ЗӨВЛӨЛТ УЛСАД МОНГОЛЫНХОО СӨӨМ Ч ГАЗРЫГ ӨГӨХГҮЙ /өгүүлэл /
Зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн хурлын уур амьсгал улам хурцдаж байв. Хилийн хэлэлцээр дээр Зөвлөлт Холбоот улсын БНМАУ дахь Элчин сайд Вячеслав Молотов Тувагийн үлдсэн газар буюу Зөвлөлт Холбоот улсын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт Холбоот улсад нэн даруй шилжүүлж өг хэмээн монголын талыг дарамталж шахсаар байв.
1957 он. Улаанбаатар хот. Зөвлөлт- Монголын хилийн хэлэлцээр ид дундаа ороод явж байв. Энэхүү хэлэлцээр дээр Зөвлөлтйин талыг Зөвлөлт Холбоот Улсын БНМАУ дахь Элчин сайд Вячеслав Молотов ахалж, монголын талыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Гадаад явдлын яамны сайд Содномын Аварзэд ахалж байв. Содномын Аварзэд тэр үед 33 настай, Москвад Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж олон улсын эрх зүйч - хуульч мэргэжлийг эзэмшээд хэдхэн жил ажиллаад Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болоод саяхнаас Гадаад явдлын яамны сайдын албыг давхар хашаад удаагүй байлаа.
Зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн хурлын уур амьсгал улам хурцдаж байв. Хилийн хэлэлцээр дээрЗөвлөлт Холбоот улсын БНМАУ дахь Элчин сайд Вячеслав МолотовТувагийн үлдсэн газар буюу Зөвлөлт Холбоот улсын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт Холбоот улсад нэн даруй шилжүүлж өг хэмээн монголын талыг дарамталж шахсаар байв.
В.Молотов их л ууртай байлаа. 1957 онд болсон Зөвлөлтийн Коммунист намын Төв Хорооны бүгд хурал дээр Сталины баруун гар гэгддэг большевик В.Молотовөөрийн хамтран зүтгэгчЛазер Каганович, Георгий Маленков нарын хамт Хрущевийг шүүмжилж албан тушаалаас нь буулгаж В.Молотов өөрөө Зөвлөлтийн Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга болох оролдлого хийжээ. Гэвч Никита Хрущев ялж Молотовыг “Намын эсрэг бүлэг” байгуулсан хэргээр бүх албан тушаалаас нь буулгав. Тэгээд Молотовыг зөвлөлт засгийн өмнө байгуулсан өмнөх гавьяаг нь харгалзаж яаж хоосон байлгахав гээд хамгийн хоцрогдсон азийн бөглүү БНМАУ-д Зөвлөлт Холбоот улсын Элчин сайдаар тохоон томилов. В.Молотов Монгол руу явахын өмнө Зөвлөлт засгийн өмнө ямар гавьяа байгуулж албан тушаалаа дээшлүүлэх вэ хэмээн бодож байв.
Тэгтэл түүнтэй Зөвлөлт Холбоот улсын хамгийн жижигхэн автономит Тува улсын коммунист Намын дарга С.Тока уулзжээ. С. Тока: “ Нөхөр Молотов сайд аа. Манай Тувагийн ард түмэн манж, монголын дарлал дор 200 жил зовж зүдэрсэн. Одоо Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орж манай ард түмэн жаргалтай сайхан амьдарч байна. Монголын түрэмгийлэгчид манай тувагийн газар нутгийг олон зуун жил эзэлж ихээхэн хохирол учруулсан. Манай Тувагийн үлдсэн газар нутгийг Та Монголоос таслан авч бидэнд өгөөрэй. Бид танд Тувагийн Монголд үлдсэн газрын зураг зурж өгье.Энэ газрын зураг дээр зурсан 2500 квадрат км газар бол манай тувагийн үлдсэн газар нутаг. Үүнийг л та Монголоос салган авч манай хүчирхэг Зөвлөлт улсад нийлүүлэх ёстой юм шүү” гэв. В.Молотов инээвхийлэн “Энэ бол миний чадах ажил байна. Би тухайн цагтаа Финляндын газар нутгийн 11.0 хувь, Польшийн газар нутгийн 50 хувь, Балти орчмын Латви, Литва, Эстони улсын эзлэн авч, Зөвлөлт Холбоот улсдаа нэгтгэж байсан юм шүү. Азийн хоцрогдсон жижиг Монголоос газар нутгийг нь авах юухан байхав. Хуруугаа хөдөлгөх төдий ажил” гэлээ.
