Оросууд дүнхүү мануусыг хөөрхөн дөнгөх юм аа

Юу гэх гээв гэвэл би “хохь чинь” гэж монголчуудад хэлье. Сүүлийн үед юу юу сонсогдов оо? Орос Монголын парламент хоорондын онцгой гэнэ үү комисс байгуулав. Ам дамжсан дам үг цуурхал байх гэмтэй гээд уг комиссын талаар ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володины мэдэгдлийг ишлэе. Тэр бээр “Энэ комисс байнга ажиллаж, хоёр орны ерөнхийлөгчдийн хэлэлцэж тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох бөгөөд цаашид ямагт тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай” гээд өндөр дээд зочны хувьд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бүү хэл бардам ихэмсэг нүдээр хялам хийх зуураа “Түүхээ сайн санаж яваарай, мартвал та нарт муу юм болно шүү. Хоёр орны хуулийг уялдуулж хийнэ” гэж телевизээр диктовальдахад өвгөн зохиолч би бичиж авав-оюутан зуршлаараа.

Хорхойд хоргүй малчин монголчууд таван хошуу малынхаа захад үе дамжин залхуурч эвшээгээд амар жимэр хэвтэж байталХIХ-ХХ зуунд европ хүмүүс үржиж нутагтаа багтахаа болиоднүүдлийн царцаа шиг нүүгэлтэн бусад тивийг колончлоогүй болмонголчууд мал сүргийнхээ буянд байгалиа сэвтээлгүй амьдрах байв. Гадны гайг цөөн буурай нүүдэлчид яалтай ч билээ. Шинжлэх ухаан технологиор замнахгүй бол бусдын хоол болох эрсдэлтулгарав. Монголд орж ирсэн европчууд нь оросууд. Тэд манайхыг шилсэн юм биш. Испани Португаль Англи тэр ч бүү хэл Бельги Голландаас хоцроод, дулаан тэнгисийн эрэг эзэмшиж чадаагүй уурандаа “дургүй хүүхэнтэйгээ суусан эр шиг” манууст их дарлуу.

Сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас манайх 20 тэрбум доллар алджээ. Урд хөршийн бараа хэт их, хойд хөршийнх хэт бага байгаа нь удахгүй хужаагийн атганд орох цондон гэж “эх орончид” онолдоно. Монголд орж ирсэн хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй-биднийг баруунаас харамлаж буй мэт. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүй. ОХУ 1990 оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, нэг үгээр эдийн засгийн хоригт оруулсныг бид ухаарахгүй орос ахдаа мөргөсөөр мангуутаж явав.

Тэгтэл хоригт бэлгүйдсэн оросууд Монголд гэнэт саймширч Евразийн эдийн засгийн холбоонд элсэж бараагаа гаалийн татваргүй панзал гэж панаалдсан болтой. Манай тэнэгүүд 367 нэрийн брэндээ татваргүй эспортолж зад баяжна гээд хөөрчхөж. Хөөрсөн юм уу олон нийтээ залилж буй мэх нь тэр юм уу бүү мэд. Монголд 367-н төрлийн ямар ямар бараа байдаг билээ? Эсгий улбачнаас өөр шальтай юм бий билүү. Экспортлох гавьтай бараагүй улсад гаалийн татвараа тэглэсэн ч нөлөөгүйг тооцоо. ЕАЭЗХ-ноос Монголтой хиллэдэг цор ганц гишүүн нь ОХУ. Алтанбулагийн боомтоор орж ирэх 2 тэрбум ам. долларын ЕАЭЗХ-ны бараа гэх орос экспорт Монголын гаалийн татвараас хөнгөлөгдөнө. 

Оросоос импортлох буудай, бордоо, тэжээл зэргийн татварыг тэглэснээр атрын 20 жилийн аянаар арай чүү хүрсэн ололт, гурилынхаа үйлдвэрлэлтэй дампуурах зам руугаа гулсав. “Оросууд дайныг хүслээ гэж үү” гэх шиг монголчууд үүнийг хүссэн гэж үү. Ямартай ч ийм бодлого хүчиндлээ. Барууны хориг ах нарт ухамсрын шанаа өгснөөр тэд мануусыг хүн гэж буй дүр эсгэж эхэлсэн хэдий ч мал мэт хуурах янзтай. Энэ бүгд бидний унхиагүйн балаг тул бурууг бусад руу чихэлгүй өөрсдөөсөө хай.

