Энэ 7 хоногт
Энхбаярын хоёр хүсэл
Ард түмэн засагтайгаа үзэж тараад, нийгмийн санаа бодол эрх баригчдынхаа эсрэг эргэчихээд ч байгаа юм биш
С.Баянжаргал
(вээрсүүд)
МАНАНГЭЙТ ба МЭНЭНГИТ
Ард түмэн засагтайгаа үзэж тараад, нийгмийн санаа бодол эрх баригчдынхаа эсрэг эргэчихээд ч байгаа юм биш. Авилгад идэгдсэн гэх хочтой өнөөдрийн эрх баригчид ба өчигдөрхөн эрх барьж, авилгад умбаж яваад түүнээсээ хагацсан, үүнээсээ болж хорссон хуучин эрх баригчдын хооронд тэмцэл болж байна гэх. Юутай ч энэ хоер тал өөр өөртөө таарсан хөөрхөн нэр хочтой болоод авжээ. Эрх баригч эвслийн намууд болох МАН ба АН-ын нэрийн товчлолоор МАНАН гэдэг үгэн тоглоомыг Баабар анх зохиосон гэдэг. Ленин багшийн тухай гардаг “Манан дундахь Орос орон” гэдэг өгүүллийг хувьсгалчид тодхон санаж байгаа тул ихэд олзуурхан үгийг сандаа бүртгэн аваад эргэлтэнд орууллаа. Ингээд засгийн эрхэнд эргэн очих увайгүй оролдлогоо “МАНАН арилгах” ариун явдал хэмээн сурталчилж эхлэв.
Харин золигийн хорон чимхүүр нийтлэл бичдэг сэтгүүлч Мөнхбаясгалан нөгөө талын нөхдүүдийг удирдагч М.Энхсайхан, Энхбаяр нарын овог, нэрийн эхний үсгээр тоглож МЭНЭН хэмээн товчлов. Гэхдээ уян сэтгэлтэй сэтгүүлч хүүхэн маань бодож олсон хочныхоо гол санааг Энхсайханы аавын төрсөн нутаг буюу БНХАУ-тай хиллэх МЭНЭН гийн талтай холбон дүйвүүлжээ.
Үнэн хэрэгтээ тэр сайхан тал энд огт хамаагүй. Юу хамаатай вэ гэвэл энэ байна. Хүний мэдрэлийг саажуулж, татанхай болгон улмаар үхүүлдэг аюулт өвчнийг манайхан МЭНЭН, цахилгаан мэнэн, мэнэнгит хэмээдэг. Үнэхээр ч монголын төрийн хэвийн үйл ажиллагааг алдуулж, үндсэн хуулийн бус замаар засгийн эрх авахаа ил тунхаглаж байгаа МЭНЭНГИТ бол Монгол төрд хорт мэнэнгит тусгаж, муужруулан үхүүлээд, улмаар өөрснөө хэмжээгүй эрх мэдэлтэй явсан үеэ эргүүлэн авчрахыг мөрөөдөгсдийн нэрийн товчлол.
Гейт(gate) гэдэг англи үг уул нь хаалга гэсэн утгатай. АНУ-ын ерөнхийлөгч Р.Никсон Уотергейт буудалд байсан сөрөг намынхнаа чагнаж байгаад гардуулж хөгөө хутгасан явдлаас хойш ямарваа нэг нэр үгэнд “гэйт” гэж залгаад хуйвалдаан, үл бүтэх явдал гэсэн утга оруулах болжээ. МАНАНГЕЙТ гэдэг үг эндээс ургана. Ерөөс аливаа эвсэл байгуулна гэдэг бол албан ёсоор хуйвалдана гэснээс ялгаагүй л дамшиг.
Ийнхүү нэг талаас хамтарсан МАНАНГЕЙТ татуулаад, нөгөө өнцгөөс түүнийг нь хуу ярах минь гээд цахилгаан МЭНЭНГИТ босоод ирэв. Энэ хоерын тэмцлийн үүх түүх, үйл явц сонин.
Нэг. МАНАН ЯАГААД ТАТАВ?
Бурхан тэрэнтэй
Үнэн хэрэгтээ монголын ард түмэн түүнд хайртай дуртай хэзээ ч байгаагүй. Хувь хүнийхээ хувьд нийтийн талархлыг нэг их хүлээж байсан нь бас үгүй. Гэхдээ л тэр үнэн хоншоортой эр. Өнөө “Ленин бидэнтэй” гэдэг шиг “Бурхан Энхбаяртай” байнга хамт байгаа мэт санагдмаар үе бишгүй байлаа. Ард түмэн түүнийг тэгтлээ хайрлаагүй атлаа толгой дээрээ бүтэн арваны турш дээдлэн залсан нь сонин. Түүний өгсөх замын бартаа бүхэн аяндаа арилж, гишгэх газрыг нь хэн нэгэн зориуд цэлийлгэх мэт. Нам дотроо түүнтэй ил далд сөргөлдөх Отгонбилиг, Энэбиш нар ар араасаа зуурдаар бурхан болцгоож, хааныг хажуунаас нь зориглон шүүмжилдэг цорын ганц этгээд Баабар гэнэт хүндээр өвдөж, үхлийн ирмэгээс арайхийн эргэж ирэв. Энэ чинь юу болоод байна вэ, гэмээр. Нэг ийм үг байдаг. “Унаж байгаа бүхэн хурдалдаг” гэж.Н.Энхбаяр монголын төрд арван жил тогтсон түүхийг эргээд бодоход бас сонин. Түүний үнэмлэхүй ноёрхол С.Зоригийн алагдсан үеэс буюу 1998 оны 10 сараас эхэлсэн байдаг. Энэ үеэс л Монголын засаг төрийн эрхийг тухайн үеийн олонхи болох Ардчилсан холбоо эвсэл бус үнэн хэрэгтээ УИХ дахь МАХН-ын бүлэг ба түүний дарга Н.Энхбаяр барих болсон юм.
С.Зоригийг алагдахад олон түмэн ардчиллын эсрэг хүчин болох МАХН, түүний удирдагч нарыг шууд хардаж, тэдний багалзуурыг тас мэрэхэд бэлэн байлаа. Тэд ч үүнээс үхтлээ айж, юун сайндаа сандарч мэгдсэн Н.Энхбаяр гашуудлыг цуглаан дээр түүний үйл хэргийг залгамжлана хэмээн тангараг маягийн юм тавьж байлаа.
Харин С.Зоригийг хөнөөсны маргааш түүний хамтран зүтгэгч Э.Бат-Үүл цуглаан хийлгэж, хилэгнэн үймсэн олныг тайтгарч, ухаалаг байхыг уриалж билээ. Хөөрхий Бат-Үүл юу хийж байснаа ч ухаарсангүй. Тэрээр сайн дураараа ингэсэн үү? Эсвэл адилхан буриад цустай “төрөл” Энхбаяр өөрөө болон хүнээр дамжуулан ингэхийг ятгасан болов уу? Бүү мэд.