В.Молотов Монголд ирээд хамгийн түрүүнд зөвлөлт монголын хилийн хэлэлцээр хийнэ гэв. Хоёр тал хэлэлцээрийн комисс гаргаад ажилдаа оров. Хилийн хэлэлцээрийн хурал дээр В.Молотов монголын талд хандаж “ Та нар манай Зөвлөлтийн газар нутгийг өгөх хэрэгтэй. Манай зөвлөлтийн автономит Тува улсын үлдсэн 2500 квадрат км газар нутгийг та нар өгөхгүй байсаар өдий хүрчээ. Энэ миний авчирсан газрын зураг дээр та нар манайд өгөх ёстой газрыг тэмдэглэсэн байгаа. Та нар үз”. гэлээ.
С.Аварзэд тэрхүү газрын зургийг үзтэл Монгол улсын Увсаас хойш Давст уулыг оруулсан бүх нутаг,Тэсийн голоос хойшхи бүх газрыг Тагны нурууг оруулаад маш өргөн газар оруулчихсан, Хөвсгөл аймгийн баруун хойт хэсэг, Шишигтийн гол,Шишигтийн нуруу гээд монголын байгалинй баялаг ихтэй, үзэсгэлэнт бүх хойд нутгийг бүгдийг нь оруулчихсан гар зураг байлаа
С.Аварзэд: Нөхөр Молотов та ямар ч баталгаагүй, хэн хийсэн нь мэдэгдэхгүй, гараар зурсан ийм хуурамч газрын зургийг би ойлгохгүй байна. Энэ зураг дээрхи нутаг бол монголын унаган газар нутаг юм. Зөвлөлт улс манай хойд нутгийн Урианхайн хязгаарын 250 000 квадрат км нутгийг Монгол улсаас салгаж аваад 35 жил болж байна.Одоо дахиад манай 2500 квадрат км монголын унаган газар нутгийг авна гэдэг чинь хуучин хаант Оросын эзэрхэг түрэмгий бодлого давтагдаж байгаа юм биш үү. Энэ бол яав ч зүгээр өгөх нутаг биш. Монголын газар нутгийг хэн нэгэн гадаадын Элчин сайд шаардаад авчихдаг зүйл огт биш. Би монголын газар нутгийг хэн нэгэн элчин сайд шаардахаар өгчихдөг хүн ч биш. Монгол улсын нутаг дэвгэрийг өгөх эсэх нь Ардын Их Хурлын тэргүүлэгчид шийдэх асуудал юм” гэв.
В.Молотов уурлаж : Чи алгын чинээ газар харамлаад яах гэсэн юм. Тэгж ярих юм бол танай Цэдэнбал дарга БНМАУ-ыг Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд оруулахыг хүсэж гурван удаа манай төр засагт хандсан юм шүү. Та нарыг бид бүх газар нутагтай нь ч авчихаж чадна шүү” гэв.
Хурал дараа өдөр хүртэл завсарлав. С. Аварзэд энэ дээрэнгүй зөвлөлтийн элчин сайдын ихэмсэг үгэнд тун дургүй хүрч байв. С.Аварзэд ажлын өрөөндөө ороод Увс аймаг руу ярьж Молотовын булааж авах гээд байгаа газар өвөлжиж хаварждаг 4 малчинг яаралтай ирүүлэхийг хүсэв.
С.Аварзэд тувачуудын балгаар Монгол улс хичнээн их газар нутгаа алдсаныг нэхэн санав. “Тувачууд 1926 онд тусдаа улс байгуулна хэмээн Монгол улсын 250 000 квадрат км нутгийг авсан. 1932 онд хууль бус хилийн гэрээ байгуулсан.Тэрхүү хууль бус гэрээ байгуулах үедээ Тувагийн коммунистууд бүр даварч манай Монгол улсын Хөвсгөл нуурыг ойролцоох дархад сумдтай нь хамт авна хэмээн шахалт үзүүлж байсан. Бид арайхийж Хөвсгөл нуураа авч үлдсэн. 1944 онд Тува Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд өргөдөл хүсэлт гаргаж орсон.1933 оны зун Тувагийн зүгээс иж бүрэн зэвсэглэсэн баахан орос цэрэг хил даван Монголд орж, манай улсын Увс аймгийн Цагаан нуурын дамжлага баазын цаана оршдог Тэмээн чулуу, Орос даваа, Жаргалант, Бор хаг, Дөрвөд даваа зэрэг монголын уугуул нутагт зусаж байсан монгол айлуудын гэрийн бүслүүрийг нь хутгаар огтолж, гэрээ буулгаж нүүж явахыг шаардаж, монгол малчдад буу тулгаж унаган нутгаас нь хүчээр хөөн гаргаж байсан. Монгол малчдын үеийн үед өвөлжиж хаваржиж зусдаг байсан унаган нутгийг нь улаан оросууд ингэж л булаан авч байсан. Тэр үеийн монголын Засгийн газар энэ явдлыг “Зөвлөлт монголын ган бат найрамдалд сэв суулгачихна” гээд ихэд айж хав даран нууж өнгөрүүлж байсан гэдэг. Одоо ийм явдал 24 жилийн дараа дахин давтагдаж байна даа” хэмээн харамсан бодов.
