Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Он цагийн урсгал буюу хорин жилийн өмнө
1989 онд Монголд ардчиллын цөн түрж, тоталитари дэглэм маань ганхаж эхэлсэн түүхэн зурвас үе билээ.
Монголын ардчиллын 20 жилийн ойд
1989 онд Монголд ардчиллын цөн түрж, тоталитари дэглэм маань ганхаж эхэлсэн түүхэн зурвас үе билээ. Европ явж юм үзэж нүд тайлсны хэрээр өөрийн орны хөгжил дэвшилд би бүр ч урамгүй хандаж байсан юм. Өөрчлөн байгуулалт, ил тодын тухай би “Цаг үе” сэтгүүлдээ хэвлэж нийтлэх тусам миний тархин дахь социализмын орон зай хумигдаж, хөгжлийн шал өөр туршлагыг сонирхож байлаа. Хүмүүст оюун санааны үлэмж нөлөө үзүүлэхэд миний эрхэлдэг "Цаг үе" сэтгүүл идэвхийлэн зүтгэж байлаа. СССР улсад өрнөсөн өөрчлөн байгуулалт, ил тод байдал, сталинизмыг яллах кампанит ажлыг манай "Цаг үе" дугаар алгасахгүй мэдээлэхийн сацуу Зүүн Азийн хэсэг улс "Азийн бар"-ын хөгжлийн зам сонгосныг 1988 оноос бас мэдээлж байв. Ер нь "Азийн бар"-уудын туршлагыг бид л эхэлж монголчуудын сонорт хүргэсэн болов уу. Хөгжлийн өөр туршлага загвар хайх явцдаа би Өмнөд Солонгосын дотоод асуудал руу гүнзгий оров. 1987 онд тус оронд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, ялангуяа Сөүлийн олимптой холбогдуулан Өмнөд Солонгосын гадаад бодлого, дотоод байдлыг дэлгэрэнгүй мэдээлж, тэр талаар би бараг мэргэжих шахуу болж билээ.
Социалист интернационализм гэгчид би бүр ч урамгүй, итгэлгүй хандах болов. Социалист орнуудын хоорондын маргаантай асуудлаар ч би айж эмээлгүй нийтэлж байв. Унгар-Румыны хоорондын хилийн ба угсаатны маргаан (1988.07.20), Унгар-Хойд Солонгосын харилцааны эмзэг асуудлыг би монголын хэвлэлд анхлан (1988.10.20; 1988.11.10) хөндөв. Анхлан коммунист эвслийн орнуудаас Унгар зориглон Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн эр зоригийг сайтар сурталчилъя, бидний ээлж гарцаагүй ирнэ, түүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж ч би хатуу итгэж байв. Социалист хань нөхдөө хэдхэн ногоон доллараар худалдлаа гээд л БНАСАУ-ын хэргийг түр хамаарагч, миний найз Ли Хен хэвлэлийн бага хурал дээр (1990.01.20) авч өгч байна. Унгарчууд арай өөр тайлбар хэлж байна. Аль алиныг нь зэрэгцүүлээд л хэвлээд байлаа.
Сониноос манай Э.Бат-Үүл маань "Цаг үе" сэтгүүлд ажилд оръё гэсээр нэг өдөр ороод ирлээ. Олон жил уулзаагүй явсан юмсан. Мань хүн Хөвсгөлөөс ирээд Одон орныг дурандах Хүрэл тогоотын станцад ажилладаг гэв үү. МРТУХ-ны орлогч дарга С.Баяр (хожмын Ерөнхий сайд) дагуулж орж ирээд Бат-Үүлээс шалгалт ав гэлээ. Би ч нэг юм бичүүлэх нь бичүүлсэн. Харин мань хүн тэгсгээд алга болчихоод эргэж ирээгүй. Бодвол эсэргүүцэл, бачуурлын дуу хоолойгоо гаргая хэмээн бодож манай сэтгүүлийг түших гэсэн юм болов уу. Ямар ч гэсэн манай сэтгүүлийн нийтлэлийн бодлого түүнд таалагдсан хэрэг. "Цаг үе" сэтгүүл шиг хэвлэлтэй болох нь зөв юм байна гэж бодож яваад бид "Үг" сонин дээрээ буусан гэж хожим Баабар нэг ярилцлагадаа ярьсан нь эргэж санагдах шиг.