Хувьсгалын өөр нэг удирдагчаас ийм үг сонссон ард түмэн жаахан амсхийлээ. Энэ чөлөөнөөр сөрөг довтолгоон шууд эхэлсэн байдаг. Чөлөөн дундуур Энхбаяр нэг зүйлийг ойлгожээ. Уурсан хилэгнэсэн ард түмэн сэжигтэй болгоныг хэмх татахад бэлэн байдаг юм байна. Ийм нөхцөлд ард түмний “сэжиг таамаг”-ийг хэн жолоодож чадна, тэр хүссэнээ хийнэ. Монгол хүн хартай, хардахын хэрээр ухаанаа алддаг юм байна. Хар сэр, сэжиг таамаг олигтой тараагаад өгвөл, амархаан залагдах юм биш үү, энэ хэд чинь ?
Үнэхээр ч нэг мэдэхэд МАХН-ыг онилж байсан ард түмний хардалт чиглэлээ сольж, бүрлээч С.Зоригийн хань нөхөд рүү эргэв. Түүнийг хань нөхөд нь хөнөөсөн болж “таарав”. Нөхөд нь юу байхав, өнөө МАХН-ыг, Н.Энхбаярыг буруутгахгүй байхыг уриалж байсан Э.Бат-үүл болж таарав. Мөрдөн байцаагчид ингэж тогтоосон юм биш, харин ард түмэн тэгж “тогтоосон” хэмээн цуу таржээ. Бат-үүл С.Зоригийг алчихаад малгайгаа орхиод гарчээ. (Малгайгаа авч тавьчихаад аягүй бол дээлээ тайлчихаад их л тухтай аллага хийсэн байх гээд байна). Ийм цуу ард түмний дунд таржээ.
Зарим нэг яриагаар бол тэр үед Аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байгаад өндөр насны ба хоцрогдлын улмаас чөлөөлөгдсөн ахмад чекистүүдийн нийлүүлж хагас зохион байгуулалтад оруулсан гэх. Тэдэнд халамж үзүүлэх, тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар хөөцөлдүүлэх, ахмад үеийн туршлагыг судлуулах гэхчлэнгийн халхавч зохион байгуулалт хийсэн гэдэг. Тэд ийм цуу яриаг хуучин туршлага ба хуучин сүлжээгээ ашиглан амжилттай тараах боломжтой. Н.Энхбаярын гэргий О.Цолмон нь тэднийг шууд удирддаг төдийгүй Тагнуулын ерөнхий газар зөвлөх ажилтай, албан ажлын өрөөтэй байсан ч гэх.
Ингээд сонгуулийн босгон дээр цагдаагийн газрын дарга хурандаа Мөрөнгөөр, ардчилсан төр засгийн эрхэнд байгаа цагт С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэх боломжгүй тухай мэдэгдэл хийлгүүлэв.
Ардчилсан хувьсгалын бэлгэдэл болсон хайртай хүүг нь хөнөөсөн алуурчныг илрүүлэхийн тулд ард түмэн МАХН-д саналаа бараг 100 хувь өглөө. 2000 онд болсон УИХ-ын сонгуулиар монголчууд МАХН түүний удирдагч Н.Энхбаярт өөрт нь гэхээсээ илүү С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийн төлөө л өгсөн санал гэлтэй.
Ийнхүү С.Зоригийг хөнөөсөн хэргээс хамгийн их хожсон нь Н.Энхбаяр болж үлдэв. Тэрээр С.Зоригийг хөнөөсөн хүнийг илрүүлнэ гэсэн итгэлийг дөрөөлж төр засгийн эрхийг авсан, дараа нь Бат-үүлээс эхлээд хэн дуртайгаа энэ хэрэгт хутгаж чадахаа харуулж, сөрөг хүчнийхэнд айдас төрүүлсэн нь үнэн.
Монголын ард түмэн ганцхан зүйлийг л хүлээж байв. Тэр нь мэдээж, С.Зоригийг хөнөөсөн алуурчинг барих... Их үйлсийн эхлэл болгож Бат-Үүлийг шоронд хийлээ. Хуучин “сайхан” цагсан болжгэм түүнийг шоронд үхүүлээд, бүх хэргийг чихэж болох байв. Хэргээ хүлээгээд, гэмшсэндээ амиа хорлож ч болох. Гэтэл нэгэнт нээлттэй болсон ардчилсан Монголд энэ нь боломжгүй зүйл болжээ.
Энэ зуур Н.Энхбаяр өөрийгээ хүрээлсэн эрх мэдлийн тор, өөрийг нь энд үүрд залж байхын тулд яахаас буцахгүй санхүү улс төрийн бүлэг үүсгэх, тэднийхээ хүчээр төрийн жолоог өнө удаан барих талаар бодож, сэдэж, хөдлөж эхлэв. Хөдлөхдөө нэг үзлийг урьтал болгов. Түүний үзлээр бол, хүн үнэнч байхын тулд хайртай байх багадна. Харин айдастай байх учиртай. Айсан хүн л үнэнч байхаас биш хайр гэдэг бол урваж хөрвөдөг зүйл.
Ингээд тэр ойр орчиндоо авилга, луйвар, ёсон бусын үйлдлийг эрчимтэй дэлгэрүүлэв.Тун удалгүй олон түмэн түүнийг “Авилгын загалмайлсан эцэг” гэх болов. Мэдээж ил заавар өгөөд “идээд бай, уугаад бай” гэж тэр уриалаагүй. Зүгээр л хараагүй дүр үзүүлээд, тоогоогүй байдал гаргаад байж. Цаадуул нь болж байгаа юм байна, юм хэлэхгүйг бодоход зөвшөөрсөн хэрэг гэж ухааран банк идэж, хадгаламж зээлийн хоршоо байгуулан луйвардаж гарлаа. Хөөрхийсүүд “хэрэгцээний хэрээр иддэг коммунизм ирлээ” гэж эндүүрснээс биш, айх юмтай байлгаж үүрд дарамтлах далд бодлого явж байна гэдгийг яаж мэдэх билээ. Ингээд мэдрүүлж өгөх хэрэг гарлаа. Ингээд түрүүчээс нь “суулгаж” үзэв.
Сонгуульт хугацаа дуусах дөхлөө. Урам нь хугарсан ард түмэн “алуурчин”-г найдвар муутай боловч шаргуу нэхсээр. Бат-Үүл шиг өмөөрөх ард олонтой, нэр төртэй хүнийг лүд болгох амаргүй аж. Ингээд лүд барам эрэх ажлыг арай өөр маягаар хийх гэж үзэв.
Ийнхүү удтал хайсны эцэст тохирох хүн олсон нь Энхбат гэгч бололтой. Тэрээр угаасаа нэр муутай, юу ч гэж гүтгэсэн болохоор, орон шоронтой холбоотой тул хүмүүс түүний талаар угаасаа таагүй ойлголттой. Мөн мөрдөгдөж байгаад оргон зайлсан гэж ойлгогдож болохоор тул бариад дахиад шоронд хийхэд балаг болохгүй. Швейцарьт дүрвэн гарсан нэгэн байв. Ийм этгээдийн араас хэн л хөөцөлдөж хамгаалав гэж. Бие муутай, мөрдөгдөж байгаад хэргээ хүлээн улаймагцаа үхэх бүрэн боломжтой нэгэн ажгуу.
