Банзан жорлон ашиглаж, болохгүй бол байгальд “тухлаад” болчихно доо гэж боддог олонх монголчуудын хувьд жорлонгийн түүх ярихаар гайхаж магадгүй. Эртний Грек, Ромын хүн төрөлхтний биеэ хэрхэн засаж ирсэн түүх интернэтээр дүүрэн байх аж. Бүр МЭӨ 2000 оны үеэс эртний Ром, Индуст жорлонгийнхоо бохирыг зайлуулахын тулд борооны усыг ашигладаг байж. Эртний Египетэд чинээлэг хүмүүс шохойн чулуугаар хийсэн суултууртай тусдаа бие засах газартай, харин жирийн иргэд нь дундаа нүхтэй модон сандал шиг жорлонгийн доторх элсэн дээр хүндэрч, хөнгөрөөд өөрсдөө түүнээ цэвэрлэдэг байсан гэх.

Тэр цагаас хойш хэдэн мянган жилийн турш жорлонгийн хөгжил хэрэглээ, соёл, тав тухаас гадна хүний эрх, эрүүл байх баталгаа талаас хөгжсөөр иржээ.



Хүн дунджаар амьдралынхаа гурван жилтэй тэнцэх хугацааг жорлонд өнгөрүүлдэг гэнэ. Долоо хоногоор бодоход эрэгтэй хүн нэг цаг 40 минутыг, эмэгтэй хүн түүнээс 20 минутаар бага хугацааг жорлонд өнгөрүүлдэг гэх нарийн судалгаа ч байна.

Мэдээж манайд бол паартай байшингийн паалантай жорлонд л “илүү цагаар” тухлах боломжтой. Паалантай суултуурын түүх Европт 1500-гаад оноос эхэлжээ. 1500-гаад оны сүүлчээр Англид ус зайлуулагчтай суултуурын технологийн шийдлийг олсон Жон Харрингтон хамгийн анх хатан хаан Элизабет I-ийн өрөөнд түүнээ суурилуулж өгсөн түүхтэй аж.

Европын хөгжингүй орнууд 1900-гаад оны сүүлч гэхэд хатан хаан шиг бие засах боломжоор хангагджээ.

Гэвч XXI зууны эхний арван өнгөрсөн ч соёлт хүн төрөлхтөн нийтээрээ Элизабет шиг хангамжтай болсонгүй. 2015 оны байдлаар дэлхийн 2.4 тэрбум хүн буюу 40 хувь нь ариун цэврийн шаардлага хангасан жорлон ашиглах боломжгүй амьдарч байгаа судалгаа гарчээ. Энэ тоо 2013 оноос даруй 340 мянгаар нэмэгдсэн нь ядуу хүмүүсийн тоо өссөнийх гэнэ. Монголын хувьд нийт 860 мянган айл өрхийн 560 мянга гаруй нь ил задгай нүхэн жорлон ашигладаг судалгаа байна. Модон жорлонтойгоо болоод л байгаа учраас энэ асуудалд ард иргэд тэр бүр санаа зовдоггүй.

Гэтэл хүний бие засах нөхцөл хэчнээн чухал болохыг, тэндээс үүдэх хор уршиг ямар аюултайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Дэлхийн жорлонгийн өдөр болгон тэмдэглэдэг.

2011 онд л гэхэд энэ өдрийг “Тэнцвэрт байдал ба эрхэм чанар” уриан дор тэмдэглэж, дэлхий дээрх гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүйн улмаас хувийн нууцаа алдах, ичгүүрт байдалд орох, хүчирхийлэлд өртөх эрсдэлд байсаар буйг анхааруулжээ. Гэр хорооллын болон хөдөөгийн бараг бүх сургууль ил задгай жорлонтой.

“Монголчууд яаж өвлийн тэсгим хүйтэнд гадаа бие засаж чаддаг юм болоо. Бас тэр нарийхан хоёр банзны завсраар уначихвал яана аа” гэж Торгоны зам дагуух бие засах газрын нөхцөлийн талаарх тэмдэглэлдээ нэгэн залуухан хос дуу алдан бичиж, интернэт сайтад байршуулжээ.

Нүүдэлчин уламжлалтай ард түмэн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэх гэж чадлаараа бэдэрч, хүн амынх нь тал хувь нь суурин газар амьдарч байгаа ч бие засах газрын тав тухыг тэгтэл эрмэлздэггүй, тэр талын соёлд ч хэвшээгүй бидэнд дээрх үг доромжлол аятай сонсогдож магадгүй. Монголчуудын хувьд нүх, банз хоёроос л бүтэх бие засах газар анх 1900-гаад оны эхэн үед Сандо амбан орж ирсэн цагаас улбаатай аж. Үүнээс өмнө ч, дараа ч ерөнхийдөө л байгальдаа “тухалсаар ирсэн” гэж түүхч Л.Өлзийбаатар хэлэв. 1920-иод онд Унгарын уран барималч Гелета Нийслэл хүрээнд нийтийн жорлон барих анхны оролдлого хийсэн ч бүтэлтэй юм болоогүй гэнэ.