Нэг франц Монголыг Орос Хятадын завсар дахь маш том хоосон газар гэсэн байна лээ. Олон сая хүн, хүчирхэг эдийн засгаараа улсын их бага илэрдэг бол бид газрын зурагт харагдах нутгаараа Монголоо том гэдэг. Орос Украинд довтолж, барагдсан сум бөмбөгөө нөхөх валют олохоор хоёр мангаст (Энэтхэг Хятад)хямд шахаж буй шатахууны дэргэд бидний хэрэглээ нулимс. Гэтэл манай цэгүүд түгээх бензингүй яаж хямарлаа. ОХУ шатахуунаа дагуулж, агуулахуудаа түрээсэлснээр хомсдол багасав. Гуя дагаж хүзүү-шатахууны өндөр өртөг дээр түрээсний үнэ. 

Танк их бууны онигойн автор Х.Баттулга, З.Энхболд хоёр Хятадад ойр Тавантолгойн нүүрсээ 6000 км тойруу Восточный боомтоор нүдэн балай ямар ч улсад юм экспортлохоор Владивостокт В.Путины өмнө гэрийн даалгавраа хийсэн пионер багшаасаа дүн горьдох мэт гөлөлзөхдөө “Олон жил тэмцсэнээ биелүүллээ. Мөн ч хэцүү байлаа” гэж байсныг бид зурагтаараа харсан. Монголын энэ тэнэг төсөл огт бүтэхгүйг сайн мэдэх В.Путин бялдууч хоёр чукчатай барууны доог болох вий гэсэн царайтай хулмагнаж суув. 

Манай хоёр утаан дунд бүрэлзэх хөлдүү боомтыг вертолетээр тойрч гялс халиагаад “энэ боомтоор нүүрсээ саадгүй экспортлох боломжтой юм байна” гэх шинжлэх ухаанч дүгнэлтээ сэтгүүлчдэд мэдэгдэх нь тун додигор байсан гээч. Өмнө нь энэ боомтоор нүүрсээ далайд гаргаж болох эсэхийг Таван толгойгоос 20 вагон кокс илгээн туршиж буйгаа телевизээр гайхуулж байв даа. 20 чингэлэг кокс төмөр замаас гарч давхиад төөрчилгүй очиж л таармаар. Иргэдээ ийм мангуу залиар хуурдгийг би доромжлол гэж зэвүүцдэг. 20 чингэлэг коксны өртөг орос халаасанд орох, орос эхнэртэй Женкогийн хэтэвчийг цулайлгах бидэнд ялгаагүй. “Восточный боомтоор нүүрсээ далайд гаргаж үнэ хүргэх юу л болдоо” гэж эргэлзсэн мань мэтэд “Восточный боомтыг ганц нүүрсний тээвэрт ашиглана гэж дутуу үнэлбэл алдаа болно” гэж тэр хоёр 2017 онд том том дуугарч байв. Восточный боомтоор олон сая тонн нүүрс экспортолж үнэ хүргэх яасан бэ Х.Баттулгаа, З.Энхболдоо?

УИХ-ын дарга Н.Учралыг Москвад айлчлахад түүнийг цагаантан оргодол буриадын угсаа гэж ТАСС “цагаантнууд бол чөтгөрүүд улаантнууд бол бурхад” гэх коммунист үзлээрээ дамшиглаад зогссонгүй ОХУ-н Холбооны дээд Зөвлөлийн холбооны тэргүүнВ.Матвеинко Ялтын гэрээний мэдээ бүхий шарласан сонины навтарга гардуулж ёжлов. Тусгаар тогтнолоо алдаагүй бидний хувь заяа тун эгзэгтэй. Орос байгаагүй бол манай тусгаар тогтнол замхрахтай адил Хятад байгаагүй бол мөн замхрах байв. Хоёр их гүрний завсар жийргэвч төдий ашиг сонирхолд үлдсэн хэврэг тавилангаа бид бурхнаас хайрласан тэнцвэр гэж мөргөдөг. II дайны төгсгөл, зөвлөлтийн ард түмэн ба холбоотны ялалтаар Ялтад ар Монголын талаар Рүзвэлт Черчилл Сталиныхүрсэн тохироонд залбирдаг.         

