талтай.

Гурав: Брекситийн референдум


Европын улстөрийн ирээдүйд хүчтэй нөлөөлөх нэг зүйл нь ИБУИНВУ-ын Европын холбоо дахь гишүүнчлэлийн асуудал ба түүнтэй холбоотой референдум юм. Референдум болгон тодорхой бус зүйлийг агуулсан байдаг. Гэнэтийн, тодорхойгүй зүйлс, үйл явдал нь ямар ч зүйлийн үр дүнг дурын зүг рүү чиглүүлж болдог. Хамгийн бодитой таамаг нь ИБУИНВУ-ыг Европын холбоондоо үлдэх байх гэдэгт огтолцож байгаа. Хэрэв Британиуд Европын холбооноос гарлаа гэхэд түүнээс үүсэх улс төрийн болон эдийн засгийн үр нөлөө, хохирол нь дааж давашгүй байх болов уу.Хөгшин Европын улс төрийн тэнцвэрт байдал нь нээлттэй, чөлөөт худалдаа бүхий зах зээлээс илүү хүнд сурталтай, төвлөрсөн систем руу чиглэж байгааг нуух ёсгүй. Европ ба ИБУИНВУ аль аль нь АНУ, Хятад, Япон, Энэтхэгтэй харьцуулбал даяар өрсөлдөөний хувьд хамаагүй сул нөхцөл байдалтай байна. Британийн хувьд урт хугацааны эдийн засгийн үр нөлөө, үр дүн нь тийм ч таатай харагдахгүй байна. Европын холбоог бүх талаараа түшихгүй л бол тун удахгүй дэлхийн санхүүгийн төв гэгддэг Лондон асуултын тэмдэг болон хувирахад бэлэн байна.

Популист улстөрчид Европын холбооноос Британи гарахад ямар ч зардал гарахгүй гэж байгаа ч бодит байдал дээр энэ бол тоглоом биш билээ. Дани улсын референдум нь тус улсыг 1992 онд айхтар хямрал руу түлхэж байсан түүхтэй бөгөөд Брексит буюу ИБУИНВУ Европын холбооноос гарах нь түүнээс ч том хохирол, эрсдлийг энэ бүс нутагт үүсгэх аюултай. Тодорхой бус нөхцөл байдал хэдий их байх тусах сонгогчид статус квог голчлон харж шийдвэрээ гаргадгийг бид анхаарах ёстой. Бараг эдийн засгийн бүх мэргэжилтнүүд, уламжлалт улс төрийн намууд ба дийлэнх бизнесийн секторууд “ТИЙМ” гэж маргаж байхад энэ чиг л зөв чиглэл баймаар. Гэвч популизмийн эрин үед тодорхой бус байдал байсаар л байх бөгөөд сонгуулийн албан ёсны дүн гарсан хойно л бид цаашаа хаашаа явах вэ гэдгээ бодитой барагцаалах боломжтой билээ.

Дөрөв: Дэлхий дээрх ОХУ-ын нөлөө

Дэлхийн санхүүгийн зах зээл ба улс төрийн орчинд хүчтэй нөлөөлдөг дараагийн нэг тоглогч бол яах аргагүй ОХУ билээ. 2015 оны төгсгөлд ерөнхийлөгч Путин хуучин хашааны гадна байсан Орос улсын имижийг Сири, Ирак дахь алан хядагчидтай тэмцдэг хүчирхэг гүрэн болгон өөрчилж чадсан. Энэхүү өөрчлөлт нь тун эмзэг байгаа. Зүүн Украинтай холбоотой Путины гаргасан түрэмгий үйлдэл нь түүнд эргэж буцах, уян хатан байх ямар ч боломжийг бий болгоогүй. Үнэндээ ОХУ-ын гадаад бодлогын нэг хэсэг нь Исламын улсуудын алан хядагч нарыг намнахаас илүү ерөнхийлөгч Аль-Ассадад л илүү их дэмжлэг болж буйг нь бодит байдлаас харж болно. Урт хугацаанд ОХУ одоо буй дэглэмээрээ нэг их хол явахгүй ба дэлхийн тавцанд хүчээ алдах болно. Буурч буй хүн амын өсөлт, архидалтаас үүдэн амиа алдаж буй залуус, уул уурхайн баялаг дээр хэт дулдуйдсан орчил нь үүнийг батална. Ирээдүйд бүтээмж, инноваци л Орос улсыг авч явна. Богино хугацаанд хэрэв ОХУ-ын хөрш улсууд нь сул талаа харуулах л юм бол Орос шууд тэр сул талыг нь ашиглан өөрийн тоглоом болгох эрсдэлтэй. Ерөнхийлөгч Путин бол популизмын мастер бөгөөд барууны эсрэг ямар ч суртал ухуулгыг ямар ч цаг үед хэний ч эсрэг гаргаж тавих, ашиглах чадвартай.