Нөгөөдөр нь болсон хилийн хэлэцээрийн хурал дээр С.Аварзэд Увс аймгаас ирсэн дөрвөн малчинг оруулж үеийн үед өвөлжиж хаварждаг унаган нутгийг нь газрын зураг дээр заалгаж үзүүлэв. Молотов малчдын үгийг огт тоосонгүй. Харин малчдыг “Та нар хуралд оролцох эрхгүй” хэмээн хурлаас хөөж гаргав.
Дараа өдрийн хурал дээр С.Аварзэд :“Монголын унаган газар болох Урианхайн хязгаарыг тувачууд 1925 онд тусгаар улс байгуулна хэмээн газар нутгийг минь анх дур мэдэн таслан авч байсан . 1932 онд Монгол-Тува хоёр хилийн гэрээ хийсэн. Энэ гэрээний төсөлд тувагийн тал монголын их хэмжээний нутгийг авна гэж хууль бусаар тулгасан байдаг. 1940 онд Монгол-Тувагийн хилийн хэлэлцээрийг шинээр хийхдээ энэхүү1932 оны хууль бус хилийн гэрээг хүчингүй болгосон. Гэтэл Тувагийн удирагч Салчиг Того 1940 оны хилийн хэлэлцээрээр хүчингүй болгосон Монгол-Тувагийн хилийн гэрээний тувачуудын зохиож зурсан зурагийг дахин гаргаж Молотов танд яах гэж өгснийг би ойлгохгүй байна. Гэтэл энэ гараар зурсан газрын зураг дээр Зөвлөлтийн талын аль 1932 онд зурсан хууль бус зураг давтагдаж гарсан бөгөөд энэхүү зураг дээрхи монголын унаган нутаг болох Тагны нуруу тэр чигээрээ, Хөвсгөлийн хойд тал Шигшидийн голын эх, Шигшидийн нуруу, Давст уул, Асгат зэрэг өргөн уудам 2500 квадрат кмгазар нутгийг Тувагийн нутаг буюу одооны зөвлөлтийн нутаг гэх нь ямар ч үндэслэлгүй байна.1940 онд тэрхүү 1932 оны гэрээг зөвлөлт монголын тал хүчингүй болгосон байдаг юм. Манай улсын түүхэн газар нутгийг хэн нэгэн гадаад улсын элчин сайд шууд авах нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэв.
В.Молотов ихэд уурлаж: "Энд ямар ч түүх, түүхэн хил яригдах ёсгүй. Тува бол одоо Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг. Тэгэхээр улсын хилээ хаагуур татахаа Тува биш, Зөвлөлт Холбоот улс мэдэх ёстой. Та нар монголын түүхэн хил гэж ярих нь байтугай, танай улсыг Зөвлөлт Холбоот улсад нэгтгээд авч чадна гэдгийг санаарай" гэж хэлээд ууртайгаар ширээгээ нүдэв.
Хоёр талын хэлэлцээр зөвлөлтийн талын хууль бус шаардлагаас болж сунжирч нэг сар завсарлав. Гэнэт В.Молотов хилийн хэлэлцээрийн өргөтгөсөн хурал хийхлийг шаардав. Молотов Октябрийн баярын өмнө монголчуудаас газар нутгийг нь салган авч зөвлөлт засгийн өмнө гавьяа байгуулахыг ихэд яарч байв.