Ташуураас өөр зэвсэггүй малчид болъщевикуудад ичгүүргүй бялдуучлаад хүйс тэмтрүүлээгүй. Сайн долигносныхоо хүчинд голомтоо самруулаагүй нь овоо шүү. Лениний онолд итгэсэн монгол олон ч “итгэлээ” гэж нохойтсон нь цөөнгүй. 70 жил коммунизмд үнэнч дүр нүүрэндээ эсгэж арьсаа хамгаалсаар ардчилал чөлөөт зах зээлийн зуунтай золгуут жагслаа. Шар феадлууд зурагтаар ном хурж даврав. Чоймаа монгол бичиг заагаад цэнхэр дэлгэцээс салахаа больсонд үндэсний үзэлтнээр баалуулсан яруу найрагч анд минь уйллаа. ХХI зуунд дахиад ичгүүргүй бялдуучлах уу гэв үү? Үгүй шүү! Эх орныхоо амин чухал эрх ашгаас яав ч хазайхгүйгээ 3,5 саяул шийдмэг нотолж, муусайн удирдагчаа эрвийх дэрвийхээрээ түшье! Тэд хүн амаа чинээлэг болгохын төлөө тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэг. Зөнөг зохиолчийн цээжний бан иймэрхүү.

 Түүх буюу гишигсэн мөрөө эргээд хар

Улаан орос гэгч хэн билээ? Ленин! Тэр-суут болъщевик, улаантны эцэг. Мануус бурхан багшаа нулимаад Ленинийг шүтсэн. Шүтүүлсэн. “Орос ах” гэгч шүтлэг ингэж үүссэн түүхтэй. Алдагдалд унагах орос тулгалтыг “үгүй” гэж шууд зөрж зүрхэлдэггүйманай хулчгар эрх баригчид буруутай харагдавчтүүхэн хөндүүр тэдэнд минь бий. Тэдний ойсанамжинд П.Гэндэн А.Амараас эхлээд С.Данзан Д.Бодоог хүртэл олон удирдагч нарын мааньэмгэнэл бичээтэй байгаа. Зөрвөл толгойгүй болж байв. Айдаст автсан манай удирдагчид улаан оросод хир халдаахгүйг онцгой чармайж иржээ. Одоо ч чармайж буй-ерөнхийлөгч, ерөнхий сайдаасаа эхлээд. Орос ахаа өмөөрдөг сонор сэрэмжээрээ монголчууд хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа чангаруулдаг дасгал эзэмшив.

1911 оны ноёдод, 1990 оны ардчилагчдад төрсөн хоёрхөршөөсөө цааш дэлхийн өндөр хөгжлөөс хүртэх сэдлийг арчихгеополитик дээгүүр сэм гүйдэлтэй. Муу бүхнээ Манжийн дарлалдчихэж, өөдрөг болгоноо улаан Оросын тусламж хэмээн өргөмжилж ирсэн туйлшралд салхи оруулъя гэсэн би эцэстээ цөхрөв. Энэталаар надтай санал зөрдөг уншигч бүрт бууж өгье. Хятадыг үзэнядах, Оросыг шүтэн бишрэх хоёр туйл тань эдгэршгүй эмгэг болжээ.Хятадад би уусъя гээгүй. Салаад нүүж болохгүйгээс хойш аварга хөрштэйгөө эв эеэр ашигтай харилцъя л гэсэн юм. “Уусах аюул” гэх улаантны уламжлалт хатгаасыг өдгөө орос олигархиуд дэврээж, цахилгаан станцууд, төмөр замын төслийг гацааснаар бид сэхсэнгүй.  

