Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Байгаль орчин ба бизнес
”Times” сэтгүүлийн 2009 оны байгаль орчны баатар Доржээ хэмээх түвд эр саяхан Монголд ирээд явлаа. Том сонины том баатарын зүрх сэтгэл байгаль орчныг хамгаалахын төлөө цохилжээ.
"Times" сэтгүүлийн 2009 оны байгаль орчны баатар Доржээ хэмээх түвд эр саяхан Монголд ирээд явлаа. Том сонины том баатарын зүрх сэтгэл байгаль орчныг хамгаалахын төлөө цохилжээ. Уур амьсгалын өөрчлөлт хурдтай явж байгаа өнөө үед онгон байгаль үзэсгэлэнт газрыг хамгаалах гэсэн түүний чин сэтгэлийг хараад бахдах сэтгэл төрлөө. Түвд орны бахархал Далай лам Буддын шашны гүн ухаан төдийгүй байгаль дэлхийгээ хайрлах, эвтэй найртай амьдрахын утга учрыг улс орнуудад ойлгуулахын төлөө бүхнээ зориулж яваа бол энэ л эгэл нутгийн хүү уур амьсгалын өөрчлөлт ямар аюул дагуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалахгүй бол юунд хүрэх талаар ярьж, байгаль дэлхийгээ хамгаалах сайн үйлсийн аяны төлөө дэлхийгээр тэнэн явж байна. Ийн явахдаа тэрээр монгол хүнтэй танилцаж, талын Монголын үзэсгэлэнт байгаль гадаадын жуулчдын анхаарлыг ихэд татдагийг дуулаад манай оронд зочилсон нь энэ аж. Тэр хэдийгээр цасан нөмрөгөө хучсан дун өвлөөр зочилсон ч манай орны байгалийн сайхныг биширч, цасан дуулгаа хумисан, шувууд дуулсан урин дулаан цагт Монголд дахин ирэхээ хэлээд явлаа. Тэрээр нүүдэлчин монголчуудын дунд өнгөрүүлсэн хэдхэн хоногт Чингисийн өлгий нутгийн онгон байгалийн сүрийг мэдрэхийн зэрэгцээ энэхүү онгон байгаль сүйрэх дохио ирснийг ч хараад сэтгэл дотроо харамсангуйгаар хилийн чанад оджээ.
Эх орны минь хөрс дор нуугдах эрдэнэсэд шунасан гадаадынхны сонирхол, ядуу монголчуудын баяжих сэтгэлдээ хөтлөгдсөн яахаас ч буцахгүй болсон ядмаг ухаан энэ бүхний огтлолцол эрт дээр үеэс хайрлан хамгаалж ирсэн байгаль эхийг устгах аюулын дохио Монгол орны хаалгыг хэдийнэ тогшоод ороод ирснийг Доржээ олж хараад монголчууд баялгаа дуусаж, сэндийчсэн дүр зураг бүхий газартай үлдэх талаараа бодитойгоор төсөөлж үзсэн үү хэмээн биднээс асуусан юм. Чухамдаа алсыг харсан энэ асуултын талаар төрийн түшээд сайхан зүйл их ярьдаг боловч яг ямар бодлого явуулахаа тодорхойлсон, хэрэгжүүлсэн нь алга. Өөрөөр хэлбэл, манай төрийн бодлого дэндүү удаан, дэндүү ерөнхий байдлаар урагшилж байна. Ярьж явсаар байтал гол мөрөн ширгэж, ой мод хожуул болоод дуусах вий.