Ингээд монголын тагнуулчид увайгүй хирнээ чадамгай ажиллан түүнийг авчирлаа. Гэтэл цаадахь нь бие муутай, хоногоо хүлээсэн нь үнэн боловч долоон голтой амьтан байж таарав. Монгол улс эрхбиш Хойт Солонгосоос ялгаатай болохоор тэр өмгөөлөгч авах эрхээ яалт ч үгүй эдлэв. Өмгөөлөгч нь Санжаасүрэн хэмээх “жаргах замын садаа” таарлаа. Үйлс хазайж эхлэв... Сонгууль туллаа.
Илбэт сонгууль
Н.Энхбаяр монголын сонгогчдийг өөрийг нь хайрлан дэмжих хэсэг, эсвэл айсандаа дэмжихээс өөр аргагүй болсон хэсэг болгон хувааж чадсан гэсэн итгэлтэйгээр 2004 оны сонгуульд оржээ. Гэтэл тийм биш байж. Хүссэн ялалт ирсэнгүй. Юун ялалт. “Үндэсний удирдагч” маань өөрөө УИХ-ын босгоор дөнгөн данган давлаа.
Тэр зарим зүйлийг илэрхий дутуу тооцсон байв. Нэгд, урьдах сонгуулиар монголчууд түүнд болон түүний намд хайртайдаа саналаа өгөөгүй, ердөө л С.Зоригийг хөнөөсөн алуурчныг олоод ирэх байх л гэж горьдсон байсныг ойлгосонгүй. Хоёрт, түүний бий болгосон авилга, гажуудлыг олон түмэн үзэн ядаж эхэлсэнийг мэдсэнгүй. Гуравт, хамгийн чухал зүйл болох өөрийнх нь тойрон хүрээлэгчид Энхбаярын “айдсаар нь дамжуулан захирах” аргаас салахын түүс болж эхэлсэн байсныг мэдэрсэнгүй.
Ийнхүү байдал санаснаас огт өөрөөр эргэв. Сонгууль болсон шөнө эхний тойргуудад сөрөг хүчин ялсан мэдээлэл ирлээ. Санал тоолох ажиллагааг дээрээс гэнэт зогсоов, үүнийг тог тасарсан гэх мэтчлэн тайлбарлав. Энд л жинхэнэ төрийн эргэлт болсон гэлтэй. МАХН-ын нарийн бичгийн дарга Идэвхтэн гэдэг хүн зурагтаар мэдэгдэл хийв. Тэрээр “Сонгуулийн дүн ийм гарч байгааг МАХН зөвшөөрөхгүй” гэсэн хачин юм ярилаа.
Сонгуулийн дүн нь МАХН зөвшөөрөхүйц байдлаар гарах учиртай байж. Мэдэгдлийн дараагаар орон даяар тог цахилгаан гэнэт хэвийн болов. Тооллого эхэллээ. Гэтэл санал тоолж эхлэх үед байсан нөхцөл эсрэгээр эргэв. Нэгэнт тоолж гэрэлд цохиулсан саналууд АН-д хэвээрээ үлдэв. Гайхамшигт илбэ болж хайрцгандаа үлдсэн саналууд “гэрэл тасрах” зуур МАХН-ых болон хувирсан ажгуу. Энэхүү эрин зууны нууцын талаар хэд хэдэн таамаг дэвшүүлдэг.
Сонгуулийн хэсэг тойргийн хорооны гишүүдийг хахуульдан авч санал зассан байх нэг хувилбар байна. Мөнгөнд дургүй хэн байх вэ? Ядаж хүүхдийнх нь дээд сургуулийн төлбөрийг даая гэхэд уяраад л унана. Гэхдээ мөнгөнд өөрт нь нэг сул тал бий. Авсан мөнгө бага санагдах юм уу, өөр их мөнгөний сураг чимээ анхны сэтгэл ханамжийг эвддэг талтай. Ингээд бодохоор мөнгө өгч санал зассан тухай хэрэг явдал аль хэдийн ил гарсан байх учиртай. Нэг сая авсан хүнд хоер саяыг амлахад хэлээд өгнө. Эсвэл бусдад чинь гурван саяыг өгсөн байхчивлээ гээд шордоход учир шууд ургана.
Эсвэл төрийн хууль цаазаар, бас хүн бүр тэр бүр мэдэхгүй, хэрэглээд байдаггүй хуулийн заалт зүйл анги барьж айлгасан байж болно. Тухайлбал тагнуулын ч юмуу, гүйцэтгэх ажлын шугамаар ажиллаж, санал тоолж байсан хүмүүсийг энэ ажилд өөрийн эрхгүй оролцогч, гэрч болгоод гар хөлийн үсэг зуруулж “улсын нууц задалсан Санжаасүрэн яалаа” гээд айлгачихсан ч байж мэднэ. Тэгэж чадах л таваарищ.
Хэрвээ дээрхээс өөрөөр байсан бол центрфугт орсон биетүүд массаараа ялгардаг шиг саналын хайрцагт байсан АН-ын төлөөх саналууд “массаараа” ялгараад эхэнд задалсан хайрцагнуудын дээд талд нь ялгарчихсан байж байсан байх гээд байна. Гэхдээ энэ нь 100-д бус 101 тохиолдолд л нэг байх магадлал болуу?.
Тэр үед нэг ийм явдал болсон. Баабар, Гүндалай энэ тэр төв зурагт руу дайран орж мэдэгдэл хийсэн дээ. Олон хүн үүнийг ойворгон явдал гэж боддог. Үнэн хэрэгтээ төдий л нэр хүндгүй энэ дайралтын үр дүнд сонгуулийн дүрээр хийсэн ТӨРИЙН ЭРГЭЛТ-ийг бага ч болсон сааруулж ардчилсэн хүчнийг эхэнд авсан хэдэн саналтай нь үлдээсэн ч байж магад. Тэгээгүй бол эхэнд задалсан саналууд ч хүчингүй болж таваарищ ЭНХБАЙАР и другие дангаараа 101% ялах байсан ч юм билүү.
Харин ард түмэн тун ч сэтгэл дундуур үлдлээ. Бие биенээсээ хэний төлөө саналаа өгсөн гээд асуухаар АН-д өгсөн гээд байдаг. Гэтэл үр дүнд нь МАХН олонхи шахуу болчихсон байдаг. Тэд ДАХИАД ЯАСАН Ч ИНГҮҮЛЭХГҮЙ гэсэн бодолтой үлдлээ. Дөрвөн жилийн дараа “7 сарын 1” болон дүрэлзэх их түймрийн голомт болох учиртай бяцхан цог яг эндээс унгаслаа. Үнэн хэрэгтээ, энэ өдөр ассан уур хилэнгээ дөрвөн жилийн дараа буюу 2008 оны 7 сарын нэгэнд гаргасан үйл явдал байлаа.