Мөнгө хүрэхгүй бол ямар ч тэнэг эхлээд өөрийн дөнгөх хамгийн төсөр төслөө хөдөлгөж гарын бэлтэй залгахыг урьталболгоно. Коксжих нүүрсний ордоос Бугатын гангийн үйлдвэр өндөруулан дээрээс бараг харагдах газар. Бидэнд малтмалаа борлуулахад заяасан ойр гарц ердөө ганц энэ. Юун түрүү энэ үүдээр нүүрс хүдэр зэсийн баяжмалаа зөөхөд-байгаа бэнчин хүчээтөвлөрүүлж, 267 км төмөр замаа даруй тавьж, хямд тээврээр эрдсээ хахтал экспортолж бэлжсэнээр дараа дараачийн төслүүдээ хөдөлгөх бэлтэй залгах байв. Энэ өгөгдлөөр минь орос монгол муу хүмүүс тоглочхов. Харанхуй маниус чадуулчлаа. Эх орноо хайрлах сэтгэлгүй эрх баригчид орос олигархиудтай хавсайдаж хөөрхөн баяжсан байх.

Барууны хориг чангарах тусам Орос дийлдгээр нь дорой хөршөөсөө шархаа нөхөхөөр хатуурхах нь гомдмоор. Бүр уйлмаар. Бид тэдэнд яаж ханддаг билээ. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр бусдын хоригоос болж ядуу хөршөө шулдаг ямар хүний ёс-яс вэ. Буруугүй атлаа өшиглүүлсэн нохой дурдсан болохоор баавгайн тухай ярихад дургүйцэхгүй биз. Баавгай өлсөхөөрөө айлын гадаа ирэх, аварга савраараа хаалга маажих, тэр ч бүү хэл идэх юм хайж гэрт ордог. Нохой баавгайг орхиё. УИХ-д 62 суудалтай МАН, эрх мэдлээ нэмсэн МАН-ын дарга-ерөнхий сайд, МАН-аас нэр дэвшиж ялсан шөрмөслөг ерөнхийлөгч гээд нэг намын гурван өндөрлөг гацсан мега төслүүдээсээ ганцыг ч атугай хөдөлгөх дипломат ухаан, эх оронч эр зориг гаргалгүй хулчийв. Хойшид эрх мэдэл ингэж төвлөрөх ч үгүй биз, эр зориг төрөх ч үгүй биз.

БНМАУ-зөвлөлт брэнд байв. Орос ахыгаа бид100 жил магтсан. Одоо ч амаа урчих гэж буй. Оросахыгаа “нар”-тай адилтгасан ч сэтгэл ханаагүй.Сүүлдээ “нар”-ыг орос ахтайгаа зүйрлээд ч санасандаа хүрээгүй. Яагаад тэгтлээ зусардавгэвэл маш их айснаас ингэтлээ хулчийсан юм.Орос ахаас зөрвөл буудна. Зөрөөгүйг ч хилсээр тонилгов. Хожим цагаадсан тул хилсээр гэв. Феодализмээс капитализмыг харайж социализмд дэвших Лениний онолыг хүн төрөлхтөнд нотолсон загвар бол БНМАУ гэж оросууд биднийг магтсан өнгөөр өөрсдийгөө дөвийлгөв. Зөвлөлтийг дагавал Монгол шиг хоцрогдсон улс ч тэгж дүүлнэ гэж аугаа Ленин багш онолдсоноос бүдүүлэг мань тэгж онгироогүй. Капитализмээс социализмын давууг нотолсон Монгол гэж биднийг дэлхий даяар сурталдаж шараа болгосон билээ.

ХХ зууны турш магтуулсан оросууд маань “орос ах гэж нялуурдгаа болиод өгөөч” гэж гуйдаг болов. Саймшраад гуйсан бус даяаршлын зуунд баруунаас ичээд тэр. Өнгөрөгч зуунд өчүүхэн Монгол дэлхийд сураггүй байсан тул оросууд “нялуурлаа болиоч” гээгүй нь бурхангүй газар бумба галзуурсан түүх. Чингис л гэхгүй бол хэн ч мэдэхгүй Монголыг хуурч мөлжих, дээрэлхэж дарлахад ертөнцийн чихнээс хол учир нэрэлхэх хэрэггүй байж. Азийн эзгүй цээжнээс ямар ч харгислал дэлхийд үл мэдэгдэнэ. ХХI зуунд мэдээ сураг өдөртөө бөсбөрцөг даяар тардаг болсноор “орос ах” гэх нялуурал ичээжээ. Сөнөхдөө тулсан бүдүүлэг Монголд Орос туслаагүй бол хөрөнгөтнүүд цөлмөж дуусгасан гэдэг бөгөөд бид уяраад уйлдаг. “Оросын ачийг хүртэх хувьгүй Монголоос бусад хоцрогдсон үндэстнүүд мөн хөөрхийеө, бид мөн азтайяа” гээд бид 70 жил хөөрсөн.