Энэ бол 1989 оны хаврын үйл явдал л даа. 1989 оны 12 дугаар сарын эхээр “Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөн”-д би төлөөлөгчөөр оролцлоо. Зөвлөлгөөн гэснээс Монголын ардчиллын түүхэнд холбогдох хэдэн баримтыг түүхэн гэрч болсныхоо хувьд энд дурдсу. Зөвлөлгөөний урд орой төлөөлөгчдөд зориулж зохиолч найруулагч Жавганы “Эргүүлэг” хэмээх уран сайхны киноны нээлт хийсэн юм. Уг кинонд танхай залуугийн дүр гарах ба танхайчууд өндөгний цусаа юүлж мөнгөн аяганд хийж уугаад тангараглацгааж байна. Кино тарлаа. Тайзан дээр уран бүтээлчид гарч ирээд үзэгчидтэйгээ уулзах гэтэл заалнаас хашгиралдаад юм хэлүүлсэнгүй. Хожмын ардын уран зохиолч Сүрэнжав гуай киног айхтар ширүүн шүүмжлээд орилсоор заалнаас гарч одлоо. Олон талаасаа боорлуулсан найруулагч Жавган шүүмжлэгчдийг өөр жижиг зааланд урилаа. Тэд оройжин хуралдаж киноны шүүмжлэлээсээ хальж, улс төр рүү орж нийгэм-эдийн засаг, ялангуяа Ж.Батмөнхийн үхээнц Засгийн газрыг зад шүүмжилжээ. Ийнхүү МоАХ-ны шав тавигдлаа. Эхний өдрөөсөө л зөвлөлгөөн нуль улс төржив. Зөвлөлгөөнд залагдан ирсэн Улс төрийн Товчооны хэдэн гишүүнийг нүүр хийх газаргүй болтол улалзуулав. Монгол орон болохоо байсны эхний дохио сануулга энэ боллоо. “Дээдэс нь хуучнаараа удирдаж чадахгүй, доодсууд нь хуучнаараа удирдуулж чадахгүй” гэсэн логик гарцаагүй нүүрлэлээ. Олон улсын хүний эрхийн өдрөөр Сэлбийн хөвөөнөө “Хонхны дуу” эгшиглэж МоАХ албан ёсоор ил гарч ирлээ.
Залуучуудын соёлын төвд (Сэлбэ голын хөвөөнд) болсон эл зөвлөлгөөнд хожмын ардчилагч, УБХ, УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, МоАХ-ны анхдагчийн нэг Д.Нинж, УИХ-ын гишүүн Ц.Энхтүвшин (одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга) бид хэдийг МОНЦАМЭ-гээс төлөөлөгчөөр томилон суулгаж, зөвлөлгөөн дээр хэлэлцсэн бүх асуудлыг олон нийтэд хүргэх ажлыг бидэнд МРТУХ-ны орлогч дарга С.Баяр даалгалаа. Ардчилсан хөдөлгөөнийг С.Баяр талархан хүлээн авч, үзэл санааг нь олон түмэнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг хүн бүхэн мэддэггүй тул би түүхэн гэрчийн хувиар ингэж бичиж байна. Ер нь 1989-1990 оны зааг дээрхи нийгмийн хөдөлгөөн, жагсаал цуглаануудыг тэр үеийн хатуу цензурыг үл харгалзан С.Баяр олон түмэнд хүргэхийг зорьсон бөгөөд үүнийгээ ч нийгмийн дуудлага, цаг үе нь ирсэн, яалт ч үгүй түүхэн чухал үйл явдал гэж тайлбарлаж байсан нь тодхон санагдана. МоАХ-ны анхдугаар их хурал болоход тэрээр МРТУХ-ны орлогч даргын хувиар ням гаригт амралтын өдөр радио, МОНЦАМЭ-гийн сэтгүүлчдийг цуглуулан энэ их хурлын бүх ажиллагаа, санал шүүмжлэлийг нэгд нэгэнгүй сурвалжилж нэвтрүүлэхийг үүрэг болгож байсан нь тэрээр ардчиллыг хэр зэрэг талархагч байсны нотолгоо юм. Зарим сэтгүүлчид нэвтрэх үнэмлэхгүй болмогц нь С.Зоригтой шууд ярьж, үнэмлэх цохуулан авч өгч байсныг сайн санаж байна. Тэр утгаар ардчиллын цөн түрэхэд С.Баярын оролцоо байсан гэж би боддогоор барахгүй, боловсрол мэдлэг, мэдрэмж, унаган хүмүүжлээрээ бол тэрээр өдийд ардчилсан хүчний томхон удирдагч байх байсан гэж би хувьдаа бодож явдаг юм.