Тэр хурал дээр С. Аварзэд: "Хил болон хилийн зурвасыг нэг хүний санаачилгаар ямар нэгэн комисс гарын үсэг зураад шийдвэрлэдэг зүйл огт биш. Та нар зөвхөн газар нутгийг нэг талд нь шилжүүлэх асуудал бол амархан асуудал гэж ойлгоод байна. Энд хэдэн зуун жилд мянга мянган хүний амь амьдралаар бичигдсэн улс орны түүх соёл хамт шилжигдэн устгагдах гээд байна гэдгийг нэг бодож болгоогооч. Би энэ хууль бус гэрээнд гарын үсэг зурж чадахгүй ээ. Энэ асуудлыг Ардын хурлын тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр шийдэж болохгүй. Цэдэнбал даргыг эзгүйд яаравчлан шийдэх ямар ч боломж байхгүй" гээд хурлыг орхин гарав. С.Аварзэдийг гарсны дараа В.Молотов хэлэлцээрт оролцож байсан монголчуудад хандаж “Зөвлөлт Холбоот улс Монголоос авах ёстой газраа авах л болно. Би танай монголын Гадаад яамны сайд шиг эх оронч хүний дүрд тоглодог энэ дэлхийн мөн ч олон гадаад явдлын яамны сайдыг үзсэн л дээ. Дэлхийн хүчирхэг агуу Зөвлөлт Холбоот Улсын өмнө өчүүхэн та нар хэн юм бэ” хэмээн уурсан хэлэв.
Зөвлөлт монголын хилийн хэлэлцээр 1958 он гаргаад цагаан сарын дараа дахин хуралдаж үргэлжлэв. В.Молотов монголынгазар нутгийг шилжүүлж өгөх гэрээнд гарын үсэг зурахыг монголын талд урьдын адил хатуу тулган шаардлаа.
Энэ хурал дээр С. Аварзэд:“ЗХУ, БНМАУ хоёр зэрэгцэн орших явцадаа хил хязгаарын асуудлыг зөв зохистойгоор шийдвэрлэж байх нь зүйн хэрэг. Гэхдээ нөхөр Молотов таны баримталж буй энэхүү муйхар хоцрогдсон аргаар энэ амин чухал асуудлыг шийдэхгүй шүү. Одоо бол 1937 он биш, 1957 он шүү. Та ЗХУ-ын ГЯЯ-ны сайд биш, БНМАУ-д суугаа Элчин сайд шүү. Элчин сайдыг тухайн сууж буй орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан тохиолдолд албадан гаргаж болдогийг та туршлагатай дипломатч хүний хувьд мэднэ биз. Би Зөвлөлт улсад Монголынхоо нэг сөөм ч газрыг өгөхгүй “гэхэд Молотовмаш иххилэгнэж уурлав. Молотов дотроо “Чам шиг жижигхэн улсын жижигхэн сайд миний өмнө яаж чадахгүй шүү” хэмээнбодов.
В.Молотов энэ асуудлыг ойрын хугацааанд яаравчлан шийдвэрлэж чадахгүй юм байна гэж үзээд Зөвлөлт Холбоот улсын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущевт хандаж шийдвэрлүүлэхээр утсаар ярив. Удалгүй Зөвлөлт Холбоот улсын удирдагч Н.Хрущеваас монголын МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоондцахилгаан утас ирүүлжээ.
Зөвлөлт улсад Хар далайн орчим хэдэн сар сувилалд байсан Цэдэнбал дарга ч Улаанбаатарт буцан ирэв. В.Молотов Ю.Цэдэнбалыг Монголд ирмэгц Улаанбаатар дахь Зөвлөлтийн Элчин сайдын яамны албан өрөөндөө дуудаж уулзлаа.