ХХ зуунд шинжлэх ухааны ололт нэвтрээгүй бөглүү хязгаар бөмбөрцгөөс олдохгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт “Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт” гэдэг-туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 1921-1990 оны манай өчүүхэн дэвшил ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар хаа сайгүй дэлгэрсэн-тэгтлээ онгиромгүй ердийн алхам байж. Жижиг үндэстнүүд энэ хугацаанд бидний анзайны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү. Шинжлэх ухааны нээлт тивүүдэд түгж буурай орнуудад нялзсаныг зөвхөн бид дэлхийд ганцаараа зөвлөлтийн тусламжаар цойлж, капитализмыг харайсан онцгой Монгол гэж 70 жил хөөрцөглөөд 11 тэрбум долларын “Их өр” гэгчтэй хоцорсон. Магтсаар малыг минь барж, маажсаар голыг минь таслаж байсан бус уу.

Коммунизм байтугай СССР ч үгүй соц. намагт зоогдоод хаягдахад хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтөнөөс зүүгдэхээр сарвалзав. Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоримог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихссэнээр ядуу эдийн засаг маань сэргэмэгц харамсалтай нь зөвлөлтийн тусламж гэх сүржин молги-орос гацаанд хувираад дээрэлхэв. Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярьсан хүнд бүр ч дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа больё гэх гээд би хулмагнаад байна. Энүүхэндээ шивнэхэд нэг нь хөгжүүлэхгүй гээд манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь “хамтдаа хожъё” гээд зээл олгодог юм биш үү.        

Парламентат тогтолцоо, хуулийн засаглал, гуравдахь хөршийн бодлогод эрсдэл нүүрлэж буй нөхцөлдхаяа хатгасан-хамтдаа хожьё гэдэг аварга хэрэглэгчхөршөө өдөж хатгаад буруу харуулчвал нүүрс хүдэрзэсээ дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд хэдээр зарахаа бод. Их хятадгүйгээр Монголоотөсөөл. Орлогогүй болж бид л баларна. Орос олигархиуд үүнийг л хүсэж буй. Бөөр нийлж айлссан ганц худалдан авагчаа оросуудын хатгаасаар зүхдэгээтунгаа. Эрх баригчдын хууртдаг-тэдний мулгуугийнх гэхэд, урвадаг нь баяжихын тулд эх орон иргэдээ гэх сэтгэлгүйнх. Хөгжлийн гоц менежмент сэтгэхэд мохоо ухаан чинь хүрэхгүй бол улсаа суга хөгжүүлсэн лидерүүдийг дуурайж сураач. 

Хоцрогдсон бид азтай улс. Асар их бэлэн туршлага дээр буучхав. Шинээр зохиох түвэг учирсангүй. Гайхамшгийг дуурайж чадвал хөгжил шууд нутагших азхүү шовойж, хөгжлийн замаа товчлох өгөгдөл бидэнд заяаж. Хот сүндэрлүүлэх, зам гүүр сунайлгах, ургацаа нэмэх, эрчимжсэн мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр цэцэглүүлэх бэлэн жор янз янзаараа байж байдаг. Дуурайвал бүх юмны стандарт бичээстэй нь баршгүй бэлэн хоол. Төрийн тогтолцоо, олон ургалч үзэл, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, шилэн данс, зээл, бонд гэх мэт дөмөг хувилбарууд шалгарч тунаад ХХI зууны хоцрогдсон ядуу орнуудын өмнө ил болж. Ашгаа өсгөж баяжих бэлэн жор лангуун дээрх бараа шиг алаглана. Овсгоотой хөршүүд барууны технологиос будаа идээд азийн бар болцгоов.