Харин суут Энхбаяр эндээс өөр том дүгнэлт хийжээ. Өөрийн нам дотроо “ажиллах” багадна гэдгийг харлаа. Ингээд өөрийн үгнээс гарахгүй, тоглоомын сөрөг хүчинтэй болох ажилд ханцуй шамлан орлоо. Ингээд Ардчилсан намын Алтан гадас төрсөн удаатай. Энэ удаад тэрээр УИХ дахь олонхи болон ерөнхийлөгчийн эрх мэдлээр дамжуулан улс орныг дахин бүрнээр нь хянана гэж тооцоолов.
Хойтон жил нь ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АН-аас одоогийн хамсаатан, тэр үеийн атаат дайсан Энхсайхан нь нэр дэвшлээ. АН-ыг удирдлагыг үндсэн нь бүрдүүлэх Алтан гадас нэр дэвшигчийнхээ хойноос огт хөдөлсөнгүй. Намын ажилтан, идэвхтнүүд “манай нам нэр дэвшигчийнхээ төлөө ажилахгүй байна” гэдгийг удалгүй мэдэрлээ. Дараа нь АН өөрийн хүнээ дэмжихгүй байгааг ард түмэн ухаарлаа. “Уул нь дэмжмээр байдаг, дэмжих гэхээр дэмжээгүй хүнийг нь дэмжсэн болох гээд байдаг” гэсэн шог яриа эндээс гаралтай.
Ингээд Энхбаярын гол өрсөлдөгч нь өөрснийхэндээ ялагдав. Үнэн чанартаа 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялсан гэхээсээ илүү М.Энхсайхан ялагдсан сонин процесс болсон. Тиймээс “гуравдахь ерөнхийлөгч маань” үнэн хэрэгтээ өрсөлдөгч нь бэртснээс хий мөргөн медальд хүрсэн азтай тамирчин болохоос адтай ялагч арай л биш.
Хачин шүү. Түүний сонгуулийн гурван ялалт гурвуулаа л нэг иймэрхүү. Юутай ч энэ бүх ялалтын мөн чанар нь өөрийнх нь илт хүчтэйд юмуу, эсвэл өөрийг нь шууд дэмжсэн явдалд ерөөс байсангүй. Бод л доо. Эхний удаа С.Зоригийн алуурчныг олчихно гэж найдсан. Дараа нь санал сэм луйвардан төрийн эргэлт хийж дөнгөсөн. Гуравдахь удаад зүгээр л хий мөргөчихсөн байдаг.
Хоёр. ТАВАН БААТАР БА ГАНЦ БАЯР
2008 оны 7 сарын 1
Ингэж байтал 2008 оны 7 сарын 1 боллоо. Энэ үйл явдлын мөн чанарыг 2004 оны сонгуулиас хайх учиртайг дээр өгүүлсэн. Дөрвөн жилийн өмнө луйвардуулж араараа тавиулсан сонгогчид МАХН-д хорсож байв. Монголчууд маш “хартай” ард түмэн. Яагаад ч юм бэ, нарийн учрыг олохоосоо өмнө таамаг дэвшүүлээд түүндээ үнэмшээд явчихдаг зан нь нүүдэлчин уламжлалтай нь ямар нэг хэмжээгээр холбоотой байх. МАХН –ын үзэл сурталчид 2000 оны сонгуульд чухам энэ л чанарыг нь ашиглаж “С.Зоригийг ардчилсан хүчнийхэн, нарийн яривал Э.Бат-Үүл алсан байгаа юм” гэсэн хардалт үүсгэж нийт массыг үнэмшүүлж чадсан байдаг.
Гэхдээ хардалт гэдэг үзэгдэл чиглэлээ хаашаа ч өөрчилж болох хуй салхи л юм. Энэ салхи сэвэлзсээр 2008 оны сонгуулийн өмнө нийгэм бүхэлдээ биш юмаа гэхэд урьд нь хаширсан үлэмж хэсэг “МАХН луйвардаж л таарна” гэсэн итгэлтэй болчихсон байв. Ер нь сонгуулийн дүн 100 хувь ардчилсан хүчний талд л гарахгүй бол “ луйвардлаа” гэж үзэх хэмжээнд очсон байсан байж ч мэднэ. Гэтэл сонгууль алаг цоог гарлаа. АН-аас хэд хэдэн нэр дэвшигч ялсан боловч МАХН аанай л олонхи хэвээрээ. Үнэн хэрэгтээ сонгууль бүхэлдээ луйвар болсон гэх нь хаашаа юм. Гэхдээ бүхэлдээ шударга болсон гэдэгт итгэх хүн олдох болов уу ? Ерөөс суурь нь “маапантай” сонгуулийн хуулиар “маапангүй” сонгууль хийнэ гэж байхуу, та минь ?
Ер нь бол МАХН-аас ганц хүн ялалт байгуулсан байлаа ч түүнийг нь “луйвардан гарч ирсэн” гэж үнэмшүүлж болохоор массын сэтгэл зүй 2004 оны сонгуулиас хойш хэдийнээ үүсчихсэн байв. Ингээд биднийгээ нэг аргаар хоёр дахь удаагаа луйвардлаа гэж үзсэн олон түмний хэсэг аяндаа хилэгнэв.
Хамгийн сонин зүйл гэвэл МАХН ялсан гэх 2008 оны сонгуулийн дүнд МАХН-ын дарга асан Энхбаяр хилэгнэсэн олон түмнээс илүү их хилэгнэв. “Луйвар” боллоо гэдэг талаас нь биш л дээ. Яалаа гэж. Ялах есгүй байсан МАХН ялаад гараад ирсэн учраас л тэр. МАХН-ын шившигтэй ялагдал дараа жил айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд түүний байгуулах ялгуусан ялалтын эхний гишгүүр болох естой байв. Гэтэл тэр гишгүүр нь нурчихлаа.
2008 оны 6 сарын 30-ны орой сэтгэл дундуур хүмүүс Сүхбаатарын талбайд цугларчээ. Тэдний дунд Энхбаярын улс төрийн эртний үнэнч хам “Буянгийн” хэмээх Жагаа жагсаалыг оройлж, “Галын наадам хийнэ, газартай тэгшилнэ, галав юүлнэ” хэмээн цамнаж, олны дотор орсон буур шиг сүржигнэх нь нүдэнд нэн содон...
... Харин үүнээс хойшхи нь өнөөг хүртэл мөрдөн байцаалтын нууц, сэжиг таамаг хэвээрээ. Ямарч байсан хилигнэсэн ард түмний эсэргүүцэл аяндаа галдан шатаалт, самуун болох нь болсон. Хэн түүнийг самуун болгов гэдэг тодорхой бус. Өнөөдөр мөрдөн байцаалтын нууц хэмээх өөр нэг хана хэрмийн цаанаас албан бусаар дуулдаж байгаа гэх эсвэл цуу ч байж болох мэдээллээр бол жагсаалын дундуур МАХН-ын байр руу нүүлгэх чулууг хэн нэгэн зориуд авчиржээ. Бас бензинтэй лонх буюу “молотовын коктейль” их хэмжээгээр бэлдсэн байсан гэх. Тайван жагсаал аяндаа танхайрал болж хувирлаа. МАХН-ын цагаан байрны дэлгүүрээс тоносон архинаас өмнө ундааны үй олон шилэнд савласан сархад гар дамжин түгэж жагсагчдын хэд хэдэн эгнээг дашрамаар нь согтоосон байв.
