Энэ 7 хоногт
“Нойлын ногоон тэг”
Яг хэрэг дээрээ, хилээр гарч байгаа ноолуураас татвар хурааж байгаа, эсэхийг малчид бол огт мэдэхгүй шүү дээ.
Яг хэрэг дээрээ, хилээр гарч байгаа ноолуураас татвар хурааж байгаа, эсэхийг малчид бол огт мэдэхгүй шүү дээ. Тэдэнд хамаа ч байхгүй. Юу тэдний хувьд чухал вэ гэхээр, ямааных нь “хэдэн хялгас” ахиухан үнэ хүрч байх нь л чухал.
Тэгсэн, телевизээр нэг нөхөр ярьж байна аа. “Малчид ёстой эх оронч биш байна” л гэнэ. “Тэдэнд үндэсний ухамсар суулгахгүй бол болохгүй болж” л гэнэ. “Дотоодын үйлдвэрүүдэд ноолуураа хямдхан өгөхгүй, тав арван төгрөг илүү харж хятадын ченжүүдэд өгч байна” л гэнэ. “Тэр тав, арван төгрөг юу юм бэ, эх орон хөгжих хэрэгтэй байна” л гэнэ. Чухамдаа түүнийхээр улс орон хөгжин цэцэглэхэд малчид “чөдөр тушаа” болоод байгаа юм байх.
“Ноос, ноолуурын” гэдэг холбоо хурал хийсэн бололтой юм. Ноос, ноолуур хоёр холбогдоод хуралдсан гэж битгий ойлгоорой, тэдгээрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч юм уу, малчдаас ноос, ноолуур цуглуулдаг ч юм уу, нэг тиймэрхүү төрлийн бизнес эрхэлдэг улс л хуралдсан юм шиг байгаа юм. Тэгээд УИХ, малчид хоёрыг л баахан муулсан юмдаг уу даа.
Уул нь УИХ малчдыг дэмжих зорилгоор ноолуурын экспортын татварыг тэглэсэн. Дээрээс нь нэмж ямаа тутмаар тооцон 5000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгсөн. Түүнийгээ ямаанууд чухам яаж авсныг мэдэхгүй. Ямар ч байсан төсвөөс хөрөнгө гарсан. Ингээд байхад малчдын амьжиргаа дээшлээгүйгээр барахгүй, харин ч уруудсан дүнтэй байх юм.
Миний санаж байгаагаар ноолуурын үйлдвэрүүдээр дамжуулан түүхий эдийн татаас хэлбэрээр дээрх 5000-ыг олгосон байх учиртай. Үндсэндээ үйлдвэрүүдэд өгсөн санхүүжилт. Ердөө хагас жилийн өмнө хийгдсэн энэ мэт ажлын үр дүнд өнөөдөр, үйлдвэрүүд түүхий эдийн гачигдалд орсон тухай яриаг дээрх холбоо “авч хэлэлцэж” сууна.
Экспортын татварыг “нойллосон” зохицуулалтын алдааг өмнөд хөршийнхөн маань овжин ашиглачихлаа. Холбогдох хүмүүсийн мэдээлж байгаагаар манай улсаас тэд 3600 тонн ноолуур импортложээ. Энэ нь 2008 оныхоос 20 дахин их тоо юм. Гэтэл дотоодын үйлдвэрүүд түүхий эдгүй болчихсон байх аж. “Говь” ХК-ийн ТУЗ-ын дарга Ц.Баатарсайхан үйлдвэрт нь ердөө 400 тонн буюу 2 сарын түүхий эдийн нөөц үлдсэнийг “эмгэнэлтэйгээр” илэрхийллээ.
УИХ-аас энэ оны 5 дугаар сард гаргасан татварыг тэглэх шийдвэр илэрхий малчдыг дэмжсэн бодлого байсан. Гэхдээ үйлдвэрүүдийн малчдаас ноолуур худалдаж авах эрхийг нь хязгаарлаагүй. Харин ч татаас олгосон. “Ямаа ямбанд орлоо” гэсэн шүүмжлэл нэг хэсэгтээ “шилдэг онигоо” шиг яригдсаныг хүмүүс сайн санаж байгаа. Тухайн үед үйлдвэр, малчин хоёрын аль аль нь өнөөдрийнх шиг ингэтэл уналтад орчих юм гэж хэн ч тооцож чадсангүй. Санхүүгийн хямрал худалдан авалтыг бууруулж, эрэлтийг саармагжуулан, улмаар үнийг унагах нь татварыг байхгүй болгох шийдвэрийг хэлэлцэж байх үед нэгэнт ажиглагдаад эхлэчихсэн байсан нөлөөлөл. Үүнийг эрхэм гишүүд гүн гүнзгий тооцон ярьцгааж байсныг ч хүмүүс тодхон санаж байгаа байх.
Тэдний хагас жилийн өмнө тооцож байснаар бол ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн маань хүчин чадал нийт түүхий эдийнхээ хэмжээнд хүрч өсөх ёстой байлаа. Гэвч бэлтгэж байгаа бүх ноолуурынхаа ердөө 40 хувийг л боловсруулж чадах хэмжээндээ хэвээрээ л байна.
Энэ бүхнээс үзэхэд зөвхөн малчдын “эх оронч бус” сэтгэлгээнд асуудал байгаа хэрэг биш бололтой юм. Засгийн газраас энэ оныг “Үйлдвэржилтийн жил” хэмээн зарласаар байтал түүхий эдийнх нь экспортын татварыг тэглэсэн УИХ-ын шийдвэр буруу байж. Үйлдвэрүүд ч муу ажиллаж. “Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгч л болж.
Ноос, ноолуурын холбооны хурал үндсэндээ “Үйлдвэржилтийн жил”-д дүн тавилаа. Тэр дүн нь “нойлын ногоон тэг”.
Жич: Харин Тэргүүн шадар Н.Алтанхуяг, Хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай тэргүүтэн “Үйлдвэржилтийн жил”-дээ “Онц” тавьж байгаа юм шиг билээ. Яахав, “тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр олон онцынх нь дунд нэг “0” хавчуулчихъя.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
Мөнхөө
byambadorj
spirten D