Ирэх жилүүдэд ОХУ руу оруулах хөрөнгө оруулалт өндөр эрсдэлтэйд тооцогдоно. ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг нь гадаад хөрөнгө оруулагчид байна. Орос улс өөрөө хуучны эдийн засгийн бүтцээ өөрчилж реформ хийх, бусадтай хамтран ажиллах нээлттэй байдлыг бий болгож чадсан нөхцөлд л гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Энэхүү түрлэг нь 2015 оны сүүлээр ОХУ-ын улстөрд гарсан өөрчлөлттэй шууд холбогдоно. Тэр хүртэл ихэнх хөрөнгө оруулагчид Оросын тундар удахгүй гэсэх байх гэдэг хүлээлттэй ичээндээ суусаар байх болно.

Тав: Үлбэгэр өсөлт, тогтворгүй зах зээл

Дэлхий даяарх эдийн засгийн өсөлт 2016 онд их үлбэгэр байна. Цаашилбал санхүүгийн зах зээл дээр бид нилээд том хямралыг харах болно. Хэдий АНУ-ын эдийн засаг сэргэж буй, Европ сул хэдий ч өсөлттэй байгаа ч удааширч буй Хятадын эдийн засгийн өсөлт нь олон улсын санхүүгийн зах зээл дээр маш олон тодорхойгүй байдлыг үүсгэнэ. Энэхүү санхүүгийн сэгсрэлтийг зогсоох гол хүчин зүйлс нь АНУ-ын инфляци ба Хятадын реформ хоёр л байх болно. Дотоодын сул хэрэглээ ба эдийн засгийн нөөцийн муу ашиглалт нь эрэлт дээр суурилсан инфляцийг өдөөж чадахгүй л байна. Бүтээмжийн өсөлтөнд голлох нөлөөтэй, технологи дээр суурилсан шийдлүүд нь эдийн засгийн өсөлтийг бодитой дэмжих боловч хөрөнгө оруулалтын зардал ба өртгийг нь зохистой түвшинд барих нь бас нэг сорилт болж байна. Холбооны нөөцийн банк ба бусад улсуудын төв банкуудын өмнөх түүх, статистикуудаа ашиглан инфляцийг тооцож таамагладаг уламжлалт загварууд нь аль хэдийн утгаа алдлаа. Яагаад гэвэл өнгөрсөн үеийн дата ашиглах бус технологи дээр суурилан сансрын хурдтай явж буй хөгжлийг өөр зүйлсээр хэмжиж таамаглахгүй бол бодитой байж чадахаа больжээ. Түүнчлэн инфляци ба цалинтай шууд уяж холбохгүйгээр ажилгүйдлийн түвшинг яваандаа бууруулах үндсэн арга бол яах аргагүй хувь хүний бүтээмжийг дээшлүүлэх асуудал болж хувирч байна.