Их үймээний өмнө ийм сценар төлөвлөгдсөн байж ч магад. Ард түмэн уурсан босох нь илэрхий. Тэр уур хилэнг жигшмээр үйлдэл болгон урвуулах санаа хэн нэгэнд төрсөн ч байж болно. Ингээд жагсагчдын дунд танхайрагчдыг шигтгэж үймээн самуунд урхидан оролцуулна. Эрдэнэт хүний амь сүйдэж, эд хөрөнгө шатна. Олон түмэн жигшинэ. Цуглаанд уриалагчдыг баривчлан шоронд хатааж, бусдыг нь айлгана. Ард түмэн цуглаан жагсаал гэхээр хар дардаг, хатуу гар хүсдэг болно. Энэ зуур л товлосноо хийж, бодсооноо гүйцээнэ. Эцсийн дүнд энэ жижиг улсыг дур зоргоороо захирч болно.
Бас өөр нэг хувилбар байж болно. Тэр үед Гүрж, Киргизэд янз бүрийн өнгөөр алагласан төрийн эргэлтүүд болж цоо шинэ бүлэглэлүүд засгийн эрхэнд нүд ирмэхийн зуур гарч ирж байлаа. Тэдний жишээг Монголын тал нутагт давтахаар бэлдэж байсан “алаг цоог” бүлэглэл тохироогоо эртнээс хийчихсэн, лонх, сумаа хэдийнээ зэхчихсэн байсан байж ч магад. Үгүй гэхийн аргагүй. Үймээн самууныг далимдуулаад засгийн эрхийг “томроод, ах царайлаад” байгаа МАХН, АН хоюулангаас нь булаан аваад өөрийн дэглэмээ тогтоохыг санаархах нэг ч хүн Монголд байхгүй гэдгийг тэгвэл нотло л доо.
Хэн чулуу авчирсан, хэн бензинтэй лонх бэлдэж өгснийг бид мэдэхгүй. Гэхдээ мэдэж байгаа цагдаагийнхан ТЭД өчигдөр хэнтэй байсан, өнөөдөр хэнтэй байгааг аль хэдийнээ судлаа л байлгүй. Бас галдан шатаахыг, хүний аминд хүрэхийг хүлээсэн юм шиг онц байдал тогтоон журамлах асуудлыг удтал алгуурласны учрыг лавлаа л байлгүй.
Хууль цааз асуудлыг яаж ч тайллаа гэсэн үймээний үеэр амь үрэгдсэн таван хүнийг бид баатрын ёсоор хүндлэх ёстой. Тэд хэн байсан, тэнд юу хийж явсан нь хамаагүй. Тэд эх орныхоо саруул ирээдүйн төлөө, ардчиллын төлөө амиа өргөсөн баатрууд мөнөөсөө мөн. Тэд амиараа Энхбаярын хана хэрмийг эмтэлж, сэтэлж өгсөн юм. Таван хүний амиар бид Энхбаярын хаанчлалаас салсан юм. Тийм учраас тэд Халхын голын хөвөөнд, Жанчхүүгийн даваанд амиа өргөгсдийн нэгэн адил гавьяатай.
Хүн үхэж, ард түмэн төрөөс тэдний амийг нэхэж байгаагаас Энхбаяр ба түүний дэглэм айсан юм. Дараагийн луйврын араас амиа өргөх зургаадах хүн нь өөрөө ч байж магадгүй учраас айсан юм. Ер нь муу юм хийдэг улс их аймхай байдаг. Үнэн зөвдөө итгэсэн хүн “Үхсэн ч яадгийн, үзэж тарна” гэсэн бодолтой байдаг бол, тэд “Үхчвэл яана аа” гэж үргэлж айж явдаг. Хамгийн гэнэн нь тэд бусдыг мөн л “үхчихвий” гэж айж яваа мэтээр боддог.
Энэ айдсын үрээр 2009 оны ерөнхийлөгчийн сонгууль шударга болж, монголын төрийг 10 жил эзэгнэсэн хаан өөрийн ширээнээсээ шилжсэн билээ. Мөнөөх л таван баатрын гавъяаг бас дурсму.
С.Баяртай яагаад муудалцав ?
МАХН-ын “учиртай хоер толгой” Н.Энхбаяр, С.Баяр хоёр юун дээрээс муудалцав? Н.Энхбаярын өөрийнх нь хэлж буйгаар бол 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар түүнийг олигтой дэмжээгүй аж. Нарийн яривал 2001 онд Н.Энхбаяр өөрөө МАХН-ын дарга байхдаа нэр дэвшигч Н.Багабандиа үнэхээр хаяад АНУ руу нуруунд орсон юмаа авахуулахаар явчихсан билээ. Гэтэл С.Баяр нь сонгууль дуустал ийш тийшээ яваагүй гэдэг. Явсан яваагүй нь чухал биш л дээ, уг нь. Гол гаргая гэсэн хүнээ дэргэд нь байж байгаад ч гэлээ гол гаргаж бас болно л доо. Гэхдээ энэ бол тэр хоер толгойн л хоорондын асуудал.
Тэр хоерын муудалцах шалтгааныг арай өөр цэгээс эрмээр байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж аль тойрогт ялсныг АН-ынхан зарлаж байхад МАХН-ын пиарчид Н.Энхбаяр ямар хэсгийн хороонд ялалт байгуулсныг зэрэгцээд зарлаж байв. Зэрэгцээд хоёулаа ялаад ч байгаа юм шиг, хоюулаа ялагдаад ч байгаа юм шиг толгой эргүүлсэн сурталчилгааны цаана Энхбаярын дараагийн луйврын үнэр ханх тавьж байлаа. Тойрог нь дотроо олон хэсгүүдэд хуваагддаг. Тойрогтоо ялагдсан хүн ганц нэг хэсэг дээр ялсан байж болно л доо. Гэхдээ энийг хэн л нарийвчлан бодох билээ. Гол нь тэд энэхүү зальжин мэдээллээрээ тойрог бүрт ялагдаж яваа нэр дэвшигчээ “өрсөлдөгчтэйгээ мөр зэрэгцэн” яваа мэт ойлгуулах бэлтгэл хийж байлаа. Зэрэгцэж явсан Н.Энхбаяр явцдаа түрүүлээд ирэхэд хэн гайхах билээ. Харин ямар луйвар бульхай хийхээр бэлдэж байсан нь бүү мэд.
Навс ялагдсан нь дэндүү тодорхой болсны дараа Н.Энхбаяр арга буюу хэвлэлийн бага хуралд хийв. Тэрээр сэтгүүлчдийн мэнд усыг асуусан уу, үгүй юу “Би бушуухан хэвлэлийн бага хурал хийе гээд. Гэтэл энэ С.Баяр унжаад. Тэхээр нь дахин дахин шаардаж байгаад аваад ирлээ” гэх ухааны юм ярив. Тэгээд “сонгуулийн хорооны шийдвэрийг дагана, харин дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн сонин үг дээр нь нэмэрлэв. Ингэхдээ мань хүн зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр сонгуулийн дүнгээс илүү, сонгуулийн хорооны шийдвэр юу юунаас чухал явсаар ирснийг дэлгэлээ. За, тэр ч яахав. “Баярыг дахин дахин шаардаж байж бараг чирж ирлээ” гэсэн ойлголт бусдад өгөх гээд байсан нь үнэхээр сонин.