Түүхчийн хэлснээр монголчууд жорлонд ач холбогдол өгдөггүй философитой юм байна. Хүн хоолоо идэхдээ хэнээс ч нуудаггүй.

Хүний биеэс ялгарах өтгөн, шингэн бол хоол. Хоолоо гаргаж байж яагаад нуух ёстой вэ гэсэн сэтгэлгээ давамгайлж байжээ. Тиймээс бие засах явцдаа эмзэг эрхтнүүдээ л нуухаас гаргаж буй ялгадсаа нуух, бохир заваан гэж үздэггүй байсаар ирсэн юм даг уу даа. Эмзэг эрхтнээ нуух хэрэгцээг нь унтахад хөнжил, бие засахад хаалт болчихдог дээл бүрэн хангаж байсан тул дөрвөн шон босгоод ч болов таар, даавуугаар хаалт хийх санаачилга огт гараагүй бололтой.

Паалантай суултуурын тухайд 1930-аад онд нийслэлд хоёр давхар байшин баригдах үеэс түүх нь эхэлсэн байна. Өнөөдөр XXI зууны эхний арван өнгөрчихөөд байхад Монгол Улс боловсон жорлонгийн хэрэглээгээрээ Хойд Солонгосын ард орж байгаа тухай нийтлэлч Д.Жаргалсайхан бичжээ.

“Бие засна гэдэг ердөө л ялгадсаа гадагшлуулах физиологийн хэрэгцээ биш. Улаан залаатай, хөх бөгстэй монгол хүн энэ талд даанч нэг хэнэггүй хандаж байна” хэмээн бухимдангуй өгүүлэх нэгэнтэй ч таарав.
 
Нийтээрээ биш ч нэг хэсэгхэн монголчууд банзан жорлонгоо хэрэглэж, болохгүй бол байгальд тухалчихдаг сэтгэхүй, хэвшил, дадалтай өөрсдөөсөө ичиж байна гэдэг нь бас ч дэвшил.

Бөмбөрцгийн соёлтой хэсгийн жорлонгийн хэрэгцээ улам бүр төгс төгөлдөр болж, тэр байтугай хүн татах, зочин ирэхэд нүүр улайхааргүй байх үзүүлэлт болсон байхад монголчууд “Монголоороо үлдэж” болохгүй цаг үе иржээ. Дэлхий нийтэд жорлон нь харагдах дизайнаас гадна ариун цэвэрч байх шаардлага нь улам бүр төгс болсоор байна. Технологиороо тэргүүлэгч Япон улсын “Тото” компани доороос бүлээн ус цацруулагч суултуур зохион бүтээснээс хойш даруй 30 жил улирсан байна. Жорлонгийн цаас хэрэглэх нь нян бактерийг дамжуулах эрсдэлтэй учраас “Тото” шинэ технологи бүтээсэн хэрэг.

Хүний эрх талаасаа трансжендер болон ижил хүйстнүүдэд зориулсан бие засах өрөөний загвар хүртэл Америкт гарчээ. Суултуур дээр суух үед намуухан хөгжим эгшиглэдэг технологийг “Тото” мөн нэвтрүүлсэн. Энэ мэтээс монголчууд маань бахархан омогшдог хөх толбот бөгсөө ил гаргасаар XXI зуунд хөл нийлэх аргагүйг ойлгох буй за. Гэр хорооллын хөрсний бохирдол нийслэлийн хүн амын дунд гарч буй халдварт өвчний 10 хувийн шалтгаан болсон судалгааг мэргэжилтнүүд хийжээ.

Дэлхийн аяллын хамгийн том хөтөч “Lonely planet” 2017 онд аялах тааламжтай гайхамшигт орноор Монголыг нэрлэсэнд бид жигтэйхэн баярласан. Гэвч Монголд аялахдаа хэрхэн бие засах тухай ичиж улаймаар зөвлөгөөг өмнөх жилүүдэд гаргаж байжээ.

Юутай ч АХБ-ны буцалтгүй тусламжаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийг БОАЖЯ-наас хэрэгжүүлж, аялал жуулчлалын томоохон бүсүүдэд боловсон жорлон барьж байгуулахаар яригдаж байгаа асуудлууд бий. Үнэхээр нүүдэлчин монголчууд суурин иргэншлийн соёлд нэгдэхүйн, бусадтай нэг хэв маягаар амьдрахуйн чухал хэмжүүр бол жорлонгийн асуудал ажээ. Бид эхлээд жорлонгийн түүх хийгээд утга учрыг мэдэж авч гэмээ нь өөрчлөлт хийх сэдэл төрөх болов уу гэсэн үүднээс үүнийг бичив.
 
Т.БҮДЭЭХҮҮ