Ер нь 1989 он дэлхийн түүхийг эргүүлсэн чухал зааг үе байлаа. Манай хоёр их хөрш маань харилцаагаа сайжруулаад үл барам, гэв гэнэт 180 градус эргэж эрх ашгаараа наймаалцаж эхлэв. Монголыг “золих” нь гарцаагүй болж, Зөвлөлтийн цэрэг нутаг буцаж эхэллээ. Горбачевын перестройка эхэлмэгц Москвагийн гадаад улс төрийн бодлого, гадаад эдийн засгийн харилцаа шинэчлэгдэж эхэлсэн. Энэ шинэчлэл Монгол дахь олон арван мянган цэрэг, мэргэжилтний хувь заяанд хожим тэгтлээ нөлөөлнө чинээ лав монголчууд огт төсөөлөөгүй. Стратегийн зорилгоор Монгол, Куба мэт улсад хөрөнгө хүч хаяж, мэргэжилтэн суулгаж буйгаа эргэж үзэхийг шаардсан тухай Кремльд яригдаж байсныг хожим нэрт дипломатч М.С.Капица (1980-аад оны Гадаад хэргийн дэд сайд) дуртгалдаа тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлбэл стратегийн тусгай зорилгоор л Монголыг харж үзэж байсан гэсэн санааг 1991 онд Москвад ГЯЯ-ны Дипломатын академид лекц уншихдаа ярьж байсныг би тод санаж байна. Стратегийн тэр тусгай зорилго нь нэгэнт үгүй болбол Монголыг орхино, харин перестройка, гадаад бодлого дахь улс төрийн шинэ сэтгэлгээ гэгч Горбачевын философи нь тэрхүү стратегийн сонирхлыг нурааж, АНУ, Европ, Хятад руу буулт хийхэд хүргэсэн билээ. БНМАУ-д түр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг гаргаж эхэлмэгц Монгол-Хятадын харилцаа аяндаа сайжирч эхэллээ.
Хятадын социализм, ХКН-ын байлдан дагуулах хүч чадлыг сорьсон айхтар үйл явдал 1989 оны зуны эхэн сард болж өнгөрөөд удаагүй байтал Польшид коммунистууд засгийн эрхнээс зайлав. Унгарт мөн ардчилсан сонгуулиар коммунистууд алга боллоо. Коммунист намууд нь ч тарж төрөл арилжав. Ялангуяа 1989 оны сүүлийн улирал дэлхийн түүхнээ алтан хуудас болж үлдэнэ. Дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн бат цайз олон газраараа сэт үсэрлээ. Хэзээ ч перестройка хийхгүй, хийх шаардлагагүй гэж байсан Ардчилсан Германд дэглэм нурлаа. Чехословак, Болгарт коммунистууд ялагдаж, Румынд зэвсэгт бослогоор коммунист удирдагчаа тонилгов. СССР-т Ардын депутатуудын их хурал гэдгээр анхны байнгын парламентаа байгуулж, перестройкийн нэрийн дор сталинизмыг бүр мөсөн булшлав. Энэ бүхэн социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй гишүүн – Монгол орны улс төрд шууд халдварлан өвчлүүлэв. Дэлхийг доргиосон антикоммунист хувьсгалаас Монгол орон бултан зайлах бололцоо байсангүй.
Яг ийм фонон дээр л Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөн, МоАХ-ны тэмцлийг авч үзэх хэрэгтэй. Монголчууд зөвхөн өөрийнхөө эр зоригоор ардчиллыг тогтоосон гэж би шууд үздэггүй, олон улсын харилцааны хүчин зүйлийг нь нэгдүгээрт тавьдагаа хэлж байна. Дээрхи бүх үйл явдлыг манай "Цаг үе" сэтгүүл "Үнэн" сонинтой уралдан нийтэлж, тайлбарлаж байлаа. Тайлбарласнаараа бол "Үнэн" сониноос ч давж гарах байх. Үүнд миний оролцоо, миний гавьяа бий гэдэгт огтоос эргэлздэггүй ээ.