2016 оны бас нэг онцлох зүйл нь дижитал шилжилт буюу цахим хувьсгал юм. Энэ нь бидний амьдралын бүхий л хэсэгт улам бүр нөлөөтэй болж эхлэнэ. Магадлал болон боломж нь бидний нүдэн дээр маш илэрхий байна. Маш олон старт ап компаниуд шинээр үүсч сүүлийн хэдэн жилийн турш багагүй амжилттай явж байгаа боловч тухайн улсын макро эдийн засгийн түвшинд энэхүү өсөлт нь мэдрэгдэхгүй л байна. Яагаад гэвэл өсөлт хамгийн доод түвшнээс эхэлж буй болохоор тэр. Гэхдээ жил ирэх бүр энэхүү хандлага бага багаар өөрчлөгдсөөр байна. Олон хүн өдөр тутмын хэрэглээ болох банкны гүйлгээ, дэлгүүрт хийх худалдан авалтаа цахим болгох тусам л бидний нийгмийн ба бизнесийн харилцааны үндэс суурь хүссэн хүсээгүй өөрчлөгдөж буйг бид анзаарах ёстой. Иймээс компаниуд энэхүү өөрчлөлтөнд дасан зохицох, уян хатан байх, стратегиа өөрчлөх, үнэ ба ашгийн хувиа бууруулахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Хамгийн хүнд асуудал нь энэхүү цаг үед улс орнууд ажил эрхлэлтийн хувиа хэрхэн өсгөх вэ гэдэгт байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд одоохондоо энэ асуудал өндөр аваагүй байна. Хэдий АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр буй боловч Англи, Герман ба Нордикийн орнуудын хувьд асуудал удахгүй босох эрсдэлтэй.

Зургаа: Хятадын реформ

2016 он нь АНУ-ын хувьд инфляцитайгаа тэмцэх нь эдийн засгаа сэргээх гол ажил байх бол харин Хятадын хувьд эдийн засгийн реформоо хийж чадах эсэхээс хамаарч улс орны хөгжлийн цаашдын чиг нь гарна. Хэрэв Хятад эдийн засгаа бага багаар хөрөнгө оруулалт дээр суурилсан схемээс дотоодын хэрэглээ дээрээ суурилсан загвар руу шилжүүлэн дахин тэнцвэржүүлж чадвал энэ нь урт хугацаандаа тогтвортой өсөлтийг бий болгож, Хятадын бизнесийн салбарт бодит өгөөж өгөх реформ болно. Хятадын засгийн газар их олон удаа, хамгийн сүүлд жишээ нь Давос болон Далианы дэлхийн эдийн засгийн форумын үеэр нээлттэй эдийн засаг бий болгох, чөлөөт зах зээлийг бүрдүүлэх реформ хийх тухайгаа дурдаж баталж байгаа. Энэхүү реформыг хийхэд учирч болох үндсэн эрсдэл нь Хятадын өөрийнх нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлага, лобби групп болон хуучныг баримтлагч улстөрчид болон шийдвэр гаргагч нар байх болно. Дэлхийн эдийн засгийн хувьд Хятадад хийгдэх энэхүү реформ нь асар чухал бөгөөд олон хүмүүс, институциуд энэ реформ амжилттай хийгдэх эсэх, эсвэл эсэргүүцэлдээ дийлдэн нуран унах эсэхийг амьсгаа даран ажиглаж байна.

Өнөөгийн Хятад улс нь бусад хөгжиж буй улсуудын хувьд хичнээн чухал түнш болсныг бид энд дурдахгүй өнгөрч болохгүй. Ази тивийн эдийн засгийн өсөлт, Латин Америк, Африк тивийн үндсэн өсөлтүүд нь тухайн бүс нутгаас Хятад руу урсдаг төмрийн хүдэр, зэс, газрын тос зэргийн эрэлтээс шууд хамаардаг болоод удаж байна. Хэрэв Хятад дотоодын сорилтуудаа давж чадвал энэ нь бусад хөгжиж буй орнуудын хувьд өсөлтөнд нь шууд эерэгээр нөлөөлөх хүчин зүйл болж чадах хэмжээнд Хятад улс нь олон улсын худалдаа, эдийн засгийн талбарт хүчтэй тоглогч болж нэгэнт чаджээ. Хятад хөгжиж буй орнуудын хувьд гол түнш нь боловч эдгээр улсуудын эдийн засаг мэдээж бүхлээрээ Хятадаас хамаардаг гэж бас ойлгож болохгүй. Энэтхэг, Индонези, Бангладеш, Филиппин, Бразил, Мексик, Колумб, Нигер, Эфиоп, ба Зүүн Африкийн улсууд нь эдийн засгийн өсөлтөө дотоодын эх үүсвэрээсээ бүрдүүлэн амжилттай удирдаж явсаар байна.