В.Молотов: “Цэдэнбал аа. Чамайг эзгүйд нэг том асуудал гараад байна. Танай ГЯЯ-ны сайд хэн гэлээ, Авария гэдэг бил үү, нэг нөхөр зөвлөлт монголын хилийн хэлэлцээр дээр бидэнд их саад учруулж байна. Бидний шаардсан танай Монголоос авах ёстой 2500 квадрат км газар нутгийгөгөхгүй байна. Энэ газар нутаг бол хуучин Тувагийн үлдсэн нутаг буюу одоо зөвлөлтийн газар нутаг байгаа юм. Чи тэр нөхрийг албан тушаалаас нь буулгаж зөвлөлтийн талыг баримтлагч өөр хүнийг хилийн хэлэлцээрийнхээ даргаар томил. Саяхан манай Зөвлөлтийн удирдагч нөхөр Хрущеваас танай Улс Төрийн Товчоонд цахилгаан утас ирүүлсэн байгаа. Чи тэр цахилгааныг сайтар уншиж чамд өгсөн үүргийг биелүүлэх ёстой. Цэдэнбал чи сайн санаж байгаа биз. Би Зөвлөлт Холбоот Улсын Гадаад Явдлын сайд байхдаа 1940 онд чамайг Монголын МАХНамын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болгох саналыг дэмжиж Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Улс Төрийн Товчоонд чамайг орос эхнэртэй, орос хэлтэй, Зөвлөлтийн эрх ашгийг Монголд хамгаалж чадах сайн боловсон хүчин, Цэдэнбалыг монголын удирдагчаар цаашид дэвшүүлэн тавьж болно хэмээн дэмжсэн. Дараа нь чи монголын удирдагч болсон биз дээ. Одоо чи миний хүсэлтийг биелүүлэх цаг нь болсон. Өмнөх танай удирдагч Чойбалсан манай Большевик намын хүн байсан. Манай большевик намаас өгсөн үүрэг даалгаврыг Чойбалсан сайн биелүүлдэг байсан. Одоо чи бол манай Зөвлөлтийн Коммунист намын гишүүн хүн шүү. Манай намын өгсөн үүрэг даалгаврыг чи сайн биелүүлнэ гэдэгт итгэж байна. ” гэв. Ю.Цэдэнбал хэлэх үггүй болж-“Нөхөр Молотов таны тавьсан хүсэлтийг заавал биелүүлэх болно. Та санаа зоволтгүй” гэлээ. Ю.Цэдэнбал элчин сайдын өрөөнөөс гарах гэтэл Молотов дахин дуудаж “ Цэдэнбал аа . Би нэг зүйл хэлэхээ мартчихаж. Хилийн хэлэлцээр дууссаны дараа энэхүү хэлэлцээрийн тухай болон танай улс Зөвлөлт улсад их хэмжээний газар нутаг өгсөн тухай нэг ч үг, өгүүлбэр хэвлэл мэдээллээр гаргаж болохгүй шүү. Нууцлалд оруулах хэрэгтэй. “гэв. Ю.Цэдэнбал “За мэдлээ, Нөхөр Молотов. Энэ тухай нэг ч үг хэвлэлээр гаргахгүй” гэлээ.
Удалгүй Ю.Цэдэнбал дарга БНМАУ-ын Гадаад Явдлын яамны сайд С.Аварзэдийг албан өрөөндөө дуудлаа. Ю.Цэдэнбал түүнд “За Аварзэд чи яагаад Зөвлөлтийн Элчин сайд, нөхөр Молотовын хүсэлтийг биелүүлэхгүй, хоёр орны хилийн хэлэлцээрийг саатуулаад байна вэ” гэв
С.Аварзэд: "Молотов элчин сайдын шаардаж байгаа газар нутаг бол монголын унаган нутаг юм. Үүнийг зөвлөлтийн талд яасан ч өгч болохгүй. Түүний авах гэж шаардаж байгаа газар нутаг бол монголын Увс, Хөвсгөл аймгийн унаган нутаг бөгөөд нийтдээ 2500 квадрат км байгалийн баялаг ихтэй сайхан нутаг юм. Тэдний авчирсан газрын зураг бол гараар зурсан ямар ч баталгаагүй зураг байна лээ. Цэдэнбал дарга таны төрсөн нутгийг хүртэл зөвлөлтийн тал тэрхүү газрын зурагтаа оруулчихсон байна лээ” гэв.
Ю.Цэдэнбал: “Саяхан Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооноос Хрущев даргын гарын үсэгтэй цахилгаан утас бидэнд ирсэн. Тэр цахилгаан утсанд зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийг саатуулаад байгаа монголын Гадаад явдлын яамны сайдад арга хэмжээ ав гэсэн байна. Гэтэл чи одоо болтол зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийг саатуулж зөвлөлт нөхдийн шаардсан газар нутгийг өгөхгүй, монгол зөвлөлтийн ган бат найрамдалд сэв суулгаж монгол зөвлөлтийн ах дүүгийн харилцааг муутгаж байна.” гэв
С.Аварзэд ихэд гайхаж:“Дарга аа. Би зөвхөн монголын унаган газар нутгийг л гадаад оронд өгөхгүй гэж хамгаалсан юм ш дээ. Энэ бол миний үүрэг. Надад эх орныхоо газар нутгийг харийн улсад өгөх ямар ч эрх байхгүй. Нөхөр Хрущевын цахилгааны хариуд тайлбар хийж, монголын газар нутгийг өгөхгүй гэсэн хариу явуулъя” гэхэд Цэдэнбал уурлаж: “ Үгүй. Чи Тагна, Шигшид. Давст уулыг Зөвлөлт Холбоот улсад зүгээр л олон юм ярилгүй өгчих. Чи энэхүү хилийн гэрээнд гарын үсэг хурдан зур. ” гэлээ.