Дэлхийн дулаарлын явц манай улсад хамгийн хурдацтай явж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 2007 оны сүүлийн тооллогоор 887 гол, 1166 нуур, 2096 булаг, 54 рашаан ширгэжээ. Алт олборлолтын нөлөөгөөр 28 гол ширгэж алга болсон гэсэн мэдээ анхаарал татах нь лав. Манай улсын нийт усны хэрэглээ 2005 онд 433 сая шоо метр, 2008 онд 543 сая шоо метрт хүрч ихэсчээ. Усны хэрэглээ жилээс жилд эрс нэмэгдэж байгаа нь бидний усыг хайрлан гамнахын эсрэг явж буйг харуулна. Үнэхээр бид албан өрөөндөө ч, гэртээ ч усаа гамнаж хэрэглэдэггүй шүү дээ. Тиймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтөд түлхүү анхаарч, ногоон эдийн засаг, ногоон бизнес хэмээн ярих болов. Саяхан Копенгаген хотноо болсон уулзалтаар улс орнуудын тэргүүнүүд хөгжлийн өөр явцыг сонгож, дулаарлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллахаар шийдвэрлэлээ.
МҮХАҮТ 2010 оныг "Ногоон эдийн засаг, ногоон бизнесийн жил" хэмээн зарлалаа. Танхимын хувьд дэлхийн ирээдүйн хөгжлийг мэдэрч, үйл ажиллагаагаа ногоон өнгө рүү хувиргахад чиглүүлж ажиллаж ирснийг онцолъё.Тухайлбал, Цэвэр үйлдвэрлэл, цэвэр хүнс, цэвэр орчин, органик Монгол хөтөлбөрөөс гадна компаниудыг ногоон бизнес эрхлэх талд анхаарч ажиллаж байна. Танхимаас санаачлан Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөртэй хамтран "Байгаль орчин-бизнес"уулзалтыг саяхан зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтад мэргэжлийн хүмүүс байгаль орчинд тулгарч буй асуудлаар сонирхолтой илтгэлүүд тавьсан байгаа. Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл "Манай төрийн бодлого өнөөгийн хандлагаараа цааш явбал 2015 он гэхэд нэлээд хүнд байдалд орно гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна. Төрийн бодлогын хэрэгжилтийн хурдац, ажлын хамрах хүрээ улам бүр хувьсан шинэчлэгдэж буй дэлхийн хөгжил өөрчлөлтөөс хоцорч байна. Байгалийн нөөцдөө тулгуурласан бодлогодоо эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна. Ногоон сэтгэлгээг хөгжүүлмээр байна. Олон улсын байгууллагуудын байгаль орчны талаарх бодлого баримт бичигтэй танилцаж байхад манай улсын хөгжлийн зам буруудаж таарч байна. Бид жижигхэн ч гэсэн ногоон эдийн засгийн чиглэлээр санаачилгууд гаргаад ажиллаж байна. Компаниуд анх удаа ногоон техник технологи нэвтрүүлэхэд анхаардаг боллоо" гэв.
Дэлхийн гаалийн байгууллагаас дэлхийн хөгжлийн өөрчлөлттэй уялдан "Ногоон гааль"-ийн хүрээнд тодорхой ажил өрнүүлж, улс орнуудын гаалийн байгууллагад чиг үүрэг өгч байгаа юм байна. Үүний хүрээнд манай ГЕГ ажлаа чиглүүлж буй талаар ГЕГ-ын дарга ярилаа. Ногоон эдийн засаг, ногоон бизнесийн жилийн хүрээнд гааль нэн, нэн ховордсон амьтан, ургамалд түлхүү анхаарч ажиллах гэнэ. Тиймээс байгаль орчны, ургамал, ан амьтны мэдээллийг гаальчдад олгох сургалт зохион байгуулж хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудаас хүссэн.
Ногоон эдийн засаг, ногоон бизнесийн хүрээнд нэгдүгээрт, төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, технологийн бодлого, гуравдугаарт, амьдралын хэв маягийг өөрчлөх асуудлууд ордог. Улс орнууд байгаль орчноо хамгаалахын тулд эдийн засгийн бодлогоо маш цэгцтэй явуулж байгаа. Тухайлбал, газар нутгийн 90 хувь нь ногоон бүрхэвчээр бүрхэгдсэн Өмнөд Солонгос өнгөрсөн 60 жилд эдийн засгаа сэргээн босгохоор ажилласан бол ирэх 60 жилийг байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй улс орон болгохоор Ерөнхийлөгч нь санаачилга гаргалаа. Хүн төрөлхтөн эрүүл аж төрөхийн тулд ногоон байгальтай харьцах ёстой. Улсаараа, дүүргээрээ, тосгоноороо, аж ахуйн нэгжүүд, айл өрхөөрөө "ногоон" болох. Үүнийг төрийн механизмаар дэмжих аж.