Ямар ч улс төрийн реформ засаглалыг сайжруулдаг. Засаглал сайжирснаар худалдаа хийхэд учирдаг байсан саадууд аяндаа арилдаг. Түүнчлэн засаглал сайжирснаар бизнес хийхэд учирдаг хууль эрхзүйн орчин эрс цэвэршиж, гол нь худалдаа хийхэд гардаг зардал мэдэгдэхүйц буурдаг. Хамгийн гол зүйл нь ажилчдын, ард нийтийн боловсролын түвшин огцом дээшилдэг эерэг үзүүлэлтүүд гардаг юм. Гар утас ба цахим хувьсгал нь хүн болгон хүссэн мэдээллээ хүссэн газраасаа авах боломжийг бүрдүүлж буй бөгөөд энэ нь эргээд улс төрийн нээлттэй, тунгалаг байдлыг сайжруулж буй хэрэг юм.

Хөгжиж буй улсуудын хувьд 2016 он нь багагүй сорилтуудыг үүсгэнэ. Хэрэв АНУ-д Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж, харин Хятадын төв банк юанийн ханшаа сулруулах бодлого явуулах юм бол энэ нь дэлхийн эдийн засагт нилээд эвгүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Эдийн засаг тогтворгүй энэ нөхцөлд улс орнуудын хувьд эдийн засгийн гадаад нөхцөл байдал нь яах аргагүй дотоодын эдийн засгийн бүтцээ өөрчлөх үндсэн нөхцөл нь болох болов уу. Хэрвээ Бразил, Турк, Нигер, Оросын засгийн газрууд олон улсын зах зээлээ томоор харж дотоодын эдийн засгийн реформаа амжилттай хийж чадвал дэлхийн эдийн засгийн хямралын ялагчид болох боломжтой. Гэвч одоогийн байдлаар ийм найдвар их л хол харагдаж байна. Хөгжиж буй улсуудын хувьд даяарчлал нь илүү их боломжийг авч ирж буй гэдгийг бид ойлгох ёстой. ОУВС-ын тооцоогоор бол 2016 онд 3.4 тэрбум хүн ДНБ нь жилд 6%-с дээш өсч буй улсуудад ажиллаж, амьдрах болно. 6%-ийн өсөлт гэдэг бол тухайн улсын эдийн засаг нь ердөө 20 гаруй жилийн дотор л 3 дахин өсөх бодит боломж юм. Дахин хэлэхэд энэ боломж нь хүн төрөлхтний хувьд ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулах алтан боломж юм. Хүн төрөлхтний түүхэнд өмнө нь хэзээ ч ийм сайхан боломж гарч байгаагүй билээ.

Гэсэн хэдий ч 2016 он нь ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд тэнгэрийн умдаг атгах жил болох уу, эс бөгөөс амандаа орсон шар тосоо хэлээрээ түлхсэн жил болох уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Гадаад зах зээлийн нөхцөл байдал нь улсуудын дотоодын эдийн засагтаа реформ хийх үндсэн ташуур нь болох бөгөөд мэдрэмжтэй хийж чадвал эерэг үр дүн гарах нь тун тодорхой байна. Эцэст нь дүгнэн хэлэхэд 2016 онд бол хүнд жил байх болно. Эдийн засаг бага багаар сэргэх ба энэхүү өсөлтийн голлох манлайлагч нь АНУ болон бусад өндөр хөгжилтэй улсууд байна. Гэвч популизм, гео-улстөрийн эрсдэл, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэрэг нь боломжийг аюул болгоход төө хирийн зайтай байсаар л байх болно.