С.Аварзэд “ Дарга аа. Увсын Давст уул таны төрсөн газар, гэрийн буурь чинь байдаг нутаг ш дээ. Та намтар дээрээ Зөвлөлт Холбоот улсад төрсөн гэж бичих юм уу” гэхэд Цэдэнбал уурлаж: “Чи манай Улс Төрийн Товчоог төөрөгдөлд орууллаа. Чи зөвлөлт монголын ган бат найрамдалд сэв суулгахыг оролдож байна. Зөвлөлт Монголын найрамдалд саад болох ямар ч зүйл байж болохгүй, хэн нэгэн хүн манай найрамдалт харилцаанд саад хийх ёсгүй” хэмээн загнав.
С.Аварзэд “Би тэр хууль бус хилийн гэрээнд гарын үсэг зурж чадахгүй ээ. Шалтгаан нь би монгол хүн. Зөвлөлт Монголын найрамдал бол зүгээр л энэ цаг үеийн баримталж буй ёс төдий зүйл. Монголын Тагна, Шигшид, Давст уул бол манай монголчууд хэдэн зууны турш үе дамжин амиараа хамгаалж ирсэн юугаар ч сольж болохгүй унаган эх нутаг. Монголчууд бид сүүлийн дөрвөн зууны туршид Алтайн хягаар, Байгаль орчмын асар уудам нутгаа хаант Орос улсад хүчин мөхөсдөж алдаж байсан. Одоо орчин үед дахиад Зөвлөлт улсад ийм их газар нутгаа өгч хэрхэвч болохгүй. Би Зөвлөлт улсад Монголынхоо сөөм ч газрыг өгөхгүй” гэж хэлчихээд гарч одов.
Элдэв дарамтнаас болж удалгүй С.Аварзэдийн бие өвдөж эмнэлэгт хэвтэв. Даралт нь маш өндөр болж зүрхнийх нь хэм алдагдан царай нь зэвхий цагаан болжээ. Эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ авав.
Хоёр долоо хоногийн дараа Улс Төрийн Товчоо С.Аварзэдийн сонсголыг нь авч хэлэлцэв. С.Аварзэд тэр хурал дээр: “ЗХУ ньМонгол улсын газар нутгийн нэг хэсгийг хүчээр булаан авах гэж буй нь эзэрхэг түрэмгий хаант Оросын замаар замнаж буй хэрэг мөн. Би үүнтэй яасан ч эвлэрч чадахгүй ээ. Монгол хүний хувьд би эх орныхоо нэг хэсгийг таслан бусдад өгөх гэрээнд гарын үсэг яасан ч зурахгүй. Зөвлөлт Холбоот улстай БНМАУ хэдийгээр найрамдалт сайн харилцаатай ч гэсэн газар нутгаа Зөвлөлт улсад зүгээр бэлэглэчихдэг хэмжээнд ортлоо доошоо орж хэрхэвч болохгүй. Монголчууд бид чинь тусгаар тогтносон улс мөн биз дээ. Би Зөвлөлт Холбоот улсад Монгол улсынхаа сөөм ч газрыг өгөхгүй. Би өөрийн энэ үзэл бодлоо зөв гэж үзэж байгаа тул хийсэн бүхнийхээ хариуцлагыг үүрэхэд бэлэн байна” гэж хэлээд хурлыг орхин гарлаа.
Тэр үед Улс төрийн Товчооны гишүүд бүгд л ганц хүний амыг хардаг байлаа. Тэд Цэдэнбалын “Зөвлөлт Монголын ган бат найрамдал” гэдэг үгийг тоть шиг давтаж байлаа. Ингээд тэд “Зөвлөлт, Монголын хилийн хэлэлцээрийг санаатайгаар удаашруулж сунжруулсан тул С.Аварзэдийг Монголын талын комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг баталж гаргав. Хурал дээр хилийн комиссын даргаар Аварзэдийн оронд хэнийг сонгох вэ гэдэг асуудал бус, харин хэн тэрхүү хилийн гэрээнд гарын үсэг зурах вэ гэдгийг шийдэх гэж олон цаг болов. МАХН-ын Төв Хорооны нэг, хоёр дугаар даргаас бусад бараг бүх хүнд гэрээнд гарын үсэг зур хэмээн тулгахад хэн ч зөвшөөрөхгүй байв. Харин ганц Л.Цэнд л би тэр гэрээнд гарын үсэг зуръя хэмээн хэлж хилийн хэлэлцээрийн монголын талын комиссын даргаар батлагдав. Эх нутгаа гадаад улсад зүгээр өгөх хүн ямар ч амархан олддог юм бэ дээ.