Учир нь Энхбаяр өөрөө бууж өгөх гэж хэзээ ч яарах учиргүй хүн. Үнэндээ өнөөдрийг хүртэл ялагдснаа хүлээж чадахгүй, өөрийгээ “Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч” хэмээн өргөмжилсөөр л яваа. Эрх мэдэл ээлжтэй гэдгээ хүлээж чадахгүй, улс амьтныг турхирч, төрийн эрхийг булаан авахаа эрээгүй тунхагласаар жагсаж яваа биз дээ, цаана чинь. Ийм хүн засгийн эрхийг “май” гээд зүгээр өгдөггүй юм. Тэрээр С.Баяр дээр очиж “ бушуухан бууж өгье, сонгуулийн хорооны дүнг бушуухан зөвшөөръе л дөө” гэж дахин дахин шаардсан гэх даанч үнэмшилгүй.
Ямарч байсан тэрээр С.Баяр дээр очсон, эсвэл Баяр нь түүн дээр ирсэн нэг явдал тэр хоерын хооронд болох нь болж. Тэнд харин юу яригдав ? Чухам энэ мөчид л тэр хоерын хооронд нэг юм болж...
Хожим хойно С.Баярыг бие нь тун тааруу байсан тэр өдрүүдэд “Ерөнхий сайд С.Баяр нас барлаа”, “С.Баяр ДОХ тусчээ” гэхчлэнгийн мэдээг мессэж, мессэнжэрээр зогсоо зайгүй тараахаас эхлээд “С.Баяр намайг дарамтлаад, онц байдал тогтоолгоод, таван хүн алууллаа” гэж мэдэгдэл гаргах хүртэлх түүний аугаа их хонзон тэр торгон мөчид зангидагдсан байж таарах гээд байна.
Ийм нэг вээрс төсөөлөгдөж байна. Энхбаяр өөрийн босгосон хана хэрэм цайзаа хамгаалах сүүлчийн хориглолт дээр ирсэн мөч. Тэрээр шийдвэрлэх луйвараа аль хэдийнэ төлөвлөсөн байв. Үүний тулд сонгуулийн тойрог хороодыг зориуд андуурч “Энхбаяр ялж байгаа” гэсэн мэдээллийг шөнөжин, өглөөжин цацуулсан. Мэдээлэл муутай олон түмэн тэр хоёрыг ойролцоо яваад байгаа гээд бодчихсон байгаа. Одоо “Барбаросса төлөвлөгөөг” нэн даруй эхлүүлэх учиртай. Гэхдээ энэ нь үеэ өнгөрөөсөн нөгөө “санал тоолох байрын тог тасрах” аргаар эхлээд нэмэргүй нь тодорхой.
Тиймээс МАХН-ын дарга С.Баяр “Энэ сонгуулийн дүнг МАХН зөвшөөрөхгүй” гэсэн мэдэгдэл хийх учиртай. Тэгээд л болоо. Яагаав өнөө Идэвхтэн даргын хийснийг давтана. Ингээд шууд бэлдсэн аргаа хэрэглэх, эсвэл сонгуулийн дүн гаргахгүй алгуурлах, ядаж цаг хожин шинэ арга сэдэх боломж олгох учиртай. Гэтэл муу новш С.Баяр нь гөжөөд хөдөлсөнгүй. “Дөчин мянгатын” хогийн зангаа гаргаж. Хэг ёг хийсэн хорон үгтэй, биеэ хэт тоосон, ярвагар С.Баяр нь түүний тоглоом болон санжигнахыг зөвшөөрөөгүй бололтой.
Тэр чухам юу гэж хэлсэн бол? Бодвол их л муухай үг хэлсэн дээ. “Нүдний булай болж ханаагүй юу, дахиад таван хүний амь гарзанд нь гаргах гээ юу, зургаадах нь та бид хоёрын аль нэг, эсвэл хоюулаа ч байж болохыг хэн үгүйсгэх юм” гэсэн агуулгатай юм хэлээ бол уу? Эсвэл “та ч яахав ичихээ байж, харин би ичдэг хэвээрээ байгаа шүү” гээ болуу? Мөн “МАХН ард түмнийхээ саналыг хүндлээд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл одоо хийлээ, харин та дангаараа сөрөөд явбал яв” гэж ойлгуулсан байх. Ийм л хэг ёг гэсэн хорон үг хэлж байж түүний амыг таглана, тахимыг нь өгүүлнэ.
Яг нарийндаа Энхбаярын эринг 10 дахь жилд нь унагаасан процесс чухам энэ мөчид л болж. Хэрэв ийм юм болоогүй бол яаж заваарахыг хэн ч төсөөлөхгүй. Буучихсан хойноо ингэж новширч байгаа хүн буулгүй тэндээ заваарсан бол яана. Өнөө хүртэл сонгуулийн дүн гараагүй Монгол улс одоо болтол албан есны Ерөнхийлөгчгүй байхыг хэн байг гэх юм бэ.
Тийм ч учраас өнөөдөр Н.Энхбаяр сонгуульд түүнийг ялсан Ц.Элбэгдоржийг биш, ард нь жагссан ардчилсан хүчнийг биш, өөрөөс нь салахын түүс болсон монголын сонгогчдыг биш гагцхүү “хүний үнэргүй, хүйтэн цуст” С.Баярыг л юу юунаас илүү зүхэж байгаагийн учиг чухам энд байгаа юм биш үү ?
Гурав. ЭНХБАЯРЫН ХОЕР ХҮСЭЛ
Миний айдгаас тэд айна
Энхбаяр жижиг ч атугай эсэргүүцлээс үхтлээ айдаг. Жагсаал цуглаанаас бүр үнхэлцэг хагардаг байсан нь одооноос л мэдэгдэж эхэлж байна. Баабар, Гүндалай эд нар монгол телевизийг эзлэхэд хэрхэн өмдөө норгож буулт хийж хийж байсан нь өнөөдөр “Үндэсний олон нийтийн телевиз”-ийг эзлэхээр “айлгаж” байгаагаас харагдана. Даанч төр засаг, нийт үндэстний нэрэнд муухай юм даа, тэрнээс тэр зурагтыг нь өгчөөсэй билээ. ТВ-9 л ихэрлэхээс өөр юу л болов гэж дээ.
Дээр нь тракторчдын зэрэг жагсаал цуглаанаас чацга харваж, ахиад жаахан чангарсан бол буугаад өгчих байж дээ гэдэг нь ард түмний ямар ч дэмжлэггүй цуглаан өдөөж, түүгээрээ төрийг унагаана гэж итгээд байгаагаас харагдана. Жагсаалаас айсандаа гэв гэнэт хөхөө өвлийн хүйтнээр Далай ламыг Японд явж байхад нь урин авчирч хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь татаж байлаа. Үүнээс болж Хятадууд Эрээн боомтоо хааснаас үүссэн хохирол юу ч биш.