Харин бид бэлэн стандартаар эрдсээ боловсруулж мөнгөжөөд, шилмэл брэндүүдийг дуурайлгаж үйлдээд,баяжих хугацаа, замаа товчилж чадсангүй. МАН, АН хоёр татвар төлөгчдөөс цугларсан ялимгүй төсвөө 30 жил булаацалдаад хөгжилд нэмэртэй юу ч дуурайсангүй. Дуурайж чадсан бол эрдсээр арвин Монгол цойлсон. Бидний хүсэл-даргын сэнтийд эгүрт залрах. Язганатал хөдөлмөрлөж буй хятадуудыг дуурайх залхуу монголчуудад лай. Тэгж хөгжсөнөөс таван хошуу малынхаа захад тарвалзах минь гэнэ. Умард хөршдөө урвахгүй, урд хөршдөө уусахгүй итгэлийг нь даагаад нөмөр нөөлгийг нь хөгжил болгох жим азаар заяажээ. Тийм бүдэг зөргөөр үсрэнгүй дүүлсэн жижиг буурай орны жишээ “будаа идвэл” байж л байна. Дуурайж сурах-монгол ухаан, монгол авъяас уг нь бий. Харин нэгдмэл эх оронч чанар алга.Хүмүүний хөгжлийн баялаг жороос сураагүй нь гутамшиг. Дуурайж сурах байтугай гаднаас авсан зээлээ “чулуу болгож чадалгүй” үрж өрөнд уначаад, хөнгөлөлттэй зээл өгсөн донороо шулагч гэж зүхээд, өөрсдийгөө их эзэн Чингисийн эрэлхэг удам гэж цээжээ дэлддэг гээч. Ийм мунхаг мангар “гар”-уудад зээл өгөх хөрөнгө оруулагч олдох уу. Бид мөнгөгүй гуриатсанаас тэд мөнгөгүй болоогүй. Бид гуйсан болохоос тэд гуйгаагүй. “Чингисийн удам өөрсдөө хөгж” гээд бүгд буруу харчвал бид гэмээ хэнд чихэх вэ. Хужаа нарт уу, гурав дахь хөршдөө нүү. Эсвэл ардчилалд уу?

Юмхнаар юм хийх чадваргүйн дээр үрэлгэн онгироо этгээдээс зай барихыг ажил хэрэгч хүн хичээдэг. Америк герман япон солонгос хятад технолгиос сурах (дуурайх) нээлттэй. Технолгийн гайхамшгаас нь хүртээд хөрөнгө оруулалтаас нь бэлжээд өндийхийг хичээхгүй түншлэх санаа өвөрлөж дэд бүтэцгүй цөлд зориглож ирсэн гадны ховорхон бизнес эрхлэгчдийг юун түрүү шулаачаар хочилж үзэн ядах, монгол өөдгүй араншин бус коммунист суртхуун байх. Өгсөн зээлээр нь хөлжөөд, зээлээ хугацаанд нь хүүтэй нь “баярлалаа” гээд тушаавал итгэсэн донорууд цаашид хөрөнгөө дуртайяа оруулж, хамтдаа хождгийг Монголоос бусад орон шохоорхох болжээ. Энэ жишгийг дуурайж өндийхөд минь ясны дургүй шатахуун, эрчим хүчний орос магнатууд юу гэж шорддог гээч? “Гурав дахь хөрш гэдэг эдийн засгийн алуурчид. Тэдний хөрөнгө оруулалт, зээл дамууралд унагана. Зөөлөн Хятадаас холд. Их ойртвол уусна” гээд эрх мэдэл, мөнгөнд нугасгүй манай эрх баригчдыг далалсаар оосорлоод авчээ. Тиймээс тэд хууртсан тэнэгүүд бус урвагчид. Бөмбөрцгийн цараар хэмжвэл манай барилдаач охид хөвгүүд дэлхийн шилдгүүдийг айлгаж буй. Шүглийн дууны хоромхон завсарт, нарийхан дүрмээр ана мана тэмцэлдэн ялж буй охид хөвгүүд минь гутрангуй цаг үед сэтгэл сэргээж, төрийн дуугаа эгшиглүүлж, алтан соёмбот тугаа мандуулдаг. Тэд бусдын чадсаныг монгол хүн чадахыг дэлхийн дэвжээнд гал цогтой нотолдог. Хамраа сөхөхөөс цаашгүй эрх баригч бирдүүд шинээр зохиох гавалгүй бол ядаж дуурайж сураач. Өнөөгийн тэнэглэлд харамсахдаа урьд бичсэн өгүүлбэрүүдээ зохиомжлов.

                                                                                                            2026-03-07