С.Аварзэд маргааш өдөр нь ажлаа өгөв. Түүний оронд зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн монголын талын даргаар Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Л.Цэндийг томилжээ. Л.Цэнд тэр даруй монголын хойд нутгаас 2500 квадрат км газар нутгийг шилжүүлж авах гэсэн зөвлөлтийн талын шаардлгыг үг дуугүй бүрэн биелүүлэв.
“БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртлэх хэсэгт байгаа Монголын газар нутгийг Зөвлөлтийн талд шилжүүлэн өгөх тухай гэрээ”-нд 1958 оны 3-р сарын 26- ны өдөр Л.Цэнд гарын үсэг зуржээ. “Баруун талдаа Асгатын даваанаас эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлхи 2500 ам дөрвөлжин км монголын газар нутгийг Зөвлөлт Холбоот улсад шилжүүлэн өгөх тухай тэрхүү хууль бус баримт бичигт БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга Л.Цэнд гарын үсэг зурсан нь эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй, том зөрчилтэй, хүчин төгөлдөр бус баримт бичиг болсон байлаа. Улсын хил орчмын газар нутгийг Улсын төлөвлөгөөний комиссын дарга эрх мэдэж гадаадад шилжүүлэн өгөх нь ямар ч эрх зүйн хүчингүй акт юм. Бүхэл бүтэн улсын газар нутгийг гадаад улсад шилжүүлэх баримт бичиг тхэн нэгэн ганц сайд гарын үсэг зурах эрхгүй юм. Гэтэл Монголын газар нутгийг Зөвлөлт улсад шилжүүлэх гэрээнд Монгол улсын төлөвлөгөөний комиссын дарга гарын үсэг зурсан нь дэлхийн аль ч улсад гараагүй жигшүүртэй гэмт хэрэг байлаа.
Зөвлөлт улсын Элчин сайд монголын газар нутгийг нь булаан авч байхад монголын төр засаг нь сохор, дүлий юм шиг зөвшөөрч байна гэдэг юутай гутамшиг. Далан хоёр настай даварсан өвгөн орос коммунистыг дарж чадалгүй бууж өгсөн нь юутай шившиг. Энэ балмад явдлыг хав дарж дэлхий нийт мэдэхгүй өнгөрсөн нь юутай харамсалтай.
Монголын Увс, Хөвсгөл аймгийн хойд нутгаас 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлэн өгөх Улсын Төлөвлөгөөний комиссын даргын гарын үсэгтэй энэхүү баримт бичгийг хараад С.Аварзэд сайдын дотор харанхуйлж, даан ч дээ. эх орныхоо байгалийн маш их баялагтай үзэсгэлэнт газар нутгаа харийн оронд ингээд зүгээр өгчих ч гэж дээ хэмээн сэтгэлдээ мянгантаа гаслав.
Удалгүй нэг жилийн дараа монголын хойд газар нутгийг нэг ч буун дуу гаргалгүй Зөвлөлт улсад шилжүүлэн авч чадсан гавьяаг нь үнэлж зөвлөлтийн төр засгаас В.Молотовыг албан тушаал дэвшүүлэн Австрийн Вена хотод байрладаг НҮБ-ын Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн төлөөлөгчөөр томилж, Лениний одонгоор дөрөв дэхь удаагаа шагнажээ.
Харин эх нутгаа харьд өгөхгүй хэмээн өмгөөлж хамгаалсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Гадаад Явдлын сайд С.Аварзэдыг бүх албан тушаалаас нь буулгаж, алс баруун аймгийн нэгэн хөдөө суманд цөлжээ.