Тиймээс өөрийн айсаар ирснээрээ одоо бусдыг айлгаж чадна гэж тэр өнөөдөр итгэж, жагсаж яваа бололтой.
Нэг “юм нь” дутуу
Анх гарч ирж байсан Энхбаяр, “улсын гурав дахь ерөнхийлөгч” хэвээрээ байгаа Энхбаяр хоёрын хооронд нэг том ялгаа байна. Тархинд нь нэг хэсэг программ илт дутуу ажиллаад байх шиг. Түүний шинэ, айхавтар ов заль дүүрэн өрөг, алхамууд огт харагдахаа больж. Зөвхөн өнгөрсөн үед хэрэг болсон туршлагаа давтах хүсэлтэй амьтан болчихсон мэт. Урьд нь ингээд болж байсан, одоо болж л таараа гэж муйхарласан “өстэй шар өвгөн” л харагдаж байна. Тэр маш чухал нэг зөвлөхөө ажлаас халсан бололтой. Эсвэл (гоёор хэлэхэд) тархиныхаа тодорхой хэсгийг ажиллуулахгүй байгаа, эсвэл тэр нь ерөөс ажилгаагүй болсон ч юм уу гэмээр. Түүний нууцлаг, няцаашгүй алхмууд алга болж. Байдал нэгэнт ийм болсон тул түүний өргүүд захын хүнд илэрхий харагдах болсон мэт.
Ингээд өмнөх Энхбаяраасаа “нэг юм дутуу” өнөөгийн Энхбаярын бодол санаа руу өнгийх гээд үзье. Өнөөдөр Энхбаяр юу хүсч байгаа бол? Түүний өнөөгийн үйлдлүүдээс дараахь ажиглалт хийж болохоор байна.
Нэг нь алуулчаасай...
Нэгдүгээрт, тэр хоёр дахь “С.Зоригийн хэрэг” хүсээд байх шиг. Зоригийн үхлээр тэр яаж тоглосон, сэжгийг бусад руу чиглүүлж, өөрөө хэрхэн сэжиггүй үлдэж чадсан тэрийгээ давтахыг санаархаж байх шиг. Яг үүндээ зориулан даруйхан цаазлах хүмүүсийн жагсаалт үйлджээ.
Тэр үед (1998) дөнгөж УИХ-д хөл тавьсан Энхбаяр анхын “хор”-оо амжилттай найруулж, хоорондоо эв муутай Ардчилсан холбоо эвслийг ид хутгаж байсан цаг. Үүнтэй зэрэгцээд “281-ийн холбоо” хэмээх, олны үгээр бол хүчний байгууллагаас шахагдагсад голлосон гэгддэг хүмүүсийн хамтлагаас монгол улсыг хөгжүүлэхийн тулд даруйхан алж устгууштай хүмүүсийн жагсаалт гэж гаргасан. Тэр нь үндсэндээ ардчилсан хүчний толгойлогчид байсан тул бүрлээч С.Зоригийн нэр ч байсан гэдэг. Төр хүчгүйдэн самуурах байдалтай энэ үед уурссан дээрээ хэвийн бус этгээдүүд аллага хийх, ингэхдээ нийгмийн дайснаар зарлагдсан хүнийг хороох ба үүнийгээ сайн үйл гэж ухаарах явдал гардаг гэж байгаа. Үнэхээр ч төрийн цагдаа хутгалчаад хээв нэг зурагтаар ярилцлага өгөөд, ялгүй үлдэж байсан.
Хэрвээ “281” хэмээх кодлосон нэртэй холбоо нь үнэхээр чекистүүд ихэвчилсэн байсан болжгэм дээрх “буудах хүний жагсаалт” нь удахгүй болох ямар нэг аллагыг тооцоолсон, бас чиглүүлсэн үйлдэл ч байж таарах гээд байна. С.Зоригийг мэдрэл муутай нэг этгээд үнэхээр гавъяа байгуулж ард түмний дайсныг дарж байна гэж итгэн нухчихсан ч байж болно. Ямар ч нарийн арга хэрэглээгүй болхи аллага нь мөрдөгчдийн толгойг бүр эргүүлсэн ч байж мэднэ.
Өдгөө өөрийнхээ хэмжээнд, мөн өөрөөс нь айж байж болох хэдэн хүний хүрээнд “төр параличид” орлоо гэж итгэсэн Н.Энхбаяр хоёр дахь С.Зориг болох нигууртай “хохирогчийг” үймсэн олон зориулан ил тод захиалж байна.
Төрдөө гомдсон, ердөө л гэрийнхэндээ бухимдсан, зүгээр л нууцлаг явсан галзуу нь сэдэрсэн нэгэн өдөөгдөж буй самуун дундуур хэн нэгнийг алаад өгөхийг хүлээж байгаа. Тэр нь хэн байх нь хамаагүй. Мэдрэл муутай этгээд “хэд хэдэн хүнийг алах учиртай байгаа юм байна” гэж ойлгох нь чухал. Тийм ч болохоор “алах хүний нэрийн цэс” нэг ч чухал биш. Алдагдах хүн цэснээс гадуур ч байж болно.
Тэр бүү хэл, өөрийг нь дагаад юу ч юм бэ горьдож яваа, эрх мэдлээ эргүүлэн авсны маргааш алга болгох учиртай хэдэн нөхдөөс байвал бүр сайн. Уянгаа, түүний нөхөр, эсвэл өнөө гишүүн Шинэкоов эдний нэг байвал бүр сайн. Шуудхан л “С.Баяр манайхан руу хүн илгээж Уянгааг минь үгүй хийлгэлээ. Шинээг бүрэлгэлээ. Ард түмээн босцгоо” гэхэд хичнээн амар байх бол?
Харин “хэн нэгэн мэдрэл” өөрийг нь “балайтаад” алчихаж мэдэх учраас тэр Сүхбаатарын талбай руу зүглэхгүй байгаа. Ер нь муу юм хийдэг улс их аймхай байдаг. Монголчууд ёс жудагтай хүнийг “Эрлэг ороод ирэхэд эхийгээ заахгүй л хүн болж” гэж хэлдэг. Харин тэр эрлэгийн элчид өөрийнхээ бүх сөргөлдөгч апостол нарыг зааж өгч байна. Тийшээ очиж “алуулах нөхцөл бүрдүүлж өгөхгүй” аюулгүй газар бүгээд байгаа өөр шиг нь аймхай М.Энхсайханыгаа тэр дотроо зүхэж суугаа нь лав.
Гэхдээ тэр дотроо бас өөр нэгэн бодолтой явааг үйгүйсгэх аргагүй. “Уянгаа минь мэдээтэй байгаарай, Шинэбаяраа, цаад С.Баяр чинь өвдөөд үхэх хоногоо тоолж байгаа хүн. Юу ч хийхээс буцахгүй гэдгийг чамд сануулах нь илүүц биз” хэмээн нулимс мэлтэгнүүлэн хэлэхээ мартаагүй л дээ.
Дэр авч үхнэ.