Түүнчлэн Улаанбаатарын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс 200 дахин их байна гэсэн мэдээллийг Аялал жуулчлал, байгаль орчны дэд сайд өглөө. Тус яам жилдээ нэг сая 200 мянган ам.долларын том, жижиг төслийг захиалгаар хэрэгжүүлдэг байна. Цаашдаа эдгээр төслийг байгаль орчныг хамгаалах, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахад чиглүүлж ажиллах гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өнгөрсөн онд хийсэн гол ажлын нэг бол ашигт малтмалын үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээгдээгүй газрыг технологийн дагуу нөхөн сэргээх шинэ аргачлалыг боловсруулжээ. Энэ аргачлалын хүрээнд байгаль орчны үнэлгээний ажил хийгдэнэ. Үнэлгээ хийгээгүй бүх газрыг тоолж, бүртгэж авсан байна. Хэрвээ нөхөн сэргээгүй тохиолдолд нөхөн төлбөр авах аж. Урьд нь үнэлгээ байхгүй байсан учраас шүүхийн байгууллагад асуудал очоод удааширдаг байсан бол өнөөдөр нөхөн сэргээлтийн аргачлал, үнэлгээтэй болсон тул нөхөн сэргээлтийн ажил шинэ шатанд гарна гэдгийг БОАЖ-ын дэд сайд ярьсан юм. Тус яамны Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Ц.Банзрагч "Байгаль орчны бодлого ба цэвэр үйлдвэрлэл" илтгэлдээ Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаагүй бол эдийн засгийн ямар ч ашигтай хөтөлбөр төслөөс татгалзах тухай дурдсан. Мөн байгалийн тэтгэх даац, чадавхийн хүрээнд нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологид халгүй цэвэр технологийг дэмжих бодлогыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, нүүрсийг боловсруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад зориулж инженерийн байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчилж хийн түлшинд шилжүүлэх замаар Улаанбаатар болон бусад хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч байгаа аж. 12-оос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг 2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн хориглосон, 2012 оноос нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийгээр ажилладаг хэрэгсэлд шилжүүлнэ гэсэн мэдээ дуулгав. 2009 оны БОАЖ-ын сайдын тушаалаар уурхайн үйл ажиллагаанд мөнгөн ус хэрэглэхийг, цианит, натрийг жижиг, дунд хэмжээний уурхайд хориглосон, мөн 0.025 мм-ээс нимгэн гялгар уутны импорт болон жижиглэн худалдааг 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс импортлох, хэрэглэхийг хориглосон тухай ярилаа.
Цаашид хэрэгжүүлэх арга замын тухайд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө"-г боловсруулж, гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малмал хайх, олборлохыг хориглох тухай хууль гаргасан. Хог хаягдал, хийн ялгаралтыг доод цэгт нь хүртэл бууруулах, химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх,усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, усыг эргүүлэн ашиглах, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах оновчтой технологийг нэвтрүүлэх, ногоон технологийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах гэнэ.
Түүнчлэн одоогийн үйлдвэрлэлийг ногоон болгох, ногоон үйлдвэрлэлийг урамшуулах, үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулах, ногоон эдийн засгийн бүтцийн үндсийг бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ногоон тээврийн дэд бүтцийг бий болгох, өдөр тутмын амьдралд ногоон хувьсгалыг авчрах шаардлага урган гарч байна. Үнэхээр бид эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль орчинтойгоо зүй зохистой харьцахын тулд зөв бодлогоор, зөв хөгжих л хамгийн чухал болж байна.
Д.Бэхээ
Zaya
Zaya
Zaya
spirten D
bayaraa
Зочин
Зочин
Зочин
www.mne.mn