С.Аварзэдийг албан тушаалаас нь буулгасныг сонссон монголын дарга нар ихэд баясч, түүний дээд боловсролтой эхнэрийг нь нийслэл хотын 1 дүгээр дунд сургуулийн монгол хэл- уран зохиолын багшаар ажиллаж байсныг нь зогсоож ажлаас нь халжээ. Аварзэдийн 4 хүүхдийг нийслэл хотын дунд сургуулиас нь гаргаж сургуульгүй болгов. Аварзэдийн гэр бүлийн амьдарч байсан орон сууцнаас тэднийг хаврын хахир хүйтэн цагт хөөн гаргав. Алс баруун хязгаарын хөдөө суманд ирэхэд нь нутгийнхан нь таван ханатай гэр бариад хүлээж авав.Хөдөө суманд ямар ч цахилгаан, орон сууц байсангүй. Аварзэд нутагтаа цахилгаан дизель станц авахаар хөөцөлдөв. Арайхийж дизель станц олтол сум нэгдэлд төлбөрийг нь төлөх мөнгө байсангүй. Аварзэд хувьдаа унаж байсанЧехословак улсад үйлдвэрлэсэн цоо шинэ “Шкода” автомашинаа нийслэл хотод 28 000 төгрөгөөр зарж нэгдэлдээ цахилгаан дизель станц авлаа. Нутгийнхан нь Аварзэдийн ачаар цахилгаантай болсондооихэд баяртай байлаа.
Аварзэд “ Надаас болж миний хань минь ихэд зовж байна даа. Сайдын охиныг би сайхан амьдралаас нь салгачихлаа. Өвөл хаврын хүйтэнд хамаг юм хөлдсөн гэрт гэр бүл минь яаж амьдарна даа. Хань минь тэмээ хөллөж усанд явж мод түлээ хагалж хөдөөний амьдралд нухлуулах ч гэж дээ. Хүүхдүүд минь дулаан тохитой хичээлийн танхимаасаа холдож хөдөөний хүйтэн гэрт сууж хичээллэх нь хүнд л байна даа. Хамгийн гол нь хүүхдүүд минь эрүүл байж онц сурч сургуулиа амжилттай төгсөх нь чухал даа ” хэмээн бодож байв.Хожим нь С.Аварзэдийн хүүхдүүд нь дунд сургуулиа онц төгсөж, Зөвлөлт Холбоот улсын их, дээд сургуулийн хуваарь авахаар шалгараад байхад нь Боловсролын яамны түшмэдүүд “Эсэргүүний хүүхэд” хэмээн гоочилж, гадаадын их, дээд сургуульд нь явуулаагүй ажээ. Тэдний оронд хэн нэгэн даргын хүүхдүүд гадаадын дээд сургуулийнх нь хуваарийг авч явжээ.
С.Аварзэд “Увсын Тэсийн голоос Хөвсгөл хүртэлхи 2500 орчим ам.дөрвөлжин километр газар нутгаа зүгээр л Зөвлөлт улсад өгөөд алдах ч гэж дээ. Энэ газар бол алт, мөнгө, вольфрам, ураны хүдэр элбэг, маш их баялагтай нутаг юм сан. Хайран эх орон минь. Энэ монгол дарга нар хүнийг унасан дээр нь улам дэвсэлдэг, хүний үнэргүй, хогийн новшийн зантай дуракууд юм даа. Намайг ажлаа өгснийг дуулаад гэр бүлийг минь хүртэл ажил, сургуулиас нь гаргаж, амьдардаг орон сууцнаас нь өвлийн хүйтэн цагт хөөж гудамжинд гаргаж байхдаа огтхон ч өрөвдөх сэтгэлгүй байсныг нь бодохоос тэд араатнаас ч дор амьтад юм даа. Би энэ жил 33 настай. Олон улсын харилцааны дээд сургуулийг Москва хотод улаан дипломтой төгссөн. Орос, франц, герман хэл мэддэг. Монгол улсаа Франц зэрэг өрнөдийн өндөр хөгжилтэй улсуудтай дипломат харилцаа тогтоолгоно, монгол оюутнуудыг Франц, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд сургана гэсэн төсөл боловсруулж байсан юм сан. Би гадаад харилцаа, гадаад хэл мэддэг хүний хувьд монголын аль ч их, дээд сургуульд багшилж чадах хүн юм сан. Эх оронд минь миний хэрэг байхгүй гэж үү. Хайран сайхан залуу нас минь ингээд өнгөрөх гэж үү” хэмээн харуусан бодож явлаа.
С.Аварзэд эх орныхоо төлөө зүтгэсээр яваад эцэстээ “эсэргүү” нэртэй болсондоо маш их гутарч байлаа. С. Аварзэд өөрийн хайртай эх орондоо хорин жилийн дараа бусдын гарт амь насаа алдана гэдгээ ч яахин мэдэх билээ. Нүгэл үйлдсэн нь баатар болдог, буян үйлдсэн нь гэмтэн болдог мөн ч цөвүүн цаг байж дээ.
/ Доржийн СҮХБААТАР-ын “ХУВИРСАН МОНГОЛ ХҮН “ номноос авав./