Н.Энхбаярын бас нэг хүсэл бол түүнээс айдаггүй бүлэг улсын толгойлогч, өөрийнх засаглалыг дуусгасан гол дайсан С.Баярыг зайлуулах явдал. Тэр муу нэг их зоригтойдоо Энхбаяраас айхгүй байгаа юм биш. Хамгийн гол нь түүнийг гохдоод авах нэг ч сэртэн Энхбаярт олдож өгөхгүй хөөрхөн зовоож байх шиг. “Сувгаа битгий солиорой” гэдгээс шал эсрэгээр С.Баярыг шавар шалбаагтай хутгах суваг, сэдвээ тэр байнга сольсоор ирсэн ч нэг их нэмэр олсонгүй. Тийм ч учраас С.Баяр нь түүнийг илт шоолоод, “баримттай л юм ярина шүү хөө” гээд бардамнаад байгаа бололтой. “Очки” зүүсэн тэр новш хүйтэн инээгээд, айхгүй царайлаад яваа нь бага хэрэг. Хамгийн гол үүгээрээ бусдыг зоригжуулаад байгаа нь нэн хорлонтой. Хөгшин хонины насгүй болсон тэр новш аль нэг тийшээ зайлаад, эсвэл өмнө нь сөгдөөд өгвөл бусад нь Намбарын хүүгээс сүүлээ хавчаад зугтааж л таарна. Эсвэл буцаад тойрон бүжиглэнэ. С.Баяргүй МАН эргээд л МАХН болно. МАХН эргэн төрсөн байхад АН ч бас атганд аяндаа ороод ирнэ. Энэ хоёр гарт орсон байхад эх орон зөвхөн минийх, мөн үү ?
Шаг.Цэнд-Аюушийн “Хотын хүн” хэмээх шог өгүүллэгт “Тэр хүн ур наслахын хэрээр бусад амьтан богино наслах юм байна” гэж гардаг санагдана. Харин Н.Энхбаяр хүчтэй байхын хэрээр Монгол төр хэврэг байх юм шиг байна, нэг хэсэгтээ.
Хуучны домогт гардгаар бол дэмий үхэхийн оронд нэг ч бол дайснаа алаад үхэхийг “дэр авч үхэх” гэж хэлдэг. Тэрээр төр самрах хэрэгт тодорхой улс төрчдийг “үхэхдээ дэр” болгохоор заналхийлж байгаад туслуулах учиртай гэж үзэж байх шиг.
Саяхан түүний санхүүжүүлсэн “бүх ард түмэн”-ий хурилдай дээр“ “Дараахь гишүүд бидэнд баяр хүргэлээ” гээд Бат Эрдэнэ аварга, Тэрбишдагва, Сайхансамбуу нарын нэрийг дуудсан билээ. Үнэн хэрэгтээ тэд зориглож баяр хүргэсэн нь юу л бол. Гэхдээ ингэчихсэн байхад “үгүй” гэх зүрх тэдэнд байхгүй гэдгийг Намбарын хүү сайн мэдэж байгаа.
Энэхүү нэрийн цэс бол би үхэхдээ тулбал та нараар “дэр хийнэ” гэсэн илгээлт. Намайг нураасны дараа та нарыг бас нураана шүү гэсэн сануулга. Нэрс агчдад сонголт хийхэд амаргүй байгаа. Энхбаярын дараахь нь үнэхээр тэд ч байж болно. Үүнтэй зэрэгцээд Энхбаяр гараад ирлээ гэхэд бас л “дараагийнх нь тэд өөрсдөө” болох нь бас гарцаагүй байдаг. Уул нь болдогсон бол “Энхбаяртай нийлнэ” гэж энэ хэдээ айлгаа л, эргэж “энэ хэдтэй нийлчинэ шүү” гэж Энхбаяраа айлгаа л яваад байвал зүгээрсэнж. Бас Улаан гишүүний зүгээс “Баяр нь болохоор манай талд гэж ойлгохоор, Энхбаяр нь бас өөрийн талд гэж гэж тайлж болохоор” ярилцлага өгөөд яваа нь мөн л учиртай.
Өөрийг нь ард түмэн огт дэмжихгүйгээр барахгүй, өдөр хоногоор үзжэн ядаж эхэлж байгааг харсан Н.Энхбаяр Монголын төрд нөлөөтэй байгаа хэдхэн хүний айдас дээр эцсийн бооцоогоо тавьж байгаа. Энэ хэдийн айдас монгол төрийг МЭНЭНГИТ-эр өвчлүүлбэл Энхбаяр дахин төрөхгүй гэх газаргүй. Цурхай загасны чихнээ ийм л хүслээ МЭНЭНГИТ шивэгнэж, МАНАнГЭЙТ-тэй үзэлцэхээр босчээ.
Гэвч түүнийг “дахин төрөөгүй” байхаас үзэн ядаж байгаа ард түмнийг тэр яана гэж тооцсон нь сонин. Харин Монголын төр МЭНЭНГИТ-ээс сэргийлье гэвэл нэр бүхий хэдэн эмзэг цэгийн ариун цэврийн асуудлыг нэг мөсөн шийдэх хэрэгтэй.
МЭНЭНГИТ нь нэг тусбал үхдэг, үхэхгүй тэсвээс мөнхийн дархлаа тогтоодог өвчин ажгуу. Монгол төрийн дархлаа бат байх болтугай.
67
tom
уншигч
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
mgl
enzoko
eko
hi
funny shit
Зочин
Manan Menen Munan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
yo yo
baynjargald amjilt ahiad sain bicheerei
haraa
haraa
haraa
Зочин
*****w w w COMPUTERSHOP M N ******I PAD 2 WIFI+ 3
Зочин
Зочин
Зочин
ZALHAALT
zahialagiin hool
haha ha
za yarishigaa
Avilgalchdad!
Zahialgat bichleg
зочин
avlgalin haan
avlgalin haan
avlgalin haan
Зочин
зочин
e
***** COMPUTERSHOP m n Манайх iPad 2 үнэгүй+Smart
Зочин
demjigch
ìýíýí
Зочин
Зочин
Enhbayar zailaa
giichen
Зочин
sain
зочин
зочин
зочин
Зочин
Bayarlalaa
Зочин
сысыс
зочин
зочин
зочин
Зочин
зочин
DELETED FOR ENKHBAYAR
Áààòàð
Зочин
Зочин
Uilee
Зочин
Зочин
Зочин
Зочин
*****w w w COMPUTERSHOP M N ******АНУ гаас оруулж
zochind
Aluurchin Bayariin zahialga
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
kadr
zochin
ДАЙСАН
Зочин
САПОРО
temtseh heregtei gehdee ed nariin toloo bish
Зочин
Зочин
www.inder.mn
Зочин
Зочин
Зочин
wfwewefwe
Aluurchin Bayariin zahialga bna
Зориг
irgen
Зочин
beebar
Зочин
unen
Зочин
*****w w w COMPUTERSHOP M N ******АНУ гаас оруулж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unen
Jinhene zahialgat bichleg
хачиг Луузан
хөх монгол
Zo
uyba
zorig
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Berlin
Зочин
Зочин
Зочин
Зочин