Монголын ард түмэн 60 тэрбумын бичлэг гэдэгт зүгээр нэг цухалдаагүй. Энэ бичлэг гэх асуудал бол бухимдлын зөвхөн нэг хэсэг нь.

2018 оны хавар Нийслэлийн прокурорын шийдвэрийг уншиж танилцуулаад, хувьдаа бол сайн балбуулж, нийгмийн бухимдлын уг чанарыг бусдаас илүү мэдрэв. Иргэдийн бухимдлын гол цэг нь төрийн албыг мөнгөөр худалдахгүй байх, төрийн албыг улс төрийн намууд хувийн компани шиг болгож, үүгээрээ улсыг уруудуулж байгаад бухимдсан. Энэ бүхлээрээ 60 тэрбумын бухимдал юм. Зүгээр нэг бичлэг, мөн бишээс өргөн утгатай. 

Зарим хэсэг нь Засгийн газраа огцруулж, УИХ-аатараавал бензин, мах хямдарч, валютын ханш бууж, чухам амьдрал нь сайжирна гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн байдаг. Нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зээлийг маань төлнө гэж итгэсэн шиг.

Сэлэм эргүүлээд алаад хаяна гэсэн улс төрчид хариуцлага тооцоод ёстой авилгачдыг хядаж өгөх байх, шударга ёс тогтох байх гэж итгэж байтал бас байдаггүй. Сэлмээ эргүүлнээ л гээд байгаа, үгэнд нь итгэж алга ташсаар алга хорсож эхэлж байна.

Угаасаа аргагүй шүү дээ. Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянахад ямар ч сайд, гишүүн, Ерөнхийлөгч хол байх үүрэгтэй. 

Өнгөрсөн нэг жилд мах, бензин, валютын үнэ буураагүй ээ. Өссөн байх. 

Гэхдээ шинийг эрэлхийлсэн, шинэ зүйл хийчихье гэсэн хүсэл, эрмэлзэл байна. Шийдвэр гаргагчдаас үнэртэж байна. Үүнийг дэмжин уухайлна, хичээнгүйлэн уухайлна.

Иргэд бухимдаад байгаа асуудлаа ямар ч байсан тодорхойлчихжээ. Түүнийгээ илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал хийж, зурагт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй илэрхийлж байна. Иргэд өөрсдөд нь олдохгүй байгаа боломжийг хулгайлсан нөхөдтэй тооцоо бодохоор ордны хашаа руу дайрч ороод, хөгийн ЖДҮ-чин хулгайчдыг цохиод авмаар санагддаг л байх. Би ч гэсэн тэвчээд, хэлээ хазаад яваа болохоос болдог бол бас тэгмээр санагдаж байна, хүн юм чинь. Гэхдээ бид хуультай нийгэмд амьдарч байгаа, хуулийн дагуу хэдхэн сарын дараа эдгээр нөхдөөс салах бодит боломж бий. Энэ нь сонгууль.

Хэлэх гээд байгаа санаа маань хэдүүлээ сонгуулиа зөв эхлүүлье. Нэг хоёр хүн солиод дэлхий гоё болчихгүй тул сонгуулиар яаж зөв хүн гаргах вэ? гэдэгт санал нэмэрлэе.

Ардчилсан нам үнэхээр энэ 60 тэрбумаас салья, төрийн албыг улс төрийн зорилгоор ашиглах явдлыг зогсоохыг хүссэн бол эрэгтэй хүн 100 саяыг, эмэгтэй хүн 60 саяыг өгчихөөд нэр дэвших эрхээ ав гэж хэлэхгүй байсан юм. Мөнгөө өгчихөөд нэр дэвшүүлж чадаагүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж. Тэр нь юу юм бэ? Сайд, дэд сайд, төрийн нарийн, газрын даргын суудал өгч, түүгээр дамжиж тендерийн будлиан, хээл хахууль, далд санхүүжилт хөвөрнө. Бялуу хуваах урьдчилгаа төлбөрөө ингэж авахгүй ээ, намуудаа.

АН-ын ажлыг бие сэтгэлээрээ нугалдаг олон залуус тэр 100 сая, 60 саяыг олох гэж өнөөх хөнгөн аргаар мөнгө олсон нөхдийг царайчлахаас өөр аргагүй болно. Нөгөө талаас хүн гуйж, нэр төрөө алдахгүй гэж бодсон хэсэг нь нэрээ дэвшүүлдэггүй. Аз нь таараад өөртөө байснаа зараад гараад ирвэл, ард нь дахиад нэг сонгууль тосох учир дараагийнхаа сонгуульд нэр дэвших гээд мөнгө “халаасладаг” нөхөд ч бий. Нэг удаа өмгөөлөл хийж, нэг удаа наймаа хийж үзээгүй зүгээр багш хүн улс төрд ороод хүний тооцоо өмнөөс хийгээд явахад нь бас гайхаж зогсдог үеийнхэнээ төлөөлж хэлж байгаа юм.

Сонгох, сонгогдох эрх бол хүн бүр аливаа ялгаваргүйгээр эдлэх ёстой эрх юм. Үүнийг эдлүүлэхийн тулд тэгш боломжоор хангах шаардлагатай. Сонгогдохын тулд баян байх албагүй. Тэгвэл яах вэ?

Ардчилсан нам болон бусад намууд УИХ-ын 76 тойрогтоо нэр дэвших хүмүүсээ эхлээд зарлаад, дараа нь санхүүгийн асуудлаа, хандив цуглуулах арга хэмжээгээ зохион байгуулвал эрэмбэ зөв тогтоно. Зөв хүмүүсээ танилцуулсан нам иргэдээс дэмжлэг авч, төрийн эрхийг барина. Харин эсрэгээрээ эхлээд мөнгөний босго тавьчихаар авилгал, хээл хахууль, нэр дэвшүүлэхдээ баян хоосноороо ялгарч, гэмт хэрэгтнүүд төрд гарах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цагаан сонголт хийсэн 100 гаруй мянган сонгогч сонголтгүй байна гэдэг санааг холбож ойлгоорой.

Энэ санал бүтэхгүй, амьдрал дээр тийм юм байдаггүй юм гэж зарим нь хэлэх байх. Бүтэхгүй бол тэгээд намаа тараагаад явбал зүгээр шүү дээ. 

Хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгчид эхлээд мөнгөний босго тавьдаг энэ буурангуй байдлыг хориглож, иргэдэд зөв хүнийг зөв аргаар сонгох зохицуулалтыг хийх боломж байна. Сонгуулийн хууль болон Улс төрийн намын санхүүжилтийн асуудал эхнээсээ зөв явах ёстой.

Хуульч Болдбаатарын ГҮНБИЛЭГ
2019.11.17