Монгол дахь ардчиллын давалгаан дунд МАХН, НАХЯ-ыг яллах кампанит ажил аяндаа эрчээ авч, хэвлэлүүд ид шуугиж байв. "Намын эсрэг бүлгийнхэн" ч цагаадах тийшээ хандаад ирлээ. "Улаан од" сонинд Ц.Лоохууз гуайн ярилцлага нийтлэгдээд бөөн сенсаац дэгдээлээ. Тэгэхлээр нь манай редактор Д.Ганбаатар бид хоёр Б.Сурмаажав гуайнхыг зорьж очоод түүнээс нь дутахгүй томхон ярилцлага хийж аваад нийтэллээ. Төв Хорооныхон олоод үзчихэж. Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Балхаажав туслахаараа яриулж биднээс гомдол эрж байна. Ихэд хулчийжээ. Б.Сурмаажав нь ил гараад ирсэнд бус, өөрийнх нь нэр ярилцлагад дурдагдсанд айж гэнэ. Сурмаажав гуайн хүүг хавчиж гадуурхаад алах дөхөж байх үед нь тэрээр конкурсдээд тэнцээд хойшоо явах гэтэл бөөн чагт тавьчихаж. Сурмаажав гуай дээшээ өргөдөл бичээд түүнийг нь Балхаажав гуай цохсон юм уу даа. Тэр цохолтоор нь хүү нь Москвагийн их сургуульд явчихгүй юу. Тэгээд л ярилцлага өгөх далимдаа баярласнаа илэрхийлж ганц өгүүлбэр хэлснийг цаад Ц.Балхаажав нь олж үзээд үнхэлцэг нь хагарах шахаж л дээ. Коммунизм системийн хувьд нурж унаж байхад тийм ч юмнаас айж суудаг ёстой л нөгөө коммунист бэртэгчин хүмүүжил нь тэр байх даа хэмээн бид халаглаж, элэглэж суув. Балхаажав гэж ухаантан "1964", "1989" хоёрыг ялгадаггүй ээ!
Ардчилсан хувьсгалын бүр эхнээс нь манай "Цаг үе" сэтгүүл нийтлэлийн бодлогоороо энэ хувьсгалтай холбогдсон юм. Догсомын Ганбаатар найз маань энэ үйлсэд Монголын ардчиллын дуу хоолой болж (бололцож) явсныг энэ дашрамд дурдах нь зөв байх. Монголын социал-демократ хөдөлгөөнийхний анхны жинтэй ярилцлагыг мань эр хэвлэлд анхлан гаргаснаараа түүхэнд орох болов уу. "Иргэн" хэмээх Д.Ламжавын ярилцлага нийтлэгдээд удаагүй байхад нь МУИС дээр болсон АСХ-ий хэвлэлийн хурлын материалыг ярилцлага хэлбэрт оруулаад бид хоёр "Цаг үе"-дээ гаргав. Тэгэхэд МУИС-ийн 1-р байрны 310-т Баабар, Р.Хатанбаатар, П.Улаанхүү нар анхныхаа хэвлэлийн бага хурлыг хийлгэж байв. Ярилцлагыг нь хэвлэхээр Улаанхүүгийн конторт анх удаа компьютер дээр ажиллаж үзэв. Ганбаатар бид хоёр цагаан сарын өмнөхөн ярилцлагыг шивж тэнд хонож байлаа. Р.Гончигдорж хажууд зогсчихсон диктант аятай хэлж өгөөд л. Баабар гэж шилээ давсан гэзэгтэй, шилбээ давсан урт пальтотой нөхөр орж гараад л. Улаанхүү оюутны байран дахь умгар гэртээ аваачиж буузаар дайлаад л. Монголын ирээдүйн удирдагчидтай би тэр үед л нүүр тулж, танилцлаа.
1990 оны хаврын улс төрийн өлсгөлөнгийн үед МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсээс намайг дуудуулжээ. Хэлтсийн ахлах зааварлагч, радио ТВ-ийг хариуцдаг С.Гончиг гуай намайг хойш нь явуулна гэж байна. Хааш нь гэлээ би. Тэрээр:
Чамайг Новосибирскт ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийн дээд курсэд явуулъя. Чи тэнд 45 хоног суралцаж ирээд энэ гудамжинд өлсөөд сууж байгаа залуустай ажиллах хэрэгтэй. Чамайг бид дэвшүүлнэ гэж палхийтэл хэлээдхэв. Тэгээд намайг МАХН-ын Төв Хорооны боловсон хүчний нөөцөд байгаа гэж байна.
Би гэдэг хүн төрөл арилжаад тархинаасаа коммунист үзэл суртлыг гаргаж хаячихаад байхад даан ч оройтжээ. Гэвч би тэр Новосибирскт нь яваад үзье гэж шийдлээ. Цаашаа өөр юм ярьсангүй.
Бид галт тэргэнд суугаад Улаанбаатараас мордож байхад талбай дээр ид бужигнаж байв. Галт тэрэг Байгаль нуурыг хөвөөлөөд хурдалж явахад огцрох шийдээ Ж.Батмөнх гаргаж байв. Новосибирскт буугаад ганц хонов уу, үгүй юу Монгол улс Пунсалмаагийн Очирбат хэмээх шинэ Төрийн тэргүүнтэй болжээ. Ерөнхий сайд нь Ш.Гунгаадорж гэв үү? Буруу л дуулаагүй байгаа даа хэмээн манайхан ам амандаа шаагиж байна. Энэ хоёрын байрыг нь солих юмсан гээд л...
Д.Баярхүү
oyutan
Зочин
Зочин